| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхбөлд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн ******* аймаг дахь д суралцдаг, ам бүл дөрөв, эцэг эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын 11 дүгээр () багийн тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю0321*******39.
Холбогдсон хэргийн талаар: ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч С.*******ыг 2022 оны ******* дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 05 дугаар () багийн нутагт байх такси-2 байрны гадна талаас хохирогч Г.ын Тоёота приус-30 (Toyota prius) загварын автомашины хучлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400’000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Г.аас 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдөр гаргасан ******* аймгийн ******* сумын багийн такси 2 дугаар байрны гаднаас Приус-30 маркийн автомашины ногоон цоохор өнгийн хучлага хулгайд алдсан гэх гэмт хэргийн талаарх ...гомдол, мэдээллийг 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 40 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай “...*******гийн ******* нь ******* аймгийн ******* сумын багийн такси-2 байрны гаднаас Тоёота приус-30 маркийн 25-57 ХОЕ улсын дугаартай автомашиныг хучсан Тоёота хариер маркийн автомашины ногоон цоохор өнгийн хучлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогч Г.д 400’000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэх тогтоол (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас) зэргээр хохирогч Г.аас ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдлын дагуу шүүгдэгч С.*******т холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь нотлогджээ.
1.2. Хохирогч Г.ын “...******* аймгийн ******* сумын багийн такси-2 байрны гадна байрлах автомашины зогсоол дээр Приус-30 маркийн 25-57 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн автомашиныхаа ногоон цоохор хучлагыг 2022 оны ******* дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө хулгайд алдсан. 2022 оны ******* дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 50 минутад автомашинаа асаах гэж гараад хучлагаа хулгайд алдсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний автомашины хучлага Harrier маркийн автомашины хучлага болохоор 450’000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас);
- Хэргийн газрын үзлэг хийсэн “...Приус 30 маркийн автомашины ногоон цоохор хучлага алга болсон гэх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор *******, ******* сумын багийн такси 2-р байрны хэсэгт ...Ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 5 давхар ногоон алаг байрнаас зүүн зүгт 25 метрт байрлах 2557 ХОЕ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх ба хучлагагүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас) зэргээр ******* аймгийн ******* сумын багийн нутагт байх такси-2 байрны гаднах автомашины зогсоолд байсан хохирогч Г.ын Приус-30 загварын 25-57 ХОҮ улсын дугаартай автомашиныг хучсан байсан ногоон цоохор хучлага 2022 оны ******* дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хулгайд алдагдсан үйл баримт нотлогдож байна.
1.3. Мөрдөгчийн эд зүйл хураан авсан “...Харрер маркийн автомашины ногоон цоохор хучлага, Премио маркийн автомашины улбар шар, цоохор хучлага тус тус 1 ширхэг ...хураан авах ажиллагааг 21 цаг ******* минутад дуусгаж, ...Хураалгасан: С.*******” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дугаар хуудас);
- Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн “...иргэн С.*******аас хураан авсан Харрер, Премио маркийн автомашины 2 ширхэг хучлага авсан гэх хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор ногоон цоохор, улбар шар цоохор өнгийн автомашины хучлагад үзлэг хийх ажиллагааг ******* аймгийн төвөөс 5 км зайд байрлах Гантогтохын Эрдэнэбуяны эзэмшлийн гэрт хууль ёсны эзэмшигч Г. болон иргэн С.******* нарыг оролцуулан 21 цаг 30 минутад эхлүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас);
- Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай “...******* овогтой *******аас ногоон цоохор болон улбар шар өнгийн 2 ширхэг автомашины хучлагыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсугай” гэх тогтоол (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);
- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч С.*******ын яллагдагчаар өгсөн “...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны ******* дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал 19 цагийн үед манай найз болох Сүбээдэй утсаар яриад уулзъя гэхээр нь би гэрээсээ гараад хүүхдийн паркийн хажуу талын 4 зам дээр очоод Сүбээдэй рүү залгахад намайг “нэг том пиво аваад ир” гэсэн. Би надад мөнгө алга байна гэхэд Сүбээдэй чи яахаараа дандаа мөнгөгүй гэж байдаг юм гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би очиж чадахгүй гэж хэлэхэд Сүбээдэй намайг “тэгвэл чи тэр чигтээ зайлаарай” гэхээр нь би утсаа салгаад 6 дугаар 10 жилийн тийшээ засмал замын дагуу доошоо уруудаж яваад нисэхийн хойд талын байрны зогсоолын тэнд очтол хучлагатай 3 тээврийн хэрэгсэл байсны дунд нь байсан автомашины хучлагыг хуулж аваад 6 дугаар сургуулийн хажуу талаар гол руу гүйгээд Г.Эрдэнэбуян ахын эзгүй гэрт аваачиж тавьсан. Би Г.Эрдэнэбуян ахын гэрийн түлхүүрийг нь хаана байдгийг мэддэг байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас) зэргээр Г.ын Тоёота приус-30 (Toyota prius) загварын автомашины хучлагыг шүүгдэгч С.******* авсан нь нотлогджээ.
1.4. Вендо ХХК-ийн хөрөнгө үнэлгээний ХЦ22-296 дугаартай “...Harrier маркийн автомашины хучлага-400’000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас)-гаар хохирогч Г.д 400’000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна.
1.5. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2022 оны ******* дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө ******* сумын багийн нутагт байх такси-2 байрны гаднах автомашины зогсоолд байсан хохирогч Г.ын Приус-30 загварын 25-57 ХОҮ улсын дугаартай автомашины ногоон цоохор өнгийн хучлагыг шүүгдэгч С.******* хулгайлан авч хохирогчид 400’000 төгрөгийн хохирол учруулсан нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч С.******* нь хохирогч Г.ын автомашины хучлагыг авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгон гэж тус тус заажээ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Г.д 400’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Гэмт этгээд халдлагын зүйлийг буюу хулгайлж авсан хөрөнгийг захиран зарцуулах боломжтой болсноор хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэх бөгөөд шүүгдэгч нь уг хучлагыг өөрийн хууль бус эзэмшилд авч хадгалсан байх тул уг хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
2.2. Шүүгдэгч С.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), шүүгдэгч С.*******ын “...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. Би бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч бусдад хохирол учруулсандаа харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэх ялын төрлүүдийг хуульчилсан байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.
3.2. Мөрдөгч 2023 оны ******* дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч С.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 400’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан. Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэмж хэлэх, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол болох тээврийн хэрэгслийн хучлагаа бүрэн бүтэн хүлээн авсан” гэж (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас) мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болно.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэргийн хамт 31 хуудас, зөрчлийн 2336000*******8 дугаартай хэргийн хуулбарыг ******* аймгийн Прокурорын газраас ирүүлсэн байх ба уг баримтыг нотлох баримтаар болон эд мөрийн баримтаар хавсаргах талаар мөрдөгч, прокурор ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Мөн уг зөрчлийн хэргийн хуулбарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, нотолгооны ач холбогдолгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймгийн Прокурорын газарт буцаан өгөх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 300 (гурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэргийн хамт ирүүлсэн 31 хуудас, зөрчлийн 2336000*******8 дугаартай хэргийн хуулбарыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ******* аймгийн Прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА