Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

         

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Э.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.*******т холбогдох 2323000000040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 26 настай эрэгтэй, дээд боловсролтой, татвар эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын *******тай багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ын *******, регистрийн дугаар .

            Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* сумын *******тай багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн эцэг Б.ын адуунд бэлчээрээр нийлсэн байсан хохирогч Д.ийн өмчлөлийн алдуул мал болох хүрэн цавьдар зүсмийн, шүдлэн насны /жороо явдалтай/ 1 тооны байдсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн Ш.т худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч Д.өд 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* сумын *******тай багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн эцэг Б.ын адуунд бэлчээрээр нийлсэн байсан хохирогч Д.ийн өмчлөлийн алдуул мал болох хүрэн цавьдар зүсмийн, шүдлэн насны /жороо явдалтай/ 1 тооны байдсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн Ш.т худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч Д.өд 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Д.ийн “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд яг өдрөө санахгүй байна. Миний эзэмшлийн хүрэн цавьдар зүсмийн шүдлэн байдас ******* сумын *******тай багийн нутаг Жаргалант гэх газар *******тай багийн иргэн н. гэх айлын адуунд байж байгаад алга болсон. Тухайн хүрэн цавьдар зүсмийн шүдлэн байдсаа ойр орчмоор хайж адуу малаар ороод олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Хур дэлтэй хүрэн цавьдар зүсмийн, им тамгагүй, сулдаа жороо байдас байсан. ...Би хулгайд алдсан 1 тооны охин адуугаа 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан хүрэн цавьдар зүсмийн шүдлэн байдас жороо адуу ховордсон цагт төллөвөл 5-6 унага гаргана гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-н 5-6-р хуудас/,

- Гэрч П.ын “...Д. бид 2 ******* сумын *******тай багт ойролцоо мал маллаж амьдардаг. Б. хүрэн цавьдар зүсмийн сулдаа жороо байдсаа 2022 оны зун хулгайд алдсан. *******тай багийн иргэн н.ын адуунд нийлсэн байхаар нь манай багийн бид хоёр Д.ийн хонгор азаргатай адуу руу нийлүүлэх гээд чадаагүй. Гэтэл удалгүй Д. хүрэн цавьдар байдас байдаггүй гээд сураад байсан одоог хүртэл олоогүй байгаа. ...Им, тамгагүй хүрэн цавьдар, шүдлэн насны байдас байсан. Д.ийн бор хээр арилжаа гүүний унага, сулдаа жороо байдас байсан.” гэх мэдүүлэг /хх-н 8-р хуудас/,

- Гэрч М.гийн “...Д. бид 2 хоёр ******* сумын *******тай багт мал маллаж амьдардаг юм. Д. ахын хүрэн цавьдар зүсмийн сулдаа жороо байдас 2022 оны 06 дугаар сарын 20-ны үед *******тай багийн иргэн н. ахын адуунд нийлсэн байхаар нь манай багийн ******* ах бид хоёр Д. ахын хонгор азаргатай адуу руу нийлүүлэх гээд чадаагүй юм. Дараа нь удалгүй цавьдар байдас алдчихлаа гээд сураад олоогүй. ...Им, тамгагүй хүрэн цавьдар, шүдлэн насны байдас байсан. ...н. ахын адууг би сайн танина. Тэдний адуу бүгд ширээтэй “М” үсгэн тамгатай. Тухайн үед н. ахын адуунд Д. ахын им тамгагүй, хүрэн цавьдар зүсмийн байдас л байсан. Өөр им, тамгагүй адуу байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 10-р хуудас/,

- Гэрч М.ын “...Л.******* манай багийн залуу байгаа юм. Би өнгөрсөн зун буюу 2022 оны 07 дугаар сард аймаг руу хүмүүсээс адуу худалдан авч борлуулсан юм. Тухайн үед Л.******* 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хээр азаргатай адуугаа тууж ирээд би адуугаа сайн танихгүй байна. Унагатай гүүнүүдээс бусдыг нь зарна гээд тухайн адуунууд дотор 5 шүдлэн адуу, 2 морь байхаар нь 1 морийг нь туранхай байна гээд би голоод аваагүй. Морь 1, шүдлэн адуу 5, нийт 6 адуу надад худалдсан. Морь 900,000 төгрөгөөр бодоод, 5 шүдлэн адууг тус бүр 600,000 төгрөгөөр бодож н.*******т 3,900,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. н.*******ын өгсөн 5 адуу ширээтэй “М” үсгэн тамгатай хүрэн цавьдар зүсмийн шүдлэн байдас им тамгагүй байсан. ...Тухайн им тамгагүй хүрэн цавьдар зүсмийн шүдлэн байдас жороо юм шиг харагдаж байсан. Тухайн адууг 600,000 төгрөгөөр худалдан авсан. ...Тухайн адууг хулгайн адуу гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-н 14-р хуудас/,

- Гэрч Б.ын “...Манайх одоогоор 23 тооны адуутай байгаа. 2022 оны 06 дугаар сарын байдлаар 22 адуу тоологдсон. Тэгээд манай хүү  Л.******* нь 2022 оны 7 дугаар сард 6 тооны байдсан гүү зарсан. ...Манайх адууныхаа зүүн гуянд нь ширээтэй М үсгэн тамгаар тамгалдаг. Ямар нэг им байхгүй. ...Миний хүү Л.******* нь 2020 онд сургуулиа төгсөн ирээд надтай хамт адуугаа маллаж байгаа. ...2022 оны 04 дүгээр сард , гээд ах дүү хоёрын шарга зүсмийн байдас, Б.ийн хүрэн цавьдар зүсмийн байдас гээд 2 тооны адуу, манай адуунд нийлсэн байсан. ...Тиймээ Л.******* мэдэж байсан. Тухайн үед би 2 хүүхэдтэйгээ хамт очиж үзэж байсан. ...Манай адуунууд бүгд тамгатай. Харин унаганууд нь тамгагүй байсан. ...Л.******* өөрийнхөө адууг ширээтэй М үсгэн тамгаар тамгалдгийг мэднэ. Манайх өөр тамгаар адуугаа тамгалдаггүй. ...2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр нийлсэн гэдгийг мэдсэн. Бид нар хамт явж байгаад харж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 59-60-р хуудас/,

Шинжээч Н.ийн “...Тухайн шинжээчийн үнэлгээ тогтоолгох адуу нь жороо гүү байсан. Мөн энгийн явдалтай жороо гүү байсан тул зах зээлийн үнэлгээг үндэслэж адууны үнэлгээг гаргасан. 2022 оны 07 дугаар сард тухайн энгийн жороо гүүний зах зээлийн үнэлгээ нь 3,500,000 төгрөг байсан. Өөрөөр хонин жороо, тэмээн жороо, тэлмэн жороо, усан жороо гэх зэрэг морьдын зах зээлийн үнэлгээ арай өндөр үнэлгээтэй буюу 5,000,000 төгрөг байдаг. Тиймээс Д.ийн хүрэн зүсмийн энгийн жороо гүүг 3,500,000 төгрөгөөр үнэлсэн. Энгийн адуунаас жороо гэдэг утгаараа өндөр үнэлгээтэй. Гэхдээ жороо морьдын зах зээлийн үнэлгээнээс дунджаар үнэлсэн. Үнэлгээний стандартыг тогтоох 3 арга байдаг. Малын үнэлгээг тогтоох аргачлал нь зах зээлийн аргыг хэрэглэдэг. Би тухайн энгийн жороо адуунд шинжээчийн асуултын хүрээнд үнэн зөв бодитой дүгнэлт гаргасан.” гэх мэдүүлэг /хх-н 65-66-р хуудас/,

Шүүгдэгч Л.*******ын “...******* сумын иргэн Ш. гэдэг хүнд ширээтэй М үсгэн тамгатай өөрийн эзэмшлийн 1 бүдүүн морь, 5 тооны шүдлэн байдас өгсөн. ...Тэр хүрэн цавьдар шүдлэн байдас ямар ч им, тамгагүй адуу байсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учирсан хохиролд 2 тооны гүү өгсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, уг мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг алдуул малыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулснаар төгсдөг. 

Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдсон, өөр сүрэгт нийлсэн, эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно.

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* сумын *******тай багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн эцэг Б.ын адуунд бэлчээрээр нийлсэн байсан хохирогч Д.ийн өмчлөлийн алдуул мал болох хүрэн цавьдар зүсмийн, шүдлэн насны /жороо явдалтай/ 1 тооны байдсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн Ш.т худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч Д.өд 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  • Хохирлын талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.өд 3,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 6 дугаартай “” ХХК-ийн хөрөнгө даатгалын үнэлгээчний дүгнэлтээр  /хх-ийн 18-р хуудас/ тогтоогдож байна.

Хохирогч  Д.өд учирсан хохирлыг шүүгдэгч Л.******* нь мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон тайлбараар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Л.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.             

Түүнчлэн Эрүүгийн  хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Завхан аймгийн ******* сумын *******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг Завхан аймгийн ******* сумын *******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ