Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг;

улсын яллагч: Б.Мөнх-Од;

шүүгдэгч: Б.Төрбат, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурхант овогт Баатаржаргалын Төрбатад холбогдох эрүүгийн 201625021872 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:   

    

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэтэй, бүрэн дунд боловсролтой, цэргийн буудагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Стар авто сервис”-т засварчин ажилтай байсан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, Сүмбэр өсөх 3 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 218 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ИШ94021111 регистерийн дугаартай, Бурхант овогт Баатаржаргалын Төрбат.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Төрбат нь давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7-43 тоотод оршин суух хохирогч Б.Оюундэлгэрийн байшинд нэвтэрч 43 инчийн “Самсунг” загварын ЛСД зурагт 1 ширхэг, чулуун шатар, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж зэрэг нийт 1.945.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух хохирогч Э.Энхтуулын байшинд нэвтэрч 14 инчийн “Делл” загварын зөөврийн компьютер, “Сони” загварын дижитал зургийн аппарат, хөөрөг зэрэг нийт 421.200 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Б.Төрбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлөх гээд би ажил хийж хохирлыг барагдуулсан. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9, /, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17-19, 35, 58-59/, хохирогч Б.Оюундэлгэр /хх-ийн 20-23/, Х.Энхтуул /хх-ийн 60-63/, гэрч Н.Алтэнгэрэл /хх-ийн 24-25/, Б.Лхагвасүрэн /хх-ийн 64-65/, Б.Нямгэрэл /хх-ийн 66-67/, Б.Ганболд /хх-ийн 69-70/, Г.Батмэнд /хх-ийн 72-73/ нарын мэдүүлэг, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 51-54/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55-57/, Б.Төрбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-82/, Б.Төрбатын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84/, Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85/, Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 86/, Б.Төрбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, Б.Төрбатын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 90-109/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Төрбат нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч буюу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7-43 тоотод байрлах хохирогч Б.Оюундэлгэрийн байшинд нэвтэрч 43 инчийн “Самсунг” загварын ЛСД зурагт 1 ширхэг, чулуун шатар, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж зэрэг нийт 1.945.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 23 тоотод байрлах хохирогч Э.Энхтуулын байшинд нэвтэрч 14 инчийн “Делл” загварын зөөврийн компьютер, “Сони” загварын дижитал зургийн аппарат, хөөрөг зэрэг нийт 421.200 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

     хохирогч Б.Оюундэлгэрийн мэдүүлсэн /хх-ийн 20-12/ “...2016 оны 06 дугаар сарын 28-ны орой нөхөр, хүү, бид гурав гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Дотогш ороход байшингийн том өрөөний вакум цонхны салхивч нь онгорхой, ялааны торыг нь хуу татаад авчихсан байсан. Бид нар шууд хулгай орсныг мэдсэн. Байшин дотор ороход өрөөнүүдийн шкаф, авдар шүүгээ зэргийг  онгичсон байдалтай, доторх эд зүйлсийг нь гаргаж хаясан, эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд гэрийнхээ эд зүйлсийг бүртгэхэд нэлээд эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Шууд цагдаад дуудлага өгсөн. Алдсан зүйл нь 43 инчийн “Самсунг” брэндийн ЛСД зурагт, 2011 онд 750.000 төгрөгөөр худалдаж авсан чулуун шатар, 2014 онд хүн бэлгэнд өгсөн /үнэлж мэдэхгүй байна/ дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2013 онд 250.000 төгрөгөөр худалдаж авсан мөнгөн ээмэг бөгж, зүүлт, кулон байсан. Эдгээрийг 230.000 төгрөгөөр үнэлж байна. 1,8 грамм жинтэй, 583 сорьцтой, монетон 1 хос ээмгийг 120.000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний 583 сорьцтой, монетон бөгж 2 ширхэгийг, нэгийг нь 90.000 төгрөгөөр, нөгөөг нь 100.000 төгрөгөөр үнэлж байна. Эрэгтэй хүний 40 размерийн ботинкийг 120.000 төгрөгөөр, эрэгтэй хүний 39 размерийн ботинк байсан. Үүнийг 2010 онд худалдаж авсан 80.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн 39 размерийн хромон гутал байсан 150.000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний хар өнгөтэй лакан гар цүнхийг 2016 онд 75.000 төгрөгөөр худалдаж авсан. Эмэгтэй хүний богино савхин куртикийг 2015 онд 280.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эрэгтэй хүний бэлтгэлийн өмд 20.000 төгрөгөөр үнэлж байна. Оросын шаазан аяга 10 ширхэгийг 60.000 төгрөгөөр үнэлж байна. Шар өнгөтэй зузаан орны бүтээлгийг  65.000 төгрөгөөр үнэлж байна. Хувцас хэрэгсэл хийдэг бор цоохор цүнхийг 2016 онд 35.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээр үеийн судар байсан. Үүнийг үнэлж мэдэхгүй байна. Эдгээр зүйлийг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Алтангэрэлийн /хх-ийн 22-23/: “... Бид нар сонгуулиа өгөхөөр хот руу яваад 2016 оны 06 дугаар сарын 28-ны орой гэртээ ирсэн. Гэтэл байшингийн вакум цонхны салхивч хагарч онгойсон, хулгайч орсон байсан. Бид гаднаас нь харчихаад цагдаа дуудсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээр нь хамт ороод эд зүйлээ бүртгэхэд зурагт, чулуун шатар, мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгж, зүүлтнүүд, монетон ээмэг бөгжнүүд, гуталнууд зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Цагдаа ирэх үед манайх тоггүй байсан. Явсны дараа тог ирэхээр нь харсан чинь  коридорт цус гоожсон байсан. Тэгэхээр нь би “хулгайч ойрхноос орсон байж магадгүй, гараа зүссэн шинэ боодолтой хүн байна уу” гэж бодоод гадуур гарч үзсэн. Орой 22 цагийн үед намайг хашааныхаа харалдаа далан дээр зогсож байтал араас гуйвсан согтуу байдалтай хүн ирж явахаар нь би хашааруугаа орчихсон. Тэгсэн тэр хүн өмсөж явсан цамцаа тайлж хаячихаад явчихсан. Би очоод хаясан цамцыг нь харсан чинь миний цагаан судалтай бэлтгэлийн хөх цамц байсан. Би нөгөө хүний араас нь дагаад 17-ын буудал хүртэл яваад олоогүй. Тэр хүн 170 см өндөртэй, туранхайвтар биетэй, бага залуу хүн байсан. 20 гаруй насны залуу байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Нямгэрэлийн мэдүүлсэн /хх-ийн 61-62/: “... Энэ зурагт бараг 4 сарын өмнө тавигдсан байна. Тийм болохоор ямар хүн тавьсныг сайн санахгүй байна. Манай барьцаалан зээлдүүлэх газар нь иргэд үйлчлүүлэгчээс өөрийнх нь зурагтай иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг үндэслэн гэрээнд заасан журмын дагуу авдаг. Бүртгэлээ харахад 1554 гэсэн дугаатай баримтаар 43 инчийн “Самсунг” брендийн плазм /удирдлагагүй/ зурагтыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ХН83040313 регистерийн дугаартай, 96338980, 88928089 дугаарын утастай Батмөнх овогтой Ганболд гэдэг хүн 300.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавиад хугацаа хэтрээд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зарагдсан байна. Уг зурагтыг тавьсан хүн хэдүүлээ явж байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Ганболдын мэдүүлсэн /хх-ийн 64-65/: “... Би өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгөтэй “Кролла филтер” маркиин 20-43 УНЗ улсын дугаартай суудлын авто машинаараа такси үйлчилгээнд явдаг. Өглөө намайг таксинд явж байхад Дарь-Эхийн шинэ буудлаас 20 гаруй насны залуу 43 инчийн “Самсунг” брендийн зурагт авч явж байгаад гар өргөсөн. Тэгэхээр нь би зогсоод “хаа хүрэх юм бэ” гэж асуухад “7 буудал явна” гээд машинд суусан. Тэр залуу явж байснаа 7 буудал дээр ирээд “та өөрийнхөө бичиг баримтаар энэ зурагтыг барьцаанд тавиад өгөөч, би өөрөө бичиг баримтгүй явна, манай өөрийн зурагт юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7 буудлын “Бүрэн плаза” төвийн 1 давхарт байдаг ломбарданд очоод өөрийнхөө жолооны үнэмлэхийг үзүүлээд уг зурагтыг нь 300.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаагаар тавьж мөнгийг нь тэр залууд өгсөн. Тэр залуу Гачууртын тийшээ голын ойролцоо очиж буугаад 20.000 төгрөг төлөөд буусан. Тэр үед нь би Улиастай руу явах ажилтай байсан болохоор 20.000 төгрөгөөр тохиролцоод явсан байсан. … Уг зурагтыг бор саарал өнгөтэй шиг санагдаж байна, үстэй юм шиг орны бүтээлгэнд боосон байсан. ... Би хулгайн зурагт гэж огт мэдээгүй. Би Гачуурт хүртэл тохиролцсон 20.000 төгрөгөө авсан. Өөр надад мөнгө өгөөгүй. Би тэр залууг урд өмнө нь харж байгаагүй, анх удаа харсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Энхтуулын мэдүүлсэн /хх-ийн 57-58/: “... Би 2016 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 8 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай байшингийн баруун талын хоёр цонхны урд талын цонхны доод хэсгийг нь рамтай нь авч тавиад хулгайч орсон байсан. Хаалганд ямар нэгэн эвдрэлгүй байсан. Түлхүүрээр хаалгаа онгойлгоод дотогш ороод үзэхэд шкафнууд, шүүгээ, чемоданууд онгорхой, доторх эд зүйлсийг нь онгичсон байдалтай, бүх юмыг нь гаргаад эмх замбараагүй хаячихсан байсан. Эд зүйлээ бүртгээд үзсэн чинь борооны шүхэр, зургийн аппарат, зөөврийн компьютер, 2 ширхэг хутга, хөөрөг, хонины мах, цагаан будаа зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан... “ гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлсэн /хх-ийн 64-65/: “... Би Улаан-Үд яваад 2 хоногийн дараа гэртээ ирсэн. Гэтэл манай гал тогооны өрөөний баруун талын цонхыг рамнаас нь салгаад хулгайч орсон байсан. Бид нар гэртээ ороод үзтэл шүүгээ сав, чемодан, шкафнуудын доторх юмсыг нь онгичоод гаргаж хаясан байсан. Эд зүйлээ бүртгээд үзсэн чинь “Делл" брендийн зөөврийн компьютер, “Сони” брендийн джитал зургийн аппарат, талийгаач аавын минь хөөрөг, борооны шүхэр, хонины мах, цагаан будаа, хутганууд зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

Б.Төрбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 76-77/: “... Би 2016 оны 06 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дуургийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжны 43 тоот ногоон өнгийн хаалгатай хашаатай айлд банз нь уначихсан хашаагаар ороод хашааны баруун хойд хэсэгт нь байсан 1 давхар улаан өнгийн тоосгон байшинд очсон. Уг байшингийн цонхоор харахад хүнгүй, хаалга нь цоожтой болохоор нь баруун хойд талын вакум цонхыг чулуугаар хагалан орж дотроос нь 43 инчийн “Самсунг” брендийн ЛСД зурагт  мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж зүүлт, кулон, монетон ээмэг, монетон бөгж 2 ширхэг, гутал, хар өнгөтөй гар цүнх, эмэгтэй хүний савхин куртик, бэлтгэлийн өмд, том цүнх, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Тухайн үед 7 буудлын ломбарданд танихгүй таксины жолоочоор 250.000 төгрөгийн барьцаанд тавиулсан. Бусад эд зүйлсийг нь “Нарантуул зах” дээр явуулын хүнд зарсан. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой бүрэнхий болж байх үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 4-23 тоот цэнхэр өнгийн гүйдэг хаалгатай, блокон хашаатай айлын хашааг нь давж орсон. Хашаан дотор баруун талд нь зүүн тийш харсан хаалгатай, 1 давхар шавар байшин байсан. Тэр байшингийн хаалга цоожтой байсан. Тэгэхлээр нь байшингийн баруун талын модон рамтай жижиг цонхыг рамаар нь салган авч тавиад дотогш орсон. Ороод бичгийн ширээн дээр зөөврийн компьютер, шинэ цагийн хөөрөг, зургийн аппарат, борооны шүхэр зэрэг эд зүйлсийг хулгайлан авч явсан. Уг айлаас хулгайлсан эд зүйлсээ хөөрөгнөөс бусдыг нь “Хар хорин зах” дээр очоод хөдөөний бололтой эрэгтэй, эмэгтэй хүнд бүгдийг нь 200.000 төгрөгөөр зарчихсан. Ийм хоёр айлаас хулгай хийхдээ бээлий огт хэрэглээгүй. Эхний айлаас хулгай хийхдээ чулуугаар цонхыг нь хагалаад чулуугаа буцаагаад гаргаад хаячихсан. Би сүүлд орсон айлын авдарыг нь онгойлгон доторх эд зүйлсийг нь онгичсон. Би энэ хэргүүдийг ганцаараа үйлдсэн. Миний хийсэн хэрэг үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хэрэг төвөг хийдэггүй хүн байсан. Нэг хэсэг ажлаасаа гараад гэр орноосоо дайжаад тэнэмэл маягаар амьдрахдаа идэж уух юм, мөнгө төгрөг дутагдаад хулгай хийсэн. Энэ миний буруу...” гэх мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9, 51-54/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17-19, 35, 58-59/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55-57/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Төрбатын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

 Иймд шүүгдэгч Б.Төрбатыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж 2.366.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Төрбат нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч Б.Оюундэлгэр, Э.Энхтуул нараас “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Төрбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, хохирогч нар “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн зэргийг харгалзаж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бурхант овогт Баатаржаргалын Төрбатыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төрбатыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төрбатын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Төрбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төрбатад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймгийн Сүмбэр сумын дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Төрбатад  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ