Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

 

 

        

     2023      02        15                                         2023/ШЦТ/70

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б-эд холбогдох эрүүгийн 2238001110043 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б- нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байхдаа 4496 ширхэг буюу 15.646.080 төгрөгийн үнэлгээтэй онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “Далай ээж” нэртэй 0.5 литрийн архи 2533 ширхгийг хэрэглэж ашигласан, “Далай ээж” нэртэй 0.5 литрийн сүүн шилтэй архи 245 ширхгийг хэрэглэж ашигласан, “Хөх баавгай “ нэртэй 0.5 литрийн архи 1718 ширхэг нийт 4496 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238001110043 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч М.Б- нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байхдаа 4.496 ширхэг буюу 15.646.080 төгрөгийн үнэлгээтэй онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “Далай ээж” нэртэй 0.5 литрийн 2.533 ширхэг,  “Далай ээж” нэртэй 0.5 литрийн сүүн шилтэй 245 ширхэг, “Хөх баавгай “ нэртэй 0.5 литрийн 1.718 ширхэг, нийт 4.496 ширхэг архинд нааж ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.А-ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сард шиг л санаж байна. Яг нарийн сар, өдрийг бол санахгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Зүүн нуур захын гражаас ... ХХК-ийн эзэмшлийн хар саарал өнгийн портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр би манай ... ХХК-ийн ажилтан Зоригтсайхантай хамт дээрх тээврийн хэрэгслээр 2 удаа зөөж ... ХХК-ийн склад руу хураасан. Тухайн үед би тоо ширхгийг нь бол тоолоогүй, 2 удаа портер маркийн машинаар ачсан. Тухайн үед миний санаж байгаагаар хөх “Далай ээж” байсан санаж байна. Надад энэ талаар огт бол мэдэх зүйл байхгүй. Манай дэд захирал Л.М.Б- л намайг тэр архийг зөөгөөрөө л гэж хэлсэн. Тэгээд би зөөсөн. Надад мэдэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч Ч.Б-ын өгсөн: “...Манай компани нь одоогоос 7 орчим жилийн өмнө Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын орлогод хураагдсан байсан “Далай ээж” нэртэй архийг худалдан авсан байсан юм. Тэгээд манай компани нь тухайн архийг эхэн үедээ худалдан борлуулах гээд лангуун дээр байрлуулсны дараа аймгийн Татварын хэлтсээс тухайн архийг акц /онцгой албан татварын тэмдэг/-ны зөрчилтэй учраас худалдан борлуулж болохгүй гэсэн чиглэл өгөхөөр нь тухайн архийг дахин худалдан борлуулаагүй юм. ... компани нь 2014 онд хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй архи худалдан борлуулаад тухайн үед хураагдсан архинуудын онцгой албан татварын тэмдэгтийг хуулж авсан байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдан авсан архинууд бүгд онцгой албан татварын тэмдэггүй байсан. Тэгээд тухайн архи нь худалдан борлуулагдах боломжгүй байгаад байхаар нь би ... компанийн нягтлан бодогч Л.Т- гэж хүнтэй уулзаад “Танай компаний үйлдвэрлэсэн архийг онцгой албан татварын тэмдэгтийн зөрчилтэй байна гээд манай компаниар худалдан борлуулахгүй байна. Энэ архийг танай компани манайхаас худалдан авах боломжтой байна уу гэж асуутал боломжтой. Манай компани өөрсдийнхөө үйлдвэрлэсэн архиа худалдан авъя гэхээр нь манай компани Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдан авсан архинуудаа ... компанид буцаан худалдан борлуулсан. ...худалдан борлуулах үед хөтөлж бүрдүүлж байсан санхүүгийн баримтыг харахгүй бол би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний санаж байгаагаар нийт 38 орчим сая төгрөгөөр худалдан борлуулсан гэж санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

Гэрч Л.Т-ын  өгсөн: “...2021 оны 08 дугаар сард архины цехийн төхөөрөмжийг шинээр угсарч ажиллахад бэлэн болгох үед архины шүүлтүүрийг сэргээхэд ашигласан архийг савлуулсан гэж байсан. Тэгээд уг архинуудаа хаанаас яаж олсныг нь мэдэхгүй онцгой албан татварын тэмдэгт наагаад агуулахад хадгалж байсан юм билээ. Энэ асуудал нь манай компанийн өөр бусад ажилтнуудтай ямар нэг холбоогүй, М.Б-ийн өөрийнх нь хариуцах ёстой зүйл юм билээ. Өөр мэдэж байгаа хүн ч байхгүй байсан. Харин төхөөрөмж сэргээхэд ашигласан архины тухайд бол 2013 оны манай компаниас шүүхийн шийдвэрээр хураагдсан архинуудыг улсын орлого болгож уг архинуудыг ... ХХК борлуулах боломжгүй юм байна гээд манайд 2018 онд 8.130 шил архийг мөнгөн үнээр нь хүлээлгэж өгсөн юм. Энэ архи нь 2018 оноос хойш зүүн нуур захын складанд хураалттай байдаг байсан. Ч.Б- энэ архийг манайд өгсөн шалтгаан нь онцгой албан татварын тэмдэггүй учир борлуулах боломжгүй байна, тиймээс албан ёсны архи үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж татварт тайлагнаад акц захиалж худалдаанд гаргах ёстой юм байна гэсэн санал тавихад нь манайх зөвшөөрөн үнээр нь хүлээн авч складанд хураасан байсан юм. Тэгээд 2021 онд төхөөрөмж сэргээхэд архи шаардлагатай болоход М.Б- уг архинуудыг авч ирүүлж төхөөрөмж сэргээхэд ашиглаад буцаагаад савлуулчихсан юм билээ. Уг архийг төхөөрөмж сэргээхэд ашигласан талаараа надад мэдэгдээгүй, М.Б- өөрөө бие дааж шийдсэн байсан. Архийг төхөөрөмж сэргээхэд ашигласан тухайд бол ямар нэг хууль зөрчсөн зүйл бол байхгүй юм. Харин үүнийгээ савлуулаад хуурамчаар үйлдсэн онцгой албан татварын тэмдэгт наасан асуудал нь бол манай компанитай ямар нэг хамааралгүй бөгөөд М.Б- гэдэг хүний хувиараа хийсэн үйлдэл гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

Гэрч Л.Т-ын өгсөн: “...Харин төхөөрөмж рүү анх хийсэн архи нь бол 2013 онд манай байгууллагаас шүүхийн шийдвэрээр хураагдаж улсын орлого болгосон байсан архийг ... ХХК-иар дамжуулан борлуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өгсөн байсан юм билээ. Гэтэл энэ үед төхөөрөмж сэргээхэд ашигласан архийг М.Б- дахин савлуулаад агуулахад оруулаад хураачихсан байсан гэдгээ хэлсэн. Өөрөө хувьдаа зарж ашиглая гэж бодсон гэдгээ хэлсэн. Уг архинуудад наасан онцгой албан татварын тэмдэгтийг хаанаас хэнээс авсныг нь бол би мэдэхгүй. М.Б- өөрөө хэлэх байх. Харин төхөөрөмж рүү анх хийсэн архи нь бол 2013 онд манай байгууллагаас шүүхийн шийдвэрээр хураагдаж улсын орлого болгосон байсан архийг ... ХХК-иар дамжуулан борлуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өгсөн байсан юм билээ. Гэтэл уг ... ХХК-нь уг архийг борлуулж чадахгүй юм байна гээд манайд үлдсэн 8.000 орчим шил архийг хүлээлгэж өгсөн юм. Энэ архинууд нь манай компанийн мэдлийн Зүүн нуур захын агуулахад хадгалагдаж байсан юм билээ. Энэ архинаас авч төхөөрөмж сэргээхэд ашигласан юм билээ. Энэ бүхнийг М.Б- надад өөрөө хэлсэн. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс М.Б-тэй байгуулсан контрактын гэрээгээ цуцалж ажлаас чөлөөлсөн байгаа юм. Төхөөрөмжөөс архи гаргаж савлах үйл ажиллагаанд үйлдвэрийн захирал технологич нар бүрэн хариуцан удирдаж хийлгэх, цехийн ажилчид тэдгээрийн удирдлагад үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл төхөөрөмж сэргээж байх үед технологич П.Г- нь ковид өвчин тусаад 14 хоног эмнэлэгийн чөлөө авсан байсан юм билээ. Энэ хойгуур нь М.Б- өөрөө биечлэн удирдаж дээрх ажлыг хийсэн байсан. Гэхдээ тухайн хуурамч тэмдэгттэй архинууд нь манай байгууллагад орлогоор ороогүй, манай байгууллагын шугамаар дамжин борлуулагдаагүй. Энэ үйл ажиллагаанаас манайх ямар нэг ашиг орлого олоогүй гэдгийг хэлэх ёстой. М.Б- гэдэг хүн тухайн нөхцөл байдлыг өөртөө тохиромжтойгоор ашиглаж хувьдаа ашиг олохоор завдаж байсан үйлдэл байсныг нь цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай илрүүлсэн байна. Хэрвээ уг архинуудыг агуулахаас гаргаад ямар нэг байдлаар худалдсан бол ... ХК борлуулсан болж харагдах төдийгүй уг хууль бус үйлдэлтэй манай аж ахуйн нэгж холбогдох байсан юм байна гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53, 56 тал/,

Гэрч П.Г-ийн өгсөн: “...Манай компаний агуулахаас хураагдсан хуурамч онцгой албан татварын тэмдэгттэй архины талаар надад мэдэх зүйл байхгүй. Агуулахад байгаа архи миний ажил үүрэгт хамаарахгүй. Сүүлд сонссоноор бол энэ архийг манай компанийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал М.Б- мэдэх ёстой гэж ойлгосон. 2021 оны 08 дугаар сард манайх үйлдвэрээ ажиллуулж эхлэхээр бэлтгэл ажпаа хангаж байсан юм. Тухайн үед манайх шинээр Герман улсаас архины төхөөрөмжийн шүүлтүүр тавьсан байсан юм. Архи үйлдвэрлэж эхлэхийн өмнө уг шинэ шүүлтүүрээ “сэргээх” ёстой байдаг. “Сэргээх” гэдэг нь шүүлтүүрийн идэвхжүүлсэн нүүрсийг архи буюу спиртээр урвалд оруулж шүүлтийн чанарыг нь сайжруулах үйлдэл юм. Ингэхийн тулд уг төхөөрөмж рүү нэг тонн орчим архи хийж тасралтгүйгээр таваас доошгүй хоног ажиллуулсны дараа архи үйлдвэрлэхэд бэлэн болдог үйл ажиллагаа юм. Үүний дараа архи үйлдвэрлэхэд бэлэн боллоо гэж үзвэл татварын байгууллагад мэдэгдэж архины төхөөрөмжийн задрах, онгойлгох боломжтой бүх холболт, хэсгүүд дээр глаграмм буюу лац тэмдэгт наалгаад ажиллаж эхэлдэг. Манай үйлдвэрийн архи үйлдвэрлэх төхөөрөмж дээр татварын хэлтсээс 2021 оны 09 дүгээр сарын 14-нд глаграмм нааж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс өмнө буюу 2021 оны 08 дугаар сард шинэ тавьсан шүүлтүүрээ “сэргээх” зорилгоор архи юм уу спирт хэрэгтэй байгаа талаар би үйлдвэрлэл эрхэлсэн захирал М.Б-эд танилцуулсан. М.Б- хаанаас авч ирсэнийг нь мэдэхгүй байна, хуучны “Далай ээж” гэсэн хаягтай 2000 гаруй шил архи авч ирснийг цехийн ажилчид төхөөрөмж рүү хийж “сэргээх” ажиллагааг эхлүүлсэн. “Сэргээх” ажил явагдаж байх үед буюу 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би “Ковид” өвчнөөр өвчилж 14 хоног ажилдаа ирээгүй юм. Ингэхдээ би М.Б- захиралд “сэргээх” ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болон, дуусгах талаар зааж өгөөд явсан юм. Намайг өвчтэй гэртээ байх үед М.Б- захирал над руу утсаар залгаад “Нөгөө шүүлтүүр сэргээхэд ашигласан архийг савлуулчихлаа. Онцгой албан татварын тэмдэгт хэнээс авч наах юм бэ” гэж асуухаар нь би “Тэгж болохгүй. Учир нь худалдаж авч татварт мэдүүлсэн спиртнээс зарцуулсан архинд онцгой албан татварын тэмдэгт наах ёстой. Мөн үйлдвэрлэсэн архи тоолуураар дамжиж гарсан байх ёстой” гэж хэлсэн. Учир нь төхөөрөмж “сэргээх” ажил хийгдэж байх үед төхөөрөмжөө бүгдийг нь шинээр задалж шинэчилж угсарч байсан тул тоолуур холбогдоогүй, ер нь төхөөрөмжийн эд ангиудыг бүрэн угсраагүй байсан юм. М.Б- захирал шинээр ажил аваад удаагүй байсан учир уг архинуудыг шууд савлуулчихсан юм шиг байна лээ. Ийм л асуудал болсон юм. Үүнээс хойш дахиж уг архинуудын талаар ямар нэг яриа болоогүй, тухайн архийг яасныг нь би мэдэхгүй байна. Тэгээд намайг ажилд орсны дараа татварын байгууллагаас архины төхөөрөмж дээр глаграмм нааж үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/,

Гэрч Ч.Ө-ын өгсөн: “...2014 онд үйлдвэрлэгдсэн гэж үзэх юм бол уг архи өнөөдрийн байдлаар үйлдвэрлэснээс хойш 8 жил өнгөрсөн байна. Иймд тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн байгаа нь эрүүл ахуй, чанарын аюулгүй байдлын шаардлага хангахгүй байх нэг нөхцөл болж байгаа учраас тухайн архинд лабораторийн шинжилгээг хийлгэх шаардлагагүй. Хадгалах хугацаа хэтэрсэн байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д зааснаар бол хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хураан авч устгах зохицуулалттай” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,

Гэрч Ц.И-гийн өгсөн: “...М.Б- гэгч нь манай байгууллагад бүртгэлтэй онцгой албан татвар төлөгч этгээд биш. Тиймээс уг хүн эдгээр архинуудыг зарж борлуулаад орлого олсон бол татвараас зайлсхийсэн гэж үзэж болох юм. Гэтэл энэ тохиолдолд ямар нэгэн борлуулалт хийж ашиг олоогүй байгаа тул татвараас зайлсхийсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 84 тал/,

Монголын Үнэт цаасны хэвлэл ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1-2/10 дугаартай: “...харин доорх 596 ширхэг онцгой албан татварын тэмдэгт нь манайд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний технологийн нууцлалттай таарахгүй байна” гэх албан тоот /хх-ийн 91-107 тал/,

Монголын Үнэт цаасны хэвлэл ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1-2/15 дугаартай: “...харин доорх 3900 ширхэг онцгой албан татварын тэмдэгт нь манайд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний технологийн нууцлалттай таарахгүй байна” гэх албан тоот /хх-ийн 110-144 тал/,

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжилгээний дүн /хх-ийн 154 тал/,

Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн: “...Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS0179:2016 стандартын 7.2-т зааснаар Цагаан архины хадгалалтын хугацаа 5 жил байх ёстой. Тухайн архинуудын хадгалалтын хугацаа хэтэрсэн байх тул цаашид илэрч болзошгүй сөрөг үр дагаварыг урьдчилан тодорхойлох боломжгүй. Иймд уг архинуудыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй тул устгах шаардлагатай болно” гэх дүгнэлт /хх-ийн 160-161 тал/,

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 490 дугаартай: "...Цагдаагийн газарт шалгагдаж буй хэрэг бүртгэлтийн 223800111 дугаартай хэрэгт холбоотой онцгой албан татвар тооцсон мэдээллийг хүргүүлэв. “...ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ 15.646.080.00 төгрөг...” гэх албан тоот, хавсралт /хх-ийн 198-199 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23 тал/,

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28 тал/,

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-33 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37 тал/,

Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ... ХК-д үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар томилогдон ажилласан юм. Би 2021 оны 08 дугаар сард төхөөрөмжийн шүүлтүүр сэргээх зориулалтаар ашигласан архийг өөрөө дур мэдэн савлуулж сүүлд нь хуурамч онцгой албан татварын тэмдэг худалдаж авч уг архинууддаа нааж борлуулах гэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. ...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 167 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:  

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Д.А-, Ч.Б-, Л.Т-, Л.Т-, П.Г-, Ч.Ө-, Ц.И- нарын мэдүүлэг, Монголын Үнэт цаасны хэвлэл ХХК-ийн албан тоот, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжилгээний дүн, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 490 дугаартай албан тоот, хавсралт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Б-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б- нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байхдаа 4.496 ширхэг буюу 15.646.080 төгрөгийн үнэлгээтэй онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “Далай ээж” нэртэй 0.5 литрийн 2.533 ширхэг,  “Далай ээж” нэртэй 0.5 литрийн сүүн шилтэй 245 ширхэг, “Хөх баавгай “ нэртэй 0.5 литрийн 1.718 ширхэг, нийт 4.496 ширхэг архинд нааж ашиглан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б- нь 4.496 ширхэг буюу 15.646.080 төгрөгийн үнэлгээтэй онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “Далай ээж” нэртэй 0.5 литрийн 2.533 ширхэг,  “Далай ээж” нэртэй 0.5 литрийн сүүн шилтэй 245 ширхэг, “Хөх баавгай “ нэртэй 0.5 литрийн 1.718 ширхэг, нийт 4.496 ширхэг архинд нааж ашигласан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэж үзэх бөгөөд энэхүү үйл баримт нь шүүгдэгч М.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Б-ийн үйлдэл идэвхтэй, 4.496 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалж, ашигласан нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэхэд чиглэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашиглаж, “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

   Шүүгдэгч М.Б-ийн гэм буруутай үйлдлээрээ 4.496 ширхэг буюу 15.646.080 төгрөгийн үнэлгээтэй онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар ашигласан ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч М.Б-ийг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 169-178 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч М.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Б-ийг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч М.Б-эд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4.496 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны агуулахад хадгалагдаж байгаа 2.458 ширхэг “Хөх баавгай” нэртэй архи, ... хувьцаат компанийн агуулахад хадгалагдаж байгаа “Хөх баавгай” нэртэй 0.5 литрийн 1.440 ширхэг архи,  “Далай ээж” нэртэй 0.5 литрийн 2.531 ширхэг архи, “Далай ээж” нэртэй сүүн шилтэй 0.5 литрийн 243 ширхэг, нийт 6.672 шил архийг устгахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгаж, эд мөрийн баримт устгасан талаар прокурор, мэргэжилтнийг оролцуулж, тэмдэглэл үйлдэн гэрэл зургаар баримтжуулж, жагсаалтын хамт ирүүлэхийг даалгаж, автотоолуурын үр дүнг бэлтгэх журналын дэвтэр 1 ширхэг, шилний журналын дэвтэр 1 ширхэгийг ... хувьцаат компанид буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР