| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-т холбогдох эрүүгийн 2338000000028 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Д-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” бааранд 2022 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Г.Б-ын “Айфоне-13 про” маркийн гар утсыг баарны зөөгчөөс авч гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага бус хэмжээний хохирол буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000028 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Доргио” бааранд хохирогч Г.Б-ын “Айфоне-13 про” маркийн гар утсыг баарны зөөгчөөс авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж шунахайн сэдэлтээр бусдад зарж борлуулан завшиж, бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д-ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр найзуудаараа уулзаад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл бид нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт байрлах нэг айлд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай нэг найз Улаанбаатар хотоос ирээд Хөвсгөлд бааранд орж үзмээр байна гэсэн учир бид нар Доргио баар орсон. Тэгээд тэндээ 2 цаг архи ууж байгаад би гарч ирсэн чинь гадаа зодоон болж байсан. Тэр зодооны улмаас манай нэг найзын толгой нь хагараад тэгээд би эмнэлэг рүү явсан. Тэгээд Б- утас байхгүй байна гэхээр баарны барменээс очоод асуусан чинь өгсөн тэгээд би утсыг Б-ад өгсөн. Тэгээд байж байтал манай толгой нь хагарсан найзын эхнэр төрөхөөр болоод яваад ирсэн чинь Б- утсаа хаячихлаа гээд байж байсан. Тухайн үед би дүүтэйгээ явж байсан дүү бид хоёр хайж байсан чинь баарны гадаа байж байсан. Тэгээд тэр үедээ би таскидаад буцаад нөгөө айлдаа очоод бид нар уухаар болсон. Маргааш өглөө нь бид нар босоод дахин архи уухаар болсон боловч мөнгө байхгүй байсан учраас утсыг нь тавьчихсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Г.Б-ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мерөн сумын Доргио бааранд найзууд болох С-, М-, Б-, Г.Д- бид нар орж хэсэг сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан улмаас нэлээн согтсон байсан. Миний санаж байгаагаар баарнаас гараад хүмүүстэй маргалдаад хальт зодоон хийгээд байснаа муухан санаж байгаа юм. Тэгээд гэртээ хариад маргааш өглөө нь унтаж сэрээд утас байхгүй болохоор нь Г.Д-аас асуухад Г.Д- чамайг утсаа бааранд үлдээсэн байхаар чинь авч машин дотор ороход чинь өгсөн гэж хэлсэн. Би Доргио баарны хяналтын камерыг шүүж үзэхэд Г.Д- нь миний утсыг баарны текэн дээрээс нь баарны зөөгчөөс авч байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгэхээр нь би утсаа өөрөө авч явж байгаад хаячихсан юм байлгүй гэж бодож утасныхаа дугаарыг буюу сим картаа сэргээж авч хаясан гэх Айфоне-13 утасныхаа ID дугаарыг өөр утсанд хийж миний утсыг хүн ашигласан эсэхийг шалгахад Г.Д-ын ... гэсэн дугаар ашиглаж байна гэсэн мэдээлэл харагдсан. Тэгэхээр нь би Г.Д-т чи миний утсыг авчихсан байна, чиний дугаар бүртгэлтэй байна гэж хэлтэл чиний утсаар би яадаг юм гэж хэлээд утас авсан үйлдлээ нуугаад байсан. ...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай аав Сайнхүү надад 3,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Тухайн утас Айфоне-13 про маркийн цэнхэр өнгийн утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Т.С-гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай хүү Г.Б- нь найз Г.Д-тай хамт Доргио бааранд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хэсэг суусан байсан. ...Г.Д-ын машинд суугаад гар утсаа үзтэл утас нь байхгүй болохоор нь Доргио баарны хяналтын камерыг шүүж үзтэл хамт явсан найз Г.Д- нь утсыг нь авч байгаа дүрс бичлэгт бичигдсэн байхаар нь чи гар утас авсан байна шүү дээ гэж хэлтэл Г.Д- нь чамд би буцаагаад өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэгээд хэд хоног Г.Д-ыг тоглоод айлгах гээд өгөхгүй байгаа юм болов уу гэж бодоод явсан гэсэн. Тэгээд алдсан утасныхаа Аррle ID дугаарынхаа нууц кодоор сим карт хүн хийж ашигласан эсэх талаар шалгаж үзтэл ... гэсэн найз Г.Д-ынх нь дугаар 2022 оны 12 дугаар сарын 10-ны өглөө үүрээр 04 цагийн орчим тухайн алдагдсан Айфоне утсанд ... гэсэн дугаартай сим карт ашиглагдаж байгаа мэдээлэл нь Аррlе ID кодоороо шалгахад нь өөрийнх нь утсанд ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэгийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ...хүмүүс гарч байхад надтай тооцоо хийхээр миний зүс таних Г.Б- гэх залуу тооцоогоо хийгээд гарахдаа утсаа лангуун дээр буюу текэн дээр үлдээгээд гарсан. Тэгтэл удалгүй Г.Д- гэж залуу манай найзын утас байна уу гэж асуухаар нь Г.Д-, Г.Б- нар нь найзууд гэдгийг нь би мэдэх болохоор тухайн Г.Б-ын утсыг Г.Д-т өгсөн. Тэгтэл 2-3 хоногийн дараа Г.Д- Г.Б-т утсыг нь өгсөн надаас аваад хаячихсан юм шиг байна, камер шүүх гэсэн юм гэж хэлээд хяналтын камер шүүсэн ба хяналтын камерт Г.Д- Г.Б-ын утсыг надаас аваад гарч байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ- 923/5407 дугаартай: “Iphonе 13 Рго” гар утасны нийт зах зээлийн үнэ цэнийг 3.000.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35 тал/,
Мобиком Корпораци ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 4/7 дугаартай “танай н48/140 тоот албан бичгийн дагуу ... имэй кодтой утсанд ашигласан ... дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв гэх албан бичиг /хх-ийн 6-7 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
Т.С-гээс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Д-ын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Г.Б- утсаа хаячихлаа гэхээр нь бид нар буцаад Доргио баар луу явсан. Би ганцаараа Доргио баар руу ороод зөөгчөөс утсыг аваад гарч ирээд Г.Б-т өгсөн. Тэр үед бид нар хүмүүстэй маргалдаж хэсэг болсон. Тэндээс бид нар эмнэлэг ороод байж байтал Г.Б- дахиад утсаа хаячихлаа гэхээр нь би буцаж очоод Доргио баарны гадаа хайхад Г.Б-ын утас газар хэвтэж байхаар нь утсыг аваад явсан. Би буцаж очоод Г.Б- хоёрыг аваад айлд очсон. Тэр үед Г.Б- утсаа сураглаж асуухгүй байхаар нь би маргааш өглөө нь нэг танихгүй хүнд 1.800.000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд би Г.Б-т утсыг чинь өгсөн гээд худлаа ярьчихсан юм. ...би хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ харамсч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Г.Б-ын мэдүүлэг, гэрч Т.С-, Я.Л- нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Мобиком Корпораци ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 4/7 дугаартай албан бичиг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Доргио” бааранд хохирогч Г.Б-ын “Айфоне-13 про” маркийн гар утсыг баарны зөөгчөөс авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж шунахайн сэдэлтээр бусдад зарж борлуулан завшиж, бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.
“Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдгаараа өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг гар утсыг хохирогч С.Г.Б-ын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г.Б-т 3.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ- 923/5407 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35/-ээр тогтоогдож байна.
Хохирогч С.Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/ авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч Г.Д-аас 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г.Б-т олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Д-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 50-52 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...шүүгдэгч Г.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал” гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Д-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-аас гар утасны үнэ 3.000.000 (гурван сая) төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-т олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР