Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/066

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Энхтөр,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Б.Энхтүшиг, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001450037 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боль овогтой Буяннэмэхийн Энхтүшиг, / РД: ВВ90120414/,

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Энхтүшиг нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 25-нас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Чинбатыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хутгаар хатгах, зүсэх, гар хөлөөрөө цохих зэргээр эрүүл мэндэд нь халдаж Д.Чинбатын эрүүл мэндэд нь баруун 4,5,6-р хавирганы зөрүүгүй, сэлтэрхийгүй, хугарал, баруун, шагайн үений шарх, шөрмөсний тасрал, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, гуя хөмсөг, зулайн хуйх, духны шарх, зүүн нүдний алимны салстын цус хуралт, цээжний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан, уг гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр учруулсан,

Мөн Б.Энхтүшиг нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 25-нас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Цогтбаярыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалгын шарх, баруун нүдний алимын салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун хацар, хөмсөгний зулгаралт гэмтэл учруулан зодож “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Б.Энхтүшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянлиг суманд гэртээ байж байтал орой 18 цаг 30 минутын үед хашаан дотор мотоцикл дуугараад орж ирсэн удалгүй гэрт манай төрсөн дүүгийн эхнэрийн аав Д.Чинбат, хамаатан болох Т.Цогтбаяр нар ирээд хөдөө гэр лүүгээ явах гээд танайд ганц шил архи уучхаад явъя гээд, өврөөсөө 0.75 граммтай Алтан түрүү гэх архи гаргаж ирээд задлаад надад аяганд хийж өгөхөөр нь би архи уухгүй байгаа гэж хэлэхэд ахынхаа өгсөн юмыг авахгүй бол болдоггүй юм гэхээр нь архийг авч уучхаад Т.Цогтбаярын хамт мотоциклд нь суугаад бензин авахаар клонк яваад буцаад хүрээд ирэхэд Д.Чинбат ах архиа уугаад сууж байсан, тухайн архийг 3-уулаа хувааж ууж дуусгасан тэгтэл Т.Цогтбаяр дэлгүүр орчоод ирье гээд явсан. Удалгүй Т.Цогтбаяр нэг танихгүй залуугийн хамт орж ирэхдээ 0.5 литртэй “Элекс” гэх ногоон шилтэй архи авч орж ирээд архийг хувааж ууж дуусгаад, дахин 1 шил архи уусан тэгээд Д.Чинбат ах хөдөө гэр лүүгээ явлаа гаргаж өгөх юм уу гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд сумаас урагшаа гүүрээр гараад хээр очоод Д.Чинбат гуай өвөрт байсан 0.75 литртэй Аптан түрүү архийг гаргаж задлаад Д.Чинбат, Т.Цогтбаяр бид гурав хувааж уусан. Миний хувьд тухайн архинаас эхлээд ууж байснаа санаж байна, мөн Д.Чинбат ах нэлээн дээр үед буюу 1998 оны үед ахыгаа хогийн толгой дээр хүнд алуулсан талаар ярьж байсан, тэрийг санаж байна, өөр зүйлийн талаар санахгүй байна. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 06 цаг өнгөрч байхад гэртээ сэрсэн тэгтэл гутал, гар, цус болсон байхаар нь гутал, гараа угаачхаад гадагшаа гарах гэхэд мотоциклын хойд дугуйны олгой хаймрын хошуу тасраад хийгүй болсон байхаар нь олгойгоо сольж байтал Т.Цогтбаяр мотоциклтой ирээд Д.Чинбат ахын бие тааруу, босохгүй байна, ам цангаад байна гэнэ ус аваад ир гэнээ гэхээр нь усаа аваад явж бай, эмийн сан орчоод очъё гэж хэлээд эмийн сангаас өвчин намдаах эмүүд аваад урд өдөр нь байсан газраа Чинбат ах дээр очиход Д.Чинбат ахын нүүр нь хавдаж хөхөрсөн, дээл урагдсан, байдалтай газар хэвтэж байхаар нь өвчин намдаах эмнээсээ өгсөн. Д.Чинбат ах хавирга хугарсан юм шиг байна, дуугараад байна гэхээр эргэж дахин сумын төв ороод дэлгүүрээс скоч, 2 шил архи аваад эргэж очоод л Чинбат ахын цээж хэсгээр скочоор ороогоод, архинаасаа ганц нэг уулгаад өөрийн мотоциклын араар суулгаад замдаа 3 удаа зогсож байж гэрт хүргэж өгөөд хувцсыг нь тайлж үзэхэд баруун далан дээр зүсэгдсэн шархтай, цус гарсан байсан тэр өдрөө сумын төв орж хоноод маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянлиг сумын эмийн сангаас мэс заслын утас, өвчин намдаах эм авч очоод баруун далан дээрх шархийг оёсон тэгтэл Д.Чинбат ах хөлөн дээр нэг юм байх шиг байна гээд гутлаа тайлаад үзэхэд баруун хөлийн шагайны хэсэгт зүсэгдсэн шарх бохирлогдсон байхаар Баянговь сум руу явж эмийн сангаас мэс заслын утас, ариутгалын бодис, өвчин намдаах эм тариа, антибиотик зэргийг авчраад шархийг цэвэрлэж байгаад хөлийг нь оёсон мөн миний зүүн гарын ар хэсэгт хавдаад хуруу сайн хөдлөхгүй байсан тул сайн оёж чадаагүй муу оёсон болохоор дахиж оёж өгье гэж бодож байсан тухайн шөнө дээл, өмд, цамц зэргийг нь угааж өгөөд хоноод 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянговь суманд очиж эмийн сангаас мэс заслын утас авах гэсэн боловч амралтын өдөр таараад эмийн сан онгойгоогүй юм тэгж байтал Д.Чинбат ахын эхнэр болон манай дүү нар яриад юу болсон талаар асуугаад байсан тэгээд маргааш нь хэсгийн төлөөлөгч ярихаар нь Д.Чинбат ахтай утсаар ярихад хүүхдүүд бүгд мэдсэн цагдаа, эмнэлэг бараад гэж байна гэхээр нь эмнэлэгт үзүүл гэж хэлсэн юм. Д.Чинбат ахын хувьд шарх гайгүй бол цагдаа болон эмнэлэгт хэлэхгүй гэж ярьж байсан. Би Өвөрхангай аймгийн төвийн 2 дугаар сургуулийг 2008 онд 10 дугаар анги төгссөн мөн 2008-2015 оны хооронд Улаанбаатар хотын ач анагаах ухааны их сургуулийг их эмч мэргэжлээр төгссөн, миний хувьд эмчийн мэргэжлээр Улаанбаатар хотод өрхийн эмчээр 3 сар ажиллаж байсан мөн уурхайн эмчээр 6 сар ажиллаж байсан, өөр мэргэжлээр ажиллаж байгаагүй, миний эмчлэх эрхийн хугацаа 2019 онд дууссан юм. Миний санаж байгаагаар манай гэрт 0.5 литртэй архи 2ш, 0.75 литртэй архи 1ш уусан, сумаас гараад 0.75 литртэй архийг ууж байснаа санаж байна, тухайн үед Д.Чинбат ахын өвөрт 3-4 шил архи байсан, хөдөө авч явах гэж байгаа талаар ярьж байсан юм. Д.Чинбатад 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдөр ээж Одсүрэнгийн данснаас 600.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ээжийн данснаас 600.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-нд өөрийн данснаас 900.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн данснаас 500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн данснаас 200.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ны өдөр өөрийн данснаас 75.000 төгрөг мөн 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу эмчилгээнд явах үеэр 130.000 төгрөг шилжүүлсэн, тухайн мөнгийг хэд дугаарын данснаас шилжүүлснийг санахгүй одоогийн байдлаар нийт Д.Чинбатад 3.005.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Мөнгө өгсөн баримтыг гаргаж өгнө. Д.Чинбатын хувьд шөрмөс залгуулах мэс засал хийлгэнэ гээд надаас 18.000.000 төгрөг нэхээд байгаа юм. Миний хувьд гэрээсээ гарахдаа анх хутга авч гараагүй мөн тухайн үед гэртээ харьж хутга авчирснаа санахгүй байгаа юм харин гэрт байсан бор иштэй хутгаж алга болсон одоог хүртэл олдоогүй юм. Миний хувьд сумаас урагшаа архи ууж байснаа санаж байна. тэрнээс хойших зүйлийг санахгүй байгаа юм, тухайн үйл явдал болдгийн өмнөх өдөр би шөнө хөдөөгөөс ирээд хоол идээгүй унтаад өгсөн тэгээд маргааш нь босоод хоол унд идээгүй байхад Д.Чинбат ирээд архи цуг архи уусан болохоор тасарсан, болсон зүйлийн санахгүй байна, миний хувьд архи тэр болгон уугаад байдаггүй, хааяа найз нөхөдтэй уух үе байдаг, жилд ганц нэг удаа уудаг юм, тухайн үед Д.Чинбат ах архи хийгээд өгөхөөр амсаад буцаагаад өгөхөд, ахынхаа өгсөн юмыг голж байгаа юм уу гээд байсан тэгээд дахин хийж өгөхөөр нь архийг уусан тэгтэл дахин хийж өгөхөөр нь болсон гэхэд ганц шил архи 3 хүнд юу байхав дээ гэж хэлээд өгөхөөр уусан юм. 2023 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна, Д.Чинбатын охин буюу манай төрсөн дүүгийн эхнэр нь манай өвөөгийн гэрт ирсэн байсан тэгээд намайг тэнд байгааг мэдчээд аав, ээждээ хэлсэн юм шиг байна лээ тэгтэл Д.Чинбат эхнэр утсаар залгахаар нь ярихад яагаад ярихгүй байгаа юм, утсаа авахгүй байгаа юм гэж хэлэхээр нь та нартай юугаа ярьдаг юм, хүнийг хэл, амаар доромжилдог, болж өгвөл харьцмааргүй байна гэж хэлсэн тэгтэл хохино чи, бид нар аргаа бодлоо гэж хэлсэн тэрнээс ална, хядна, хүйс тэмтэрнэ гэж хэлээгүй тэгээд дараа дүүгийнхээ эхнэртэй уулзаад хавраас хойш чи миний талаарх мэдээллийг аав, ээждээ дамжууллаа битгий хэрэгт оролцоод бай гэж хэлсэн мөн над руу залгасан байхаар нь яах гэж залгасан юм гэж хэлэхэд хэн мэддэг юм гэхээр нь маргалдсан юм, тэрнээс би ална, хядна, хүйс тэмтэрнэ гэж хэлээгүй мөн Д.Чинбат болон эхнэр нартай нь уулзаагүй, Д.Чинбатын хүүхдүүд нь намайг ална, адилхан болгоод өгнө гэж хэлээд байсан юм....гэх мэдүүлэг, /1 хх-ийн 233-234/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхтүшиг мэдүүлэхдээ:  Би тухайн үед хөдөө явахад нь гаргаж өгөх гээд гүүрэнд дээр очсоноос хойших үйлд явдлаа санахгүй байгаа. Архи уудаггүй найзуудтайгаа пиво л уудаг байсан. Хохирол төлбөрийг боломжоороо хуваагаад төлнө гэв.

3. Хохирогч Д.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед хонио эргүүлээд гэртээ ирэхэд эхнэрийн дүү Т.Цогтбаяр “сумын төв орж бензин авчаад ирье. Та жаахан бензин өгчих” гэхээр нь 2 литр бензин өгөөд “сумын төв ороод удах уу” гэхэд “удахгүй” гэхээр нь би “цуг явъя” гээд араар нь суугаад сумын төвд 17 цаг өнгөрч байхад ирээд, дэлгүүрээс 2 ширхэг 0,75 граммтай, “Алтан түрүү” архи авсан. Тэгтэл Т.Цогтбаяр “хүнээс мөнгө авч бензин хийнэ” гэхээр нь би хүргэний хашаанд очиж үлдье гээд очиход хүргэний ах Б.Энхтүшиг гэрээсээ гарч ирэхээр нь “энд байж байя" гээд үлдсэн. Б.Энхтүшиг, Т.Цогтбаяр нар айлаас мөнгө авч бензин авахаар яваад 25 минутын дараа ирсэн. Ирэхэд нь би архинаас нь задлаад цайны шаазан аяганы дундуураас доогуур хийж уугаад байж байсан. Тэгээд би архинаасаа шаазан аяганы дундуураас доогуур хийгээд Б.Энхтүшигт хийж өгөхөд уусан, мөн Т.Цогтбаярт хийж өгөхөд уусан. Тэгэхээр нь “явъя” гэхэд Т.Цогтбаяр “нэгж аваад ирье” гээд яваад өгсөн. Тэр хооронд Б.Энхтүшиг бид 2 архинаас тус бүр 1 удаа уусан. Тэгтэл Т.Цогтбаяр танихгүй залуу дагуулаад орж ирээд эхний архинаас үлдсэн дөрвөн хуруу архийг хувааж уугаад дуусгаад “явъя” гэхэд Т.Цогтбаяр өврөөсөө 0,5 литртэй архи гаргаж ирээд архийг 4-үүлээ хувааж уучхаад Т.Цогтбаяр бид хоёр явж байтал Б.Энхтүшиг ганцаараа мотоцикл унасан ирээд “зогсож бай” гэхээр нь зогсоход “жаахан байж байгаад яв, гаргаж өгөх гэж ирлээ” гэхээр нь архи уух гэж байгаа юм байна гэж бодоод өвөрт байсан шилтэй архиа гаргаж өгөхөд Б.Энхтүшиг аягалаад бид 3 хувааж уусан. Архиа уучхаад босоод явах гэтэл Б.Энхтүшиг “таныг явуулахгүй” гээд барьж аваад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо дээр, доороо ороод ноцолдож байтал намайг “ална” гээд толгой нүүр лүү 4-5 удаа цохисон. Тэгтэл Т.Цогтбаяр “хөгшин хүн цохилоо” гэхэд нүүр лүү нь 2-3 удаа цохиод унагааж байгаа харагдсан. Тэгээд Б.Энхтүшиг мотоциклоо унаад яваад өгөхөөр нь Т.Цогтбаяр бид хоёр мотоциклоо асаах гэж байтал Б.Энхтүшиг мотоциклоо унасан, зүүн гартаа хутга барьсан ирээд “таныг ална, би хүн алдгийг мэдэх үү” гэхээр нь би юм дуугараагүй завилж суухад хутгаараа баруун талын шагайны урд хэсэг рүү буюу гутал руу хутгаараа дүрээд эргэж татаад дээлийн захнаас нэг гараараа татаад нүүр, цээж рүү өшиглөөд байсан. Мөн нуруу гар луу хутгаараа шаагаад байх шиг байсан. Тэгээд би ухаан алдсан. Нэг мэдэхэд хээр буюу урьд оройны байсан газраа хэвтэж байсан. Хажууд Т.Цогтбаяр байсан юм. Т.Цогтбаяраар төвөөс ус авхуулаад уусан. Тухайн үед 05 цагийн үед ухаан орсон, ухаан орсноос хойш явах гэсэн боловч бие өвдөөд явж чадахгүй байсан. Тэгээд нар тусаад мотоцикл дээр суугаад явах гэтэл цээж рүү хатгаад явж чадахгүй байсан тул Т.Цогтбаярыг “Б.Энхтүшигийг дуудаад ир” гэхэд явж дуудаж ирсэн. Ирэхдээ 3 шил архи, өвчин намдаах эм авчраад, архинаас талыг нь уугаад өвчин намдаах эм хоёрыг уухад бие гайгүй өвчин намдахаар нь Б.Энхтүшигийн мотоциклын араар суугаад гэр лүүгээ явсан. Явах замдаа 3-4 удаа зогсож архинаасаа балгаж явсаар байгаад гэртээ харьсан. Хариад хувцсаа тайлахад баруун далны хэсэг, баруун далны доод хэсэг, зүүн гарын шууны дотор талд, баруун хөлийн шилбэний урд хэсэгт хутгаар зүссэн, шаасан шархнууд байсныг Б.Энхтүшиг үзээд сумын төв рүү явж эмийн сангаас шарх цэвэрлэдэг юм, өвчин намдаах тариа, шарх оёдог утас, зүү зэргийг авчраад баруун далны хэсэгт байгаа 2 шарх, баруун хөлийн шилбэний урд хэсгийн шархыг цэвэрлээд оёж өгөөд харж хоночхоод сум руу яваад орой нь ирээд мөн эм, цэвэрлэгээний хэрэгсэл авчраад шархыг цэвэрлэж боож өгөөд явсан. Б.Энхтүшигийн хувьд намайг зодохдоо дунд зэргийн согтолттой харагдсан. Мотоцикл зүгээр унаад яваад байсан. Намайг зодож байхад нь “ахыгаа амьд үлдээгээч” гэж олон удаа гуйж хэлсэн боловч үг сонсохгүй зодоод байсан. Тухайн үед галзуу хүн шиг байсан. Намайг зодож байхад Т.Цогтбаяр салгах гэж ирсэн боловч хутгаар хатгаад ойртуулаагүй. Тэгээд айгаад ойртож чадаагүй гэсэн. Б.Энхтүшиг нь намайг зодсоноо “санахгүй байна” гээд байсан. Мөн миний хүзүүнд зүүсэн жи мобайлын утсыг эвдээд тухайн газарт хаясан байсан....гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 22-29 /,

.... Архи уугаад сууж байтал гэнэт орилоод дайраад, янз бүрийн юм яриад байсан, намайг ална, хог дээр булна гэж хэлээд, бариад явуулахгүй байсан юм. Дэлгүүрээс би Алтантүрүү нэртэй 0.75 л 2 шил архи танихгүй хүнээр авахуулсан. Б.Энхтүшигийн гэрт би өөрийн авсан 2 шил архины нэгийг мөн Т.Цогтбаярын авсан 0.5 литртэй архийг уусан.  Сумаас гараад үлдсэн 0.75 л архийг уусан өөр ямар нэг архи уугаагүй юм. Б.Энхтүшиг нь бор иштэй, бугын эвэр шиг нарийн төмөр 20 см орчим урттай хутга авч ирсэн. Эмчилгээний зардлыг төлүүлмээр байна. Их зардал гарч байна...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 31-32 /

....Шинжээч С.Каделын нэмэлт 27, “Энх-Нахиа” ХХК-ийн 294 дүгнэлтүүдтэй танилцлаа ямар нэгэн тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Шөрмөс залгуулах мэс заслын төлбөрт 18,000,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-168 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Чинбат мэдүүлэхдээ: 2022 оны 5 сарын 25-ны өдөр Баянлиг сумын 5 дугаар багт Цогтбаяртай хамт дэлгүүр орчхоод хүргэнийдээ очсон чинь эзэнгүй байхаар нь Энхтүшигийнд орсон. Энхтүшигийнд ороод архи задлаад Энхтүшигт хийгээд өгсөн чинь уучихаар нь архи уудаг юм байна гэж бодсон. Цогтбаяр Энхтүшиг хоёр бензин авах гээд явсан би нэг аяга архи уучхаад сууж байсан. Дараа нь Цогтбаяр нэгж авна гээд дэлгүүр явсан буцаж ирэхдээ нэг танихгүй залуутай ирсэн. Бид дөрөв 0.5 граммтай архийг хувааж уучхаад гол руу явсан. Явж байтал Энхтүшиг араас ирээд өмнө гараад зогссон тэгэхээр нь архи уух гээд явуулахгүй байгаа юм байна гэж ойлгоод өвөрт байсан нэг шил архийг гаргаж ирээд задалж уусан. Намайг явах гэхээр явуулмааргүй байна гээд татаж суулгаад байсан. Тэгээд дээлийн зах дээрээс барьж байгаад өшигчөөд зодоод байсан. Зодож байгаад мотоциклоо асаагаад сум руу явчихаар нь гэр лүүгээ явчихаж байгаа юм байна гэж ойлгоод Цогтбаяр бид хоёр явах гээд мотоциклоо асааж байтал Энхтүшиг нь нэг гартаа хутга барьчихсан ирсэн. Арай хутгалчихгүй байх гэж бодоод сууж байсан чинь хөл рүү дүрчихсэн. Тэгээд намайг чирээд  өшигчөөд хутгаар сийчээд байсан. Элэг рүү өшигчөөд байсан би сүүлдээ ухаан алдсан байна лээ. Би гомдолтой байна гэв.

5. Хохирогч Т.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн эгчийн нөхөр Д.Чинбат ахын хамт сумын төвөөс бензин авахаар 17 цагийн үед Баянлиг суманд ирсэн. Ирээд дэлгүүр ороод Д.Чинбат ах 2 шил архи авсан. Би хүнээс мөнгө авч бензин хийх байсан тул Д.Чинбат ахыг хүргэнийх нь хашаанд хүргэж ирэхэд Б.Энхтүшиг гэрээсээ гараад ирсэн. Тухайн хашаанд цуг айл байдаг юм. Тэгээд Б.Энхтүшигийн гэрт ороод би Б.Энхтүшигтэй хамт явж хүнээс мөнгө аваад бензин аваад ирсэн. Ирэхэд Д.Чинбат 0.75 литртэй Алтантүрүү гэх архи задлаад 1 хуруу орчим уусан дундарсан байсан. Тэгээд Д.Чинбат ах, Б.Энхтүшиг бид 2-т архинаас хийж өгөөд 3-уулаа хувааж ууж байгаад, би дэлгүүр орж нэгж авах гээд дэлгүүр дээр ирэхэд танихгүй залуу, намайг танимхайраад дэлгүүрийн гадаа үлдсэн. Тэгээд дэлгүүрээс 0.5 Элекс гэх архи аваад нөгөө залуугийн хамт Б.Энхтүшигийн гэрт ирэхэд Б.Энхтүшиг, Д.Чинбат ах 2, архиа уугаад дуусах гээд 3 хуруу орчим үлдсэн байсан. Тухайн архийг ууж дуусгаад, би дэлгүүрээс авсан архиа гаргаад 4-лээ хувааж ууж дуусгаад Д.Чинбат ах бид 2 сумаас гараад явж байснаа санаж байна. Нэг мэдэхэд хээр суусан Д.Чинбат ах, Б.Энхтүшиг бид 3 архи хувааж уугаад сууж байсан. Нэг мэдсэн Д.Чинбат ах, Б.Энхтүшиг нар барилцаад авсан байхаар нь Б.Энхтүшигийг “хөгшин хүн зодох гээд байна уу” гэхэд “юу гээд байгаа юм” гээд байсан. Тэгээд нэг мэдэхэд Б.Энхтүшиг хутга барьсан Д.Чинбат ахын нуруу руу 2 удаа шааж авахаар нь “яаж байгаа юм” гээд гүйгээд очиход миний цээж рүү өшиглөж авахад би арагшаа унаад Б.Энхтүшигийг хутгатай болохоор айгаад бутны араар ороод хэвтээд өгсөн. Тэгээд бутны араас өндийгөөд харахад Б.Энхтүшиг Д.Чинбат ахыг чирээд, хөл, гараараа цээж рүү өшиглөөд байгаа харагдсан. Тэгж байгаад нэг мэдсэн би унтаад өгсөн. Нэг сэрэхэд шөнө болсон байхаар нь босоод харахад Д.Чинбат ах хэвтэж байхаар нь очоод үзэхэд дуугарахгүй, амьсгаадаад байсан. Нэлээд байж байгаад Д.Чинбат ах сэрээд “даараад” гэхээр нь би унтаж байсан бут руугаа чирээд Д.Чинбат ахыг тэврээд унтаад өгсөн. Тэгээд өглөө нар арай тусаагүй байхад 2-уулаа сэрээд би усанд 2 удаа яваад, ус авчраад Д.Чинбат ахад өгчөөд байж байтал нар туссан. Тэгээд Д.Чинбат ах миний араар суугаад дөнгөж хөдлөөд явж байтал “цээж бөглөрөх гээд байна, дотор сонин болоод явж чадахгүй байна” гэхээр нь зогсоод мотоциклоосоо буулгасан. Тэгтэл Д.Чинбат ах “Б.Энхтүшигийг дуудаад ир” гэхээр нь сумын төв орж Б.Энхтүшигийн гэрт ирэхэд Б.Энхтүшиг мотоциклын дугуйгаа нөхөөд байж байхаар нь өчигдөр болсон явдлыг хэлээд би түрүүлээд Д.Чинбат ах дээр ирсэн. Миний араас Б.Энхтүшиг архи авсан ирсэн. Мөн дахиж яваад эмийн сангаас эм авчирч өгсөн. Тэгээд Д.Чинбат ахыг Б.Энхтүшиг сундлаад ахын гэрт ирсэн. Ирээд ахын хувцсыг тайлж үзэхэд зүүн гарын шууны хэсэг, 2 талын далны хэсэг, баруун хөлний хэсэгт хутгаар зүссэн. Мөн дүрсэн шархнууд байсан. Мөн нүүр нь хавдаж, хөхрөөд зулгарсан байсан. Удалгүй Б.Энхтүшиг сум руу явсан. Би тухайн өдөр ахтай хамт хоносон. Харин 05 дугаар сарын 27-ны өглөө би эрт гэр лүүгээ явсан. Дахин ирээгүй, тэр өдөр Д.Чинбат ах над руу утсаар яриад “Б.Энхтүшиг ирж оёдол хийж өглөө” гэж ярьж байсан. Тэгээд өчигдөр буюу 05 дугаар сарын 29-ний өдөр суманд ирээд эмчид үзүүлээд боолт хийлгэсэн. Миний хувьд нилээд их согтсон байсан Б.Энхтүшигийн гэрт архи ууж дуусгаад гэрээс гарснаа санаж байна нэг мэдсэн хээр суусан архи ууж байгаагаа мэдсэн юм тэгж байтал Д.Чинбат ах, Б.Энхтүшиг нар барилцаад авсан байсныг санаж байна, нэг мэдсэн Д.Чинбат ахын нуруу руу Б.Энхтүшиг хутгаар 2 удаа шааж байхыг хараад очоод хөгшин хүн яаж байна гэж хэлэхэд миний цээж рүү өшиглөөд унагаахаар нь би унаад, айгаад бутны ард хэвтэж байгаад унтаад өгсөн тэгээд шөнө сэрж байгаа юм, зарим зүйлийг сайн санахгүй байна. Д.Чинбат ах дунд зэргийн согтолттой байсан, ямар ч байсан надаас гайгүй байсан юм, Б.Энхтүшигийг харахад гайгүй тэгсэн мөртлөө их ууртай ширүүн байсан юм. Миний баруун нүдний дээд доод талын хэсэг хөхөрч, нүд улайсан, зүүн нүдний дээд хэсэг хөхөрсөн, баруун хөмсөгний хэсэгт зулгарч, хагарсан, баруун шанаа халцарсан, дээд, доод уруул зулгарч халцарсан, зүүн чихний урд хэсэгт зулгарч, халцарсан, баруун талын цээжний хэсэгт хөндүүр, хааяа час хийж өвдөнө, зүүн гарын бугалганы гадна хэсэгт зүсэгдсэн шархтай байна, өөр ил харагдах гэмтэлгүй байна, миний дээрх гэмтлүүдийг Б.Энхтүшиг учруулсан, миний хувьд архи уугаад зарим зүйлийг санахгүй байна, санаж байгаа нь Б.Энхтүшигт цээж рүүгээ өшиглүүлээд унаснаа санаж байна, тухайн үед Д.Чинбат ах, Б.Энхтүшиг бид 3-аас өөр хүн байгаагүй юм, Б.Энхтүшигээс өөр Д.Чинбат ах бид 2-г зодсон хүн байхгүй. Миний санаж байгаагаар нэг харахад барилцаад авсан байсан тэрнээс хойшийг санахгүй байна нэг харахад Д.Чинбат ах өвдөглөөд суусан байхад Б.Энхтүшиг нуруу руу нь хутга барьсан 2 удаа шаагаад авч байхаар нь би очоод хөгшин хүн яаж байгаа юм гэхэд миний цээж рүү жийж унагаасан юм тэгээд би айгаад бутны ард орж нуугдаад харж байхад Д.Чинбат ахын цээж рүү нэлээд олон удаа өшиглөж байгаа харагдсан юм. Энхтүшиг ямар ч байсан хутга барьсан байсан, ямар иштэй, ямаршуу хутга байсныг нь сайн хараагүй, хутга барьсан байхыг нь харахад ажлын хэсэг буюу ир нь 10см орчим, цагаан төмөр хутга харагдаж байсан юм. Надтай хамт дэлгүүрээс ирсэн залууг танихгүй, нэрийг нь мэдэхгүй, намайг танимхайраад байсан юм. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулна, нэхэмжлэх зүйл алга байна....гэх мэдүүлэг, /1 хх-ийн 36-38 /,

....Нэг мэдсэн Д.Чинбат ах, Б.Энхтүшиг нар барилцаж аваад Б.Энхтүшиг Д.Чинбатын цээж рүү гараараа цохихоор нь би очоод Б.Энхтүшигийг хөгшин хүн зодох гээд байна уу, гэхэд юу гээд байгаа юм гээд байсан, тухайн үед бол цохиогүй юм, тухайн үед яг юунаас болж Д.Чинбат ах, Б.Энхтүшиг нарыг маргалдсан мөн бид хоёрыг яагаад зодсоныг мэдэхгүй байна. Миний хувьд гомдол, санал алга байна, аймаг ирж очсоны зардал болох 60,000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40 /

6. Гэрч Ч.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 5 дугаар сарын 29-ний орой манай ээж надад “аав чинь хүнд зодуулсан байдалтай гэртээ байна” гэхээр нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгөөд би өөрөө Улаанбаатар хотоос өнөө өглөө ирсэн юм. Би аавтай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр аавтай яриад юу болсон талаар асуухад мотоциклоос унасан гэхээр нь эмнэлэгт  очиж үзүүл гэж хэлсэн тэгээд нилээд шалж дахин дахин асуухад хүнд зодуулсан талаар хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм. Одоогоор манай аав Баянлиг сумын эмнэлэгт хэвтэж байгаа. Биед учирсан гэмтэл гэвэл зүүн гарын шууны хэсэг, 2 талын далны хэсэг, баруун хөлийн шилбэний урд хэсэгт, баруун өвдөгний дээд хэсэгт хутгаар зүссэн, мөн дүрсэн шархнуудтай 2 нүдний дээд, доод зовхи хөхөрсөн, 2 нүд улайж, цус хурсан, нүүр хэсэг бүхэлдээ хавдаж, зулгарсан, толгойн зулай хэсэг 5 удаа хагарсан шархтай, хавдсан байдалтай, цээжний урд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун талын хавирга хөндүүрлээд хөдөлж чадахгүй байгаа юм. Манай аавын хувьд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ээжийн төрсөн дүү, манай эгчийн нөхрийн төрсөн ах Б.Энхтүшиг нарын хамт гол дээр байж байгаад Б.Энхтүшигтэй маргалдаад зодуулсан байна лээ...гэх мэдүүлэг, /1 хх- ийн 45-46 /,

7. Гэрч Б.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 05 дугаар сарын 29-ний орой 16 цаг өнгөрч байхад Баянлиг сумын 4 дүгээр багийн иргэн Д.Чинбат ирээд хөлөндөө боолт хийлгэнэ гэхээр нь үзэхэд нүүрний хэсэгт зулгарсан шархтай, 2 нүдний дээд зовхи хавдаж хөхөрсөн, нүд улайсан, толгойн зулай хэсэгт өнгөц зүсэгдсэн шархнуудтай, зүүн талын чих зулгарсан шархтай тав тогтсон, зүүн гарын шууны дотор талд зүсэгдэж идээлсэн, баруун, зүүн, талын даланд зүсэгдсэн шархтай, шархнуудад оёдол тавьсан, шарх аньсан, баруун хөлийн шагайны урд хэсэгт зүсэгдсэн шархтай, идээлсэн, оёдол тавьсан байсан, мөн 2 хөхний хэсэгт нарийн зүйлээр зүсэгдсэн өнгөц шархтай, баруун хавирга, их эмзэглэлтэй байсан, шархнуудыг цэвэрлээд боолт хийж өгсөн, өнөөдөр манай эмнэлэгт хэвтсэн, одоогоор биеийн байдал хүндэвтэр, бос ч чадахгүй, амьсгаа авахад эмзэглэлтэй, даралт бага зэрэг их байсан. Анх ирж үзүүлэхдээ мотоциклоос унасан гэж хэлж байсан харин дараа нь Б.Энхтүшиг гэх хүнд зодуулсан гэж ярьж байсан. Харин Т.Цогбаяр надад бол үзүүлээгүй юм...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 49-50 /,

8. Гэрч А.Тайванжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр том охиноо аймагт төрүүлэх гээд явсан. Манай нөхөр гэртээ ганцаараа үлдсэн юм. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр утсаар залгаад “мотоциклоос унасан” гэж ярьсан. Тэгээд маргааш нь дугаар нь холбогдохгүй байхаар нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү А.Догсомыг “манай гэрт очоод нөхрийг үзээдэх, юу болоод байна” гэж явуулсан. Тэгтэл удалгүй А.Догсом очиж үзээд хүүхдүүд рүү манай нөхрийн зургийг явуулсан. Тэгээд өчигдөр 17 цагийн үед аймгаас сумын төвд ирээд нөхөртэйгээ уулзахад манай нөхрийн нүүрний хэсэгт зулгарсан шархтай, 2 нүдний дээд даланд зүсэгдсэн шархтай, баруун хөлний шагайны хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн талын чих зулгарсан, зүүн гарын шууны дотор талд зүсэгдсэн, баруун, зүүн талын зовхи хавдаж хөхөрсөн, нүд улайсан, толгойн зулай хэсгээр зүсэгдсэн шархнуудтай, шархнууд нь идээлсэн. Мөн 2 хөхний хэсэгт нарийн зүйлээр зүсэгдсэн өнгөц шархтай боолт хийлгэсэн юм. Харин Т.Цогтбаяр ирсэн байсан. Мөн үзэхэд нүүр нь хавдартай, 2 нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын шууны дотор талд зүсэгдсэн шархтай байсан. Тэгээд өнөөдөр цэвэрлэгээ хийлгэж боолт хийлгэсэн юм. Манай нөхөр 2022 оны 05 дугаар сарын 26-нд утсаар ярихдаа мотоциклоос унасан талаар ярьсан, өөр үйл хэлэхгүй байсан. Тэгээд өчигдөр аймгаас ирээд юу болоод байгааг асуухад хөдөөнөөс бензин авах гэж орж ирээд Энхтүшигийнд очиж архи уугаад эндээсээ гараад гүүрээр явж байтал араас давхиж ирээд дахин архи ууж байгаад хоорондоо маргалдаад Б.Энхтүшиг зодсон, мөн хутгаар биед гэмтэл учруулсан” талаар хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...Манай нөхрийн хувьд одоогоор сумын эмнэлэгт хэвтэж байна, биеийн байдал хүндэвтэр, босож явж чадахгүй, баруун талын хавиргаар хатгаж өвдөнө, хөндүүрлэнэ, баруун талын хөл эмзэглэл ихтэй байгаа, удахгүй аймаг орж үзүүлнэ...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 53-54 /,

  9. Шинжээч С.Каделийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Б.Энхтүшигийн биед учирсан зүүн алганы яс доод суурь хэсгээр хөндлөн цууралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо хүчин зүйлийн буюу, цохих, дарах, мушгих, ямар нэг юманд цохиулах зэрэг хүчин зүйлээр үүссэн гэмтэл, харин баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэ, дух хацрын зулгаралт гэмтлүүд нь мохоо буюу үрэх хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байгаа юм. Харин хүнд цохиулсан эсвэл хүн цохисноос үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй юм...” гэх мэдүүлэг зэрэг болно. /1 хх-ийн 177-178 /

10. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн:

   ....1. Д.Чинбатын биед баруун 4,5,6-р хавирганы зөрүүгүй, сэлтэрхийгүй, хугарал, баруун, шагайн үений шарх, шөрмөсний тасрал, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, гуя хөмсөг, зулайн хуйх, духны шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / хх-ийн 70-71 /

11. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн:

1. Т.Цогтбаярын биед зүүн бугалгын шарх, баруун нүдний алимын салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун хацар, хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

3.  Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / 1 хх-ийн 75-76 /

12. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн:

...1. Б.Энхтүшигийн биед баруун зүүн алганы яс доод суурь хэсгээр хөндлөн цууралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэ, дух хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / 1 хх-ийн 79-80 /

13. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн:

1. Хохирогч Д.Чинбатын баруун хөлийн тавхай, эрхий хурууны нугалагч шөрмөс тасарсан, ил шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Өмнөх гаргасан гэмтлийн зэрэг өөрчлөлт орохгүй.

2. Хохирогч Д.Чинбатын үүдэн бүлэг 1.1, 2.1, 2.2, 2.3, 2.4 шүдний үүдэвч хэсгийн паалан эмтэрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Чинбатын нүдэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй болно...гэх нэмэлт дүгнэлт  /1 хх-ийн 144-146 /,

14. Баянхонгор аймгийн “Энх-нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 294 дугаартай шинжээчийн:

...ZX580 маркийн гар утас 135.000 төгрөг,

Сим карт 5.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар 140.000 /Нэг зуун дөчин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 150 / болон  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 4-9, 10-13 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-19 /, хохирлын баримтаад /1-р хх-ийн 188-208 /, шүүгдэгч Б.Энхтүшиг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 179 / болон нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Энхтүшиг нь  2022 оны 05 дугаар сарын 25-нас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Чинбат, Т.Цогтбаяр нартай архидан согтуурч улмаар Д.Чинбатыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хутгаар хатгах, зүсэх, гар хөлөөрөө цохих зэргээр эрүүл мэндэд нь халдаж эрүүл мэндэд нь баруун 4,5,6-р хавирганы зөрүүгүй, сэлтэрхийгүй, хугарал, баруун, шагайн үений шарх, шөрмөсний тасрал, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, гуя хөмсөг, зулайн хуйх, духны шарх, зүүн нүдний алимны салстын цус хуралт, цээжний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан, уг гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр учруулсан,

Мөн Б.Энхтүшиг нь  2022 оны 05 дугаар сарын 25-нас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Цогтбаяр, Д.Чинбат нартай архидан согтуурч Т.Цогтбаярыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалгын шарх, баруун нүдний алимын салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун хацар, хөмсөгний зулгаралт гэмтэл учруулан зодож “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  тус тус үйлдсэн үйл баримт тус тус болсон байна.

Энэ үйл баримт нь хохирогч Т.Цогтбаяр, гэрч Ч.Алтангэрэл, Б.Цэнгэлмаа,  А.Тайванжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 5 сарын 25-ны өдөр Баянлиг сумын 5 дугаар багт Цогтбаяртай хамт дэлгүүр орчхоод хүргэнийдээ очсон чинь эзэнгүй байхаар нь Энхтүшигийнд орсон. Энхтүшигийнд ороод архи задлаад Энхтүшигт хийгээд өгсөн чинь уучихаар нь архи уудаг юм байна гэж бодсон. Цогтбаяр Энхтүшиг хоёр бензин авах гээд явсан би нэг аяга архи уучхаад сууж байсан. Дараа нь Цогтбаяр нэгж авна гээд дэлгүүр явсан буцаж ирэхдээ нэг танихгүй залуутай ирсэн. Бид дөрөв 0.5 граммтай архийг хувааж уучхаад гол руу явсан. Явж байтал Энхтүшиг араас ирээд өмнө гараад зогссон тэгэхээр нь архи уух гээд явуулахгүй байгаа юм байна гэж ойлгоод өвөрт байсан нэг шил архийг гаргаж ирээд задалж уусан. Намайг явах гэхээр явуулмааргүй байна гээд татаж суулгаад байсан. Тэгээд дээлийн зах дээрээс барьж байгаад өшигчөөд зодоод байсан. Зодож байгаад мотоциклоо асаагаад сум руу явчихаар нь гэр лүүгээ явчихаж байгаа юм байна гэж ойлгоод Цогтбаяр бид хоёр явах гээд мотоциклоо асааж байтал Энхтүшиг нь нэг гартаа хутга барьчихсан ирсэн. Арай хутгалчихгүй байх гэж бодоод сууж байсан чинь хөл рүү дүрчихсэн. Тэгээд намайг чирээд  өшигчөөд хутгаар сийчээд байсан. Элэг рүү өшигчөөд байсан би сүүлдээ ухаан алдсан байна лээ. Би гомдолтой байна..” гэх мэдүүлэг  болон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Энхтүшигийг Д.Чинбатын буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу онц харгис хэрцгийгээр ,

Хохирогч Т.Цогтбаярын буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Энхтүшигт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Чинбат нь энэ гэмтлийн улмаас шүүгдэгч Б.Энхтүшигээс эмчилгээний зардал 3.215.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн бөгөөд эмчилгээний зардал болон тухайн үед гар утас эвдэрсэн үнэ 140.000 төгрөгийг нэхэмжилж шүүгдэгч Б.Энхтүшиг болон түүний өмгөөлөгч нар хохирол төлөх талаар завсарлага авч эмчилгээний үлдэгдэл үнэ, болон гар утасны үнэ зэргийг нөхөн төлсөн тул шүүгдэгч Б.Энхтүшигийг хохирогч Д.Чинбатад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч Д.Чинбат нь цаашид шөрмөс залгах мэс ажилбар хийлгэхэд  18.000.000 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлсэн бөгөөд хохирогч Д.Чинбат нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөөгүй тул түүний уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч Т.Цогтбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Энхтүшигээс нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Энхтүшигийг хохирогч Т.Цогтбаярт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Энхтүшиг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч Б.Энхтүшигт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Энхтүшиг нь хохирогч Д.Чинбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Энхтүшиг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-нийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4”д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж хөнгөн ялыг хүндэл нь багтааж хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Энхтүшигт хорих ял оногдуулахдаа хохирогч Д.Чинбатад учирсан хохирол болох баруун хөлний шөрмөс тасарсан, мөн түүний биед хутганы олон тооны шарх үүсгэсэн одоо эрүүл мэндэд нь илт сайжраагүй зэрэг хор уршгийг харгалзан хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Энхтүшигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялд нь шилжүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв..

Харин шүүгдэгч Б.Энхтүшигт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Б.Энхтүшиг нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг ирүүлээгүй учир нь хэргийн газрын үзлэгээр уг хутгыг олоогүй талаар тэмдэглэлд дурсан байгаа болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                           

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боль овогт Буяннэмэхийн Энхтүшигийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боль овогт  Буяннэмэхийн Энхтүшигийг долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхтүшигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан долоон / 07 / сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэг / 01 / сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг найман / 08 / сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Энхтүшигт оногдуулсан найман / 08 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Энхтүшиг нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Чинбатаас цаашид гарах эмчилгээний зардал 18.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхтүшигт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Энхтүшигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ