| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/04205/и |
| Дугаар | 2353 |
| Огноо | 2019-09-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2353
| 2019 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2019/02353 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б” ХХК -д холбогдох,
Газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа:
“О” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/87 тоот шийдвэрийн дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах нэгж талбарын *******, ******* дугаартай, 1128 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа болно. 2012 оноос хойш дээрх газар дээр “Б” ХХК нь зөвшөөрөлгүйгээр контейнер буулган үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2017 оны 04 дүгээр сараас эхлэн “Б” ХХК-ийн удирдлагад хандан удаа дараа газар чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч сайн дураар газар чөлөөлөхөөс татгалзсан. Улмаар манай компанийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын16-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан газар чөлөөлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд тус дүүргийн газрын албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр албан бичгээр болон газар чөлөөлөх мэдэгдлийг “Б” ХХК-д удаа дараа хүргүүлсэн боловч мөн л үл тоон, холбогдох төрийн байгууллагын шаардлагыг биелүүлэлгүй, бусдын эзэмшлийн газар дээр дур мэдэн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах нэгж талбарын *******, ******* дугаар бүхий “О” ХХК-ийн эзэмшлийн газрыг чөлөөлөхөөс татгалзаж байгаа нь хууль ёсны эзэмшигчийн газар эзэших эрхийг зөрчиж буй явдал юм.
Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/87 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах нэгж талбарын *******, ******* дугаар бүхий эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа “Б” ХХК-ийн контейнерийг албадан нүүлгэж, газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв.
Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “О” ХХК-ийн эзэмшлийн газар нь анх 800 м.кв талбайтай байсан. Сая нэхэмжлэлийн шаардлага дээр 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргын захирамжаар 1128 м.кв-ыг баталгаажуулсан гэж байна. Талбайн хэмжээг бол 2018 онд нэмэгдүүлж баталгаажуулсан юм. Манайх бол анх 2013 оны сүүлээр тэр контейнерийг тавьсан. Тэр үед бол тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбай байсан бөгөөд актаар баталгаажуулж цахилгааны төлбөрийг хууль ёсны дагуу төлөөд явж байсан. “О” ХХК-ийн захирлуудтай уулзъя гэхээр зугтаагаад уулздаггүй. Яагаад гэвэл манайх баталгаажуулаад авъя, танайх барилга барих үед чөлөөлж өгөөрэй гэсэн тохиролцоотой байсан. Нэхэмжлэгч үнэхээр барилга барих гэж байгаа бол зөвшөөрөл авах ёстой. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ямар нэгэн зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Иргэдэд хамгийн ойрхон байршил учраас дахин кадастрын зургийн чиглэлээр өөр компанид ашиглуулах гээд манай компанийг хөөгөөд байгаа асуудал байгаа. Захирлуудын хооронд тохиролцсон тохиролцоондоо хүрэхгүй байгаа бол 2018 оны газар нэмэгдүүлж баталгаажуулсан Засаг даргын захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулна. Хуучин 860 м.кв газар байхад манай 18 м.кв газар огт ордоггүй байсан. Яг баталгаажуулж авахдаа бид барилга барих хүртэл байлгаж байна, ард талд нь барилга бариад орц, гарц чөлөөлөх болохоор чөлөөлөх тохиролцоотой явж байсан. Хувийн компанид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмаар олгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн 2018 оны авсан газар нь дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмаар аваагүй. Тийм учраас бид 2018 оны Баянзүрх дүүргийн Засаг даргын талбайн хэмжээ нэмж баталгуужуулсан захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хэлье. Удаа дараа захирлуудтай нь уулзах гэхээр уулздаггүй. Үнэхээр барилга барих гээд байгаа бол чөлөөлж өгье гэхээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсвэл бид захиргааны журмаар гомдол гаргах болно. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Засаг дарга албадан чөлөөлүүлэх захирамж гаргана. Түүнээс биш хувийн компани шүүхээр албадан чөлөөлүүлэхгүй. Засаг даргын албадан чөлөөлүүлэх захирамжтай бол чөлөөлөөд өгөхөд татгалзах зүйл байхгүй. “О” ХХК олон газартай. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд хүртэл газар нь байдаг. Ямар ч эзэмшлийн газар Газрын тухай хууль дээр бол төв замаас 8-12 метрийн зайтай, туслах замаас 4-8 метр байхаар заасан байдаг боловч яг зам дээр байдаг. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргын захирамж бол талбайн хэмжээ нэмэгдүүлсэн захирамж. 1128 м.кв байж байгаад 1800 м.кв болсон. Бид хууль бус захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж Захиргааны шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын байрны баруун талд байрлах нэгж талбарын *******, ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газар дээр “Б” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй контейнерийн тодорхой хэсэг байрлаж байгааг хүлээн зөвшөөрч байх боловч “О” ХХК-ийн газар эзэмших эрх авсан асуудлыг шалгуулах шаардлагатай байгаа гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
“О” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 08 сарын 09-ний өдрийн 209 тоот шийдвэрийн дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах нэгж талбарын *******, ******* дугаартай, 1128 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн А/87 тоот шийдвэрийн уг газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тус компани нь уг газрын 000323100 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний дагуу эзэмшиж, Баянзүрх дүүргийн Газрын албатай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, газрын төлбөрийг 2005 оноос төлж төлж ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-4-5, 39-50/
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсаны дагуу тус дүүргийн Газрын албанаас “О” ХХК-д эзэмшүүлсэн газар дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа “Б” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч хариуцагч газрыг чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна. /хх-7-12/
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс эзэмшлийн газар болон түүнчлэн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гарчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ....тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.
Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний дагуу цахилгаан, хог хаягдлын төлбөрийг төлдөг, энэ нь тус компанийг тус газарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөнийг нотолж байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч цахилгаан, хог хаягдлын төлбөрийг төлснөөр газар эзэмших эрх үүсэхгүй.
Хариуцагч “Б” ХХК-д нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн газар буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нэгж талбарын *******, ******* дугаартай газар болон уг газрын хажууд газэр эзэмших эрх олгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.
Шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон бөгөөд тус газрын 2019 оны 01 сарын 23-ны өдрийн А/217 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “...Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 1128 м.кв талбайтай газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны зурган мэдээлэлд “О” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй байна. “Б” ХХК-ийн эзэмшлийн гэх 17,7 м.кв талбайтай /хэмжилтийн үр дүн/ чингэлэг нь “О” ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлаж байгаа бөгөөд 14 м.кв талбайгаар давхцалтай байна” гэжээ. /хх-94-98/
Хариуцагч нь “О” ХХК-д газар эзэмшүүлсэн асуудал нь хууль зөрчсөн тул энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ, газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Дээр дурдсанаар хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “О” ХХК-д эзэмшүүлсэн газар дээр чингэлэг байрлуулан үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байх тул “О” ХХК-ийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагч “Б” ХХК-д даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын байрны баруун талд байрлах нэгж талбарын *******, ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй “О” ХХК-ийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагч “Б” ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжад урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР