Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 29

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, шүүгч П.Ууганцэцэг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б нарын нэр бүхий 66 иргэний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДУА-ийн ИТХ, ДУА-ийн ХС-ийн ИТХ-д тус тус холбогдох

“ДУА-ийн ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, ДУА-ийн ИТХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Б.Ц, И.Д, иргэдийн төлөөлөгч А.М, онлайнаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ДУА-ийн ХС-ын ИТХ 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолоор атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан. ДУА-ийн ХС-ын 2 дугаар багт 30 гаруй айл өрх хамрагддаг. Энэ шийдвэрийн улмаас ХС-ын 1, 2 дугаар багийн малчин айл өрхийн эрх ашиг зөрчигдөж, амьжиргааны эх үүсвэр болсон малаа бэлчээх бэлчээргүй болж цаашид амьдрахад нэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.

ДУА-ийн ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолыг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ДУА-ийн ИТХ-аар хэлэлцээд уг тогтоолыг дэмжсэн 13/04 дугаар тогтоолыг гаргажээ. Уг тогтоолоор ДУА-ийн ХС-ын нутаг дэвсгэр дэх 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг баталсан байна. Энэ 895 га газар нь ХС-ын бэлчээрийн газар бөгөөд иргэдийн өвөлжөө, хаваржаа болон Өндөр хөвч, Бэлчирийн шугуй ойн нөхөрлөлүүдийн ойг хамгаалах зориулалтаар эзэмшүүлсэн газруудтай давхцаж байгаа юм. Мөн ХС-ын ИТХ нь газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 29-ний 01 тоот тогтоол гаргаж энэ тогтоолын 1 дэх заалтаар ХС-ын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулахдаа Хар бэлчрийн хөндийн 25 га газар болон 8-р бригадын 13 га газрыг тус тус эрчимжсэн мал аж ахуйн фермерийн газар болгох шийдвэр гаргасан байна.

Энэ газарт мал бүхий иргэд амьдардаг ба тэдний малаа бэлчээх, хадлан өвсөө бэлтгэж хадах, малын хаваржаа, зуслан байрладаг. Бүгд 5-15 жилийн хугацаатай газар эзэмшиж байна. Энэхүү тогтоолуудыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн учир иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд ДУА-ийн ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар, ДУА-ийн ИТХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг, ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Хар бэлчрийн хөндийн 25 га, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын иргэн хаана ч газар эзэмших эрхтэй, уг эрхийнхээ дагуу би малаа маллаж, маргаан бүхий газарт газар эзэмшсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч талаас миний иргэний үнэмлэхийн хаягийг хараад та орон сууцандаа малаа малладаг юм уу гэж байсан. Өөрийгөө товчхон танилцуулахад миний бие боловсролын байгууллагад 25 жил ажиллаж, доктор, дэд профессор цолтой, одоо тэтгэвэртэй байна. 30 гаруй өрхийн 100 гаруй хүн амтай, 6000 гаруй малтай нутаг дэвсгэрт амьдарч буй малчин өрхүүдийн эрх ашгийг хохироосон шийдвэр гарсан. Уг шийдвэрээс шалтгаалж бидний эрх ашиг сонирхол хөндөгдсөн тул шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл 100 гаруй малчин өрхүүдийн амьжиргааг залгуулдаг мал бэлчих бэлчээргүй болсон. Захиргааны байгууллагын гаргасан шийдвэрт дүгнэлт хийхэд 4 хуулийн 11 заалт зөрчигдсөн. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 6 заалт, Газрын тухай хуулийн 2 заалт, Ойн хуулийн 2 заалт, Тариалангийн тухай хуулийн 1 заалт тус тус зөрчигдсөн. Захиргааны байгууллага 4 хуулийн 11 заалтыг зөрчиж, иргэд бидний эрх ашиг сонирхлыг зөрчсөн байж өөрсдийн гаргасан шийдвэрийг үнэн зөв гэж маргалдаж байгаад гомдолтой байна. Уг асуудлаас болж нэг хүний эрх ашиг биш 100 гаруй хүний эрх ашиг зөрчигдсөн. Нотлох баримтаар газрын кадастр, хиймэл дагуулын зургийг гарган өгсөн. Хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй, бусад дүгнэлт хамааралгүй гэх байдлаар тайлбар гаргадаг. Гэтэл ямар ч хүн egazar.mn хаягаар орж кадастрын зургийг хайхад уг зураг гарч ирнэ. Өөрөөр хэлбэл дурын хүн уг хаяг руу орж үзэхэд уг зураг гарч ирэх боломжтой. Газрын кадастрын зургаас харвал 100 гаруй хүн буюу 30 гаруй өрх нь энэ булан хэсэгт амьдарч байна. /зураг харуулж заав/. Ингээд харахад газрын масштабаар /зураг зааж, энэ өрхөөс тариалангийн талбайн хилийн цэс хүртэл ямар хэмжээтэйг хэн ч/ тогтоох боломжтой. Шүүхээс газар дээр очиж үзлэг хийж, уг маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч талын аль аль нь өөр, өөр зүйл ярьж байгаа учраас газар дээр нь очиж, үзлэг хийх нь зүйтэй юм. Хиймэл дагуулын зургийг хэн ч өөрчлөх боломжгүй зураг бөгөөд уг зургаас тодорхой харагдана. Нэхэмжлэгч нараас өөрсдийн өвөлжөөнөөс хилийн цэс ямар зайтайг тодорхойлсон. Гэтэл 1 цэг буюу нэг айлын өвөлжөө хилийн цэсийн дотор орсон байсан. Өвөлждөг гэхээсээ илүү нэхэмжлэгч нарын хувьд уг газартаа намарждаг, хаварждаг, өвөлждөг буюу 3 улирал амьдардаг. 9 цэг нь Тариалангийн хуулийн 500 метрээс дотогш байж болохгүй тухай хуулийн зохицуулалтыг биелүүлэхгүйгээр 500 м.кв дотогш орсныг зургаар харж болно. Ширээний ард сууж ярих, газар дээр очиж ярих бас нэг өөр зүйл юм. Хариуцагч талаас нэхэмжлэгч биднийг тариалангийн тогтоосон бүсэд бэлчээхгүйгээр, уг бүсийг тойруулж бэлчээ гэж хэлдэг. Гэтэл ДУА-ийн ХС- нь эргэн тойрон тариалангийн талбайтай байдаг болохоор малчид бид малаа бэлчээх газаргүй болж байгаа юм. Мөн биднийг малаа хашаандаа байлга гэж хэлдэг боловч малыг хашаандаа маллах боломжгүй. Дээрх бодит нөхцөл байдал үүсэж байна. Бас хариуцагч талаас нэхэмжлэгч нарыг тариалангийн талбайн жалга дотор малаа бэлчээ гэж хэлдэг. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийн бодит байдалд нийцэхгүй тайлбарт гомдож байна. Нэхэмжлэгч бидний хувьд нүүх боломжгүй. Учир нь бид зээл аваад, зохих хэмжээнд тохижсон. Захиргааны байгууллагын энэ шийдвэрээс болоод өвөлжөө, хаваржаа, намаржааны газаргүй, хадлангийн талбайгүй болсон. Энэ нь хиймэл дагуулын зургаар нотлогдоно. Хадлан хийдэг бүх газарт тариалангийн талбайн цэс татсан учраас хадлан хийх боломжгүй болсон. Хиймэл дагуулын зургаас харвал тариалангийн талбайн цэсийн гадна 3 өвөлжөө харагдана, уг талбайг хэмжихэд 500 га талбайгаас дотогш орсон. Өөрөөр хэлбэл хилийн цэсээс дотогш орсон энэ байдал нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсгийг зөрчсөн. Хариуцагч биднийг малгүй гэж хэлдэг боловч нэхэмжлэгч нарын бог бод нийлсэн 6000 мал байгаа. Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохдоо хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх ёстойг хуульчилсан. Гэтэл захиргааны байгууллага ил тод нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог хангах, 13 дугаар зүйлийн 13.3-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийх тухай хуулийн зохицуулалт зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бидэнд захиргааны шийдвэр гарсан тухай мэдэгдээгүй учраас бидний зүгээс мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй талаар захиргааны байгууллагад шаардлага тавьсан. Ингэхэд захиргааны байгууллага сандарч өөр асуудал хэлэлцсэн хурлын протоколын төгсгөлд уг гаргасан шийдвэрээ танилцуулсан мэтээр протокол үйлдэж, хэрэгт хавсаргасан. Гэтэл манай төлөөлөгч И.Д болон 6 нэхэмжлэгч өөр асуудал хэлэлцсэн хурал дээр оролцсон бөгөөд маргаан бүхий захиргааны шийдвэр гарах асуудлын талаар огт хэлэлцээгүй талаар хэлдэг. Мөн хариуцагч талаас өөрсдийнх нь хууль бусаар шийдвэр гаргасан асуудлыг хөндөхөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-г тухайн хуралд суусан гэж дайрсан. Гэтэл тухайн хурал болсон өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц Солонгос Улсад байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ц-г гадаад паспорт, визний хуулбарыг гаргаж өгсөн. Хариуцагч талаас хавтаст хэрэгт авагдсан 1 протоколыг уншин танилцуулдаг ба тухайн протокол нь өөр газарт амьдардаг иргэдийн нэртэй протокол бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Салхит, Шивээ нуруу гэх газарт амьдардаг иргэд оролцсон хуурамч, хурлын протоколыг хэрэгт хавсаргуулсан. Хариуцагч талаас нэхэмжлэгч нарт тухайн асуудлыг мэдэгдээгүй нууцаар шийдвэр гаргасан мөртлөө малчдын зөвлөгөөн дээр уг асуудлыг танилцуулсан мэтээр ярьдаг. Үүний дагуу малчдын зөвлөгөөний хөтөлбөрийг шүүж хайхад уг хөтөлбөрт уг асуудлыг хэлэлцээгүй байдаг. ХС-ын засаг дарга А шүүхэд мэдүүлэг өгөхдөө тариалангийн талбайг шилжүүлэх шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй малчдад сонсгох ажиллагаа хийгдээгүй талаар мэдүүлсэн. Энэ мэдүүлэг хэрэгт авагдсан. Хариуцагч талаас 5 асуудлыг худал хэлсэн. Захиргааны байгууллага малчдад сонсгох ажиллагаа хийхгүйгээр 3 тогтоол гарахаас жилийн өмнө 776 орчим талбайг ДУА-ийн хөдөө аж ахуйн газарт шилжүүлсэн байсан. Энэ нь захиргааны байгууллага анхнаасаа бидний газрыг хууль бусаар авахаар 5-6 жилийн өмнө хүссэн болохыг харуулж болно. Захиргааны байгууллагаас эхлээд хууль бусаар газрын гэрчилгээг ДУА-ийн хөдөө аж ахуйн газрын мэдэлд шилжүүлээд, дараа нь ДУА-ийн ХС-ын намын бүлгийн хурлаас тогтоол гаргасан байсан. Уг намын бүлгийн хурлаар 993 га гаруй газрыг тариалангийн талбайд шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд зарим гишүүд малчдын эрх ашиг сонирхол зөрчигдөх асуудал гарна гэх байдлаар эсрэг санал өгснийг хүлээн авалгүйгээр тогтоол гаргасан. Сум, аймгийн иргэдийн хурлын тогтоолууд ар араасаа маш хурдан хугацаанд гарсан. Улс төрийн ашиг сонирхол орсон байх магадлалтай бөгөөд шүүх хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Еgazar.mn сайтад тавигдсан кадастр, хиймэл дагуулын зургийг хэн ч засварлах, өөрчлөх боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр 2 цэг буюу гадна, дотор цэгийн талаар ярьдаг. Шүүх маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийж, тариалангийн бүсээс 10 цэг хүртэл, хадлангийн бүсээс 3 хүртэл хаана хаана байгааг бодит хэмжилт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Энэ хэрэг 2 удаа анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Давж заалдах шатны шүүхээс материал дутуу бүрдсэн гэх дүгнэлт гаргасан. Захиргааны шийдвэр гаргасан албан тушаалтнууд малчид, иргэдийнхээ амьжиргаа, ашиг сонирхлыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл захиргааны албан тушаалтнаас 100 гаруй өрхийн амьжиргаа, амьдрал ахуй тэдэнд хамааралгүй гэх байдлаар хандаж байгаа юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

             Хариуцагч ДУА-ийн ХС-ын ИТХ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тухайн хэргийг 2 удаа анхан, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхэд шүүх хуралдаанд оролцсон. Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/299 дугаартай шинжээчийн дүгнэлтээр н.Т, н.О нарын газар давхацсан гэх дүгнэлт гаргасан байдаг. 776 га талбайтай иргэн н.Т-ийн эзэмшил газар давхацсан талаар тайлбарлавал 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаартай тогтоолоор иргэн н.Т-д газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан боловч тэрээр газрын гэрчилгээгээ 2016 оноос хойш аваагүй байдаг. Тариалангийн талбайн 47 га талбайг иргэн н.О-ын эзэмшлийн газартай давхацсан гэж дүгнэсэн. Иргэн н.О-т өвөлжөө, хаваржааны эзэмшил газрыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 164 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, гэхдээ уг газар нь 47 га талбайтай хамааралгүй. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн нотлох баримтаас харагдана. Шинжээчийн дүгнэлтийн 2.3-г би ойлгохдоо ойн сангийн хамгаалалтын бүстэй давхцаж байна гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл иргэн н.О-ын газарт давхцал үүсээгүй буюу 5-6 км зайтай байх гэж бодож байна. н.Э гэх хүнд өвөлжөө хаваржаа байхгүй бөгөөд нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Т, н.О, н.Э гэх хүмүүсийн газар давхацсан гэж тайлбарласан гэтэл энэ гурван хүний хэн нь ч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй” гэв.

Хариуцагч ДУА-ийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбараа гарган өгсөн. Нэхэмжлэгч талаас захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргаж байна. 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аймгийн иргэний танхимтай хамтран, Хонгор, Дархан сумын иргэд, албан тушаалтнууд, малчин багуудтай хамтарч сонсох ажиллагаа хийж, иргэдээс санал хүсэлтийг авч, ХС-ын ИХ тогтоол гаргаж, тогтоолыг дэмжих талаар АИТ-д саналаа гаргасны дагуу тогтоол дэмжигдсэн. Өөрөөр хэлбэл АИТХ нь сард 2 удаа хуралддаг бөгөөд уг хуралдаанаар саналыг дэмжиж тогтоол гаргасан байдаг. ХС-ын 161 га газрыг тариалангийн бүс эзлэх ба үүнээс 5,6 га газарт эрчимжсэн мал аж ахуй байгуулахаар тогтоосон. 94,4 га газарт ХС-ын иргэдийн малыг бэлчээх боломжтой талбай бий. Нэхэмжлэл гаргаж буй иргэдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан зүйл байхгүй. Засгийн газрын тогтоолоор ДУА-ийг эрчимжсэн мал аж ахуйн төв болгохоор зарласан. Үүний дагуу эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр судалгаа, шинжилгээг хийж, тухайн газрыг сонгосон болохоор аливаа нэг иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэхгүй байна. Анх шүүхэд 66 иргэн нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар 34 иргэн итгэмжлэлийнхээ хугацааг сунгасан байна. Шинжээчийн дүгнэлтээр эрчимжсэн мал аж ахуй байгуулах газар дээр иргэн н.Т-ийн газар давхацсан гэж дүгнэсэн. Гэтэл иргэн Т газар эзэмшүүлэх тухай захирамж гарснаас хойш гэрчилгээгээ өнөөдрийг хүртэл аваагүй байдаг. Газрын тухай хуульд иргэн, аж ахуй нэгж байгууллагууд 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор хуульчилсан. Иймээс эрчимжсэн мал ахуй байгуулах газар иргэний өмчилсөн газартай давхцаагүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээс харвал н.Б гэх хүний газар нь 759 га газарт хамааралгүй  болох нь нотлогдсон. н.Б нь өөрийнхөө эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Ж.О нь нэлээн олон иргэдийн өвөлжөө, хаваржаа давхацсан гэж ярьсан. Гэвч шинжээчийн дүгнэлтээр дээрх иргэдийн өвөлжөө, хаваржаа эрчимжсэн мал аж ахуйн газартай давхцаагүй” гэв.

Гуравдагч этгээд ДУА-ийн ХХААГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын засгийн газрын 131 дүгээр тогтоолоор газар тариалан эрчимжсэн аж ахуйн бүс нутгаар Орхон, ХС- хоёр сонгогдсон. Үүний дагуу эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр Сэлэнгэ үхрийн аж ахуйг эрчимжсэн аж ахуйн бүс нутаг дээр хөгжүүлж байна. Эрчимжсэн аж ахуйн бүс нутаг дээр одоогоор нэг аж ахуйн нэгжийг байршуулсан. Өөрөөр хэлбэл хүнсний бригад болон талын толгойн байршил нь эрчимжсэн аж ахуйд дөхөхөөргүй хол байршилтай. Эрчимжсэн аж ахуйн дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд газар тариалангийн бүс нутгийн малыг цөөлөх бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ХС-ын иргэдийн гаргаж буй нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Малчид бэлчээрийн газаргүй болох юм бол амьжиргаа доошлох тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б нарын 66 иргэн ДУА-ийн ИТХ, ДУА-ийн ХС-ийн ИТХ-д тус тус холбогдуулан “ДУА-ийн ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, ДУА-ийн ИТХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Хар бэлчрийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  ДУА-ийн ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, ДУА-ийн ИТХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Хар бэлчрийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгүүд нь Захиргааны Ерөнхий хууль, Газрын тухай хууль, Ойн хууль, Тариалангийн тухай хуулиудыг тус тус зөрчиж, ХС-ын 100 гаруй өрхийн эрх ашиг хөндөгдсөн учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба ДУА-ийн ХС-ын нийт 66 иргэний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 25 иргэн ХС-ын 1, 2 дугаар багуудад өвөлжөө, хаваржаа, хадлангийн газар, үнээний ферм ажиллуулах зориулалтаар газар эзэмшүүлсэн захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Дээрх 25 иргэнээс иргэн Б.Н Дархан түшээт нэртэй газарт 29.6 га хадлангийн талбайг түр ашиглуулахаар 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, Б.Ц ХС-ын 1 дүгээр баг Төмсний бригад нэртэй газарт 160 га хадлангийн талбайг түр ашиглуулахаар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Д.Б Яргайтын хойд ар нэртэй газарт 10 га хадлангийн талбай ашиглуулахаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл,  Б.Б Овоотын урд нэртэй газарт 10.9 га хадлангийн талбай ашиглуулахаар 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тус тус хадлангийн талбайг түр ашиглуулах гэрээ байгуулж байсан ба хадлангийн зориулалтаар газар ашиглах эрхийн хугацаа дууссан байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 400 дугаар тогтоолоор “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 дугаар тогтоолоор “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай”  тогтоолыг тус тус баталсан байна. “Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай тогтоол”-ын 1.3-т  ДУА-ийн Орхон сум, ХС-ын 1, 2, 3 дугаар багуудын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутагт хамруулахаар шийдвэрлэжээ.

 Тариалангийн бүс нутаг тогтоосонтой холбогдуулан аймаг сумын Засаг дарга нарт болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг төлөвлөгөөтэй, үе шаттайгаар зохион байгуулах, тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа малчдын малыг бэлчээр, ус бүхий нутагт шилжүүлэх, мал сүргээ төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж, бүх талын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгож, зөвлөсөн байна.

            Монгол Улсын Засгийн газрын 400, 131 дугаар тогтоолуудын дагуу ДУА-ийн ХС-ын ИТХурал 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжих тухай”, ДУА-ийн ИТХурал 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” тогтоолуудаар  895 га газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжсэн болон шилжүүлсэн, ХС-ын ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх газар” гэсэн хэсгийн “8 дугаар бригадын орчимд 13 га газрыг, Хар бэлчрийн хөндийн 25 га газар”-ыг тус тус эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар төсөвт байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.  

            Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж,үйл ажиллагаандаа  ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална”, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            ДУА-ийн ХС-ийн ИТХ, АИТХ-ын гаргасан маргаан бүхий захиргааны актуудаар 895 га газрыг тариалангийн болон эрчимжүүлсэн мал аж ахуйн зориулалтаар төсөвт байгууллагад эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нэр бүхий иргэд болон М.Д, Б.С, Б.Ц, Ж.О, Г.Г, Д.Б, Б.Л, Х.Г, Е.С, Б.Г, Ц.З, Ж.В, Я.О, С.Г, Б.Б, Г.З, Г.Г нарын өвөлжөө, хаваржаа, төмс, хүнсний ногоо тарих, фермерийн аж ахуй эрхлэхээр эзэмшиж байгаа газруудтай давхцуулан олгоогүй болох нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/269 дугаартай Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шинжээчийн А/269 дугаартай дүгнэлтээр “ ...атар газрыг тариалангийн газарт шилжүүлсэн 776 га газартай Ж.Т-ийн эзэмшлийн газар давхцаж байна.”, “ ... ХС-ийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар тогтоолд заасан 17 га, 47 га, 55 га, 776 га , мөн иргэдийн өвөлжөө хаваржааны газрын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд 47 га газар болон иргэн Б.О-ын эзэмшлийн газартай тус тус давхцаж байна”, “Нэхэмжлэгч иргэдийн мал бэлчээх, хадлан өвс бэлтгэх, малын хаваржаа, зуслан байрладаг газруудын байршил тодорхой биш тул эрчимжсэн мал аж ахуйн фермерийн газартай давхцуулах боломжгүй. ...Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гэж, уг хуулийн 6.2.1-т “Бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар хамаарна” гэж заасан байдаг. Иймд бэлчээрийн зориулалтаар зуслангийн газрыг нийтээр дундаа ашиглаж байгаа тохиолдолд зуслангийн бэлчээрийн газрыг тодорхойлох боломжгүй юм", “Хар бэлчрийн хөндийн 25 га, 8 дугаар бригадын орчимд 13 га талбайтай газрын зурган мэдээлэлтэй нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа ДУА-ийн ХС-анд байрлах өвөлжөө, хаваржааны газартай давхцуулан үзэхэд хоорондоо давхцалгүй байна”, “776 га, 55 га, 47 га, 17 га тариалангийн талбай тус бүрийн цэгээс 500 метрээр хамгаалалтын бүс татан, нэр бүхий иргэдийн өвөлжөө, хаваржааны газрын солбицлын утгыг боловсруулан давхцуулан үзэхэд иргэн Ж.Т-ийн эзэмшиж байгаа өвөлжөөний газар 776 га талбайтай, Ж.Э-гийн эзэмшлийн газар нь 776 га тариалангийн хамгаалалтын бүстэй тус тус давхцаж байна” гэж дүгнэжээ. 

            Дээрх шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан иргэн Б.О, Ж.Т, Ж.Э нарын эзэмшил газартай 895 га тариалангийн газартай давхцал үүссэн байгаа боловч эдгээр иргэд нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт төлөөлүүлэх эрх олгоогүй байна. Иймээс нэхэмжлэл гаргаагүй, итгэмжлэл олгогдоогүй иргэн Б.О, Ж.Т, Ж.Э нарын эзэмших эрх бүхий газарт давхцал үүссэн боловч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.

            Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан “Хуулийн зорилт”-оор захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг онцлогтой.

            Харин ДУА-ийн ХС-ын ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн  02 дугаар тогтоол,  01 дүгээр  тогтоолын 1 дүгээр хавсралтын холбогдох хэсгүүд,  ДУА-ийн ИТХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын /е/” бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, /з/ “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой, ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”,  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”,  Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг даргын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана” гэж тус тус заасантай нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргасан гэж үзэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хэдийгээр Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэж заасан байдаг боловч мөн хуулийн 24.4-д “Энэ хуулийн 24.3-т заасны дагуу нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум , дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасныг хариуцагч болох захиргааны байгууллагууд анхаарах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О захиргааны байгууллагыг  Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д  “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, “Сонсгох ажиллагаа явуулах” гэсэн 27 дугаар зүйл,  62 дугаар зүйлийн 62.4.1-д “уулзалт, ярилцлага” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

            Захиргааны байгууллага нь эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн талаар 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ДУА-ийн ИТХ-ын дэргэдэх иргэний танхимаар хэлэлцүүлэг, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дэд хөтөлбөр боловсруулах явцын сонсох ажиллагааг тус тус хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

            Мөн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг татан оролцуулах, түүнийг сонсох ажиллагааг явуулахаар Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 27 дугаар зүйлийн холбогдох заалтуудаар зохицуулсан бөгөөд энэхүү ажиллагааг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хувьд хийх бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй этгээдийн хувьд заавал хийх ажиллагаа биш юм. Иймд тухайн шийдвэр гаргах ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч Ж.О нь “Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан ажиллагааг захиргааны байгууллага явуулаагүй” гэж маргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан ажиллагаа нь захиргааны хэм хэмжээний актын төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг хийх талаар зохицуулсан зохицуулалт ба энэ зохицуулалт нь маргаан бүхий захиргааны актуудын хувьд хийгдэх ажиллагаанд хамаарахгүй болно.

Нэхэмжлэгч нарын  өмгөөлөгч Б.С дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу “Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газар”-ыг дахин шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба ““Өндөр хөвч”, “Бэлчирийн шугуй” ойн нөхөрлөлүүд газрын солбицлын утгаа ирүүлээгүй учраас 895 га атар газартай давхцуулан шалгах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасны дагуу  “Өндөр хөвч”, “Бэлчирийн шугуй” ойн нөхөрлөлүүдээс ач холбогдол бүхий  нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Мөн нөхөрлөл нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар ашгийн төлөө хуулийн этгээдэд хамаарах бөгөөд хуулийн этгээд нь шүүхэд бие даан нэхэмжлэл гаргах, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй.

“Өндөр хөвч”, “Бэлчирийн шугуй” ойн нөхөрлөлүүдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, дээрх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл байхгүй учраас дээрх хоёр нөхөрлөлийг нэхэмжлэгч гэж үзэх боломжгүй юм.

            Шүүхэд анх 66 иргэн нэхэмжлэл гарган нэхэмжлэгч иргэн Ж.О, Б.Ц, Н.Л, И.Д нарт итгэмжлэл олгосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлийн хугацаа дууссан учраас 34 иргэн нэхэмжлэгч Ж.О, Б.Ц, Н.Л, И.Д нарт итгэмжлэл дахин шинээр олгож,  үлдэх 28 нэхэмжлэгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас болон холбогдох утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдгээрийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болохыг,

            нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн болохыг,

хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас 47 хуудас нотлох баримт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2 хуудас материалыг нотлох баримтаар тус тус гаргасан ба нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж өгсөн 2 хуудас нотлох баримттай биечлэн танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах үед танилцах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг,           

            нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул онлайнаар оролцох боломжоор хангах хүсэлт ирүүлсэн учраас шүүх хуралдаанд онлайнаар оролцуулсан, өмгөөлөгч Б.С нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 30.4.1 “хууль зүйн туслалцаа авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох” гэсэн үүргээ биелүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дундаас хуралдаанд оролцохгүйгээр онлайнаа тасалж явсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

            Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн А.М нь ХС-ын иргэдийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14   дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /е/, /з/, Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нарын ДУА-ийн ХС-ийн ИТХ, ДУА-ийн ИТХ-д тус тус холбогдуулан гаргасан “ДУА-ийн ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, ДУА-ийн ИТХ-ын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, ХС-ийн ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Хар бэлчрийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА

                                                               ШҮҮГЧИД                                  П.УУГАНЦЭЦЭГ

                                                                                                                 Б.МӨНХЖАРГАЛ