Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0749/З/ |
Дугаар | 222 |
Огноо | 2017-06-05 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 222
“Э Ж Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0244 дүгээр магадлалтай, “Э Ж Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус үндэслэн нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/611 тоот захирамжийн “Э Ж Ж Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Э Ж Ж Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага бүхий “Э Ж Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0244 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргыг газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд гэж тайлбарлан хэрэглэжээ. Гэтэл Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйл нь Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгохоор зохицуулсан зохицуулалт бөгөөд мөн хууль нь газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байх ба тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгохоор байна. Гэтэл нийслэлийн Засаг даргын А/611 тоот захирамж нь газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх тухай захирамж байдаг. Ашиглуулах болон эзэмшүүлэх ойлголт нь өөрөө эрх зүйн үр дагаврын хувьд тэс өөр зохицуулалттай харилцаа юм. Иймээс анхан шатны шүүх шийдвэрийг гаргахдаа хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн авто замын трас нь газрын хэвлий доогуур бус газрын гадаргуу дээр дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн болох нь илэрхий байтал хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
“Э Ж Ж Э” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний хүрээнд олгодог, төрийн захиргааны төв байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхийн ямар нэг доголдолгүйгээр газрыг ашигладаг болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл тусгай хамгаалалттай газар нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхгүй байх ба үүнийг хариуцагчийн төлөөлөгчид хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Гэтэл “Э Ж Ж Э” ХХК-ийн ашиглаж буй газар нь тусгай хамгаалалттай газрын хилийн маргаантай газар мөн эсэх талаар тодруулга хийлгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу дүгнэж хянан шийдвэрлэсэн.
Маргаан бүхий газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үйлчлэлд багтаж байхад анхан шатны шүүхийн шийдвэрт энэ тухай огт дурдагдаагүй буюу дүгнээгүй. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасныг үндэслэжээ. Гэтэл газрын тухай хуулийн 21.2.4 дэх заалт нь “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” эрхэд хамаарах бөгөөд бусдын хууль ёсны ашиглалтад байгаа газар дээр давхардуулах, газар эзэмшүүлэх эрх олгохыг зөвшөөрсөн заалт биш байтал хууль буруу тайлбарлан шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын А/611 тоот захирамжийн холбогдох хэсгийн биелэлтийг шүүхээс түдгэлзүүлсэн байтал хариуцагчид үйл ажиллагааг үргэлжлүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчдын анхан шатны шүүхэд гаргасан тайлбар асуултын хариулт зэргээс харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан болох нь хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсоор байтал Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг хангаагүй болох нь хариуцагчийн гаргасан тайлбар, бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал энэ талаар дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн. Мөн хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна гэсэн хуулийн заалтыг хариуцагчид огт хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар шүүхээс нотлох баримт цуглуулаагүй.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд авто замын трасын тухай огт дурдаагүй бөгөөд энэхүү трас нь “Э Ж Ж Э” ХХК-ийн ашиглалтад буй газар дээгүүр дайран өнгөрөхөөр байтал Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрт талууд удаа дараа уулзалт хийсэн боловч шийдэлд хүрээгүй тухай дурдсан байдаг. Гэтэл энэхүү үйл ажиллагаа огт болоогүй ба трас баталсныхаа дараа зөвтгөх зорилгоор харилцан тохиролцоонд хүрэх биш, тулган шаардах үйлдэл хийсээр байсан нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны албан бичиг болон “М К” ХХК-ийн мэдүүлгээр тодорхой нотлогдсоор байтал буруу дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь хариуцагчдад зөвшөөрөл олгосон мэтээр тайлбарласан байдаг. Гэтэл Байгаль орчны яамнаас ирүүлсэн албан бичигт Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад энэ талаар тухайлан үүрэг өгөөгүй болохоо дурдсан байдаг. Давж заалдах шатны шүүх Засгийн Газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоол, 2014 оны “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолууд нь нийслэлийн Засаг даргад эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, тусгай хамгаалалт бүхий газарт газар эзэмшүүлэх эрх олгосон мэтээр хууль буруу тайлбарлан дүгнэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан хэлэлцүүлэгт давхацсан газрын талбайн хэмжээг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагаас буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэргэжилтнийг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасныг шүүхийн зүгээс “төрийн байгууллагын ийм төрлийн ажиллагаа хэт удаан байдаг” гэсэн тайлбараар үл хүлээн авч энэ тухай захирамж шийдвэр гаргаагүй. Мөн зураг төслийн ажил гүйцэтгэсэн “М К” ХХК-д бодлогын даалгавар өгөхдөө “улаан шугам” хүлээлгэн өгөөгүйгээр зураг төслийг хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байтал энэ тухай дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн хүрээнд газар эзэмшигч, ашиглагч нь газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүрэг хүлээдэг. Гэтэл хариуцагч нь хууль зөрчин орон сууцны зориулалтаар эскиз зураг хийж ирвэл баталж өгөхийг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа хэлсэн байдаг. Мөн 2015 оны 4 дүгээр сараас хойш нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт энэ тухай хандаж хүсэлт гаргаагүй гэж буруу дүгнэсэн. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь манай компанийн эскиз зургийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар батлахаас татгалзаж байгаа тухай хариуцагч тайлбартаа дурдсаар байтал, мөн эскиз зургийг батлахгүй байгаа нь энэхүү маргаантай шууд холбоотой байтал тодруулга хийлгүйгээр “энэ талаар дахин хандаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дүгээр захирамжаар “Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга байгууламж, цахилгаан шугамын трасст Хан-Уул дүүргийн 4-10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт 236911 м.кв газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “...тусгай хамгаалалттай газар нутагт нийслэлийн Засаг дарга бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй”, “газрын зориулалтад нийцүүлэн боловсруулсан зураг төслийг батлагдахгүй байгаа нь хууль бус” гэж маргаж, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан дээрх захирамжийн тус компанийн ашиглаж буй газарт давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 дүгээр захирамж нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “...“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтад нэмэлт оруулж шинэчилсэн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаар тогтоолоор батлагдсан “...“Яармаг” орон сууцны хорооллын 15 км цэвэр усны гол шугам, 14.5 км бохир усны гол шугам, цахилгааны шугам, сүлжээ эдгээртэй холбогдох барилга байгууламж” барихад зориулж “газар эзэмшүүлэх” асуудлыг шийдвэрлэсэн байх ба эдгээр барилга байгууламжуудыг Монгол Улсын Их хурлын 2001 оны 57 дугаар, 2010 оны 36 дугаар тогтоолуудаар баталсан “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл, баримтал”, “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-т ...“Шинэ яармаг” ...зэрэг шинэ суурьшлын бүсэд орон сууц барих, үүнтэй уялдуулан инженерийн дэд бүтэц, барьж байгуулахаар тусгагдсан, үүнийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Засгийн газрын 2010 оны 198, 2011 оны 149 дүгээр тогтоолууд, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/45 дугаар, 2014 оны 21/29 дүгээр тогтоолуудын дагуу “...хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж, газрын асуудлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнээс үзвэл, маргаан бүхий газарт 2011 онд нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх үүсэхээс өмнө дээрх эрх бүхий байгууллагуудаас гаргасан баримт бичгээр Хан-Уул дүүргийн 4-10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт /газарт/ “Яармаг” орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг барьж байгуулахаар төлөвлөгдсөн байсан, эдгээрт үндэслэн нийслэлийн Засаг дарга “инженерийн шугам сүлжээ”-ний зориулалтаар төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээний газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасанд нийцэж байна.
Түүнчлэн уг актад газрын байршлыг нэхэмжлэгчийн ашиглаж буй “газар”-т /давхцуулах байдлаар/ тухайлан заагаагүй, актын 2 дахь заалтаар “дээрх инженерийн байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах”-ыг Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосноос үзвэл, уг шийдвэрээр газар “давхцуулан” эзэмшүүлсэн гэх байдал тогтоогдоогүйн зэрэгцээ Ерөнхий төлөвлөгөөний газар нь “газрыг төлөвлөх, ажлын зураг төслийг зөвшөөрөх, уг ажлыг эхлүүлэх”-дээ бусдын газар эзэмших, ашиглах эрхэд халдахаас урьдчилан сэргийлэх, хэрэв газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр болбол хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хянаж баталсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ118-56/2014 дугаар “Яармаг орон сууцны хорооллын усан хангамжийн шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар” гарсан, уг даалгаварт нийцүүлэн “Яармаг” суурьшлын шинэ төвийн ус хангамжийн гаднах шугам сүлжээний ажлын зураг шугам сүлжээний “зураг төсөл” боловсруулах ажлыг “М” ХХК гүйцэтгэхдээ Ерөнхий төлөвлөгөөний газрын зөвшөөрсөнөөр “...15 км цэвэр усны гол шугам”-ыг /трасс/ маргаан бүхий газраар дайрч өнгөрүүлэхээр төлөвлөсөн, уг зураг төслөөр 15 км цэвэр усны шугам тавих ажил хийгдэж 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ашиглалтад оруулсан, нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт эзэмшиж буй 10 газрыг /дайрч өнгөрөхөөр/ гол шугам тавигдсан, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Иймд, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шууд дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх шийдвэрийн улмаас биш харин ...15 км цэвэр усны гол шугамыг байгуулах газрыг нэхэмжлэгчийн газраар дайрч өнгөрөхөөр төлөвлөсөнтэй холбоотойгоор маргаан үүссэн нь илэрхий байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж” нэхэмжлэл гаргахаар зааснаас үзэхэд нэхэмжлэгч зөвхөн “тусгай хамгаалалттай газар нутагт эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргаж газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр маргах боломжгүй, “хууль зөрчсөн” байдал болон уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.
Түүнчлэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь “Э Ж Ж Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлахыг даалгуулах шаардлагад холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл баримт дурдсан гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн алдаа гаргаагүй байна. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүхээс нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0244 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ