Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/01606

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр               Дугаар 101/ШШ2019/01606                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ц.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  С.А

Хариуцагч:  Н.О ХХК нарт  холбогдох

2,270,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч С.А , хариуцагч “Н О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Миний охин Б.Оийг савны хорт хавдрын 4 дүгээр шатанд орсон өвчтэй байхад нь С.А  өвчнийг эдгээх бүтээгдэхүүн байна гэж итгэл төрүүлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,599,000 төгрөг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,599,000 төгрөгийг тус тус авсан боловч өвчнийг эдгээх бүтээгдэхүүнийг өгөөгүй. Миний охин С.А гаас өвчнөө эдгээх бүтээгдэхүүнээ авч чадалгүй мөнгөө өгснөөс хойш 26 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас  барсан.Миний хүү ******* 2016 оны 7 дугаар сараас эхлэн С.А гаас эгч маань нас барсан тул түүнд өгсөн мөнгөө эргүүлэн авъя гэж хэлэхэд янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж байснаа цувуулж 1,000,000 төгрөгийг өгсөн ба 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үлдсэн мөнгийг 2016 оны 09 дүгээр сардаа   багтааж өгч дуусгана гэж өөрийн гараар баталгаа бичиг хийж өгсөн боловч үлдэгдэл мөнгийг өгөөгүй болно.

Ингээд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2016 оны 10 дугаар сард багтаан С.А г залилсан талаар гомдол гаргасан боловч иргэний хэрэг гэж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2018 оны 6 дугаар сарын 28-ны  өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар С.А г эрэн сурвалжлах шийдвэр гарснаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс С.А гийн хаягийг тодорхойлсон.

Б.Онь бүтээгдэхүүний үнэ болох 3,198,000 төгрөгийг “Н О” ХХК-д тушаасан байдаг. Гэтэл энэ компани үүргээ биелүүлэхгүй удаасаар эгч маань захиалсан бүтээгдэхүүнээ авч  чадалгүй нас барсанд гомдолтой байна.

С.А-тай удаа дараа уулзаж 1,000,000 төгрөгийг авсан үлдэгдэл мөнгийг 2016 оны 09 дүгээр сард багтаан төлнө гээд өнөөдрийг хүртэл  алга болсон. Бид Цагдаагийн хэлтэс шүүхэд удаа дараа хандаж байж  С.А гийн хаягийг  тодорхойлж авсан.

Иймд “Н О” ХХК-иас 1,198,000 төгрөгийг, С.А гаас 1,198,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.А  шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: миний бие Б.Огэдэг хүнийг танихгүй. Манай найзаар дамжуулан манай бүтээгдэхүүнийг захиалж уухаар хүсэлт тавьсныг би компанид уламжилсан. Бүтээгдэхүүний төлбөрийг талийгаач өөрөө компанид тушаасан. “Бүтээгдэхүүн ирсэн хэрэглэгчид өгөөрэй” гэж компанийн менежер надад хэлсний дагуу Оийн гар утасруу залгахад  түүнийг нас барсан гэж охин дүү хэлсэн.Талийгаачийн дүү ******* гэдэг хүн надтай уулзаж бүтээгдэхүүн авахгүй мөнгийг нь авмаар байгаа тухайгаа хэлэхэд нь би  бас нөхрөө алдаад удаагүй байсан болохоор бүтээгдэхүүнийг худалдан борлуулж мөнгийг өгөхөөр тохиролцоод 1,000,000 төгрөгийг цувуулж төлсөн. Талийгаачийн захиалсан бүтээгдэхүүнийг аваад хүмүүст тараагаад өгөөд мөнгөө авч чадаагүй нь үнэн.  Сүүлийн нэг жилийн хугацаанд би хаяг дээрээ амьдраагүй нь үнэн.Яагаад гэвэл өөрөө химийн  бодист хордоод  эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэн. Үлдэгдэл мөнгийг нь би төлнө хүлээн зөвшөөрч байна.Харин надаа яг одоо гаргаад өгчих мөнгө байхгүй тул хугацаа хэрэгтэй байна гэв.

Хариуцагч “Н О” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: манай компани Малайз улсын Phyto Sience Sdn Bhd  компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар жимсний охь гэх бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд захиалж нийлүүлдэг.С.А  нь манай компанийн бүтээгдэхүүний хэрэглэгч бөгөөд борлуулалтаараа цалинждаг. Тэрээр Б.Огэдэг хүнийг компани дээр дагуулж ирээд бүтээгдэхүүн захиалсан байдаг. Бүтээгдэхүүний үнийг манай компанид тушаасан. Бид  захиалга  авснаас хойш 14 хоногийн дараа захиалагчийн бараа Монголд ирдэг бөгөөд манай компани жуулчлалын хөлс л авдаг. Хэрэглэгчийн захиалгын төлбөр Малайз улсын компанийн дансанд ордог.Захиалагчийн бараа ирснийг бид С.А д хэлсэн. С.А  захиалагчийн утасруу залгаад  захиалагч нас барсан гэдгийг мэдсэн талаараа бидэнд хэлсэн. Гэхдээ захиалагчийн дүү гэх хүн барааг авахгүй мөнгийг авах тухай тохиролцсон байдаг. Компанид “С.А  2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б./О/-ийн захиалсан барааг надад олгоно уу” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн барааг авсан байдаг. Иймд  компани хохирол хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч С.А гаас бүтээгдэхүүний  үнэ 929,800 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,000,000 төгрөгийг, хариуцагч “Н О” ХХК-иас 1,270,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд гаргаж байна.

Хариуцагч хариуцагч С.А  нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж, “Н О” ХХК  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.

            Талийгаач /Б.О/ хорт хавдрын өвчний улмаас Малайз улсын Phyto Sience Sdn Bhd  компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Н О” ХХК-ийн худалдаалдаг жимсний охь гэх бүтээгдэхүүнийг С.А гаар дамжуулан захиалж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,599,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,599,000 төгрөгийг тус компанийн дансанд тус тус  тушаажээ.   /хх-ийн 10 дугаар тал/

Өвлүүлэгч 000000 тоот регистрийн дугаартай, Т овгийн Б.О нь 2016 онь 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барсныг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0000176836 дугаарт бүртгэж нас барсаны гэрчилгээ олгосноор өв нээгдсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/

            Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1.-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;” гэж зааснаар ээж Т овгийн Ц.С-ийн өвлүүлэгч Б.О-ийн хууль ёсны өвлөгч болно.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.”, 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.”, 531 дүгээр зүйлийн 531.1-т “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.” гэж тус тус заажээ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч, өвлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасан журам, үүндэслэлийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор хуульчилжээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбараас үзвэл хариуцагч 223 дугаартай, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч  нь Иргэний хууль,  Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу Б./О/-ийн  С.А гаас нэхэмжлэх 2,200,000 төгрөгийг шаардах өмчлөх эрхийг Ц.Сд   өвлүүлэхээр 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 35 дугаарт бүртгэж “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г олгожээ./хх-ийн 8 дугаар тал/

Хариуцагч С.А  захиалагчийн захиалсан барааг ирсэн хүлээж авах тухай мэдэгдсэн боловч Б./О/ нь нас барсан, талийгаачийн дүү ******* С.А тай уулзаж “эгчийн захиалсан бүтээгдэхүүнийг хүлээн авах боломжгүй, тушаасан мөнгийг буцаан авах тухай” хүсэлтийг уламжилжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн  этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардан эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.С хариуцагч С.А гаас шаардах эрхтэй.

Хариуцагч С.А  “Н О” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтдээ “ Б./О/-ийн захиалсан  бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, дүү *******т өгөх тул талийгаачийн барааг надад олгож тусална уу “ гэсэн хүсэлтийг гаргаснаар бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч худалдан борлуулж мөнгийг нь нэхэмжлэгчид өгөөгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

С.А  нь талийгаачийн дүү *******т 1,000,000 төгрөгийг хэсэгчлэн буцаан олгож, үлдэгдэл 2,127,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд  болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нт хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр  бус болсон” гэж зааснаар Б./О/ “Н О” ХХК-д бүтээгдэхүүний төлбөр 3,198,000 төгрөгийг төлсөн хэдий ч  хариуцагч С.А  захиалагчийн захиалсан барааг хүлээн авч, худалдан борлуулж, 1,000,000 төгрөгийг талийгаачийн ар гэрт хэсэгчлэн төлсөн талаар хүлээн зөвшөөрч байх тул “Н О” ХХК захиалагч Б./О/ нарын хооронд үүрэг  үүсээгүй гэж үзэн “Н О” ХХК-д холбогдох хэргийг, өвлөх эрх үүссэн 2,200,000 төгрөгөөс бодон хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2,178,800 төгөргийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч С.А г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн зардлыг нэхэмжлэж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/******* шүүхийн шийдвэрээр ******* овогтой *******ийн *******г эрэн сурвалжлах ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан шүүхийн шийдвэр хавтас хэрэгт баримтаар  нотлогдож байна. /хх-ийн 13-15 дугаар талууд/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг  арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл  үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж зааснаар хариуцагч С.А   нь эрэн сурвалжилсны зардал 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тооцсон болно.

Нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч С.А гаас 50,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч С.А гаас 2,127,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2000 төгрөгийн шаардлагыг, “Н О” ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэг,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А гаас 50,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

   

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ