| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/86 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч Ч.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н-д холбогдох эрүүгийн 2338000000059 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ч.Н-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н- нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч О.М-гийн Хаан банкны ... дугаартай дансны виза картыг ашиглаж, хохирогчийн эд хөрөнгө болох 927,200 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.Н- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 01 дүгээр сарын
10-ны өдөр хохирогч О.М-гийн Хаан банкны ... дугаартай дансны виза картыг ашиглаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс 927.200 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.М-гийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагийн үед манай ажил дээр Ч-, Ч.Н- хоёр орж ирээд хамт архи уусан. Тэр хоёр орж ирэхдээ 1 шил 0.5 литрийн Хараа архитай орж ирсэн. Тэр архийг ууж дуусгачихаад би өөрөө дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Хараа, нэг хайрцаг тамхи 17.500 төгрөгөөр авч өгсөн. Намайг дэлгүүр ороход Ч.Н- надтай хамт орсон. Тэгээд авсан архиа хувааж уугаад дууссаны дараа Ч.Н- намайг мөнгө зээлээч гэхээр нь би картаа өгч явуулаад пин кодоо хэлээд, 20,000 төгрөг авчихаад буцаагаад аваад ирээрэй гэж хэлээд архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Тэгтэл Ч.Н- миний Хаан банкны виза картыг авч яваад дансанд байсан 961.600 төгрөг байсныг авсан байсан. Би яаж мэдсэн гэхээр өглөө босоод картаа хайгаад олдохгүй болохоор Ч.Н-д өгснөө санаад очиж уулзахад Ч.Н- “би картнаас чинь мөнгө авсан, картыг нь хаясан” гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж байгаа юм. Миний дансанд эхлээд 895,390 төгрөг байсан. Түүнээс би Арвин дэлгүүрээс 17,500 төгрөгөөр Ч.Н-, Ч- хоёр архи тамхи авч өгсөн. Тэгэхэд үлдэгдэл нь 877,840 төгрөг үлдсэн. Мөн 50,000 төгрөг миний данс руу орсон түүнийг нэмэхээр 927,840 төгрөг байсан гэсэн үг юм. Тэр мөнгө бүгд байхгүй болсон байсан. ...Ч.Н- надад тэтгэврийн зээл аваад 925.000 төгрөг буцаан өгөөд уучлалт гуйсан. Одоо миний зүгээс ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 13 тал/,
Гэрч Д.Ч-ын өгсөн: “...Намайг мужааны цехээс гарч ирэхэд О.М- ах, Ч.Н- ах хоёр суугаад үлдсэн. Би хашаагаар нь гарч явтал араас Ч.Н- ах гарч ирсэн. Ч.Н- ах 16 цагаас эмнэлэг дээр хүүхэд үзүүлэх цаг авсан ах нь явлаа гэж хэлж байсан. Тэгээд би гэр рүүгээ харихаар явсан. Ч.Н- гуай манай гудамжны үзүүр хүртэл надтай хамт яваад би гэртээ оролгүй манай урагшаа байдаг Ганзориг гэдэг айлд ганцаараа очсон. Ч.Н- гуай эмнэлэг орно гээд явсан. ...Ганзориг намайг гэрт хүргэж өгөөд явсан байсан. Гэртээ унтаж байтал 23 цагийн үед О.М- ах өөрийнхөө том хүүг дагуулсан Ч.Н- гуайн Ээгийтэй хамт манай гэрт орж ирээд Хаан банкны карт алга болсон байна, картнаас нь мөнгө гарч байгаа мэдээлэл ирээд байхаар нь дэлгүүрүүдийн камерыг шүүж үзэхэд Ч.Н- гуай нэг эмэгтэй хүүхдийн хамт картыг уншуулаад яваад байна, гэртээ хариагүй байна, танайхаар ирсэн үү, яаж олох вэ гэж асууж орж ирцгээсэн. Би тэд нартай хамт түрээсийн байраар байж магадгүй гээд Мөрөн сумын 8 дугаар хорооны Ч-н Андууд нэртэй түрээсийн байранд очиж асуугаад тийм хүн ирээгүй гэхээр нь өглөө олж учрыг нь олцгооё гээд би Андуудын Ч-д үлдээд гэрт нь хоносон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө би Ч.Н- гуай руу залгаж хүний карт авсан юм уу гэж асуутал юун карт яриад байгаа юм бэ гэхээр нь би О.М- ахтай хамт цагдаа дээр ирж мэдэгдсэн. ...Би түрүүлж гараад хашааны гадаа явж байхад Ч.Н- ах араас гарч ирэхдээ л картыг нь авсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,
Гэрч Д.О-ийн өгсөн: “...Тэгээд төв Хаан банкны үүдэнд очоод Ч.Н- ах бид хоёр буугаад Ч.Н- ах надад Хаан банкны ногоон өнгийн виза карт энгэрийнхээ халааснаас гаргаж ирээд банк руу ороод АТМ дээр энэ картанд хэдэн төгрөг байна, шалгаад өгөөч, пин код нь ... шүү гэж хэлсэн. Би картыг нь аваад уншихад О.М- гэсэн нэртэй карт байхаар нь би манай эгч О.М-гийн карт юм байх даа гэж дотроо бодоод АТМ-д хийж үлдэгдлийг нь шалгаж үзэхэд 870,000 гаруй төгрөг байсан. Би Ч.Н- ахад 870,000 гаруй төгрөг байна гэж хэлтэл ахдаа 200,000 төгрөгийг нь гаргаад өгөөч гэхээр нь 200,000 төгрөгийг нь авч өгөөд картыг нь хамт өгсөн. Би Ч.Н- ахаас ямар учиртай мөнгө юм бэ гэж асуутал ахынх нь цалин орсон юм гэж хэлэх шиг болсон. Тэгээд банкнаас гараад гадаа хүлээлгэсэн байсан таксинд суугаад Тана эмнэлгийн ард байдаг Эрүүл мэндийг дэмжих төв дээр очиж чихний эмчид үзүүлсэн. ...Тэгээд тэр эмнэлгээс гараад Үүрээ эмч дээр очоод тэнд очерлож байгаад үзүүлсэн. Тэр такси хүлээж байсан. Үүрээ эмчид үзүүлчихээд гарч ирээд таксиндаа суутал Ч.Н- ах буцаад Хаан банк оръё гэхээр нь хамт Хаан банк ортол нөгөө картаа надад өгөөд 300,000 төгрөг аваад өг гэхээр нь би 300.000 төгрөг уншуулаад мөнгийг нь Ч.Н- ахад өгтөл гадаа гарч таксины жолоочид 10,000 төгрөг өгч байсан. Тэгээд би одоо гэртээ харилаа гэхэд Ч.Н- ах гурвуулаа хоолонд орох уу, ах нь өчигдрөөс хойш юм идсэнгүй гээд хуучнаар Хариад, Novа нэртэй хоолны газарт орж хоол авч идсэн. Хоол захиалчихаад хүлээж байх хооронд Ч.Н- ах надад нөгөө картаа өгөөд 340.000 төгрөг аваад ир гэхээр нь би ганцаараа Хаан банк руу орж 340,000 төгрөг уншуулж аваад гарах гэж байтал Ч.Н- ах, нөгөө таксины жолоочтой хамт орж ирээд үлдэгдэл нь хэд үлдсэн байна гэхээр нь би үлдэгдлийг нь шалгахад 37.000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд би 340,000 төгрөгийг нь Ч.Н- ахад өгчихөөд буцаад Novа орж хоолоо идчихээд хоолны тооцоонд 65,000 төгрөг төлж байсан. Тэгээд таксины ахтай хамт намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
Хохирогч О.М-гийн Хаан банкны ... дугаартай дансны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулга /хх-ийн 4 тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
Шүүгдэгч Ч.Н-ын яллагдагчаар өгсөн: “...Болсон явдлын талаар өмнө мэдүүлэг өгсөн учраас надад нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. ...би хүлээн зөвшөөрч байна. ...би хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
Хохирогч О.М-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.М-гийн мэдүүлэг, гэрч Д.Ч-, Д.О-э нарын мэдүүлэг, хохирогч О.М-гийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Н- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч О.М-гийн Хаан банкны ... дугаартай дансны виза картыг ашиглаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс 927.200 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Н-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Н-ын үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Н-ыг шунахайн сэдэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч О.М-гийн Хаан банкны ... дугаартай дансны виза картыг ашиглаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс 927.200 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.М-д 927.200 төгрөгийн хохирол учирчээ.
Хавтаст хэргийн 5 дугаар талд иргэн Д.О-ээс ... сериал дугаартай 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртийг хохирогч О.М-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөн хохирогч О.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч.Н- надад тэтгэврийн зээл аваад 925.000 төгрөг буцаан өгөөд уучлалт гуйсан. Одоо миний зүгээс ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Н- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Н-ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 41-50 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.Н- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ч.Н-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2338000000059 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР