| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 114/2025/0013/З |
| Дугаар | 221/МА2025/0303 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0303
Д.Ө-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Г.Г
Гомдлын шаардлага: 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0110201-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.С
Хариуцагч Г.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 114/2025/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Д.Ө-аас Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г-д холбогдуулан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0110201-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г-ын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0110201-20 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“Дархан-Уул аймгийн Татварын газрын Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцагч Г.Г би, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 456 дугаартай “Зөрчил шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Дархан-Уул аймгийн Орхон сумын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Ө нь сонгуулийн зардлын дансанд хуулиар зөвшөөрөөгүй хандивыг буцаан шилжүүлээгүй гэх мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэ тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон Зөрчлийн 2518000133 тоот хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Д.Ө сонгуулийн зардлын 5625482976 тоот дансанд шаардлага хангаагүй гүйлгээ болох 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр н.А гэдэг хүнээс иргэний бүртгэлийн дугаар болон орлогын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгагдаагүй 30 000 төгрөгийн мөнгөн хандивыг буцаан шилжүүлээгүй нь “П О А” ХХК-ийн маягт-5 хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын тайланд тусгагдсан, мөнгөн хандивыг Д.Ө нь 4 удаагийн гүйлгээгээр нэгж, дата, шатахуунд зарцуулсан нь хуулиар зөвшөөрөгдөөгүй мөнгөн хандивыг сонгуулийн сурталчилгаанд зориулаагүй хувийн хэрэгцээнд ашигласан нь сонгуулийн тухай хууль болон журмыг зөрчсөн нь нотлогдож байна.
Иймд гомдол гаргагч нь хуульд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №0110201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь үндэслэлгүй дахин шинэ акт гаргах шаардлагагүй тул гомдол гаргаж байна.
Нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан байх. Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч, зарцуулах ашиглахыг хориглоно. Сонгуульд нэр дэвшиж байгаа тохиолдолд хууль, журмаа судлах үүрэгтэй. Хууль мэдэхгүй байсан нь хариуцлага оногдуулахгүй байх үндэслэл болохгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Холбогдогч Д.Ө-д хамаарах зөрчлийн 2518000133 тоот хэргийн материалд цугларсан шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй болох нь холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга, аудитын дүгнэлтээр нотлогдож байгаа тухайн зөрчлийг шийдвэрлэхэд нэмэлт ажиллагаа хийж хандивлагчаас мэдүүлэг авах, баримт бичиг цуглуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д заасан хуулиар зөвшөөрөөгүй хандивыг буцаан шилжүүлээгүй Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив гэдэгт хамаарч байх тул торгох шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэж марган байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.1. Гомдол гаргагч Д.Ө-аас Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г-д холбогдуулан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0110201-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх “... хөрш айлын эгчээс 30 000 төгрөгийн хандив ирсэн байсан ба хуулийн заалтыг мэдэхгүйн улмаас хандивыг буцаагаагүй дансаа хаалгасан гэж мэдүүлсээр байхад хариуцагчаас энэ үйл ажиллагаатай холбоотой маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа хандив өгөгчийг гэрчээр дуудаж асуугаагүй, эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, орлогын эх үүсвэрийг тодруулаагүй, хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандив мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй...” гэсэн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасанд нийцэхгүй байна.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх нийцлийн аудит хийгдлээ. Тус аудитаар 6 нэр дэвшигч хуулиар зохицуулаагүй 7,6 сая төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т тус тус заасны дагуу хүргүүллээ гэх 456 дугаар албан бичгийг тус аймгийн Татварын газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын жагсаалтын 6-д Ардчилсан намаас 2 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Ө 30 000 төгрөг гэж тусгагджээ.
2.3. Улмаар Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэр дэвшигч Д.Ө шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй болох нь холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга, аудитын дүгнэлтээр нотлогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар түүнд 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд нийцжээ.
2.4. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Мөнгөн хандив иргэний хувьд хоёр сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 10 сая төгрөг хүртэл байна”, 53.4-д “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж зааснаар иргэн нь хоёр сая төгрөг хүртэлх хандивыг өгөхдөө нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.
2.5. Өөрөөр хэлбэл, хандив өгөгч иргэний мэдээлэл болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл гүйлгээний утга дээр бүрэн дүүрэн тусгагдаагүй тохиолдолд уг хандивыг буцаах үүргийг хандив хүлээн авагч хүлээхээр байхад нэр дэвшигч Д.Ө нь түүний Хаан банк дахь 505619**** тоот сонгуулийн зардлын дансанд орж ирсэн “Амжилт хүсье А-аас” гэсэн утга бүхий хандив өгөгчийн мэдээлэл дутуу, хандивын эх үүсвэр тодорхойгүй буюу шаардлага хангаагүй 30 000 төгрөгийг хандивыг буцаан шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.
2.6. Хэдийгээр гомдол гаргагчаас “хөрш айлын эгчээс 30 000 төгрөгийн хандив ирсэн байсан ба хуулийн заалтыг мэдэхгүйн улмаас хандивыг буцаагаагүй дансаа хаалгасан” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлан маргах боловч нэгэнт Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээг хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл (эс үйлдэхүй)-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасанд нийцнэ.
2.7. Нөгөөтээгүүр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24-д заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар татварын улсын байцаагч сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох шийтгэлийг оногдуулах эрхтэй бөгөөд нэгэнт гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд ийнхүү шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэл тогтогдсонгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Д.Ө-аас Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г-д холбогдуулан гаргасан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0110201-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Г-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН