Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч Г.Н,

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пийн Мд холбогдох эрүүгийн 2338000000098 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 13-5а тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр Г.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000098 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.М нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 13- 5а тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Г.Нийг 80-тай дугаараас “хайртай” гэж мессеж бичсэн гэх шалтгаанаар хардаж улмаар хутга шидэхэд түүний духыг зүсэж эрүүл мэндэд нь духанд шарх, зурагдалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нийн өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр эхнэр П.М болон эхнэрийн найз Б.Ч нартай хамт пиво ууж байгаад би согтсон байсан. Нэг сэрсэн чинь духнаас цус гараад байсан. Тэгэхэд манай эхнэр хутга аваад шидсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Нийн өгсөн: “...Би өнөөдөр Мөрөн сумын 5 дугаар багт байрлах байшиндаа эхнэр М болон түүний найз Ч нарын хамт пиво ууцгаагаад сууж байсан. Тэгээд гал тогооны өрөөнд зогсож байтал эхнэр надтай үл ялих зүйл ярьж маргалдаад намайг хутгаар духны зүүн хэсэгт зүсэж цус гаргасан. Тэгээд л манай ах, дүү нар ирээд цагдаа дуудсан байсан. Тухайн асуудал болох үед манайд Ч манай охин Анударь нар байсан. Тэнд нэг их сүртэй юм болоогүй. Тэрхэн зуур л маргалдаад хальт намайг зүссэн. Айхтар ноцтой маргаан болж ална хядна дээрээ тулаагүй. Ойр зуурын л нэг ам зөрдөг маргаан байдаг даа тийм л маргаан хальт болоод л эхнэр хутга авч намайг хатгасан... Тухайн хутга байхгүй. Би тэр өдрөөс хойш тэгээд алга болчихсон. Цагдаа нар ирж шалгахдаа уг нь зургийг нь аваад байсан. Зуухны хажуу талд байсан шүү дээ...Бид хоёр эвлэрсэн. Бид хоёрын хооронд одоо маргаан байхгүй. Хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13 тал/,

Гэрч Б.Чийн өгсөн: “...Байшинд нь ороход М нөхөр Нтэйгээ хамт байсан. М хүүхдээ авна гээд бид хоёр хамт яваад тэдний охиныг давтлаганаас нь авч буцаж тэднийд очсон. М бид хоёр замаараа 4 ширхэг лаазтай касс пиво авсан. .. Утсаар ярьж байхад М босоод гал тогооны өрөөнийхөө шар шүүгээг ухаж байсан. Би санаанд ч ороогүй утсаар яриад зогсож байтал охин нь ааваа гээд сандарсан байдалтай орилсон. Тэгэхээр нь харахад Н зуухныхаа урд хөмсөгнөөс нь цус олгойдчихсон зогсож байсан. М шууд зуухны хажуу тал руу тор хийтэл цагаан төмөр хутга шидсэн. .. Н надад эхнэртээ зодуулж дарамтлуулдаг. М өөр залуучуудтай уулзаж учирдаг гэсэн зүйл хэлж ярьж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай: “...Г.Нийн биед духанд шарх, зурагдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. Г.Нийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.Мын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 13-5а тоотод нөхөр Н, найз Ч нарын хамт пиво ууж сууж байгаад нөхрийгөө Чтэй хардаж Нтэй маргалдаж байсан. Тэгээд яг Нт яаж гэмтэл учруулснаа бол өөрөө сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Нийн мэдүүлэг, гэрч Б.Чийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.М нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 13- 5а тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Г.Нийг 80-тай дугаараас “хайртай” гэж мессеж бичсэн гэх шалтгаанаар хардаж улмаар хутга шидэхэд түүний духыг зүсэж эрүүл мэндэд нь духанд шарх, зурагдалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Нийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Мын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч П.Мын үйлдэл идэвхтэй, хохирогч Г.Нийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч П.Мын гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Г.Нийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Мын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч Г.Нийн “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 32 тал/ хэрэгт авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Мыг хохирогч Г.Нт төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Мын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 29-31, 34 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.М нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багйн 13-5а тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.Мын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Пийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Пийн Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч П.Мд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН