Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

 

 

 

        

     2023      01        31                                         2023/ШЦТ/51

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Хохирогч Д.Б-,

Иргэний нэхэмжлэгч М.М-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал,

Гэрч С.Ц-, Б.М-,

Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2238003460717 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсаны улмаас түүний биед халдаж зодон, хохирогчийн биед “хамар яс, ухархайн ханын хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хэвлий, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, сорви” бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238003460717 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсаны улмаас түүний биед халдаж, хохирогчийн биед “хамар яс, ухархайн ханын хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хэвлий, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, сорви” бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б-ы өгсөн: “...Сэтгэл санааны хувьд би айдас хүйдэстэй амьдардаг. Хүнийг нэг зодохдоо зогсож чадахгүй байдаг. Шүүгдэгч манай хүргэн. Их догшин араншинтай, намайг 3 удаа зодож байсан. Өмнө нь зодож байхдаа надаас огт уучлалт гуйж байгаагүй. Би шоронд сууж ирээд маш сайн хүмүүжиж ирсэн талаар хүн болгон мэдэж байгаа. Би хүргэндээ сайн ханддаг байсан. Намайг ял эдэлж байх хугацаанд шүүгдэгч нь манай гэр бүлийнхэд анхаарал тавьж, малыг нь маллалцаж тусалж байсан учир би эргүүлээд өөрт нь тус болох гэж малыг нь үнэгүй маллаж, зөндөө тусалсан гэж бодож байгаа. Тухайн өдөр намайг цохисон. Миний өгсөн бүх мэдүүлэг үнэн зөв. Надаас уучлалт гуйхгүй байгаа нь намайг хэзээ ирээд алчих бол гэсэн айдас хүйдэстэй байдаг. Гэхдээ эхнэр болон хүүхдээ бодож байна. Намайг ишээ дагаарай гэж хэлсэн гэж байна энэ нь өөрийн хийсэн үйлдэлдээ эзэн болоорой гэсэн үүднээс хэлсэн. Би шүүгдэгчид гомдолгүй гэж хэлмээр байгаа боловч надаас огт уучлалт гуйгаагүй. Хэрэв надаас уучлалт гуйх юм бол би ямар нэгэн санал гомдолгүй гэж хэлмээр байна. Цагаан сар болох гэж байгаа учраас нэг гэр бүлийн хүмүүс эвтэй найртай хамт баймаар байна. ...нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Ц-гийн өгсөн: “...Тухайн өдөр надаас болж ийм хэрэг гарсан. Манай нас барсан хүүхдээс болж нөхөр бид хоёрын хооронд маргаан үүсдэг. Бид хоёр тухайн хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр сумын төв орсон байсан. Тэгээд гарах гээд байж байсан чинь Д.Б- найзындаа очоод хүргэнийхээ талаар яриад байхаар нь дандаа ингэж байх юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн айлдаа архи ууж байгаад сумаас гарсан. Бид хоёр замдаа нилээн их маргалдаж явж гэртээ харьсан. Тэгээд өглөө нь охин, хүргэн хоёр өвс авах ёстой байсан учраас охин, хүргэн хоёроо дуудсан. Тэгээд би нөхөртөө зодуулж ирсэн учраас гомдоод өвсөө ирж ав гэсэн. Манай охин түрүүлж ирсэн. Дараа нь манай хүргэн хониндоо явах замдаа ирсэн. Эд нар манайд цувж ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.М-ын өгсөн: “...Манай ээж болон хойд аав хоёр 2022 оны 3 дугаар сарын 27-ны  өдөр төв яваад согтуу ирсэн. Энэ хоёр хоорондоо маргалдаж магадгүй гэж бодоод хайч, хутга зэргийг нь нуусан байсан. Тэгээд нөхөр бид хоёр явах гэж байхад машины гэрэл тусаад аав, ээж хоёр ирж байхаар нь бид хоёр хашааны цаагуур орж нуугдсан. Гэтэл ээж эхлээд машинаас буугаад араас нь Д.Б- ах бууж байсан. Тэгээд ээжийг хурдан яв гичий минь гээд байсан. Д.Б- нь хутгатай бууж ирсэн. Хэрүүл маргаан болж байснаа өмдөө тайл гээд байхаар нь манай нөхөр бид хоёр гэртээ очиж хоносон. Тэгээд өглөө нь манай ээж намайг дуудаад өвсөө ав гэсэн. Тэгээд очтол ээж 00 рүү гүйгээд байсан. Харин хойд аав араас нь хөөгөөд байсан. Тэгээд ээжийг бид хоёр авч явсан. ...Намайг өглөө очих үед Д.Б- ахын нүүр хөхөрсөн, энэ тэндээ няцарсан байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт байх хөдөө гэртээ хониндоо явах гээд байж байтал охин Б.М- машинтайгаа ганцаараа ирсэн. Араас нь хүргэн Б.Г- мотоциклиор ганцаараа ирсэн. Би хонио эргүүлэх гээд бэлчиж байгаа хонь руугаа мотоциклоор явж байтал Б.Г- миний урдаас мотоцикльтойгоо давхиж ирээд надад хандаж “зогс пизда минь” гэж хэлэхээр нь би юм асуух гэж байгаа юм болов уу гэж бодоод мотоцикль дээрээ сууж байтал Б.Г- өөрийнхөө мотоциклийг унагааж хаяад над дээр ирснээ миний куртикний захаас заамдаж аваад намайг мотоцикльтой минь хамт татаж газарт унагаасан. Мотоциклийн хажууд Б.Г- миний дээр гарч суугаад хоолойноос минь боогоод “чи муу пизда намайг ална гэж сумаар нэг ярьж явсан гэл үү” гээд гараа атгаж байгаад миний нүүр, толгой руу олон удаа цохиж, зодож эхэлсэн. Би “болиоч ээ, намайг зодохоо болиоч” гэж хэлэхэд тоохгүй үргэлжлүүлэн зодоод байсан. ...миний хоолойг боож, ухаан алдуулсан. Нэг сэрэхэд Б.Г- намайг “чи баашилж байна уу” гээд хацар руу алгадаж байсан. Би үг хэлэх ямар ч боломж байхгүй байсан. ...Би Б.Г-д хандаж “миний чих дүүгээд, толгой тархи эргээд сонсож чадахгүй байна” гэж хэлэхэд намайг “битгий худлаа баашлаад бай” гээд гараараа тархи руу 2-3 удаа цохисон. ...Үргэлжлүүлэн намайг зодсоор байгаад гэрт аваачсан. Нохой тууж байгаа юм шиг араас өшиглөж, хөл рүү өшиглөж, Б.Г- гэрт оруулаад түлээгээр миний толгой руу цохиод, хутга аваад чамайг нэгмөсөн гүйцээгээд алчихъя гэж дайрахад нь эхнэр С.Ц- салгасан. Тэгээд Б.М-, Б.Г- хоёр манай гэрээс гараад явсан. Би гарсных нь дараа цаг харахад 12 цаг болж байсан. Намайг 10-12 цагийн хооронд тасралтгүй Б.Г- зодсон. ...Б.Г- нь гараа атгаж байгаад миний толгой, нүүр, хоёр шанаа, элэг бөөр, хавирга гээд биеийн бүх хэсэгт л цохиж зодсон. Мөн хөлөөрөө миний хоёр хөл рүү маш их өшиглөсөн. Б.Г- намайг 2 цагийн хугацаанд тасралтгүй зодсон. ...Би гомдолтой л байгаа, надаас уучлалт ч гуйхгүй байгаа. Би энэ явдлаас болж гарсан эмчилгээний зардал 2,500,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 23, 25 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дандий овогтой Д.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ 161,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 29-ний өдөр амбулаторийн үзлэг /2 удаа/ 25,500 төгрөг болсон байх бөгөөд нийт мөнгөн дүн нь 186,500 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Гэрч С.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Г- мотоциклио унаад ирж яваа нь харагдаж байхад Д.Б- гэрийнхээ үүднээс мотоциклио унаад нойлын зүг явсан. Цаанаас нь Б.Г- мотоцикльтойгоо ирж Д.Б-ыг нойлын тэнд зодож байгаа нь харагдаж байсан. Би гэртээ ороод хэсэг байж байгаад гарч ирэхэд Б.Г-, Д.Б- нар ноцолдоод л байсан. ...Би гэрийнхээ үүднээс буюу зайнаас харж байхад Б.Г- нь Д.Б-тай дээр доороо ороод ноцолдоод, зодож байгаа нь харагдаж байсан. Би болиулах гэж яваад очиход Д.Б-ы хоёр нүд нь хавдаад, хөхрөлттэй харагдаж байсан. Тэгээд би болиулаад салгасан. Гэрт орсны дараа Б.Г- хөлөөрөө Д.Б-ы хөл рүү нь бас өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Гэрч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны орой Д.Б- эхнэр С.Ц-гийн хамт манайд оройны 8 цагийн үед намайг гэртээ кино үзэж байхад орж ирсэн. Манайд орж ирэхдээ Д.Б- огт архи дарсны зүйл уугаагүй, манайд орж ирээд ч уугаагүй, машин барьж явна гээд, харин эхнэр С.Ц- нь манайд орж ирэхдээ л согтуу орж ирсэн. ...Тухайн орой Д.Б-ы нүүр аманд нь ямар нэгэн шарх сорви байгаагүй, хүнд зодуулсан ямар нэгэн зүйл байгаагүй зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Гэрч М.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Алаг-Эрдэнэ сумын төв дээр гэртээ байж байтал тус сумын 2 дугаар багийн иргэн Д.Б- нь манай гэрт ганцаараа шууд ороод ирсэн. Д.Б-ы царайг харахад хүнд зодуулсан байдалтай, нүүр нь нэлэнхүйдээ хавдсан байсан. Би юу болсон талаар асуухад “хүргэн Б.Г- намайг унагаагаад нүүрэн дээр дэвссэн, Б.Г-д зодуулчихлаа” гэж ярьж байсан. Би түүнд хандаж “одоогоор хэсгийн төлөөлөгч байхгүй байна, та яаралтай эмнэлэг орж үзүүлчихээд буцаад хүрээд ир” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

Гэрч Л.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Б- 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед манайд ирсэн. Эгч танд зураг авчих утас байна уу, миний зургийг аваад өгөөч өг, Г-д зодуулчихлаа гэсэн. Эхлээд би Д.Б- гэж таниагүй нүүр ам нь хавдсан та намайг зам хүртэл харж байгаарай, тархи толгой эргээд байна, уначихаж магадгүй гээд мотоциклио унаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/, 

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 513 дугаартай: “Д.Б-ы биед хамар яс, ухархайн ханын хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хэвлийн, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. ...Д.Б-ы биед үүссэн гэмтлүүд нь хуучин ба хамар ясны хугарал, ухархайн ханын хугарал, хоёр нүдний цус хуралт нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 47 тал/,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох иргэн Д.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан яаралтай тусламжийн хуудас №1453 /хавтаст хэргийн 84-85 тал/,

Хохирогч Д.Б-ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 50-63 тал/,

Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим системийн хуулбар /хх-ийн 29 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Хохирогч Д.Б-ы Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 10-15 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Б-, гэрч С.Ц-, Ш.Б-, М.Ө-, Л.С- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 513 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай албан бичиг, яаралтай тусламжийн хуудас, хохирогч Д.Б-ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хохирогч Д.Б-, гэрч С.Ц- нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь “хамар яс, ухархайн ханын хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хэвлий, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б-ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Г-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Г-н үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Б-ы бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал нар нь гэм буруугийн талаар маргаж байх боловч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Б-, гэрч С.Ц-, Ш.Б-, М.Ө-, Л.С- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 513 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай албан бичиг, яаралтай тусламжийн хуудас, хохирогч Д.Б-ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хохирогч Д.Б-, гэрч С.Ц- нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Г-н хохирогч Д.Б-ы бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Хавтаст хэргийн 29, 84-85 талд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай албан бичиг, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Б.Г-гаас 186.500 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 72-83 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Г- нь ... түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238003460717 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Brain, Д.Б-” гэх бичвэртэй цагаан өнгийн Сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238003460717 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Brain, Д.Б-” гэх бичвэртэй цагаан өнгийн Сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-гаас 186.500 (нэг зуун наян зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР