| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч Ц.Д-, /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Т.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Л-д холбогдох эрүүгийн 2238003090020 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Л-,
Шүүгдэгч Т.Л- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Д-ы гар утас, банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар тухайн банкны виза картнаас 588,500 төгрөгийг авч ашиглаж, хохирогчид нийт 1,021,700 төгрөгийн хохирол учруулан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238003090020 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.Л- нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Д-ы гар утас, банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар Голомт банкны АТМ-аас хохирогч Ц.Д-ы виза картыг уншуулан 588,500 төгрөгийг авч ашиглаж, нийт 1,021,700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л-: “...мэдүүлэг өгөхгүй. ...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Д-ы өгсөн: “...хэдэн ач, зээ нараа тоглоомын талбайд тоглуулахаар тоглоомын талбайг цэвэрлэж байтал шүүгдэгч Т.Л- нь хэдэн хүмүүстэй ирээд надад тусалсан. Тийм учраас би баярлаад тухайн хүмүүст 2 шил архи авч өгсөн. Тэгээд би шүүгдэгч Т.Л-тэй хамт “Цахир” гэх дэлгүүрт орсон. Энэ талаар тухайн дэлгүүрийн камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн байсан. Би тал цус харвасан, таягтай явдаг учраас их анзаарагдаад байдаггүй. Шүүгдэгч Т.Л- бид хоёр дэлгүүрээс гарч ирэхэд шүүгдэгч миний виза картны нууц дугаар 0805 бил үү гэж асуухаар нь тийм ээ, чи яах гэж байгаа юм бэ гэхэд миний виза картыг аваад зугтчихсан. Би араас нь гүйх гэсэн боловч гүйж чадаагүй. ...Би хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна. ...их гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед 6 дугаар хорооны Эрч авто засвар, Буманз бүжгийн газрын хажуугийн саадын талбайг цэвэрлэж байтал нэг настай эрэгтэй хүн болон танихгүй 3 эрэгтэй хүн байсан. Надад тэр талбайг цэвэрлэхэд тэр 4 тусалсан болохоор нь би 1 шил архи авч өгөөд дараагийн 1 шил архийг би тэр настай хүнтэй цуг явж авсан юм. Тэгэхэд би Хаан банкны картны дугаараа тэр хүний хажууд хэлээд явсан. Тэгээд дэлгүүрээс гараад авсан архиа хувааж уугаад байж байхад миний гар утсыг булааж аваад явсан. Гар утасны хавтсанд маань миний Хаан банкны карт байсан. Тэр хүн миний Хаан банкны картыг уншуулж 900,000 төгрөгийг Голомт банкны АТМ-д уншуулж авсан байсан. Би Хаан банкнаас лавлагаа автал Голомт банкны АТМ-ээс авсан байсан юм. Тэгээд Голомт банканд хандаад тэр хүний миний картаас мөнгө авч байх үеийн зургийг нь авсан. Миний Самсунг С-6 маркийн хөх өнгөтэй, хөх хавтастай гар утас байсан. Утасны хавтсанд миний тэтгэврийн карт, хувийн карт, иргэний үнэмлэх зэрэг байсан. ...Намайг зодож нүдсэн зүйл болоогүй. Би зүс царайгаар нь танина. ...588.600 төгрөг болон гар утас, иргэний үнэмлэх зэргээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 44 тал/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр таксинд явж байтал нэг настай хүн миний машинд сууж такси барьсан. Тэр хүн захын урдаас такси бариад захын хажуу талд байдаг Голомт банкны АТМ дээр очоод “ах нь мөнгөө авч чаддаггүй юм аа, ахдаа виза картаас мөнгө аваад өгөөч” гэж хэлээд хамт Голомт банкны АТМ рүү ороод виза картны нууц дугаараа хэлж өгөөд виза картаас үлдэгдэл мөнгөө шалгуулахад 590,000 орчим төгрөг байсан, тэгээд тэр ах тулгаад бүгдийг нь авчих гэхээр нь би 580,000 орчим төгрөг авч өгсөн. Тэр хүн мөнгөө авчхаад тэндээсээ гэрэлтэй цонх орж архи аваад буцаж захын ард 4 дүгээр хорооны гудамжинд буусан. Тэр хүн таксины мөнгө гэж 7000 төгрөг өгсөн. Тэр хүн өөрийнхөө нэрийг хэлээгүй. Настай эрэгтэй хүн байсан. Би тэр хүнийг харвал танина. Би зургийг нь харвал танина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 тал/,
Хохирогч Ц.Д-ы Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13, 20 тал/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-33 тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 36 тал/,
“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2245617200519 дугаартай: “...Samsung S6 маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр, Голомт банкны виза картны захиалгын үнэ 19.900 төгрөгөөр, иргэний үнэмлэх үрэгдүүлсэн тохиолдолд дахин авахад 63.300 төгрөгөөр, ...нийт 433.200 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57 тал/,
Шүүгдэгч Т.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мэдсэн. ...Би өмнө нь болсон явдлын талаар үнэн зөв тодорхой ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. ...Би Ц.Д-ы хохирлыг барагдуулаагүй. ...Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу энэ үйлдэлдээ их харамсч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Д-, гэрч Б.Э- нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Л-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.Л- нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Д-ы гар утас, банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар хохирогчийн банкны виза картнаас 588,500 төгрөгийг авч ашиглаж, нийт 1,021,700 төгрөгийн хохирол учруулан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Л- нь хохирогч Ц.Д-ы эд зүйлийг дээрэмдэх санаа зорилго үүсэж, улмаар гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх боломжтой хэмээн тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Т.Л-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.
Шүүгдэгч Т.Л- нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн нь хохирогчийн “...намайг цохиж зодоогүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Л-г “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч маргаж мэтгэлцээгүй оролцсон болно.
Шүүгдэгч Т.Л-гийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Ц.Д-ы гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Л-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Л-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Д-д “Samsung S6” маркийн гар утасны үнэ 350.000 төгрөг, Голомт банкны виза картны үнэ 19.900 төгрөг, иргэний үнэмлэх дахин авах төлбөр 63.300 төгрөг, виза картнаас авсан 588.500 төгрөг, нийт 1.021.700 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч нь дээрх хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-гээс 1.021.700 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д-д олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Л-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Л- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Т.Л-д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Л-д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Л-гийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага зэргийг харгалзан хорих ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Т.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас: “...шүүгдэгч Т.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,
шүүгдэгч Т.Л-гийн өмгөөлөгчөөс: “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Л-д эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 70-77, 82-91 дугаар талд авагдсан ... зэрэг баримтуудаар шүүгдэгч Т.Л- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Л- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-г 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-д оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-гээс 1.021.700 (нэг сая хорин нэгэн мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д- (РЭ57080514)-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Л- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР