Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

 

 

        

    2023      03         27                                         2023/ШЦТ/99

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Ц.Н-гийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Хохирогч Б.У-,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-, /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч П.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л-д холбогдох эрүүгийн 2238000640664 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Л-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Л- нь 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч Б.У-ас “Wolkswagen Touareg” машиныг зарж өгнө гэж ... улсын дугаартай “Wolkswagen Touareg” маркийн 13.190.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан, хохирогч Ц.Н-гаас “Арбулаг сумаас 40 эр хонь худалдаж авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо” гэж 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... тоот дансаар 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Т-гаас “Мицубиши Пажеро” маркийн ... улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг “худалдан авна” гэж ... улсын дугаартай “Мицубиши Пажеро” маркийн 32.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан, мөн намайг Б- гэдэг юм 20 хурга заръя гэж хохирогч Д.Т-гаас 2022 оны 02 дугаар сард бэлнээр 1,300,000 төгрөгийг авч, дахин 20 хурга нэмж зарахаар боллоо гэж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Хаан банк”-ны ... тоот дансаар 1,300,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 03 дугаар сараас 12 дугаар сарын хооронд хохирогч Ц.Н-гээс “мал худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 26,150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авсан,   

2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.О-ийн эзэмшлийн “Тоёота Прадо” маркийн ... улсын дугаартай 7.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг “бусдад худалдан борлуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 90.440.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000640664 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:   

Шүүгдэгч П.Л- нь 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч Б.У-ас түүний “Wolkswagen Touareg” машиныг зарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Wolkswagen Touareg” маркийн ... улсын дугаартай 13.190.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан,  

Мөн хохирогч Ц.Н-гаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Арбулаг сумаас 40 эр хонь худалдаж авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... тоот дансаар 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хохирогч Д.Т-гаас 2022 оны 02 дугаар сард “намайг Б- гэдэг юм 20 хурга заръя” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бэлнээр 1,300,000 төгрөгийг, дахин “20 хурга нэмж зарахаар боллоо” гэж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Хаан банк”-ны ... тоот дансаар 1,300,000 төгрөгийг, нийт 2,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Т-гийн эзэмшлийн “Мицубиши Пажеро” маркийн ... улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг “худалдан авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ... улсын дугаартай 32.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Мицубиши Пажеро” тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан,

2021 оны 03 дугаар сараас 12 дугаар сарын хооронд хохирогч Ц.Н-гээс “мал худалдана, шургааг зарна, малын эм тариа авна, мөрийтэй тоглоом тоглоно, дүүгийн сургалтын төлбөр нэхэгдээд байна, эмээл зарна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 26,150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.О-ийн эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота Прадо” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “худалдан борлуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч, хохирогч нарт нийт 90.440.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л-гийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Шүүхийн  хэлэлцүүлэгт хохирогч Б.У-ын өгсөн: “...Би “Wolkswagen Touareg” маркийн тээврийн хэрэгслээ шүүгдэгч П.Л-д 2019 оны 10 дугаар сард зарсан. Тухайн хугацаанаас хойш миний машинд маш их хэмжээний эвдрэл, гэмтэл учирсан байсан. Энэ хүнээс мөнгөө цувуулж авсан.  Манай машиныг айлын хашаанд барьцаанд тавьчихаад явсан байсан. Машинаа бүтэн жил хайсан. Аав руу нь залгахаар бид мэдэхгүй амьд үгүйг нь мэдэхгүй байна гэсэн. Тэгээд машинаа 1.810.000 төгрөгөөр засуулсан. 7.400.000 төгрөг төлсөн. Салсан нөхрөөсөө 3.770.000 төгрөг авсан. Би тэр зээлийг нь төлж байгаа. Тиймээс би 7.220.000 төгрөгийг, машиныхаа хохирлын мөнгийг авмаар байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлсэн учир одоо өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өгсөн: “...Шүүгдэгч П.Л- нь 2022 оны 5 сард ББСБ-ын нэр дээр байдаг машиныг өөрийн эзэмшлийн машин гэж надад 5.000.000 төгрөгөөр зарсан. Хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.У-ын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын эхэн үед зүс таних П.Л- гэгч нь надад “Чи надад машинаа зарах уу? гэж асуухаар нь би “зарна” гэтэл “Арбулаг сумаас манай танил ах авах гэж байгаа юм. Нарийн мал, бод мал оролцуулж авна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тэр өдөр өөрийн эзэмшлийн Wolkswagen Touaregмаркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгсөн юм. Тэгээд хэд хоногийн дараа П.Л- над руу утсаар яриад миний дансны дугаарыг авч 1.000.000 төгрөг шилжүүлээд дахин хэд хоногийн дараа 2.000.000 төгрөгийг шилжүүлчихээд дахин над руу ярихгүй удаад байхаар нь би П.Л- рүү ярьтал “Би Арбулаг сумаас машиныг чинь авсан хүнээс малыг чинь авч ороод Уудамхангай махны үйлдвэрт нядлуулчихаад мөнгийг нь чам руу явуулъя” гэж ярьсан боловч мөн л дахин утсаа салгаад алга болчихоор нь би өдөр болгон залгаад байсан чинь утас нь холбогдсон. Тэгтэл “Би малыг чинь тууж оруулж ирээд Уудамхангайд өгөх гээд дарааллаа хүлээж байна” гэж хэлэхээр нь “Ямар уддаг юм бэ, би Уудамхангай дээр очиж уулзах уу?” гэтэл “Яах юм бэ? Би асуудлаа шийдчихээд мөнгийг чинь явуулна хүлээж бай” гэхээр нь хэсэг хүлээсэн. Тэгээд таг алга болчихоор нь Уудамхангай махны үйлдвэрийг ажиллаж байгаа эсэхийг судалж үзтэл 2021 оны 09 сараас хойш ажиллаагүй байсан. Ингээд би залилуулсан гэдгээ мэдсэн юм. ...би бараг бүтэн жилийн дараа машинаа авахад миний машинд эвдрэл гэмтэл их байна. П.Л- миний машины эвдрэл гэмтлийг бүрэн дүүрэн засаж өгч хохирлыг минь барагдуулахгүй юм бол би түүнээс авсан байгаа машины урьдчилгаа 7,450,000 төгрөг дээрээ үлдэгдэл 3,550,000 төгрөгөө авах болно. Мөн миний 3,670,000 төгрөгийг хүнээс худлаа яриад авчихсан байсан тул П.Л-гээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтас 26-27, 37 тал/,

Хохирогч Ц.Н-гийн өгсөн: “...”би Арбулаг сумаас 40 эр хонь худалдаж авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо. Та надад 9.000.000 төгрөг шилжүүлчихээч тэгвэл би энэ хонинуудыг худалдаж авч зарчихъя. Тэгээд хоёулаа ашгаа хувааж авъя” гэхээр нь би П.Л-гийн над руу явуулсан данс руу нь 300.000 төгрөг шилжүүлчихээд дараа нь 9.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл П.Л- дахин над руу ярихгүй таг болчихоор нь над руу утсаар ярьсан дугаар руу нь залгатал “Би нөгөө хүнээсээ 40 эр хонь худалдаад авчихсан. Тэгээд одоо өөрийнхөө худалдаж авсан малтайгаа нийлүүлээд Мөрөн рүү туугаад замдаа явж байна гэж утсаар ярихаар нь би “За тэгвэл эгч нь ажлаа амжуулчихаад чамайг дагаад малаа туух уу? гэтэл “яах юм бэ? Би туугаад аваад орчихно” гэж хэлээд таг чиг алга болсон. Тэрнээс хойш утсаа салгаад алга болчихоор нь судалж үзтэл ярьсан бүх зүйл нь худлаа болж таарсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 32-33 тал/,

Гэрч Б.М-ы: “...надтай анх танилцахдаа ... улсын дугаартай цэнхэр өнгийн машинтай явж байсан. Тухайн үед дээрх автомашинаа надад манай ахын машин байгаа юм би түр унаж байгаа гэж хэлж байсан. Тэр автомашиныг П.Л- 2021 оны 12 дугаар сарын сүүл үед унаж байгаад гэнэт машинаа унахаа больчихсон. Тэгэхээр нь би “Чи ахынхаа машиныг яасан юм бэ?” гэтэл “манай эгч хөдөө унаад явчихсан” гэж надад хэлсэн. ...П.Л- зөндөө олон хүн залилчихсан байсан юм байна лээ. Энэ яриад байгаа автомашиныг хүртэл хүнээс залилж авчихаад надад манай ахын автомашин гэж худал хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 40-41 тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 978 дугаартай: “хөх өнгийн Wolkswagen Touareg” маркийн ... улсын дугаартай автомашины эвдрэлийг 1,810,000 төгрөг”-өөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 50-53 тал/,  

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б.У-ас “... үнэлгээний хөлс” утгаар 113.000 төгрөгийг тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хавтас 49 тал/,

Шүүгдэгч П.Л-гийн “Хаан банк”-ны ... тоот депозит дансны 2021 эны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 91-122 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Д.Т-гийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /1-р хавтас 148-149 тал/,

Д.Т-гийн эзэмшлийн “Мицубиши Пажеро” маркийн ... улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 153-156 тал/,

Хохирогч Д.Т-гийн өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сард өөрийн Дагва Д.Т- гэх фейсбүүк хаягаасаа Цагаан-Уул сумын нэгдсэн зар дээр “хурга авна ...” гэсэн нийтлэл оруулж байсан юм. Тэгэхэд ... дугаараас миний гар утас руу залгаад “Намайг Б- гэдэг юм 20 хурга заръя” гэж хэлсэн, би хариуд нь над руу иргэний үнэмлэхийн зургаа дараад явуулчих, тэгээд би мөнгөө шилжүүлье гэхэд чимээгүй болсноо, хэд хоногийн дараа над руу гар утсаар залгаад “би хөдөөнөөс ороод ирлээ, тантай уулзаад иргэний үнэмлэхээ үзүүлээд мөнгөө авъя” гэхээр нь Мөрөн сумын 7-р хороо Уран мандал хотхоны хажуу талын гэр хорооллын тэнд яваад очиход Н- овогтой Б- гэх иргэний үнэмлэх барьсан залуу гарч ирсэн. Тухайн үед би гар утсан дээрээ иргэний үнэмлэхийнх нь зургийг дараад 1.300.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр Б- гэх залуу 5 дугаар сарын сүүлээр надад 20 хурга өгөхөөр тохироод явсан. Түүнээс хойш 2022 оны 03 сарын 24-ний өдөр ... дугаараас над руу залгаад “Б- байна ах аа дахиад 20 хурга танд заръя гэхээр нь би иргэний үнэмлэхийнх нь зургийг гар утсан дээрээ дараад авчихсан байсан болохоор итгээд “чи надад 5 сард 40 хургаа өгнө шүү” гэж захиж хэлчихээд 1.300.000 төгрөгийг өөрийн ... тоот данснаас Б-гийн хэлсэн ... тоот данс руу “20 хурга” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Надад ярихдаа манайх зөндөө их малтай, малаасаа жил бүр цөөлж зардаг, 5 сард 40 хургыг чинь найдвартай өгнө гэх мэтээр ярьдаг байсан. Нэг хэсэг чимээгүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр над руу дээрх дугаараас залгаад “юу байна ах аа, танд адуу малаар зарах машин байна уу” гэж асуусан. Надад 2 машин байдаг болохоор нэг машинаа зардаг ч юм бил үү гэсэн санаа бодол төрөөд “чи аймгийн төвд орж ирээд миний пажерог үзвэл үз" гэхэд за тэгье гэсэн. Тэгээд 2022 оны 05 сарын 03-ны өдөр манай гэрийн гадаа Б- гэх залуу ганцаараа ирээд миний пажеро маркийн машиныг үзээд авахаар болоод надад хэлэхдээ “би танд 10 унагалах гүүг 15 саяд бодоод, дээрээс нь 13 сая төгрөг бэлэн өгөхөөр тохиръё” гэсэн. Би ч зөвшөөрсөн. Надад урьдчилгаа 1 сая төгрөгийг бэлнээр өгчихөөд “ах аа эхнэр маань эмнэлгээс гарах гэж байгаа юм, би машинаа унаад эхнэртээ үзүүлэнгээ эмнэлгээс гаргачихаад ирье, хоёулаа маргааш хөдөө явж унагалах гүүнүүдээ авчиръя” гэхээр нь би итгээд машинаа өгөөд явуулсан. Тухайн орой над дээр ирэхгүй байхаар нь би залгаад “чи юу болж байна, эмнэлгийн ажил чинь дууссан бол машин аваад ир” гэхэд “ах аа би 12 сая төгрөгийг төрийн банкнаас шилжүүлчихлээ, маргааш өглөө хоёулаа манай хөдөө гэр лүү яваад гүүнүүдээ ачиж ирье” гэж хэлэхээр нь би итгээд за за гэсэн. Маргааш өдрөөс нь эхэлж би Б-гийн ... дугаар луу залгахад холбогдох боломжгүй байгаад байсан. Би гайгүй байлгүй дээ гэж бодсоор байгаад өдийг хүрчихлээ, тэр залуу одоо ямар ч холбоогүй, хаана байгааг нь мэдэхгүй байна. Би 2022 оны өвөл найз Д.Б-д Land-100 маркийн тээврийн хэрэгслээ өгч, харин би Д.Б-гээс энэхүү 2008 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд импортлогдсон ... улсын дугаартай цагаан өнгийн пажеро маркийн тээврийн хэрэгслийг авч, солилцоо хийсэн юм. Энэ тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын Авто прайм ХХК-ийн нэр дээр байдаг. Би найзаасаа авсан учраас асуудалгүй шилжүүлж өгнө гэж байсан болохоор нэрээ шилжүүлж чадаагүй өдийг хүрчихсэн. Миний машиныг залилаад аваад явсан хүнд гомдолтой байна. Тээврийн хэрэгслээ бүрэн бүтнээр нь болон хурга авахаар өгчихсөн байсан 2.600.000 төгрөгөө нэхэмжлэх болно. ...Би П.Л- гэх хүнд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ болон хурга авна гэж 2,600,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. П.Л- гэх хүн тухайн үедээ миний машиныг худалдаж авна гээд урьдчилгаа 1 сая төгрөг өгч байсан. Одоо миний хувьд П.Л- гэх хүнээс 1,600,000 төгрөг, мөн машины эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн буюу 1,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Бас би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн журмын хашаанаас өөрийн битүүмжлэгдсэн машинаа прокурорын тогтоолын дагуу хүлээж авахдаа тухайн журмын хашаанд 90 хоногийн мөнгө болох 510,000 төгрөгийг төлж авсан, үүнийг ч гэсэн П.Л-гээс нэхэмжилнэ. Ингээд нийтдээ 3,610,000 төгрөгийг би П.Л-гээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтас 163, 165 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр П.Л- гэх хүнтэй фэйсбүүкээр чатлаад Пажеро маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар болж 5,000,000 төгрөг өгч залилуулсан. Залилуулсан 5,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 169-170 тал/,

Гэрч Н.Б-гийн өгсөн: “...Үгүй ээ, би Д.Т- гэх хүнээс машин худалдан авахаар 1 сая төгрөг өгөөд түүний машиныг авч явсан асуудал байхгүй. Миний бие 2022 оны 03 дугаар сард Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад тэндээ барилгын ажил хийж байгаад өнөөдөр буюу 2022 оны 05 сарын 12-ны өдөр 10 цагийн үед Улаанбаатар хотоос ирлээ. Надад энэ талаар мэдэх зүйл огт байхгүй байна. Би Улаанбаатар хот руу явахдаа Мөрөн сумын 7-р хороонд Д- ахынд куртикийнхээ халаасанд иргэний үнэмлэх болон виза картаа мартаад явсан байсан. Би Д- ахын эхнэр Тоогоо эгчтэй гар утсаар хэд хоногийн өмнө ярихад манай төрлийн дүү П.Л- миний тэр куртикийг өмсөж яваад байна гэж хэлж байсан. П.Л- нь хүн залилсан хэргээр аймгийн цагдаа дээр шалгагдаад яваад байгаа сурагтай байсан. Би П.Л-тэй хамгийн сүүлд Мөрөн суманд Д- ахын гэрт 2021 оны 12 сард таарсан. Тэрнээс хойш огт холбоо бариагүй. Үгүй ээ. Би ийм дугаар ашигладаггүй. Харин ... дугаарын гар утаснаас миний ... дугаарын гар утас руу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2-3 удаа залгаж надтай ярьсан. Би хэн гэдэг хүн надтай яриад байгааг нь мэдээгүй, нэрийг нь асуухаар надад нэрээ хэлэхгүй “та намайг танина шүү дээ” гэж хэлээд байсан. Надаас “дансныхаа дугаарыг явуулчихаач ах, мөнгө хийе” гээд байсан. Тэгэхээр нь би ахынхаа эхнэр А-ийн дансыг мессежээр явуулсан. Түүний дансанд огт мөнгө орж ирээгүй. Харин түүнээс хойш ... дугаарын гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 172 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн фейсбүүк дээр машин авна гэсэн зар тавьсан. ... гэсэн дугаараас над руу залгаад Пажеро маркийн машин байна гээд над руу зургийг нь явуулсан. Тэгээд би Дарь-Эхийн дунд буудлын автобусны буудал дээр очиж машиныг нь үзсэн. Тэр залуу надад машинаа 15 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд хоорондоо ярьж байгаад 9,5 сая төгрөгт авахаар болоод тэр хүн машинаа унаад явсан. Яваад удаагүй 30-40 минутын дараа над руу залгаад урьдчилгаа 5 сая төгрөгийг нь шилжүүлээд машинаа өөртөө авч бай. Би өнөөдөр Приус-41 авах гээд урьдчилгаа мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Бид хоёр Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талд уулзаад 16-ын автобусны буудал руу яваад ТҮЦ машинаас тэр залуу надад иргэний үнэмлэхийн лавлагаагаа авч өгөөд ард талд гараараа “2022 оны 05 сарын 09-ны өдөр миний нэр дээр пажеро машиныг шилжүүлж өгнө.” гэсэн утгатай бичиг бичиж өгсөн. Би машин дотор байхдаа 5 сая төгрөгийг өөрийн ... данснаас тэр залуугийн хэлсэн ... гэсэн данс руу шилжүүлсэн. Дансны эзэмшигч нь О- гэж гарч ирсэн. О- нь миний энхэр байгаа юм гэж хэлсэн. О-ын утсыг ... гэсэн дугаар бичсэн байсан. Би сүүлд энэ дугаар руу залгахад О- гэдэг эмэгтэй утсаа аваад “би П.Л-гийн эхнэр биш. Зүгээр танилууд. Над руу 5 сая төгрөгийг П.Л- нь Б- гэдэг хүний данс руу шилжүүлээд авсан“ гэж хэлсэн. Би тэр Б- гэдэг хүний дансны дугаарыг асуугаагүй. Тухайн үед П.Л- гэх залуу надад энэ машины эзэн нь Б- гэдэг хүн байгаа ... гэсэн дугаартай 1 дэх өдөр ирээд машины нэр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Бас ... гэсэн дугаар өгсөн. Энэ нь нэр дээр нь байгаа банк бусын дугаар өгсөн. Би залгаж үзэхэд банк бусын дугаар биш байсан. Тэгээд л тэндээсээ 1 дэх өдөр уулзахаар болоод би машиныг нь аваад явсан. Дараа долоо хоногийн 1 дэх өдөр нь би П.Л-гийн ... дугаарын утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би фейсбүүкээс нэрээр хайж үзээд хаяг олдоогүй болохоор нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фейсбүүк групп дээр уг П.Л- гэх хүнийг таньдаг хүн байна уу гэсэн пост оруулсан чинь ээжийнх дугаар гээд ... гэсэн дугаарыг нэг эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас коммент бичсэн байсан. Би энэ дугаарыг нь авчихаад постоо устгачихсан болохоор нь тэр эмэгтэйн хаягийг мэдэхгүй байна. Энэ дугаар руу нь залгахад ээж нь мөн байсан. П.Л-гийн талаар асуухад гэртээ ирэхгүй байгаа. Хөвсгөлийн цагдаагаас П.Л-г хайж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би Хөвсгөлийн цагдаатай нь холбоо бариад залилуулсан гэдгээ мэдсэн. Эхлээд уулзахад хажууд нь жолооч нь гээд нэг залуу байсан. Тэгээд 16-ын автобусны буудал дээр уулзахад ганцаараа ирсэн. Тэр хамт явж байсан залуу нь 35-40 орчим насны, махлагдуу бор залуу, хар өнгийн куртиктэй байсан. Би царай руу нь сайн хараагүй. Тэр залуу ерөөсөө машинаас буугаагүй. Анх авахад урд гупер хагарсан байсан. Урд талын баруун талын их гэрэл хагарсан, урд нүүр хагарсан байдалтай байсан. Гадна болон дотор талдаа нэлээд бохир байсан. Бусдаар гайгүй байсан. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна. Машин авснаас хойш би ерөөсөө унаагүй. Байрны гадаа л байсан. Машины эд анги сольсон юм байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтас 174-175 тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 901 дугаартай: “Mistubishi Раjего” маркийн сувдан цагаан өнгийн ... улсын дугаартай автомашины эвдрэл хохирлыг 1,500,000 төгрөг”-өөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 176-179 тал/,

Дагвын Д.Т-гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 196 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н “Хаан банк”-ны ... тоот дансны 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 198 тал/,

Шүүгдэгч П.Л-гийн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний нэхэмжлэгч Б.Б-д бичгээр өгсөн тайлбар /1-р хавтас 199 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Ц.Н-гийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /1-р хавтас 217-219 тал/,

Хохирогч Ц.Н-гийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед фейсбүүкээр Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээнд хурга худалдаж авна гэсэн зар мэдээ оруулсан байсан. Тэгтэл 2021 оны 03 дугаар сарын 10-нд зарын дагуу ярьж байна гээд Цагаан-Уул сумын Тосон багийн иргэн П.Л- ..., ...ярьсан 10 үхрийн шар, 280 ширхэг хонио 2021 оны 12 сарын 29-нд ачиж оруулж ирж өгнө гэж хэлээд авсан байсан. Тэгээд тэрнээс хойш ямар нэгэн байдлаар утас нь холбогдохоо байсан ямар ч сураггүй алга болсон. Тэгээд Цагаан-Уул сум руу яриад амьдардаг багийн Засаг даргатай ярихад аавынх нь утсыг өгсөн. Би аавтай нь ярихад надад тийм зүйл хэлээгүй би мэдэх юм байхгүй, гаргасан мал мах ч байхгүй наад нөхөр чинь худлаа ярьсан байна гэж хэлээд залилуулснаа мэдсэн. ...би П.Л-д нийтдээ 26.150.000 төгрөг өгснөөс П.Л- 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ... дугаартай данснаасаа буцааж 500,000 төгрөг, 12 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг буцааж шилжүүлсэн. Одоо би П.Л-гээс 25.550.000 төгрөг авна. ... Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ дансны хуулга шүүж нягталж үзэхэд 25,550,000 төгрөгийг П.Л-гээс нэхэмжлэхээр байсан юм. Уг мөнгөн дүнд би Д.Б-с авч өгсөн нийт 9 сая төгрөгийг оруулсан байсан юм. Үүний 6,500,000 төгрөгийг нь би өөрөө Д.Бальдармаад өгчихсөн. Харин үлдэгдэл 2,500,000 төгрөг дээрээ Д.Бальдармаа өөрөө нэхэмжлэлээ гаргана гэсэн тул миний бие одоо П.Л- гэх хүнээс 23.050.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтас 231-233, 235-238, 240 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн өгсөн: "...миний хувьд буруутай этгээдээс 2,500,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хавтас 243 тал/,

Гэрч Ч.Э-ын өгсөн: “...тэгээд 9-10 сарын хооронд Л- гэх залуу дахин залгаад унагатай гүү болон адуу зарна гэхээр нь манай эхнэр Н- итгээд мөнгө төгрөг хийсэн байсан. Намар Л- гэх хүнтэй утсаар яриад малаа авъя гэтэл мал чинь байгаа өгнө гэж хэлсэн байсан. Дараа нь Увс аймгаас манай таньдаг ах дээр үеийн эмээл зарах гэж байна гэж хэлээд манай эхнэр Н-гийн утас руу зураг хөрөг явуулсан. Манай эхнэр Н- эмээлийнхээ тал мөнгийг нь хийсэн байсан. Тэрнээс хойш Л- гэх хүн утсаа авахгүй утас нь холбогдохгүй болохоор Л- гэх хүнийг нутгийн хүмүүсээс асуухад жаахан бүтэл муутай хүн гэж ярьж байсан. Тухайн үед Л- гэх хүн рүү нийтдээ 29.750.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 250 тал, 2-р хавтас 1 тал/,

Д.Б-гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 17 тал/,

Ц.Н-гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 21-28, 30-33 тал/,

Ц.Н-гийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 35-43 тал/,

Шүүгдэгч П.Л-гийн “Хаан банк”-ны ... тоот депозит дансны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 52-89 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, О.О-ийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл, /2-р хавтас 112-113 тал/,

Хохирогч О.О-ийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр ...Би үл таних залуутай үхрийнхээ талаар болон үнэ ханшийг нь ярилцаад байж байтал миний машиныг тухайн үед худалдаж авахаар сонирхож байсан Б- эгчийн нөхөр над руу залгаж орж ирээд “машин чинь байгаа юу, хүнд үзүүлэх гэсэн юм” гэх мэт миний машины талаар хэсэг ярилцсан. Яг тэр үед миний хажууд надад үхэр зарах гэж байсан П.Л- гэх залуу сонсоод байж байсан юм. Тэгснээ тэр П.Л- гэх залуу “та машин зарах гэж байгаа юм уу, ямар машин зарах гэж байгаа юм бэ” гэж надаас асуусан. Би хариуд нь "Ргаdо-95” маркийн машин гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “би таны машиныг чинь гараад үзье, надад бас нэг хүн хөдөө унах машин хэрэгтэй байна гээд захиад байгаа юм” гэж хэлсэн. ...Удалгүй 30 минутын дараа П.Л- гэх залуу над руу гар утсаар залгаад “нөгөө хүн таны машиныг худалдаж авъя гэж байна, та яг хэдэд өгөх юм бэ” гэж хэлсэн. Би хариуд нь “8.000.000 төгрөгөөр ав” гэж хэлсэн. Тэгтэл тэр надад “мөнгөөр авах боломжгүй, малаар өгөөч, машин чинь таалагдлаа гэж байна” гэж хэлсэн. Би ч малаар авахыг нь зөвшөөрсөн юм. Тэгсэн чинь тэр залуу “за би тэгвэл машиныг чинь Цагаан-Уул суманд байгаа хүнд аваачиж өгөөд буцаж ирэхдээ таны малыг чинь ачаад ороод ирье, эндээс ачааны машин хөлслөөд явна” гэж хэлсэн. Тэгээд яг тухайн өдрийн үдээс хойш П.Л- гэх тэр залуу миний машиныг надаас аваад явсан юм. Аваад явснаасаа хойш П.Л- гэх залуу над руу 2 хоногийн дараа залгаад “эгч ээ машиныг чинь авах хүнд нь өгөөд таны авах 78 ширхэг хонийг авчихлаа, Мөрөн сум руу гарах гэсэн чинь шүлхий гарсан гээд гарал үүслийн бичиг өгөхгүй байна, явах ямар ч боломжгүй болчихоод байна, би аавынхаа хашаанд малыг чинь байлгаж байя” гэж ярьсан. Түүнээс хойш би 2-3 хоногийн дараа залгаад “юу болж байна” гэж асуухад “хорио цээртэй байгаад байна, би өөрөө ч явж чадахгүй байна” гэж хэлсэн. Би ч тэр хүнд итгээд “за ирэхдээ цагаан идээ аваад ирээрэй” гэж хэлээд би өөрийн ... тоот данснаас ... П.Л- гэх данс руу 140.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш ерөөсөө холбоо бариагүй. Би ч тэр П.Л- гэх залууд итгээд шүлхийний хорио тавигдтал утас руу нь залгаагүй. Тэгээд би юу болж байгаа талаар П.Л- гэх залуугаас асуухаар түүний ... дугаарын гар утас руу 2021 оны 12 сарын 25-аас өнөөдрийг хүртэл залгахад огт холбогдох боломжгүй, холбоо сүлбээ тасарсан тул аргаа бараад хуулийн байгууллагад хандаж байна. Цагаан-Уул сумын нэгдсэн зар дээр П.Л- гэх залууд залилуулсан хүн пост оруулсан байсан. Тэгээд би энэ П.Л- гэх залууг намайг залилсан юм байна гэдгийг ойлгосон. ...Намайг залилсан П.Л-д гомдолтой байна. Би машиныхаа мөнгийг буюу 8.000.000 төгрөг болон дансаар шилжүүлсэн 140.000 төгрөг, ингээд нийт 8.140.000 төгрөгийг П.Л-гээс нэхэмжилнэ. ...Би 2 хүний гар дамжчихсан машиныг буцааж авахгүй. Мөнгөн дүнгээр нь л авна” гэх мэдүүлэг /2-р хавтас 129-130, 132 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өгсөн: “... дээрх машиныг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн сумын 4-р хороонд байх айлын хашаанаас аваад маргааш нь Улаан-Уул сум руугаа явахад замдаа диск нь эвдэрч, буцаж Мөрөн сум руу орж ирээд засварын газарт дискийг нь засуулахад 250,000 төгрөг болсон. Мөн машины үрүүл нь их хүнд байсан, тэгэхээр нь би мөн тос хийхэд үрүүл зөөлөрсөн, би Улаан-Уул сум ортлоо 3 литр тос хийж орсон, тосоо алдаад л яваад байсан. Тосны мөнгө нь 36,000 төгрөг болсон. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос рулийн аппарат 1,200,000 төгрөгөөр худалдан авсан, мөн өндгөн тулгуур нь болохгүй байсан болохоор нь 2 ширхэг өндгөн тулгуур авч тавьсан. Уг мөнгөн дүн нь 200,000 төгрөг болсон. Удалгүй стачер нь эвдэрч мөн хотоос 250,000 төгрөгөөр астачер авч тавьсан. Нийтдээ энэхүү машиныг анх авснаас хойш 1,936,000 төгрөгийн засвар хийсэн байна. Уг мөнгөн дүн дээр анх машин худалдаж авсан 5,500,000 төгрөгөө нэмэхээр 7,436,000 төгрөг болж байна. Би П.Л- гэгчээс 7,436,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хавтас 135 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “...Би 2021 оны 12 сарын 12-ны өдөр Улаан-Уул сумаасаа Мөрөнгийн төв рүү машин олж авахаар явсан юм. Би Хөвсгөлийн нэгдсэн зар дээр машин авна гэж зар оруулахад П.Л- гэдэг хүн Прадо-95 машин хямд зарна гэж ... гэсэн дугаараас холбогдож ярихаар нь Мөрөн сумын 4-р хороонд очиж үзээд наймаа хийхээр болж тохироод маргааш нь буюу 2021 оны 12 сарын 13-ны өдөр П.Л-гийн ... дугаартай дансанд 5,000,000 төгрөгийг хийгээд үлдэгдэл 500,000 төгрөг бэлнээр өгөөр тэр Прадо-95 машиныг худалдаж авсан юм. Би тухай үед бичиг баримт шилжүүлж авах гэж П.Л-тэй хөөцөлдсөн боловч оны сүүл боллоо гээд машины бичиг баримтыг шилжүүлж авч чадаагүй юм. Тэрнээс хойш П.Л-гийн ... дугаар руу машины бичиг баримт шилжүүлж авах гэж залгасан боловч утас нь холбогдохгүй болсон. ...Прадо-95 маркийн мөнгөлөг саарал өнгийн ... улсын дугаартай машин худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг /2-р хавтас 138-139 тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “үнэлгээ тогтоохоос татгалзах тухай” албан бичиг /2-р хавтас 145 тал/,

О.О-ийн өмчлөлийн Toyota Land Cruiser Prado-J90 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хавтас 149, 188 тал/,

Шүүгдэгч П.Л-гийн “Хаан банк”-ны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 172 тал/,

“Юнител ХХК”-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1380 дугаартай албан бичгээр ирүүлсэн ... дугаарын утасны орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа /2-р хавтас 175-180 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-аас гаргаж өгсөн шүүгдэгч П.Л-гийн Хаан банкны ... дугаарын данс руу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хавтас 190 тал/,

Цагаанчулуугийн О-ын Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 245 тал/,

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай: “Эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох тухай” прокурорын тогтоол,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1001331 дугаартай: “...Б.У-ын эзэмшлийн ... улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн “Touareg” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023.03.01-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 13.190.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх автомашины техникийн үнэлгээний тайлан,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1001330 дугаартай: “...Авто Прайм ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн “Pajero” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023.03.01-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 32.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх автомашины техникийн үнэлгээний тайлан,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн: “Япон улсад 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2003 оны 09-р сард Монгол улсад орж ирсэн Toyota Landcruiser Prado-J90 маркийн автомашин нь 2023 оны 03 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 7.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

Шүүгдэгч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Уянга гэж хүнээс Волксваген маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилж аваад явсан нь үнэн. Мөн түүний ээж Ц.Н-гаас мал цуглуулаад оруулж ирж өгье гэж худал хэлээд 9.300.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан нь үнэн. ...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Д.Т- гэх хүнтэй Мөрөн сумын 7 дугаар багт уулзаж Пажеро маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь худалдаж авна гэж худал хэлээд, мөн түүнд хурга зарна гэж худал хэлээд 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.600.000 төгрөгийг дансаар авсан. ...тэгээд би уг тээврийн хэрэгслийг ...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б- гэх хүнд өөрийнхөө тээврийн хэрэгсэл гэж итгүүлэн 5 сая төгрөгөөр зарчихсан юм. ...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу Н- гэх хүнтэй холбогдож би түүнд төлөг өгье гэж хэлээд эхлээд 250.000 төгрөг авч түүгээрээ покер тоглоод алдчихсан. Энэ мэтээр би Н- гэх хүнтэй холбогдож түүнд “төлөг, адуу, эмээл” зэргийг зарна ...гэж тохиролцоод ойролцоогоор 22 сая төгрөгийг дансаар авсан байсан. ...Би 2021 оны 12 дугаар сард фейсбүүкт тавьсан “машин зарна” гэсэн зарын дагуу Мөрөн сумын 17 дугаар байранд очиж О- гэх хүнтэй уулзахад Тоёота Прадо-95 маркын машинаа 6 сая төгрөгөөр зарна гэж байсан. Тэгэхээр нь би түүнд “манай нэг ах машин авах гээд байгаа юм, би түүнд зараад өгье” гэж хэлэхэд О- гэх хүн “чи 6 саяас дээш зарж чадах юм бол ашгаа ав” гэж байсан. ...Тэгээд Б- гэх хүн “хөдөө унах машин авна” гэсэн зар тавьсан байхаар нь холбогдож уг машиныг үзүүлээд ...надад 5.500.000 төгрөгийг дансаар өгсөн. Би уг мөнгийг О-т өгөлгүйгээр покер тоглоод алдчихсан юм. Мөн би О- гэх хүнд цагаан идээ зарна гэж хэлээд 140.000 төгрөгийг авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 66-68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

         Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.У-, Ц.Н-, Д.Т-, Ц.Н-, О.О-, иргэний нэхэмжлэгч Б.Б-, Д.Б-, Б.Б-, гэрч Б.М-, Н.Б-, Б.Б-, Ч.Э-, Б.Б- нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан, Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.Л- нь 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч Б.У-ас түүний “Wolkswagen Touareg” машиныг зарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Wolkswagen Touareg” маркийн ... улсын дугаартай 13.190.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан,  

Мөн хохирогч Ц.Н-гаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Арбулаг сумаас 40 эр хонь худалдаж авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... тоот дансаар 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хохирогч Д.Т-гаас 2022 оны 02 дугаар сард “намайг Б- гэдэг юм 20 хурга заръя” гэж бэлнээр 1,300,000 төгрөгийг, дахин “20 хурга нэмж зарахаар боллоо” гэж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Хаан банк”-ны ... тоот дансаар 1,300,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар нийт 2,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Т-гийн эзэмшлийн “Мицубиши Пажеро” маркийн ... улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг “худалдан авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ... улсын дугаартай 32.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Мицубиши Пажеро” тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан,

2021 оны 03 дугаар сараас 12 дугаар сарын хооронд хохирогч Ц.Н-гээс “мал худалдана, шургааг зарна, малын эм тариа авна, мөрийтэй тоглоом тоглоно, дүүгийн сургалтын төлбөр нэхэгдээд байна, эмээл зарна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 26,150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.О-ийн эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота Прадо” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “бусдад худалдан борлуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч, хохирогч нарт нийт 90.440.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь нотлогдож байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч П.Л-гийн үйлдэл идэвхтэй, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө, эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч П.Л-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг  гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор цахим орчин, урьдах танилынхаа харилцааг ашиглан өмчлөгчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч П.Л- нь үргэлжилсэн үйлдлээр мал зарна, автомашин худалдаж авна, зарна гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулан, зарим хохирогч нартай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн нэр бүхий 5 хохирогч, 3 иргэний нэхэмжлэгчийн өмчлөх эрхэнд нь халдаж залилан нийт 90.440.000 төгрөг болон эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий  болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн  эд хөрөнгийг шилжүүлсэн үйлдэл нь нэг удаагийн үйлдлээр төгсөөгүй, цаг хугацааны хувьд давтамжтай үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Л- нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч нарыг төөрөгдүүлж эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Л-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 90.440.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.У- нь Wolkswagen Touaregмаркийн 13.190.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээн авсан, уг тээврийн хэрэгсэлд 1.810.000 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Л-гээс 1.810.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У-д олгох, хохирогч Б.У-ын нэхэмжилсэн бусдаас авах ёстой байсан 3.670.000 төгрөгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Л-гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

Хохирогч Ц.Н-д 9.300.000 төгрөгийн хохирол учирснаас 5.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх тул шүүгдэгч П.Л-гээс 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-д олгох,

Хохирогч Д.Т- нь өөрийн эзэмшлийн Мицубиши Пажеро маркийн 32.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээн авсан, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1.500.000 төгрөг, бэлнээр болон дансаар шилжүүлсэн 2.600.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч П.Л-гээс хохирогч Д.Т-д урьдчилгаанд өгсөн 1.000.000 төгрөгийг хасч тооцон, шүүгдэгч П.Л-гээс 3.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т-д олгох, хохирогч Д.Т-гийн нэхэмжилсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн журмын хашааны 90 хоногийн мөнгө болох 510.000 төгрөгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Л-гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

Шүүгдэгч П.Л-гээс 5.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгох,

Хохирогч Ц.Н-д нийт 23.650.000 төгрөгийн хохирол учруулснаас 600.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч П.Л-гээс 23.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-д олгох,

Шүүгдэгч П.Л-гээс 2.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-д олгох,

Хохирогч О.О- нь өөрийн эзэмшлийн Тоёота Прадо маркийн 7.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг буцааж авахгүй гэсэн, мөн дансаар шилжүүлсэн 140.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч П.Л-гээс 7.140.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.О-т олгох,

Иргэний нэхэмжлэгч Б.Б- нь Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг 5.500.000 төгрөгөөр худалдаж авсан, засвар, үйлчилгээ хийсэн 1.936.000 төгрөг, нийт 7.436.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч П.Л-гээс 5.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-т олгож, харин автомашинд засвар үйлчилгээ хийсэн 1.936.000 төгрөгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Л-гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Л-гийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу  шүүгдэгч П.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Л-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 1-р хавтас 70-76, 79-80, 2-р хавтас 44-45, 208, 249 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Л- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй, хохирогч нарын хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. ...Миний үйлчлүүлэгчид улсын яллагчийн зүгээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт торгох болон хорих ялын аль нэгийг сонгож хэрэглэх талаар заасан байдаг тул миний үйлчлүүлэгчийн хохирогч нарын хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулах боломж, цаашид нийгэмд төлөвших боломжоор хангаж өгөхийг хүсч байна. Мөн миний үйлчлүүлэгч нь аав, ээжээсээ тусдаа өрх тусгаарлаагүй тул аав, ээжийн өмчид байдаг хөрөнгө нь шүүгдэгчийн өмчлөлийн хөрөнгө, тухайн хөрөнгөнөөс захиран зарцуулах эрхтэй гэдгээ тайлбарлаж хэлсэн байдаг тул миний үйлчлүүлэгчид торгох ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Н-гийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Н.Н-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь гэмт  хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй, хохирол нөхөн төлбөрөө нөхөн төлбөрийг төлж барагдуулна гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлж байх тул гэм буруугийн болон  эрүүгийн хариуцлагын тал дээр улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч П.Л-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, өөрийн нэр дээр мал, эд хөрөнгө тоолуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч П.Л-гийн цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-гээс 160.000 төгрөгийг гаргуулж “Ашид Билгүүн” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ... улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд битүүмжилсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.Л-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, эсхүл ...эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Л-г 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-гийн цагдан хоригдсон 152 (нэг зуун тавин хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-гээс 1.810.000 (нэг сая найман зуун арван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.У-д, 3.800.000 (гурван сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-д, 3.100.000 (гурван сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т-д, 23.050.000 (хорин гурван сая тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-д, 7.140.000 (долоон сая нэг зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч О.О-т, 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-т, 5.000.000 (таван сая) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д, 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-д олгож, хохирогч Б.У- нь бусдаас авах ёстой байсан 3.670.000 (гурван сая зургаан зуун далан мянга) төгрөгийн, хохирогч Д.Т- нь журмын хашааны мөнгө 510.000 (таван зуун арван мянга) төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Б- нь автомашинд засвар үйлчилгээ хийсэн 1.936.000 (нэг сая есөн зуун гучин зургаан мянга) төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Л-гээс нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-гээс 160.000 (нэг зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж “Ашид Билгүүн” ХХК-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Тоёота Прадо” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд битүүмжилсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.Л-д олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР