Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

 

 

 

        

    2023      03         16                                         2023/ШЦТ/85

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,                     

              Улсын яллагч Э.Уламбаяр,

              Хохирогч Ч.Э-,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,

              Шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 2338000000065 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, Н.Д-,

              Шүүгдэгч Н.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар баг ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ч.Э-гийн баруун хавирга руу нэг удаа цохиж 4 ба 5 дугаар хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000065 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Н.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар багийн ... тоотод байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Э-гийн баруун хавирга руу гараараа цохиж “4 ба 5 дугаар хавирганы хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д-ын өгсөн: “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Э-гийн өгсөн: “...Одоо миний бие гайгүй болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй. Би нөхрийгөө айлгах гэж цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Э-гийн өгсөн: “...Н.Д- нь миний хамтран амьдрагч юм. Бид хоёр хамтран амьдраад 17 жил болж байна. ...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-... тоотод байх гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Н.Д-ын хамт байж байтад 18 цагийн үед нөхрийн найз болох Л- нь ганцаараа ирсэн. Бид 3 юм ярингаа 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уусан. Тэр хоёр нэмээд нэг нэг лааз пиво уусан. Тэгээд бид гурав Л-гийн гэрт очиж дахин нэг шил архи хувааж уусан. Тэндээсээ нөхөр бид 2 гараад 23 цагийн үед гэртээ ирсэн. Орж ирээд удаагүй байж байтал нөхөр Н.Д- шууд гараараа миний баруун талын хавирга руу хүчтэй цохисон. Надад маш их өвдөлт мэдрэгдсэн. Би айгаад шууд гэрээс гарч гүйгээд төрсөн дүү Н.Ч.Э- руу утсаар залгаж дуудаад намайг ирээд ав гэж хэлсэн. Удалгүй дүү маань машинтай ирээд намайг гудамжнаас аваад явсан. Би Н.Ч.Э- дүүгийнхээ гэрт өнөөдрийг хүртэл хэвтрийн байдалтай, босож чадахгүй байсан юм. Н.Д- гараараа миний баруун талын хавирга орчим нэг хүчтэй цохьсон. ...орны толгой руу унасан зүйл болоогүй шүү дээ. Н.Д- гараараа миний баруун талын хавирга орчим хүчтэй цохиж 2 хавиргыг минь хугалсан. Юу гэж би түлхүүлээд унаад хоёр хавирга хугарах вэ дээ. Н.Д- худлаа хэлсэн байна. ...Би гомдолгүй, харин хоёр хавиргыг минь хугалснаас болж гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 17 тал/,

              Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч.Э- миний төрсөн эгч, Н.Д- гэх хүн бол түүний нөхөр юм. ...би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой гэртээ байж байтал 23 цаг 45 минутын үед Ч.Э- эгч над руу залгаад “энэ нөхөр намайг зодож алах гээд байна” гэхээр нь би өөрийнхөө ажиллаж байсан худгийн ойролцоо зогсож бай гээд машинтайгаа яваад очсон. Тэгээд эгчийгээ гэр рүүгээ авч явах замдаа юу болсон талаар асуухад “миний хавиргыг хуга цохичихлоо” гээд ёолоод орилоод байсан. Би Н.Д- ах руу залгахад “хуцаарай, лалар аа, янхан минь, би үхлээ, цогцсыг миний 2 охинд аваачиж өгөөрэй” гэх мэтээр янз бүрийн муухай зүйл ярьж доромжилж байсан. Би эгчээс яагаад таныг зодож байгаа юм гэж асуухад “намайг танай нөхөртэй хардаад байх юм” гэж хэлсэн. Ер нь Н.Д- гэдэг хүн орж гарсан бүх хүнтэй хардаад байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, 

              Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч.Э- нь миний төрсөн эх, Н.Д- гэх хүн бол миний хойд эцэг. ...2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 23 цаг 50 минутын үед нагац эгч Ч.Э- над руу гар утсаар залгаад “ээж чинь нөхөртөө збдуулчихсан байна. чи очиж авах боломжтой юу” гэж хэлэхэд би очих боломжгүй байна. Та очоод авчихаач гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь Ч.Э- эгчийн гэрт яваад очиход ээж Энхтуяа нь орон дээр хэвтэж байсан. Юу болсон талаар ээжээс асуухад “өчигдөр орой Н.Д- намайг зодчихлоо” гэж хэлсэн. ...Н.Д- гэдэг хүн нь ээжийг маань байнгын дарамтанд байлгадаг, өмнө нь ч гэсэн цохиж зодож байсан болохоор миний дургүй хүрээд цагдаад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

              Иргэний нэхэмжлэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай. Ч.Э- нь өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 120.000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

              Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай: “...Ч.Э-гийн биед баруун талын 4 ба 5 дугаар хавирганд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Ч.Э-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,

              Шинжээч эмч М.Батмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед авсан: “...Ч.Э-гийн биед учирсан 2 хавирганы хугарал нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь орны толгой руу унах үед үүсэх боломжгүй юм. Яагаад гэвэл 4-5 дугаар хавирга нь их дээгүүр байдаг хавирга юм. Юм руу мөргөх тохиолдолд хавирга хугарвал доогуур байдаг 6 дугаар хавирганаас доош мөргөж үүсэх боломжтой байдаг. 4-5 дугаар хавирга нь гар, дал хөх хэсгээр хучигдсан байдагтай холбоотой. Тэгэхээр заавал цохилтын хүчээр хугарна гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Б.Д-гаас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 12 тал/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47 тал/,

Шүүгдэгч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Ч.Э-гийн эрүүл мэндэд халдаж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна. ...Би эхнэр Ч.Э-д хохирол барагдуулахаар 700.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг хх-ийн 41 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Э-гийн мэдүүлэг, гэрч Ч.Э-, Б.Д-, иргэний нэхэмжлэгч М.М- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Д-гаас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар багийн ... тоотод байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Э-гийн баруун хавирга руу гараараа цохиж “4 ба 5 дугаар хавирганы хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Ч.Э-гийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед учирсан, баруун 4 ба 5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Н.Д-ын цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Д-ын үйлдэл идэвхтэй, хохирогчийн бие, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Н.Д- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Э-гийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинж нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарч байхыг ойлгоно.

Шүүгдэгч Н.Д- нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Ч.Э-гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч Н.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогч Ч.Э- нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэргийн 20-21 талд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч М.М-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Н.Д-аас 120.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 сарын хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 43-50 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Д- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Д-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Д-д  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

              4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Д-д  хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Д-аас 120.000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

                   7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Д- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР