| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0091/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Тогтох,
Хохирогч Б.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бгийн Бт холбогдох эрүүгийн 2338000000075 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 10-13 тоотод хохирогч Б.Лгийн гэрт хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүнсний зүйл болох борцыг хууль бус нууцаар авч, бусдад 668.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000075 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 10-13 тоотод байрлах Б.Лгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч борцыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 668.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бийн өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лгийн өгсөн: “..Борцоо алдаад олж авсан. Одоо гомдол саналгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “.. Хэрэг гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 10-13 тоотод байрлах ертөнцийн зүгээр урагш харсан төмөр хаалгатай. Хаалгаар дотогш ороход ертөнцийн зүгээр зүүн хэсэгт 6х6 хэмжээтэй хүрэн модон байшингийн урд гэр, түүний зүүн талд монгол гэрүүд барьсан байдалтай байв. Дуудлага өгсөн Б.Л нь баруун талын гэрээс гарч ирэхэд нь уулзахад борцоо энэ байшингаас алдсан гэж заав. Шинжээч гэрэл зургийн аргаар зураг дарж бэхжүүлэв... .. Б.Лгээс байшингийн аль талаар хулгай орсон гэдгийг асуухаар уг байшингийн ертөнцийн зүгээр зүүн хойд талын 70х50 хэмжээтэй модон хүрээтэй, шил бүтэн цонхоор хулгай орсон гэж заав. Уг цонхны онгойх хэсгийн доод хэсэгт эвдэлж багажны мөр үүссэн байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв. Уг байшин нь ертөнцийн зүгээр зүүн урагш харуулж барьсан, урд хэсэгт 2 цонхтой, баруун талд 1 ширхэг цонхтой, зүүн талдаа хаалгатай, залгуулж таамбар барьсан. Таамбарын хаалгаар дамжиж орж байшингийн хаалгаар дамжиж байшин руу Б.Лтэй хамт ороход өрөө тасалгаагүй, хүйтэн, галлагаа байхгүй тойруулан эд зүйл өрсөн байдалтай байв. Байшингийн ертөнцийн зүгээр баруун хойд хананд байршуулсан 3 хаалгатай хүрэн өнгийн шкафны дунд хаалгыг онгойлгож тэнд байсан ууттай борц байхгүй болсон гэж заасныг Б үсгээр тэмдэглэж, шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв. ..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 тал/,
Хохирогч Б.Лгийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би гэрээсээ 16 цагийн үед Шинэ Мөрөн зар орчихоод гэртээ 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тухайн үед манай гэрт хүн байхгүй байсан, харин Б.Б гэртээ ганцаараа байсан, тухайн үед намайг гэрээсээ хүүхэдтэйгээ гарч байхад та хоёр хаашаа явах гэж байгаа юм гэж асуусан. Тухайн өдрөө ямар нэгэн хулгай орсон талаар мэдээгүй. Маргааш нь буюу 02 дугаар сарын 02-ны өдөр байшинд орж шар цавуу авахаар ороход манай байшинд шкаф дотор байсан шуудайтай борц алга болсон байсан. .. хаанаас хэн орж ирээд хулгайчихав гэж бодтол байшингийн зүүн талын цонхоор орсон бололтой байсан. Би тэр үед дүү Б.Б рүү утсаар залгатал утас нь холбогдохгүй байсан. Б.Бтэй холбогдож чадахгүй болчихоод төрсөн дүү Азжаргал руу залгаж Б.Бийн дугаарыг асуухад 80212133 гэсэн дугаарыг өгөхөөр нь залгахад Б.Б утсаа авсан, би хүрээд ир гэж хоёроос гурван удаа дуудаж гэрт нь авчирсан. Гэрт нь ирэхээр нь би Б.Бт хандан чи яагаад борц хулгай хийгээд байгаа юм гэсэн чинь би аваагүй гэж хэлж байснаа борц авснаа хэлсэн. Яагаад борц авсан талаараа хэлэхдээ мөнгөний хэрэг гараад, хүнд мөнгө өгөх ёстой болчихоод гэж хэлсэн. Би тухайн үед Б.Бээс борцоо яасан юм гэж асуухад хөдөөний хүнд өрөнд өгсөн гэж хэлсэн. .. Манай хүү Түвдэнжамц 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа ирээд Б.Бт борц зарсан газраа хэлэхгүй бол цагдаа дуудлаа гэж хэлэхэд Далай ээж зах дээр борц худалддаг хүнд 430.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн байсан... Манай алдсан борц нь худалдаж авсан хүнээс жинлэж авахад 13,360 кг жинтэй байсан. Б.Б 430,000 төгрөгөөр зарсан байсан. Одоо 1 кг борц 50,000 төгрөгний үнэтэй байдаг гэсэн, ингэж үнэлэхээр 668,000 төгрөг болж байна би 668,000 төгрөгөөр үнэлж байна ...Одоо борцоо олоод авчихсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.Мгийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр ажил дээрээ байж байхад үдээс хойш 16 цагийн үед шиг санагдаж байна. Танихгүй /Б.Б/ залуу борц авах уу гэж асуухаар нь борц авдаг гэж хэлэхэд шуудай борц үзүүлсэн. Борцыг харахад гэрийн хар борц байсан болохоор 1 кг-ийг нь 32,000 мянган төгрөгөөр худалдаж авна гэхэд нөгөө залуу борцоо өгөхөөр болсон. Борцыг жин дээр тавьд үзэхэд 13,360 кг байсан тул нийт 432000 мянган төгрөгийг өгсөн. Мөнгөө өгөхдөө 132000 мянган төгрөгийг бэлнээр үлдсэн 300,000 мянган төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Тэрнээс хойш гурав хоногийн дараа нөгөө борц худалдсан залуу эгчтэйгээ ирж уулзаад би борцоо андуураад өгчихсөн байна. Би танд мөнгөө авчирч өгөөд авъя гэж хэлээд явсан. ..Үхрийн борц гэж хэлсэн. Өвөл идэшний үеэр хийсэн үхрийн борцоо л гэж хэлсэн...Борц худалдаж авсан 432000 мянган төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч Ё.Тын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай ээж Л өвлийн идэш хадгалдаг байшиндаа орчхоод гэртээ орж ирэхдээ ууттай борц байдаггүй гэж хэлэхээр нь юу болов гэж бодоод хажуу талын нагац ах Б авсан байж болзошгүй гэж бодоод л өнгөрсөн. Намайг ажилдаа явчихсан байхад манай ээж Л нагац ах Б луу утсаар залгаад борц авсан уу гэж асуухад аваагүй гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд дуудаж уулзахад Б ах хүнд мөнгө өгөх хэрэгтэй болчхоод байшингийн цонхоор орж авсан гэдгээ хэлсэн гэсэн. Би ч орой нь ажлаас ирсний дараагаар Б ах гэртээ ирчихсэн байхаар нь уулзахад тэр борцыг хэнд өгснийг асуухад зах дээр хүнд зарчихсан, тэгээд нөгөө мөнгө өгөх хүндээ өгчихсөн гэж хэлсэн. За тэгвэл мөнгө төгрөг олж тэр борцыг авч өгөхгүй бол цагдаад өгнө шүү гэж хэлэхэд цагдаад битгий өгөөч мөнгө төгрөг олоод борцыг чинь буцаагаад авчраад өгнө гэж хэлэхээр нь 2 хоног хүлээгээд авчирч өгөхгүй, өөрөө ч гэртээ ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад би өөрөө дуудлага өгчхөөд ажилдаа явсан юм... Үхрийн махаар хийсэн борц байсан. Хэдэн кг борц байсныг мэдэхгүй байна. Зах дээр аваачиж өгөхөд 400,000 гаруй төгрөг болсон гэж ярьсан гэсэн. Өмнө жил бол хийж байсан. Энэ жил бол мах хийгээгүй. Энэ жил идэш гэж хийгээгүй болохоор борц, мах бол хийгээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/
Эд зүйлд үзлэг хийсэн: “..Үзлэг хийж буй борц 50 килограммын хэмжээтэй хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, цагаан өнгийн шуудайн талаас дээгүүр хэмжээтэй борц байв. Шуудайны амыг улаан шар өнгийн уяагаар зангидаж уясан, шуудайтай борцыг жин дээр тавьж үзэхэд 13.360 кг жинтэй шуудайны амыг уясан уяаг тайлж доторх борцыг харахад хүрэн бор өнгийн уламжлалт гар аргаар бэлтгэж хатаасан борц байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 тал/,
Эд зүйлийг хохирогч Б.Лд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-923/5861 дугаартай: “...Үйлдэгдэж буй уламжлалт аргаар нарийхан зүсэж хатаасан борцны нийт зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 2 дугаар сарын байдлаар 668.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 26-28 тал/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би эгчийн борцыг авсандаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. 2023 оны 02 дугаар сарын эхээр ахынхаа байшингийн цонхоор орж ууттай борцыг нь аваад зах дээр очоод борцны наймаачинд эгчид 432,000 мянган төгрөгөөр худалдсан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахиж л ийм зүйл хийхгүй юм шүү гэж бодож байна... 2003 онд эхнэр Нямцэцэгтэй гэрлэсэн. Гэрлээд 3 хүүхэдтэй болсон. Төмөрбулаг, Түнэл суманд мал маллаж байгаад малаа маллахгүй болоод 3 жилийн өмнө аймгийн төвд орж ирээд амьдарсан. Мөрөнд орж ирээд модонд явах, ойр зуурт ажил төрөл хийж амьдардаг байсан. Эхнэр хувийн таарамжгүй харилцаанаас болоод эхнэр 2 бага хүүхдээ аваад хот руу явчихсан. Би том охины хамт амьдардаг. Сая яагаад хэрэг хийсэн бэ гэхээр том охин бөөрний дутагдалд ороод мөнгөний хэрэг болоод эгчийнхээ борцыг хулгайлсан. Саяхан охин маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Би амьдралынхаа ийм асуудлаар өөрийгөө зөвтгөхгүй, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Л мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Мгийн мэдүүлэг, гэрч Ё.Тын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хохирогч Б.Лд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-923/5861 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 10-13 тоотод байрлах байшингийн шкафаас Б.Лгийн борцыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 668.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Лд 668.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Мд 432.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тус тус учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Бийг хохирогч Б.Лд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 432.000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжилсэн 432.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Бээс 432.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Мд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Бийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 43, 55-60 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 10-13 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тул 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь 4 хоног цагдан хоригдсон ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Бгийн Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Бээс 432.000 /дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Мд олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН