Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд        

          Нарийн бичгийн дарга С.Төртулах

          Улсын яллагч Б.Энхбаяр

          Шүүгдэгч Э.Алтанзул

          Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Алтанзулд холбогдох 2332001820010 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймаг Булган суманд 1978 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын № 35 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Тэнгэр бөөний төвд туслах ажилтан ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхсайханы Алтанзул. /РД:МП78070465/

 

            Шүүгдэгч Э.Алтанзул нь 2022 оны 03, 04, 05 дугаар саруудад өөрийн найз З.Отгонзаяагийн монетон эдлэл болох ээмэг, бөгж, гинжийг зарж борлуулж өгөхөөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үнийг нь буцааж өгөлгүй өөртөө хэрэглэн Э.Отгонзаяад 6169000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Алтанзулын өгсөн …... 2022 оны 03, 04, 05 дугаар саруудад би найз Отгонзаяагийн монетон эдлэл болох ээмэг, бөгж, гинж зэргийг бусдад зарж борлуулж өгсөн. Тэр үед би найзыгаа залилчихлаа гэж бодоогүй. Би өөрөө өр их байсан учир тэр зарсан зүйлийнхээ мөнгийг нь аваад өр төлбөртөө хэрэглэж найзыгаа гомдоож байсан нь үнэн. Би нийт 8750000 төгрөгийн зүйлийг зарж борлуулж өгснөөс 6169000 төгрөгийг өгөөгүй байсан. Энэ мөнгөнөөс 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэхэд 1200000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 5 сая төгрөгийг нь 2023 ондоо багтааж төлж дуусгана. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч З.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хүмүүстэй хувь лизинг тохироод 2-3 сарын хугацаатай монетон эдлэлийг зарж борлуулдаг байсан. Гэтэл манай найз болох Алтанзул 2022 оны 03,04, 05 дугаар сард 3 удаа надаас монетон гинж, ээмэг бөгж болох 3278000 төгрөг, бэлэн мөнгө болох 1190000 төгрөг, найз нөхөд таньдаг мэддэг хүндээ зарж өгнө гээд 2862000 төгрөгний монетон эдлэлийн бараа бүтээгдэхүүн, мөн би бараагаа авах гээд Алтанзулаас тухайн үед мөнгөө нэхсэн чинь намайг чи хүүтэй мөнгө зээлчих би хүүг нь төлчихье гэхээр нь би бараагаа авахын тулд хүнээс 15 хувийн хүүтэй 4500000 төгрөг зээлж авсан. Тэгсэн тэр мөнгөний хүү болох 1350000 төгрөгийг Алтанзул төлөөгүй мөн надаар төлүүлсэн. Мөн Алтанзул надаас нөхөртөө болон өөртөө 55000 төгрөгийн 2 ширхэг цамц авсан. Тийм учраас одоо Алтанзул надад 8735000 төгрөгийн монетон эдлэлийн бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгөний өртэй учраас түүнийгээ авах гээд нэхэхээр маргааш, нөгөөдөр өгнө эсвэл 7 хоногийн хугацаа өгчих гэсээр байгаад 2022 оны 06 дугаар сараас хойш миний хохирлыг барагдуулж өгөхгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

          Гэрч Г.Булганаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…….. 2022 оны 03 дугаар сард манай хөрш айлын эмэгтэй болох Алтанзул манай гэрт орж ирээд би охиндоо ээмэг авсан чинь таардаггүй чи охиндоо энэ ээмгийг авах уу гээд нэг хос монетон ээмэг барьчихсан орж ирсэн. Тэгээд намайг мөнгийг боломжоороо 2022 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө 3 хувааж өгч болно гэхээр нь би нөгөө ээмгийг үзэж сонирхоод охиндоо 267000 төгрөгөөр авахаар болоод мөнгийг 3 хувааж өгсөн. Хамгийн сүүлийн мөнгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 80000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний гар утас руу нэг танихгүй эмэгтэй залгаж намайг Бурмаа юу Бумаа юу гэж залган ярьж намайг монетон ээмэг, гинж авсан мөнгөө өгөөч ээ гээд учир зүггүй загнаад надаас 480000 төгрөг нэхээд байсан гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/

Гэрч Ц.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2022 оны 06 дугаар сард монетон гинж, ээмэг хоёрыг хадам эгч Алтанзулаас нийт 934000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд мөнгийг нь хоёр хувааж 2022 оны 07 дугаар сард төлж дуусгасан гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/

Гэрч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2022 оны 07 дугаар сард би Алтанзултай ажил дээр нь тааралдсан чинь Алтанзул надад 1 хос унжгардуу гурвалжин дүрстэй 5.6 граммын монетон ээмгийг 476000 төгрөгөөр тооцож зээлээр зарсан. Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тал мөнгө нь болох 235000 төгрөгийг дансаар, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 241000 төгрөгийг дансаар Алтанзул руу тус тус шилжүүлж өгсөн. Өөр ямар нэгэн эд зүйл худалдаж аваагүй гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний 14 ширхэг монетон ээмэг, гинж, бөгж зэргийг 6169000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 44 дүгээр хуудас/

Э.Алтанзулын иргэний үнэмлэхний лавлагаа  /Хх-н 61 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 63 дугаар хуудас/

Э.Алтанзул нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

             Шүүгдэгч Э.Алтанзул нь 2022 оны 03, 04, 05 дугаар саруудад өөрийн найз З.Отгонзаяагийн монетон эдлэл болох ээмэг, бөгж, гинжийг зарж борлуулж өгөхөөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үнийг нь буцааж өгөлгүй өөртөө хэрэглэн Э.Отгонзаяад 6169000 төгрөгийн хохирол учирсан  болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Э.Алтанзул нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шунахай сэдэлттэй шууд санаатай тодорхой үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн  прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Алтанзулын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Алтанзулаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6169000 төгрөгийг гаргуулж  Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын № 55 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Зандраагийн Отгонзаяад олгох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Э.Алтанзул нь зээлээ төлөх зорилгоор хохирогч З.Отгонзаяагаас бэлэн мөнгө зээлж авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй байх тул бэлнээр авсан гэх мөнгө төгрөгийн асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Алтанзул нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Энхсайханы Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Алтанзулыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Алтанзул нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Алтанзул нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Алтанзул нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурьдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Алтанзулаас 6169000 /зургаан сая нэг зуун жаран есөн мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын № 55 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Зандраагийн Отгонзаяад /РД:МЗ73050360 , утас:99895652/ олгосугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Алтанзулд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.