Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/418

 

                                                                                                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

          улсын яллагч Д.Ганчимэг,

    шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2308 00532 ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ****** оны **** дугаар сарын ********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ****** дүүргийн ****** дугаар хороо, ****** дугаар гудамжны ****** тоот хаягт бүртгэлтэй боловч одоо ******** дүүргийн ****** дүгээр хороо ***** байрны ******* тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022  оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, *********,*********,**********,********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр ******* дугаар гудамжны ****** тоотод иргэн ******** гэрт ороод гарахдаа иргэн ****** өмчлөлийн айфоне-12 промакс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тухайн өдөр ******** ороход ******* гэх хүн унтаж байсан. ******** халамцуу  зурагт үзэж байсан. Түүнтэй юм ярьж байгаад гарахдаа утсыг нь аваад гарсан. Хохирогчид гар утсыг биетээр нь хүлээлгэж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гар утсыг би хулгайлсан. Үүнд **********н оролцоо байхгүй...” гэв.

        Улсын яллагчаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), хохирогч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-19 дэх тал), иргэний нэхэмжлэгч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), яллагдагч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ************ гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

       Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ***** нь 2023 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө ****** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр ****** дугаар гудамжны ***** тоотод оршин суух танил ******* гэрт ороод гарахдаа тухайн айлд унтаж байсан иргэн ******** өмчлөлийн айфоне-12 промакс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ үйл баримт нь  хохирогч *******: “...Шөнө би унтаж байхад гэр дотор гар утас дуугараад байхаар нь өөрийн гар утсыг дуугарч байна гэж бодоод босоод гар утсаа хайхад миний гар утас байхгүй болсон байсан. Орой ...22 цагийн орчимд би өөрийн гар утсыг үзэхэд миний хар цүнхэнд байсан. Айфоне-12 промакс утсыг 2022 оны 07 дугаар сард Мобикомоос 2,600,000 төгрөгөөр худалдаж авч байсан, гүн цэнхэр өнгийн, доод талын хоёр буландаа хэрэглээний сэвтэй, одоо алдсан гар утсаа 2,600,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

         “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2588 дугаар шинжээчийн “...гар утасны нийт үнэлгээ 2,300,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

гэрч ******: “...Намайг ***** ахын араас гэрт нь ороход тэр айлын бүх гэрэл нь унтраалттай зөвхөн зурагт нь асаалттай гэр нь харанхуй, пийшингийн хажууд байгаа хоёр хүн гудас дэвсчихсэн хөнжил нөмрөөд согтуу унтаж байсан. ****** ах нэлээн согтуу ухаан нь орж гараад байгаа юм шиг ******* ахын асуусан асуултад хариулж байсан. Тэр үед ****** ах тэр утсыг баруун гартаа бариад сууж байсан бөгөөд намайг ороод “явах уу” гэхэд “тэгье” гээд шууд гараад явснаа баруун талын халааснаасаа тэр утсыг гаргаж ирээд энэ манай охины гар утас байгаа юм “энэ утсыг зохицуулаад өг” гэхээр нь би хамаатны ах руугаа дагуулаад очсон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дэх тал),

гэрч ******** “...Манай хамаатны дүү ******* манай гэрт шөнө 1 цаг өнгөрөөд унтаж байхад хаалга цохиж орж ирээд ахаа гар утас барьцаанд авах уу гэсэн. Хэний гар утас юм бэ гэсэн чинь ****** хэлэхдээ хүн нь танай гадаа намайг хүлээж байгаа гэхээр нь тэр хүнээ дагуулаад ороод ир гэхэд гарч яваад 40-45 насны архи үнэртүүлсэн эрэгтэйг дагуулаад ирэхээр нь энэ хэний гар утас гэж асуухад тэр хүн “манай дүү охины гар утас байгаа юм. 100,000 төгрөгөөр барьцаанд авчих” гэхээр нь байгаа 70,000 төгрөг байна гэхэд зөвшөөрөөд мөнгөө аваад утсаа үлдээсэн...маргааш өдөр 12 цагийн үед миний утас руу залгаж “***** гэх хүн байна удахгүй очиж утсаа авна... надад нэмээд 100,000 төгрөг  өгчих” гээд авсан... би утсыг аваад Драгон төврүү орж мөнгөө гаргаж авахын тулд 300,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

гэрч ******* “...би 2023  оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз *********** гэрт амарч байгаад гэрт дүү нар ирлээ гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн *******2 дугаар хороо, Орбитын ********0 тоот хаягт гэртээ ирсэн. Манай дүү нар болох *****, Омбо хочтой **********,******* нар байсан. Дүү нар манайд мах, хоол хүнс, архи авсан байсан. Авсан архинаас нь тал шил архийг нь ганцаараа уугаад тасарч унасан. Хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

         иргэний нэхэмжлэгч ****** “...би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Драгон төвийн хажууд байдаг “Саll center” төвд ажлаа хийгээд гар утас аваад байж байтал үл таних 30 орчим насны залуу ирээд сэлбэгэнд гар утас авах уу гээд айфоне-12 промакс маркийн цэнхэр өнгийн гар утас үзүүлэхээр нь би хэдээр ямар учиртай гар утас зарах гэж байгаа талаар асуухад тэр залуу надад “энэ гар утсыг таксинд явж байгаад олсон, надад 200,000 төгрөгөөр барьцаанд тавиад намайг  эргэж ирээд авахгүй байвал зараад мөнгөө гаргаад аваарай  гэсэн. Тэгээд хүн нь ирэхгүй болохоор зарж байна та 300,000 төгрөгөөр авчих” гэхээр нь би уг гар утсыг шалгахад гар утас нь ашиглах боломжгүй кодтой байхаар нь ****** гэх хүний ********* дугаарын Хаан банкны дансанд өөрийнхөө ****** дугаарын данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. ...тэр залуу ганцаараа явж байсан...Цагдаагаас тухайн гар утсыг хулгайн гар утас гэж ярьсны үндсэн дээр өнөөдөр уг гар утсыг авчирч өгч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

     Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 7 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******** гомдол, саналгүй тухай тайлбар (хавтаст хэргийн 6 дахь тал), шүүгдэгч ******** яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

      Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.

Хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгч ****** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гэрээс авч гараад гуравдагч этгээдэд шилжүүлсэн идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэв.

Согтуурлын улмаас өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж бусдын гар утсыг нууцаар авч тухайн айлаас гарсан ******** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

      Шүүгдэгч ******** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.

      Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

    Иймд шүүгдэгч ******** шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг төлөгдсөн байдал

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

      Шүүгдэгч ****** нь хулгайлсан гар утсыг ******* 170,000  төгрөг авч барьцаанд үлдээсэн, ********* нь цааш дамжуулан гар утасны худалдагч ******* 300,000 төгрөгөөр худалдсаныг хураан авч хэргийн хохирогч ******* биет байдлаар нь хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-9 дэх тал), иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг баримтаар тус тус тогтоогджээ.

         Гэмт хэргийн улмаас хохирогч ******* учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч ******** учирсан 300,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан талаар бичгээр тайлбар ирүүлсэн (хавтаст хэргийн 6 дахь тал) тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “******* нь ...урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжил олоогүй дахин гэмт хэрэг үйлдсэн …мөн түүний хувийн байдал зэргийг харгалзаад 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”, шүүгдэгч ******* “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

     Гэхдээ шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

     Шүүгдэгч ****** нь урьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлсэн боловч засрал хүмүүжил олж нийгэмшээгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

   Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч **********,************,******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ********** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай шийдвэрийг 2 цагийн дотор түүний ар гэрийн арван найман насанд хүрсэн гишүүнд мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРАНЖАРГАЛ