Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 706

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06317 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 850 000 төгрөг, хүү 12 324 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 316 000 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 2 950 000 төгрөг, нийт 32 441 050 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ЗГ0101150118 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байрны 148 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 12 сарын хугацаатай 15 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус байгууллага зээлийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зэлийн гэрээний хүүг 4.5 хувь гэж тохирсон боловч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлж байгаа тохиолдолд 3.5 хувиар тооцохоор заасны дагуу эхний 3 сарын хугацааны хүүг 3.5 хувиар тооцож төлүүлсэн болно. 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүй тул сарын хүү 4.5 хувиар бодогдож байгаа.

Хариуцагчийн хүнд байдалд орсныг бид 2016 оны 02 дугаар сард мэдсэн бөгөөд ямар нэгэн байдлаар шахалт үзүүлээгүй, харилцан ярилцаад явж байсан. Иймд зээлдэгч Б.Тоос зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 14 850 000 төгрөг, зээлийн хүү 12 324 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 316 600 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 2 950 000 төгрөг, нийт 32 441 050 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч өмгөөлөгчийн зардал 2 950 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Б” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5-148 тоот 3 өрөө байрыг барьцаалан 15 000 000 төгрөгийн зээлийг сарын 4,5 хувийн хүүтэй 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авсан. Энэ асуудлаар би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргасан боловч шүүх буцаасан, давж заалдаж төрийн ажлын үргүй зардалд нэрмээс болохыг хүсээгүй ба нөгөө талын нэхэмжлэлээр шүүх дуудах үед нь тайлбараа гаргаж нэг мөсөн хандахаар шийдсэн. Дээрх нэхэмжлэлдээ 2015 оны 11 дүгээр cap 05-06-нд шилжих шөнө миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 3 давхар барилгад түймэр гарч шатсаны улмаас үлэмж хохирол амссан, цаашид зарим хэсэг нь нурах, хүний амь нас эрсдэх аюулын байдалтай байгаа тул Улсын онцгой комиссоос буулгах шийдвэр гарсан. Үүүнтэй холбоотой зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг уг гал гарсан өдрөөс зогсоож үлдэгдлийг төлөх хугацааг нэг жилээр түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан боловч давагдашгүй хүчин зүйл, гал түймрийн улмаас надад учирсан хохирол ба хүндэтгэн үзэх бодит шалтгааныг шүүгч хайхраагүй, нэхэмжлэл нь цаг хугацааны баримт болон зээл зогсоох талаар анхлан хандсан нотлох баримт болж үлдсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд зээлийн гэрээний 7.1.3-т заасан зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх найдваргүй болсон гэх заалтыг үндэслэн өөрт бий болсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон.

Иймд сайн дурын үндсэн дээр гэрээг цуцалж, зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцохгүй байх нэхэмжлэлийг гаргаж, албан ёсоор хандаж байхад шүүгч хуулийн өмнө эрх тэгш байх шударга ёсны зарчмыг үл тоон нэхэмжлэлийг буцаан, давуу эрхээ хэрэгжүүлсэн нь биднийг хохироож нэмэлт хүү, алдангийн асуудлыг үүсгэн талуудыг цаг хугацааны алдангид нэмж өртүүлсэн. Нэмэгдүүлсэн хүү нь эдийн засгийн хямралд нөлөөлж байна. Миний хувьд зээл авсан нь үнэн тул үндсэн зээлээ, хүүгийн 50 хувийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй байна. Иймд холбогдох хуулийн хүрээнд асуудалд нухацтай хандан, харилцан ашиг хүртэх үүднээс хийгдсэн энэ харилцааны эдийн засгийн эрсдэлийг нэг тал дангаар хүлээх ёсгүйг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Тоос зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 491 050 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байрны 148 тоот, 40 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204069222 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тоос улсын тэмдэгтийн хураамжид 292 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б -д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 6317 дугаар шийдвэрт гомдол гаргах хугацааг сэргээлгэж, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд уг шийдвэрээр төлөх төлбөрөөс 6 000 000 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иймд холбогдох хуулийг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Б.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг ёсоор үндсэн зээлд 14 850 000 төгрөг, зээлийн хүү 12 324 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 316 600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 950 000 төгрөг, нийт 32 441 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 2 950 000 төгрөгөөр багасгаж, нийт 29 491 050 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэснийг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарьт өдөр төлбөл 1 хувийн хөнгөлөлт эдлэх, зээл болон хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар нэмж төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байрны 148 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан ба гэрээнд дурдсан хэмжээний мөнгөн хөрөнгийг олгосон үйл баримт тогтоогджээ. /хх 3-8/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх, үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас өөрийн үйлчлүүлэгч болон олон нийтэд байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий санал болгодог гэрээг зээлдэгч Б.Т хүлээн зөвшөөрч, талууд харилцан итгэлцэж зээлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ.

 

Зээлдүүлэгч нь гэрээний ерөнхий нөхцөлөөр зээлийн үндсэн хүү сарын 4.5 хувь байх, үндсэн зээл болон түүний хүүг хавсралтад заасан хуваарьт өдөр төлбөл хүүгийн 1 хувийн хөнгөлөлт үзүүлэх, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор санал гаргасныг нөгөө тал зөвшөөрч тохиролцсон байна.

 

Талууд гэрээндээ зээлийн хүүгийн хэмжээг тодорхой заах ёстой боловч дээрх агуулгаас үзвэл төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлээс хамаарч зээлийн хүүгийн хувь хэмжээг хоёр өөр утгаар тогтоож, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн төлөлтийн хугацааг сунгах нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээгээр мөн л хүүгийн талаарх өмнөх заалт хэвээр үйлчилнэ гэж тусгажээ. /хх 9/

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зээлийн гэрээнд зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгахаар заасан.

 

Стандарт нөхцөл бүхий гэрээний утга агуулга ойлгомжгүй байвал тухайн заалтыг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний сарын хүүгийн хэмжээг 3.5 хувь гэж үзэхээр байна.

 

Харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд гэрээний 2.5-д “зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө” гэж заажээ. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж зохицуулсан байна. Үндсэн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхой бус буюу хоёр хувилбараар заасан байгаа тохиолдолд түүнээс иш татан хувь тогтоож заасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг талууд тодорхой тохиролцон заасан гэж үзэх боломжгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.

 

Хариуцагчийн хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанд нь буцаан төлөөгүй шалтгаанаа өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө шатаж, хохирол учирсантай холбоотой гэж тайлбарлаж, зээл болон хүүг төлөх хугацааг түдгэлзүүлэх хүсэлтийг зээлдүүлэгч талд гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж гэрээ байгуулсан байна. Энэ нь зээлдэгчийн тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэх боломжгүй бөгөөд хүү төлөх хугацааг 6 сараар сунгаж, нийт 18 сарын хүүг төлөх үүрэг үүсгэсэн байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Т нь үндсэн зээл 15 000 000 төгрөгт ногдох зээлийн хүүг сарын 3.5 хувиар тооцож, 18 сараар бодвол зээлийн хүүд нийт 9 450 000 төгрөг төлөх үүрэгтэй болно. Хариуцагч нь үндсэн зээлд 150 000 төгрөг, зээлийн хүү 1 382 500 төгрөг төлснийг хасч тооцох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 14 850 000 төгрөг, зээлийн хүүд 8 067 500 төгрөг, нийт 22 917 500 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 6 573 550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Б.Тын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “27 000 000” гэснийг “22 917 500” гэж, “2 491 050” гэснийг “6 573 550” гэж, 3 дахь заалтын “292 950” гэснийг “272 537” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2018/02395 дугаар захирамжаар хариуцагч Б.Тыг давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Т.ТУЯА