Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0278

 

"Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 06/3928 дугаартай албан бичиг /шийдвэр/ нь хууль бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгасан акт гаргахыг хариуцагчид даалгах, нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Б.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2023/0663/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 06/3928 дугаартай албан бичиг /шийдвэр/ нь хууль бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгасан акт гаргахыг хариуцагчид даалгах, нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт болон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаартай газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг даалгаж, мөн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай захирамжийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг даалгаж шийдвэрлэсэн.

            Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д 13268 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талбайг 2 хувааж шийдвэрлэсэн. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай тогтоолоор “Э” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “Э” ХХК-ийг тогтоосон. Үүний дагуу “Э” ХХК-ийн газраас 1226 м.кв газрыг хасаж шийдвэрлэсэн.

            Иймд нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д 13268 м.кв газрын дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй харин 12042 м.кв сунгах боломжтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

            2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 06/3928 дугаартай албан бичиг /шийдвэр/ нь хууль бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгасан акт гаргахыг хариуцагчид даалгах, нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд анхан шатны шүүх “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаартай газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг даалгаж, мөн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

            2.2. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд “Э” ХХК нь 1994 онд дуудлага худалдаанд оролцож Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 12 салаа төмөр замыг хувьчилж авсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 359, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаар тогтоолуудаар уг 12 салаа төмөр зам нь “Э” ХХК-ийн өмч болохыг тогтоосон байна.

2.3. Харин нэхэмжлэгч компанийн хувьд анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн * дугаар хороонд үйлчилгээний зориулалттай 4200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжаар газрын хэмжээг 13 268 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлсэн байна. Ингэхдээ хариуцагчаас гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын доорх газар болон төмөр замын хамгаалалтын зурваст хамаарах газрыг оролцуулан “Э” ХХК-д эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна.

2.4. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гуравдагч этгээд “Э” ХХК-ийн хууль ёсоор өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг “Э” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй байхаас гадна төмөр замын хамгаалалтын зурвас газрыг оролцуулан эзэмшүүлснийг зөвтгөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

2.5. Түүнчлэн хариуцагч нь гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байсаар байхад доорх газрыг нь нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй тул нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжийг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй юм.

2.6. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэгэнт нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгч компаниас гаргасан 13 268 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтэд татгалзсан хариу өгсөн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 268 мкв хэмжээ бүхий талбайтай газрыг эзэмших эрхийн хугацааг сунгасан акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал, 13 268 мкв талбайтай газрыг нэхэмжлэгч хуулийн этгээд хууль ёсоор эзэмших эрхтэй болсон гэж дүгнэх үндэслэлгүй тул түүний уг газрыг эзэмших хууль ёсны эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нөгөөтээгүүр хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийн хүрээнд холбогдох судалгааг хийж, “Э” ХХК-ийн өмчлөлийн төмөр замд хамаарах газрын хэмжээг 1226 мкв хэмээн тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.

            2.7. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын хувьд, өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 694 дүгээр шийдвэрээр “нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчаас шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны дотор дахин шинэ акт гаргаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр захирамж хүчингүй болсон байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А/55 дугаар захирамжаар “нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй” болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А/55 дугаар захирамжаар нэгэнт хүчингүй болсон захирамжийг дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илэрхий үндэслэл муутай байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

           

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Харин нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “Э” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хассан хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэхэд энэхүү магадлал саад болохгүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... 13 268 мкв газрын эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй харин 12 042 мкв сунгах боломжтой...” гэснийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 06/3928 дугаартай албан бичиг /шийдвэр/ нь хууль бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн дагуу “Э” ХХК-д олгогдсон Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 268 мкв хэмжээ бүхий талбайтай газрыг эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгасан акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг “2” болгож тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН