Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

 

 

        

    2023      03         14                                         2023/ШЦТ/84

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2238003940052 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Б.Э-,

 Монгол Улсын иргэн, Б.Б-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгоны 3 дугаар хороонд байх өөрийн гэртээ Б.Б-, Д.М- нарыг зодож, Б.Б-н биед “баруун, зүүн дээд 1-р үүдэн шүднүүдэд сулрал, баруун тохойн үенд зөөлөн эдийн гэмтэл”, Д.М-ын биед “зүүн доод 1-р үүдэн шүдэнд сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 3 дугаар хороонд байх Б.Э-ын гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи болон цээжинд цус хуралт, баруун дээд бага араанд сэлтрэлт, зүүн хөмсөг, баруун сарвууны эрхий хуруунд шарх, зүүн дал, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238003940052 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны ... тоотод байрлах өөрийн гэртээ Б.Б-, Д.М- нарыг зодож, Б.Б-н биед “баруун, зүүн дээд 1-р үүдэн шүднүүдэд сулрал, баруун тохойн үенд зөөлөн эдийн гэмтэл”, Д.М-ын биед “зүүн доод 1-р үүдэн шүдэнд сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны ... тоотод байрлах Б.Э-ын гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи болон цээжинд цус хуралт, баруун дээд бага араанд сэлтрэлт, зүүн хөмсөг, баруун сарвууны эрхий хуруунд шарх, зүүн дал, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Э-ын өгсөн: “...Энэ оны 11 сарын 15-ны орой 17 цагт сургуулийн багш нарын хамт архи уусан. Тухайн орой би 4 багштай 2 шил 0.5 литрийн Соёрхол архи уусан. Тэндээс гараад гэртээ ирсэн. Манай сургуулийн багш болох Д.М-, Б.Б- нар утсаар миний араас залгаад танайд хамт очъё гэсэн. Тэгээд тэр хоёр манайд ирсэн. Ирэхдээ Д.М-, Б.Б- нар хоёр шил 0.75 литрийн Соёрхол архи авч ирсэн. Тэр архийг бид гурав хувааж уугаад юм яриад суусан. Тэр үед Д.М- багш хүүхэд байхдаа барилддаг байсан гээд төмөр өргөөд, бид хоёр хоорондоо барилдаж байтал Б.Б- гэнэт намайг өшиглөөд зодоод байсан. Тэгэхээр нь би болиоч гээд зөндөө гуйсан боловч ална гээд намайг зодоод байсан. Тэр үед Д.М- намайг тэврээд хөдөлгөөнгүй болгосон байсан учраас би юу ч хийж чадалгүй зодуулсан. Би арай гэж мултраад өөрийгөө хамгаалах юм хайж ундаа задлагч барьж авсан. Тэгэнгүүт тэр хоёр ундаа задлагч барьж аваад намайг дахиад зодсон. Би нэг хэсэг ухаан алдсан байж байгаад сэрэхэд тэр хоёрын эхнэрүүд ирсэн байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж гомдоллоод өөрийн эгч Энхсайхан руу фэйсбүүк чатаар видео калл хийж залгасан. Тэгээд манай эгч Хатгалын цагдаа руу дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр хичээл тараад 14 цагийн үед сургууль дотор явж байтал Б.Э-той тааралдсан. Б.Э-той таарах үед архи уучихсан байсан. Тэгээд ярилцаад Б.Э-ын гэрт очиж нэг шил архи уухаар болсон. Б.Э- бид хоёр сургуулиас гараад дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн Хараа архи аваад явж байтал Б.Б-тай тааралдаад хамт явахаар болсон. Б.Э-ын гэрт очоод галыг нь түлж гэрийг нь бүлээцүүлээд дэлгүүрээс авсан архийг Б.Э- бид хоёр хувааж уусан. Б.Б- архи уугаагүй бид хоёрт хундагалж өгсөн. Бид хоёр тэр шил архиндаа халамцаж согтох болсон. Б.Э-ын гэрт өргөдөг 10 килограммын кантил төмөр байсан, тэр төмрийг бид гурав ээлжилж өргөөд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Э- хоёулаа барилдъя гээд цээжээ нүцгэлээд гэдэсний 6 булчинтай гээд онгироод байсан. Б.Э- бид хоёр барилдсан. Би эхлээд Б.Э-ыг давсан, дараа нь дахин нэг удаа барилдсан. Тэгэхэд Б.Э- намайг давсан. Намайг давахдаа дээр давж унаад гэнэт "би боксчин хүн" гээд намайг цохиод эхэлсэн. Мөн миний хоолойг боосон, би ухаан алдсан, тэрнээс хойш юу болсныг санахгүй баина. Би нэг хэсэг ухаан ороход хүн татах шиг болсон. Тэгэхэд Б.Б- намайг татсан, би ухаан ороод харахад Б.Э-, Б.Б- хоёр ноцолдож байсан. Б.Э- нэг тонгорог гаргаж ирээд Б.Б-г хөөгөөд байсан, Б.Б- зуух тойроод зугтаагаад байсан. Би тэгээд мөн дахиад ухаан алдсан. Нэг мэдсэн эхнэр ирчихсэн намайг сэрээсэн. Мөн Б.Б-гийн эхнэр ирчихсэн байсан. Манай эхнэр Б.Э-ыг дагуулж явж сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд манай эхнэр намайг аваад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь Б.Б- бид хоёр Б.Э-ын гэрт очиж уулзсан. Тэгэхэд Б.Э-ын аав ээж хоёр Мөрөнгөөс Хатгалд ирсэн байсан. Болсон явдлыг Б.Э-ын аав ээж хоёрт нь хэлсэн. Тухайн үед ээж нь "манай хүү архи зохидоггүй агсам болчихдог хүүхэд байдаг юм" гэсэн. Харин аав нь та гурав эвлэр нэг газар ажилладаг хүмүүс эвлэр, би хүүгээ аваад аймаг явлаа гэж хэлсэн. Тэрний маргааш өдөр нь Б.Б- бид хоёр аймгийн төвд ирж Б.Э-той уулзсан. Тэгэхэд Б.Э- Жаргалан эмнэлэгт хэвтэж байсан. Б.Б- бид хоёр нэг байгууллагад ажилладаг хүмүүс архи ууж байж нэгнийгээ ийм байдалд оруулсан учраас эмчилгээнээс нь дэмнэлцье гэсэн бодлоор биеийг асууж ирж уулзсан. Б.Э- өөрөө эмчилгээгээ хийлгэчихээд дараа нь хэдэн төгрөг болохыг хэлье гэсэн. Тэгээд хүлээж байсан чинь дахин залгаагүй цагдаагийн газарт өргөдөл өгсөн юм байна. Би бол Б.Э-ын биед халдаж зодоогүй. Намайг ухаан алдсанаас хойш Б.Б- Б.Э- хоёрын хооронд юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 35-37 тал/,

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би байрны багш хийдэг учраас өдрийн 8 цагаар яг ажил дээрээ байдаг хүн юм. Харин Д.М- багш, Б.Э- багш хоёр хичээлээ заагаад дууссан гээд тараад явж байна. Б.Э-ын гэрт очиж гал түлж хэсэг сууя, гэртээ хариагүй 4-5 хоносон гэр хүйтэн байгаа гэж байсан. Тэгэхдээ тэр хоёр нэг шил архи авчихсан байсан. Б.Э-ын гэрт очоод галыг нь түлээд суусан. Тэр хоёр архиа хувааж уусан. Би архинаас нь уугаагүй хундагалж өгсөн. Архи ууж байснаа Б.Э-ын гэрт байсан 10 килограммын кантил төмрийг бид гурав ээлжилж өргөсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Э- "би бокс тоглодог байсан" гээд цээжээ нүцгэлээд өөрийн биеийнхээ 6 булчингаар гайхуулсан. Мөн Д.М- бид хоёрт Б.Э- боксын үзүүлбэр үзүүлсэн. Тэгсэн Д.М- би жудо бөхөөр хичээллэдэг байсан гэж ярьсан. Тэгсэн Б.Э- миний аав цолтой бөх байдаг, би бөхийн удамтай хүн гээд байснаа тэр хоёр барилдахаар болсон. Эхлээд Д.М- Б.Э-ыг давсан. Дараа нь Б.Э- Д.М-ыг даваад дээр нь сууж байхдаа Д.М-ын нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ Д.М-ыг Б.Э- цамцаар нь боосон, тэр үед Д.М- ухаан алдсан, би гүйж очоод Б.Э-ыг холдуулаад Д.М-ыг сэгсэрч ухаан оруулсан. Б.Э- тэр үед над руу дайраад миний бөгс рүү өшиглөсөн. Тэгээд эргээд харсан чинь Б.Э- миний зүүн нүд рүү цохисон, тэгээд босох гэтэл миний толгой руу цохисон. Би босоод зугтсан, зугтахдаа би зуух тойрч зугтсан. Б.Э- хөөж байхдаа тогооны шүүгээнээс жижиг тонгорог гаргаж ирээд намайг ална гээд хөөсөн. Би Б.Э-ыг барьж аваад тонгоргийг нь салгах үед хуруугаа зүссэн, би тонгорогийг булааж аваад халаасандаа хийсэн. Тэгсэн чинь Б.Э- яасан их зугтдаг юм бэ гээд заазуур аваад над руу шидсэн, тэр нь намайг онолгүй хивсэн дээр унасан. Би тэр заазуурыг угаалгын машины ар тал руу нуусан. Мөн дахин над руу сандал шидсэн, би сандлыг гараараа хаасан. Мөн Б.Э- миний нуруу руу цохисон. Тэгснээ Б.Э- би шүүхэд ажилдаг ахтай учраас би чамд новширно гээд хана руугаа өөрөө 2-3 удаа мөргөсөн. Тэгснээ толинд харж байснаа арай болоогүй байна гээд төмөр хөлтэй шар ширээгээ өөрөө мөргөөд байсан. Тэгснээ ширээгээ хөлнөөс нь барьж аваад хөмрөөд шидчихсэн. Тэгснээ түлээний хогоо авч шидээд байсан. Тэгээд Б.Э-ын гэр орон эмх замбараагүй болсон, Б.Э- өөрийн гэртээ өөрөө өөртөө агсам тавьсан. Тухайн үед Д.М- ухаан алдсан хэвтэж байсан. Би шууд гэрээс нь гараад хашаа даваад зугтсан. Би ажил дээрээ очоод байж байтал эхнэр над руу утасдаад хаана байна гэхээр нь болсон явдлыг хэлээд манай эхнэр бид хоёр сургуулийн эмч Ө.Б-ыг авч очсон. Бид гурвыг очиход Д.М- сэрсэн. Б.Э- архи нь гараагүй бөөн сүр болсон видео колл хийгээд хүмүүс рүү яриад байсан. Уг нь өөрөө бүгдийг тийм байдалд оруулчихаад өөрөө зүгээр байхад намайг зодлоо гээд ойр дотнынхоо хүмүүс рүү видео колл хийгээд байсан. Эмч Б.Э-ын гарыг үзье гэхэд Б.Э- чи юугаа мэддэг юм гээд зайл гээд эмчийг хөөсөн. Тэгээд над руу агсраад байхаар нь эмч бид хоёр гараад яваад өгсөн. Тэр үед Д.М-ын эхнэр Ц.Б- эмнэлэг рүү авч явж хурууг нь боолгосон. Тэр үед Б.Э- би одоо амиа хорлоно, үхнэ гээд агсраад байхаар нь манай эхнэр хэсэг харж сууж байгаад ах дүү нар нь ирэхээр нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 39-41 тал/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр нөхрөө хайгаад Б.Э- гэх багшийнд очсон. Тэгсэн манай нөхөр ухаан алдсан ч юмуу, тасарчихсан ч юмуу ухаангүй байхаар нь би татаж сэрээсэн. Манай нөхөр шалан дээр, Б.Э- өөрөө орон дээр хэвтэж байсан. Гэрт нь цус болчихсон байсан. Би Б.Э- болон нөхрөөсөө энд юу болсон юм гэж асуухад Б.Э- надад хэлэхдээ Б.Б- намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн дүү болох Б.Б- рүү утасдаад Б.Э-ынд ирсэн байна. Д.М- цус нөж болсон байна, эмч аваад Б.Э-ынд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б.Б-, нөхөр Б.Б-н хамт сургуулийн эмчийг аваад ирсэн. Тэгтэл Б.Э- гэх хүн Б.Б- руу агсраад би чамд новширно гээд агсраад байхаар нь Б.Б-г гадаа байж бай гээд байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай эгч Ц.Б- нь над руу утсаар яриад Б.Э-ынд ирсэн байна. Д.М- цус нөж болсон байдалтай байна, эмч аваад Б.Э-ынд хүрээд ир гэхээр нь би нөхөр болох Б.Б-н хамт сургуулийн эмч болох Ө.Б-ыг аваад Б.Э-ынд очсон. Б.Э-ынд ороход эмч рүү Б.Э- нь чамаар үзүүлэхгүй гэсэн чинь эмч надаар үзүүлэхгүй юм бол би явлаа. Тэгээд ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, цус нь гоожоод тогтсон байна гээд Б.Б-, Ө.Б-, Д.М- явсан. Би өөрийн эгч болох Ц.Б-ийн хамт эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлээд ар гэрээс нь Бямбахишиг, Бадраа гэх хоёр хүнийг дуудаад эмнэлэг дээр ирсэн. Эгч бид хоёр ах дүү нарт нь хүлээлгэж өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Гэрч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр ажил дээрээ сууж байхад манай багш болох Б.Б- нь над руу залгаад Б.Э- багшийнд анхан шатны тусламж үзүүлэх хэрэгслээ аваад хүрээд ир гэхээр нь сургууль дээр юм байх гэж бодоод байж байтал Б.Б- нь нөхөр болох Б.Б-тай намайг ирж авсан. Би юу болов гэхэд “нэг багшийнд очих хэрэг байна” гээд Б.Э- багшийнд ороход Б.Э- багш нэлээн согтуу, гэрт энд тэндгүй цус болсон дуу хөгжмийн багш Д.М-, түүний эхнэр Ц.Б- нар байсан. Намайг Б.Э- багшид оёдол тавь гэж дайраад зандраад байсан. Би цагдаа дууд, эмнэлэг яв гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн зодооны маргааш би эхнэртэйгээ хамт Хатгалд очиход Б.Э- хэвтэрт орсон, нүүр нь цус нөж болсон, бие нь хөх няц болсон байсан. Тэгээд өөрөө босож чадахгүй байсан болохоор нь би босгож хувцсыг нь өмсгөөд шууд Мөрөн рүү авчирж 10 хоног эмнэлэгт хэвтүүлээд гаргасан. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Б.Э- өөрөө ярихдаа Б.Б-, Д.М- гэдэг хоёр хүнд зодуулсан гэж ярьсан. Эхнэр бид хоёрыг Хатгалд очиход уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,  

Иргэний нэхэмжлэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Э- нь 11 дүгээр сарын 17-ны өдөр эмчилгээ үйлчилгээ авсан байсан мөнгөн дүн нь 215.500 төгрөг болсон талаар цахим системээс гарч ирсэн. Түүний дагуу би байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 215,500 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 589 дугаартай: “...Б.Э-ын биед баруун, зүүн нүдний зовхи болон цээжинд цус хуралт, баруун дээд бага араанд сэлтрэлт, зүүн хөмсөг, баруун сарвууны эрхий хуруунд шарх, зүүн дал, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Э-ын биед учирсан баруун, зүүн нүдний зовхи цус хуралт, зүүн хөмсөг, баруун сарвууны эрхий хурууны шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 602 дугаартай: “...Б.Б-н баруун, зүүн дээд 1-р үүдэн шүднүүдэд сулрал, баруун тохойн үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Б-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 603 дугаартай: “...Д.М-ын зүүн доод 1-р үүдэн шүдэнд сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Д.М-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 70 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхөөс авсан: “...Тухайн иргэн Д.Б.Э-ын биед учирсан биед баруун, зүүн нүдний зовхи болон цээжинд цус хуралт, баруун дээд бага араанд сэлтрэлт зэрэг гэмтэл нь ширээ, хана мөргөөд өөрөө өөртөө учруулах боломжгүй. Учир нь хүн нүдээрээ юм мөргөхгүй. Энэ нь байгалиас заяасан хамгаалах рефлекстэй байдаг тул нүдэн тус газраараа юм мөргөх, унах тохиолдол байхгүй. Бага арааны сэтрэл мөн адил өөрөө өөртөө юм мөргөж гэмтэх боломжгүй. Учир нь араа шүд нь 32 шүдний ар хэсэгт далд байрлалтай байдаг. Энэ нь гадны цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мэдсэн. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ...Болсон явдлын талаар өмнө мэдүүлэг өгсөн учраас надад нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. ...Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 тал/,

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мэдсэн. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ...Болсон явдлын талаар өмнө мэдүүлэг өгсөн учраас надад нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. ...Би Б.Э-той эвлэрсэн байгаа. ...Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/,

Хохирогч Б.Э-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч  нар  нь гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Э-, Д.М-, Б.Б-, гэрч Ц.Б-, Б.Б-, Ө.Б-, Б.Б-, иргэний нэхэмжлэгч М.М- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 589 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 602 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 603 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Э-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгоны ... тоотод байрлах өөрийн гэртээ Б.Б-, Д.М- нарыг зодож, Б.Б-н биед “баруун, зүүн дээд 1-р үүдэн шүднүүдэд сулрал, баруун тохойн үенд зөөлөн эдийн гэмтэл”, Д.М-ын биед “зүүн доод 1-р үүдэн шүдэнд сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны ... тоотод байрлах Б.Э-ын гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи болон цээжинд цус хуралт, баруун дээд бага араанд сэлтрэлт, зүүн хөмсөг, баруун сарвууны эрхий хуруунд шарх, зүүн дал, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-, Д.М-, Б.Э- нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Э-, Б.Б-, Д.М- нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-, Б.Б-, Д.М- нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Э- нь “...би гомдолтой байна” /хх-ийн 18 тал/, хохирогч Б.Б- “...гомдол санал байхгүй” /хх-ийн 22 тал/, хохирогч Д.М- “...гомдол санал байхгүй” /хх-ийн 27 тал/ гэх мэдүүлгүүдийг өгсөн, мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Б.Э-, Б.Б-, хохирогч Д.М- нар нь “...бид гурав өөр хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж бие биедээ гомдолгүй болсноо мэдэгдэж байна” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 122 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэргийн 12-13 талд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоотын хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 212.500 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Б.Э-, Б.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор хангаж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 100-107 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь ... зэрэг хувийн байдал, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 107-118 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э- нь ... зэрэг түүний хувийн байдал тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаагаар төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 212.500 (хоёр зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР