Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0864

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК  /РД:********/

Хариуцагч: А дүүргийн Татварын хэлтэс

Хариуцагч: А дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “А дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , О.Б нарын ногдуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 02****0 тоот шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ******************* дугаар тэмдэглэлийн 4 дүгээр хуудасны 3-д заасан “2018 онд 1,192,322,998.4 төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн үндсэн хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 119,232,299.8 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 35,769,689.9 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 8,227,028.7 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ оногдуулах” гэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “А дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , О.Б нар нь манай компанийн 2014-2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 02****0 тоот актаар 2,416,822,849.2 төгрөгийн зөрчилд нийт 199,865,346.9 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан байдаг.

Манай компанийн зүгээс дээрх актын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №105 дугаар тогтоолоор 23,846,460 төгрөгийн нөхөн татвар, 7,153,938 төгрөгийн торгууль, 1,645,405.7 төгрөгийн алданги, нийт 32,645,803.7 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэгдэл 167,219,543.2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолыг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан болно.

... “Э” ХXК нь 2014 онд анх байгуулагдсан, 2014-2016 онуудад тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй Х тайлантай болон алдагдалтай ажилласан.

 2017 оноос борлуулалтын орлого нэмэгдэж компанийн үйл ажиллаraa тогтворжсон. Анх байгуулагдахдаа гадаадын хөрөнгө оруулалттай, 1 хувьцаа эзэмшигчтэй байгуулагдаж байсан бол одоо 2 хувьцаа эзэмшигчтэй, дотоодын хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн бүртгэлтэй байдаг.

Хоёр хувьцаа эзэмшигч нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өмнөх хувьцаа эзэмшигч болох БНХАУ-ын иргэн Сh -ээс “Бэлэглэлийн гэрээ”-гээр хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж авч байсан. Хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж өгөхдөө өмнөх хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сh-ийн зүгээс нэг болзол тавьсан ба энэхүү болзол нь компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны ергөн чөлөө гудамж 336/1 тоот хаягт байрлах 8712 м.квадрат газар, болон түүн дээр баригдсан 2592м.квадрат объектыг түүний шилжүүл гэсэн аливаа этгээдэд үнэ төлбөрrүйгээр шилжүүлэхээр аман хэлцлээр тохиролцсон болно.

 Хувьцаа эзэмшигч захирал Н.М нь тухайн компанид 2016 онд анх менежерээр ажиллаж эхэлсэн ба уг компани нь дэлхийд алдартай ****************** брэндийн албан ёсны дистрибьютерийн эрхтэй боловч 2014-2016 онуудад тогтвортой үйл ажиллагаагаа явуулахгүй, алдагдалтай ажиллаж байсан тул дэлхийд алдартай брэндийг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг олж харж, компанийг өөрөө гардан удирдаж цааш авч явах саналыг өмнөх хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сh-д тавихад БНХАУ-ын иргэн Сh xүлээн зөвшөөрч дээрх болзлыг амаар тохиролцож, бэлэглэлийн гэрээг байгуулж шилжүүлсэн.

Хувьцаа эзэмшигч захирал Н.М-ын хувьд хувьцаагаа компанийн үйл ажиллагааг цаашид удирдан явуулахад компанийн нэр дээрх объект бус дэлхийд алдартай ****************** брэндийн албан ёсны дистрибьютерийн эрх хэрэгтэй байсан тул өмнөх хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сh -ний болзлыг хүлээн зөвшөөрч 2018 оны 07 сарын 19-ны өдөр болзлынхоо хүрээнд компанийн нэр дээрх газар, объект 2-ыг "Б" XXК-д Бэлэглэлийн гэрээгээр хариу төлбөргүй шилжүүлсэн болно. Өөрөөр хэлбэл компанийн нэр дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгөө хариу төлбөргүйгээр бусдад бэлэглэж шилжүүлсэн болохоос бусдад борлуулсан, борлуулж орлого олсон, борлуулсан орлогоо татвараас нуусан зүйл огт байхгүй болно.

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар эд хөрөнгө болон тодорхой эрх, газарт татвар ногдох боломжтой ба харин бараа, ажил, үйлчилгээг борлуулсан, борлуулж орлого олсон тохиолдолд албан татвар ногдуулах зохицуулалттай болохоос борлуулахгүйгээр бусдад шилжүүлсэн, орлого олоогүй тохиолдолд татвар ногдох зарчим, хуулийн зүйл заалт огт байхгүй юм. Манай компани нь уг эзэмшиж байсан газар болон үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хуульд заасан хугацаанд нь төлж байсан ба бусдад шилжүүлэхдээ борлуулаагүй, орлого олоогүй тул татварын улсын байцаагчийн “шийтгэлийн хуудас”, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд дурдсан шиг татвар ногдуулж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

            ...Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.”, 276.2 дахь хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэсэн зохицуулалтуудыг хуульчилсан бөгөөд энэ нь аливаа этгээдүүд тодорхой төлбөргүйгээр шилжүүлж болохыг зохицуулсан. Хариу төлбөргүй буюу орлого олоогүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцох үндэслэлгүй юм.

...Манай компанийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан “Э*******” XХК болон манай компани нь харилцан хамаарал бүхий этгээдүүд огт биш юм.

Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын байсан дээрх газар, объектыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” ойлгоно гэж тодорхойлсон ба манай компанийн болон “Б” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудтай төрөл садангийн ямар ч холбоо байхгүй болно.

...Иймд А дүүргийн Татварын хэлтсийн Татварын Улсын байцаагч Б.Б , О.Б нарын оногдуулсан 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02****0 тоот шийтгэлийн хуудас болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны N№******************* дугаартай тэмдэглэлийн 2 дугаар хуудасны 3 дахь хэсэг, 4 дүгээр хуудасны 3 дахь хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Б.Б бид Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07/10 тоот албан бичиг, иргэн Ц.Б-ын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн А дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, ******* тоот регистрийн дугаартай, “Э” ХХК -ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн ******************* тоот томилолтоор тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, компанийн харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлага зэрэгт үндэслэн Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.

            Хяналт шалгалтаар 2,416,822,849.20 төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч... үүрэг хүлээнэ:”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам...нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан гаргах...” 18.1.14-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Аж ахуйн нэгж...-ын нягтлан бодох бүртгэлд... зарчмыг баримтална: .. 4.1.2.санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал бодит тоо, мэдээнд үндэслэх...” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон учир 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 02****0 тоот шийтгэлийн хуудсаар 145,950,953.90 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 43,785,286.20 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 10,129,106.80 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ нийт 199,865,346.90 төгрөгийн төлбөр оногдуулсан. Мөн өдөр зөрчлийн тооцооллын хүснэгтүүд, шийтгэлийн хуудас, гардуулсан тэмдэглэлд компанийн захирал Н.М зөвшөөрсөн гарын үсэг зурсан болно. 

 “Э” ХХК -ийн өмнөх захирал болон хувьцаа эзэмшигч Сh нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр одоогийн захирал Н.М-д хувьцаагаа шилжүүлж өгөхдөө нэгэн болзол тавьсан ба энэхүү болзол нь компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр ******* гудамж ** тоот хаягт байрлах 8712 м.кв квадрат газар болон түүн дээр баригдсан 2592 м.кв объектыг түүний шилжүүл гэсэн аливаа этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлэхээр аман хэлцлээр тохиролцсон болно.

Ийм учраас БНХАУ-ын иргэн Сh -ийн болзлыг хүлээн зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болзлынхоо хүрээнд компанийн нэр дээрх газар, объект хоёрыг “Б” XXК-д бэлэглэлийн гэрээгээр хариу төлбөргүй шилжүүлсэн болно.

Өөрөөр хэлбэл компанийн нэр дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгөө хариу төлбөргүйгээр бусдад бэлэглэж шилжүүлсэн гэж дурдсан байна.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хийсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний 3.1-д “Бэлэглэх болсон үндэслэлд “Эхнэрийнхээ компанид бэлэглэж байгаа болно” гэж заасан байдаг.

Иймд “Э” ХXK-ийн хувьцааг Н.М-д шилжүүлсэн гэх боловч тухайн компанийн үл хөдлөх хөрөнгийг БHХАУ-ын иргэн Сh -ийн зөвшөөрлөөр зах зээлийн болон бүртгэлийн үнийн дүнгээс бага үнээр хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр 61****7 тоот регистрийн дугаартай “Б” ХXK-д шилжүүлсэн нь харилцан хамааралтай гэж үзэх үндэслэлтэй.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01-р сарын 15-ны өдрийн 105 дугаар тогтоолд гомдол гаргагч магадлагааны явцад “Б” XXК-тай холбогдож үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн байгааг тодруулсан тул үзэх хүсэлт гаргасан байна.

Хэдийгээр бэлэглэлийн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж байгаа боловч үл хөдлөх эл хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэх үед суутгагчийн үүрэг бүхий “Б” ХXK хөрөнгийн үнэлгээнээс үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,784,280.00 төгрөг төлсөн, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан хуулийн этгээд өмчлөгч, үл хөдлөх хөрөнгийн татвараа төлдөг нь татварын бүртгэл мэдээллийн сангийн холбогдох бүртгэлээс харагдаж байна. Иймд шийтгэлийн хуудсаар 1,192,322,998.40 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд тооцож оногдуулсан 23,846,460.00 төгрөгийн нөхөн татвар, 7,153,938.00 төгрөгийн торгууль, 1,645,405.70 төгрөгийн алданги, нийт 32,645,803.70 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нь хуульд нийцэж байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн үзлээ гэж тогтоосон байна.

Иймд “Э” ХХК  нь үл хөдлөх эд хөрөнгөө борлуулсныг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.3.3. хөрөнгө борлуулсны орлого” 10 дугаар зүйлийн 10.1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгө борлуулсны борлуулсны орлого”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:” 17.2.5-т “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар...”, 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагч ногдуулан суутган авч, уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу “Б” ХXК суутган авч төлсөн нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэв.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзвэл 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр[1] “Э” ХХК -аас ************* гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн *-************** дугаар, ****************** тоот хаягт байрлах, 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, гурван давхар үл хөдлөх, эд хөрөнгийг[2] “Б” ХХК-д хариу төлбөргүйгээр шилжүүлэхдээ хамаарал бүхий этгээдэд шилжүүлээгүй,  актаар тогтоосон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь бодит байдал нийцээгүй болохыг тогтоосноор маргаан бүхий актын холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгон, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээхээр маргаж байна.

Нэг: Харилцан хамаарал бүхий этгээд болох тухайд:

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд[3]  “Э” ХХК -ийг БНХАУ-н иргэн Сh /цаашид Ч гэх/ 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж.[4], 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн компанийн хувьцааг Монгол Улсын иргэн Н.М, С.Д нарт шилжүүлсэн байх бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 02-ний өдрийн өөрчлөлтөөр тус компанийн эцсийн өмчлөгчөөр[5] “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Б овогт Н-ийн Э /РД:*********/ бүртгэгдсэн[6].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******ын “...Б ХХК нь сүүлд хамаарал бүхий компани болсон.Энэ бэлэглэлийн гэрээ хийж байх үед хамаарал бүхий этгээд биш байсан.[7]...Анх энэ маргаан эхлэхэд “Б” ХХК-тай хамаарал бүхий зүйл байхгүй гэж маргаж байсан бол одоо үүнийг хүлээн зөвшөөрөөд зөвхөн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнг хариуцагчаас өндөр тогтоосон гэж маргаж байна...”[8] гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бын “...БНХАУ-н иргэн Ч 2014 онд “Э” ХХК -ийг байгуулсан. 2015 онд Баянгол дүүрэгт байрлах энэ үл хөдлөх хөрөнгийг 1.559.700.000 төгрөгөөр “Ж ” ХХК-аас авсан. Хожим 2018 онд уг үл хөдлөх хөрөнгөө “Б”  ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлсэн бөгөөд  “Б”  ХХК үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20.784.280.0 төгрөгийг төлсөн байдаг. Иргэн Ц.Б гэдэг хүний гомдолд[9] энэ гурван компанийн харилцан хамаарлын талаар маш тодорхой дурдсан...” гэх тайлбар зэргээр 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулсан субъектүүдийн харилцан хамаарал бүхий этгээдүүд гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой "нэгдмэл сонирхолтой этгээд" байна.

Хоёр: Шийтгэлийн хуудсаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн тухайд:

“Э” ХХК -аас Монголын татварын албанд мэдүүлсэн Үл хөдлөх хөрөнгийн албан татварын 2016, 2017, 2018 оны тайланд өөрийн ************* гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн *-************** дугаар, ****************** тоот хаягт байрлах, 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, гурван давхар зочид буудлын зориулалтаар ашиглаж буй үл хөдлөх, эд хөрөнгийн үнэлгээг 1.559.700.800.0 төгрөг гэж мэдүүлсэн атлаа  2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-нд 600.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс багаар /хямд/ үнэлсэн байна.

“Б” ХХК-аас дээрх гэрээний дагуу авсан үл хөдлөх, эд хөрөнгөө холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоолгоход, өртгийн хандлагаар тооцсон үнэлгээг 1.192.322.998.4 төгрөг, зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээг 3.874.114.264.60 төгрөг гэж хөндлөнгийн хараат бус “******* *******” ХХК тооцоолон гаргажээ[10].

“Б” ХХК-аас дээрх үнэлгээнд үндэслэн үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20.784.280.0 төгрөгийг төлсөн байна.[11]

Дээрх үйл баримтаас үзвэл “Э” ХХК  болон Б” ХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан мэт боловч бодит байдалд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д “харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан” заасныг зөрчсөн байна.

Энэ тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлох тул хариуцагч А дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , О.Б нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 02****0 тоот шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ******************* дугаар тэмдэглэлийн 4 дүгээр хуудасны 3-д “2018 онд 1,192,322,998.4 төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн үндсэн хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 119,232,299.8 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 35,769,689.9 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 8,227,028.7 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ ногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон.

Нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтын талаар Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар тогтоолоор дүгнэсэн дүгнэлт[12] үндэслэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэвэл нэхэмжлэгчийн тодорхойлж буй эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасныг баримтлан “Э” ХХК -аас А дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , О.Б нарын ногдуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 02****0 тоот шийтгэлийн хуудас болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ******************* дугаар тэмдэглэлийн 4 дүгээр хуудасны 3-д заасан “2018 онд 1,192,322,998.4 төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн үндсэн хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 119,232,299.8 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 35,769,689.9 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 8,227,028.7 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ оногдуулах” гэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1Нотлох баримтын 30 дугаар хуудас

[2] 1Нотлох баримтын 30 дугаар хуудас

[3] 1Хавтас хэргийн 43 хуудас

[4] 1Хавтас хэргийн 43 хуудас

[5] 1Хавтас хэргийн 48-49 хуудас

[6] 1Хавтас хэргийн 45 хуудас

[7] 1Хавтас хэргийн 177 хуудас

[8] 1Хавтас хэргийн 178 хуудас

[9] Зөрчлийн материалын 37-38 хуудас

[10] 1Хавтас хэргийн 100-125, 189 хуудас

[11] 1Хавтаст хэргийн 17 хуудас

[12] 1Хавтас хэргийн 17-18 хуудас