| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2338000000038 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод хохирогч Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь халдаж зодон хохирогчийн эрүүл мэндэд 5 ширхэг шүдэнд сулрал, доод уруулд язралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод хохирогч Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь “5 ширхэг шүдэнд сулрал, доод уруулд язралт” бүхий хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ы: “...Өөрийн хийсэн үйлдлийнхээ бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Н- бид хоёр А-ийнд ороход А-, Н.П-, Б.Э-, Д.М-, Д.Б- нар байсан. Ороод С.Н- бид хоёр суугаад идээ ундаа ч болоогүй байтал Н.П- А- рүү үг хаяад маргалдсан. А-ийн яриагаар бол Н.П- чи ах нартаа томрох болоогүй шүү гэхэд Н.П- чи муу пизда энэ тэр гээд үл ялих л зүйл ярьж маргаж байсан. А- Н.П- хоёр маргалдаж байгаад эхлээд зодолдоно гээд гарсан боловч зодолдоогүй буцаад ороод ирсэн. Хэсэг юм ярьж сууж байгаад дахиад зодолдоно гээд хоёулаа босоод ирсэн. Тэгтэл Б.Э- А-ийг та одоо дүү нараа дээрэлхэх гээд байгаа юм уу гээд босоод ирсэн. А- Н.П- хоёр барилцаж аваад зодолдох юм болоод байшингаас гарсан. Би цонхоор харахад тэр хоёр зодолдож байсан бөгөөд бие биеэ цохиж байгаа харагдсан. Би гараад А-ийг барьж аваад салгасан чинь А- ч гэр рүүгээ орчихсон. Миний араас С.Н-, Д.М-, Б.Э- нар гарч ирсэн. Б.Э- гарч ирээд шууд С.Н-ийг гараараа цохиж унагаагаад нүүр рүү нь шууд өшиглөсөн. Тэгээд шууд Н.П-, Б.Э- хоёр над руу дайрч толгой руу цохиод би толгой манараад унасан. Унангуут дээрээс Н.П-, Б.Э- хоёр өшиглөсөн. Би толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Н.П-ыг тэгж байхад нь Д.М- барьж авч салгасан гэсэн. Би тодорхой сайн хараагүй, босоод зугтаагаад хаалга руу гүйсэн чинь араас Б.Э-, Н.П- хоёр хөөж гүйж ирж барьж аваад граш руу шахаад тэр хоёр хоёулаа миний толгой нүүр рүү цохиж байсан. Тэгж байхад амнаас цус гараад байхаар нь барьж үзэхэд миний шүдийг хуга цохьчихсон байсан. Би одоо больцгоогооч гээд хашгирсан чинь тэр хоёр намайг зодохоо болиод салж явсан. Би шүд хугарсныг мэдээд шууд 103-т дуудлага өгсөн. Намайг тэгж зодуулж байхад Д.М-, С.Н- нар харсан. А- бол байшин руугаа буцаад орчихсон байсан. Би тэр хоёр руу ганц пизда ч гэж үг хэлээгүй, хуруугаа ч хөдөлгөөгүй. Миний толгой тархи хөндүүрлэж өвдөж байна. Дээд хоёр үүдэн шүд хугарсан, доод үүдэн гурван шүд хөдөлгөөн орсон байсан. Доод хоёр үүдэн шүдийг нь эмч авахгүй бол болохгүй гээд авсан. Нэг хөдөлгөөн орсон шүдийг нь харзнаж байгаад болъё гээд үлдээсэн байгаа. Би тэр хоёр залууд зодуулж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсондоо гомдолтой байна. Би одоо насаараа л хиймэл шүдтэй явахаар болж байна. Ямар ч байсан сайн чанарын шүднүүд суулгаж, эмчилгээнд орох зардал мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.П- Б.А- руу залгаад бид хоёрыг хүрээд ирээч гээд дуудаад байсан. Тэгэхээр нь бид хоёр Мөрөн сумын 1 дүгээр багт байх А- гээд ажлын газрын залуугийнд очсон. Тэнд очиход Н.П-, Б.Э-, Хуягбаатар, Д.Б-, А- нар архи ууцгааж байсан. Очиход Н.П-, А- хоёр маргалдаад байсан. Тэр хоёр маргалдаж байгаад зодолдохоор болоод байшингаас гарсан. Тэр хоёрыг Б.А- бид хоёр болиулах гээд араас нь гарсан. Би А-ийг салгаж бариад, Н.П-ыг Б.А- салгаж барьж авсан. Би А-ийг Н.П- руу дайраад байхаар нь болиулах гээд хорьж зууралдаж байгаад уначихсан чинь Б.Э- байшингаас гарч ирээд та гурав Н.П-ыг яагаад байгаа юм гээд намайг нэг өшиглөсөн. А- тэр хооронд гэртээ явж орсон. Би өшиглүүлчихээд босож ирээд харсан чинь Б.А- Н.П- хоёр зууралдчихсан байж байтал тэр хоёр руу Б.Э- гүйж очоод яагаад байгаа юм гээд Б.А-ийг гараараа цохиод байсан. Тэгээд л тэр гурав салцгаасан. ...Н.П-, Б.Э- нар л Б.А- дээр оччихсон Б.Э- цохиж байгаа харагдсан. Өөр хүн Б.А-ийг цохиж зодоогүй. Б.А- бол дараа нь шүд нь уначихсан, амнаас нь цус гарсан байсан бөгөөд шүд уначихлаа шүү дээ гээд байсан. Мөн Н.П-, Б.Э- хоёр намайг зодлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Гэрч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би Б.А- дээр очиж Б.Э- тэр хоёрыг салгасан. Намайг очиж салгахад Б.А- граш руу шахуулчихсан зогсож байсан бөгөөд амаа дараад зогсож байсан. ...Б.А- Б.Э-ыг цохисон гэж хэлж байсан. ...Б.Э- бол бид нарыг барилцаж аваад байж байхад сүүлд гарч ирээд тэр гурвыг нийлж намайг зодох гэж байна гэж буруу ойлгоод Б.А-ийг цохисон гэдгээ хэлж байсан. Б.Э- буруу ойлгочихсон байна лээ. Намайг өмөөрч л тийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр ажлынхантайгаа хамт архи ууж байгаад Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах А-ийнд очсон. А-ийнд очиход С.Н-, Б.А- нар бол хамт очоогүй, сүүлд л ирсэн байх. Би ч тэдниид очоод согтоод уначихсан. Би Б.А-, С.Н- нарын ирснийг ч санахгүй байгаа. ...Тэнд яг юу болсныг огт санахгүй байгаа. ...Нөгөөдөр нь би ажил дээр очсон чинь л хоорондоо зодолдсон гэх яриа өгүүлэл гарсан байсан. Би ч нэг их ойшоож сонсоогүй болохоор нарийн ширийн хэн хэнтэйгээ яаж зодолдсоныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр ажлынхантайгаа хамт архи ууж байгаад Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах А-ийнд очсон. Тэгээд байж байтал хойноос Б.А- С.Н- хоёр ирсэн. Тэднийд А- Н.П- хоёр согтуурхаад ам зөрсөн. Тэгж байгаад гарахаар нь би араас нь гарсан чинь гадаа А-, Н.П-, С.Н-, Б.А- эд нар байсан. Намайг гадаа гарахад маргалдацгаах шинжтэй байсан. Би Н.П-ыг авч орох гэсэн чинь А-тэй маргалдах шинжтэй байхаар нь би өөрөө зодоон цохионоос хол явдаг хүн, тэгээд ч тэр том том залуучуудыг би хүч хүрэх биш, за за би харилаа гээд буцаад орсон. Би та нар хамт ажилладаг улс байж яах гээд байгаа юм гэж нэг хэлж үзсэн. Тэгээд буцаж ороод Д.Б-ыг унтаж байхаар нь зуухны өрөөд нь ороод галын хажуу руу нь хэвтээд унтчихсан. Тэгээд нэг мэдэхэд л гэртээ харьчихсан байсан. ...Би яг зодоон болж байхыг нүдээр үзэж хараагүй. Дараа нь ажил дээр очиход л Б.А-ийн шүд унасан зодоон цохион болсон гэсэн юм яригдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
А-тэй утсаар ярьсан: “...А- гэгчтэй холбогдож ярихад “би тухайн өдөр Н.П- гээд ажлын залуутайгаа согтуурхсанаасаа болж маргаан үүссэн нь үнэн. Гэхдээ бид хоёр зодоон цохион болоогүй. Би буцаад гэртээ орчихсон. Намайг байшинд буцаж орсноос хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Б.А- шүд уначихлаа гэсэн юм дараа нь ярьж байсан. Би одоогоор очиж мэдүүлэг тайлбар өгөх боломжгүй байна. Өмнөговь аймагт том тэрэгний жолоочоор ажиллаж байгаа” гэж ярьсан болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон үйлдэв.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай: “Б.А-ийн биед 5 ширхэг шүдэнд сулрал, доод уруулд язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.А-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь шүдний эмчилгээний байдлаас хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,
Шинжээч М.Батмөнхийн: “Б.А-ийн биед үүссэн таван ширхэг шүдний сулрал, доод уруулын язралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлбэр дүнгээрээ ялгаагүй гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дүгнэлтэд дурдсан сулрал бүхий гэмтэлтэй таван шүднүүд бол өөрийнх нь байнгын шүднүүд юм. Хиймэл шүд унах, сулрах нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэхдээ хэдэн удаагийн хүч үйлчилсний улмаас үүсгэгдсэн гэмтэл болохыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь нэг эсвэл олон удаагийн хүчний үйлчлэлээр аль алинаар нь үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Шүүгдэгч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тухайн үед болсон үйл явдлыг сайн тодорхой санахгүй байна. ...Миний харснаар Н.П- тухайн үед эхлээд А- ахтай байшинд маргалдаж тэр хоёр зодолдохоор болж гарсан. Би хойноос нь гарахад миний харснаар А- ах, Н.П-, С.Н-, Б.А- ах нар байсан. Намайг гадаа гарахад Н.П- ах руу нөгөө гурав дайраад байгаа юм шиг харагдсан. ...Тэгэхээр нь би нэг хамт олон байж хоорондоо маргалдаж яах гээд байгаа юм гэж очоод Б.А- ахтай барилцаж авч байснаа санаж байна. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Тэгээд тэрхэн хооронд болсон хэсэг үеийг санахгүй байж байгаад нэг сэргэхэд байшингаас би Бямбабаяр ах, Д.М- ах хоёрыг тасарчихсан байхаар нь аваад гарч байснаа санаж байгаа юм. Тэгэхэд Б.А- ах шүд уначихлаа гэсэн юм надад хэлж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.А-, гэрч С.Н-, Н.П-, Д.Б-, Д.М- нарын мэдүүлэг, мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт, шинжээчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод хохирогч Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь “5 ширхэг шүдэнд сулрал, доод уруулд язралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Э-ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Э-ы үйлдэл идэвхтэй, хохирогч Б.А-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Э- нь гэм буруугийн талаар маргаж байх боловч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.А-, гэрч С.Н-, Н.П-, Д.Б-, Д.М- нарын мэдүүлэг, мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт, шинжээчийн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Э-ы хохирогч Б.А-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э- нь “...санаатайгаар бусдыг хохироох гэмтээх сэдэл байгаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор тухайн үед болсон үйл явдлыг тодорхой санахгүй байна” гэж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Э-ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүд хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжилсэн, шүүгдэгч Б.Э- нь хохирогч Б.А-тай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “шүдний эмчилгээний зардал болох 6000000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах”-аар гэрээ /хх-ийн 48 тал/ байгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 6.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-т олгох нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 38-41 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Э-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2338000000038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 6.000.000 (зургаан сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-т олгосугай.
6. Эрүүгийн 2338000000038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР