Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 23

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

            нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

            улсын яллагч С.Солонго,

            шүүгдэгч Д.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бямбасүрэнг холбогдох эрүүгийн 201625013682 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                    

Монгол улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, компьютерын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16 дугаар гудамжны 257 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 64 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, регистрийн дугаар ОА84042111, хэрэг хариуцах чадвартай, Акимаа овогт Далайгийн Бямбасүрэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Жулия” төвийн гадаа хохирогч Д.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”…гэв.

Мөн мөрдөн байцаалтад эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, камерын бичлэг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12/, хохирогч Д.Ганбатын мэдүүлэг /хх-15-17/, гэрч Д.Батхуягийн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Б.Энхзоригтын мэдүүлэг /хх-20-21/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹13752 дугаартай дүгнэлт /хх-27/, гэрч Г.Уламдэлгэрийн мэдүүлэг /хх-22-23/, гэрч У.Ариунаагийн мэдүүлэг /хх-24-25/, шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-46/, хохирлын баримтууд /хх-57-59/, шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-65-67/, хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-69-71/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Жулия” төвийн гадаа хохирогч Д.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь: 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ганбатын өгсөн:…”2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө шоу тоглолт үзэж яваад Д.Бямбасүрэнтэй таарсан. Д.Бямбасүрэн өөрийнхөө бага насны хүүхдээ дагуулсан явж байсан…Д.Бямбасүрэн бид хоёр Д.Батхуягтай уулзаад Хөдөө аж ахуйн яамны урд байх “Жулия пабад орж ярьж суусан. Пабад 0.5 литрийн экс архи аваад дахиад 1 шилийг аваад уугаад сууж байсан. Хажуу ширээнд сууж байсан 4, 5 залуугийн нэгийг нь би хужаа шиг царайтай залуу юмаа гэхэд Д.Бямбасүрэн уурлаад над руу дайрсан. Би юм бодолгүй, санаандгүй хэлчихлээ ш дээ гэсэн. Д.Бямбасүрэнг над руу дайраад байхаар нь Д.Батхуяг салгасан…Пабын зөөгч залуу ирээд намайг гадагш гаргасан…Үүдний довжоон дээр зогсож байтал 10 орчим минутын дараа Д.Бямбасүрэн, Д.Батхуяг 2 гарч ирээд Д.Бямбасүрэн намайг хараад шууд нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Д.Батхуяг пабын хамгаалагч залуутай нийлээд Д.Бямбасүрэнг салгаад Д.Батхуяг автобусны буудал руу дагуулаад явсан…Автобусны буудал дээр Д.Бямбасүрэн намайг зодох гээд дайраад байхаар нь Д.Батхуяг салгаж аргадаж тайвшруулсан. Тэгээд Д.Бямбасүрэн “за за эвлэрэе, гэр рүүгээ явцгаая” гэхэд Д.Батхуяг таксинд суугаад явсан…Би такси барих гээд алхаж байтал Д.Бямбасүрэн араас шилэн хүзүү рүү цохиод би урагшаа унасан. Энэ хооронд би ухаан алдаад болсон асуудлыг санахгүй байна…Тэр шөнөдөө гэмтэл ороод зургаа авахуулахад миний гар хугарсан байна гэсэн”…/хх-15-17/ гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батхуягийн өгсөн:…“Жулиа” төвд ороод 0.5 литрийн 2 шил архи уусан. Д.Бямбасүрэнгийн танил хүмүүс хажуу ширээнд сууж байхад Д.Ганбат тэдгээрийн нэг залууг нь “хятад царайтай юм байна” гэж хэлсэн…Д.Ганбат, Д.Бямбасүрэн нар хоорондоо маргалдаад байхаар нь би болон баарны хамгаалагч нар нь болиулаад гарцгаа гэсэн…Гараад Д.Бямбасүрэн Д.Ганбатын нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би хамгаалагчтай нийлээд салгаад автобусны буудал дээр очоод эвлэрүүлчихээд гэр рүүгээ явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Д.Бямбасүрэн Д.Ганбаттай найзыгаа өмөөрөөд муудалцсан”…/хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхзоригийн өгсөн:…“2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө би үүрэгээ гүйцэтгээд байсан. Хоёр давхарт байрлах пабад сууж байсан хүүхдээ дагуулаад явж байсан залуу хамт явж байсан хоёр найзынхаа нэг залуутай муудалцаад зодолдох гээд байсан. Тэгэхээр нь шаардлага тавьж зодуулах гээд байсан залууг түрүүлж гаргаад нөгөө хоёрыг хамт гаргасан. Тэгтэл баарны үүдэнд нөгөө дайраад байсан найз руугаа дахин дайраад цээж рүү нь 1 удаа цохисон. Тэгэхээр нь салгаад цохиулсан залууг нь цаашаа явуулсан. Ингээд нэг найз нь хүүхдээ дагуулаад явж байсан залууг цаашаа салгаад аваад явсан. Ер нь бол хүн хүн рүү үсчээд байсан. Цаашаа явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна”…/хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Урамдэлгэрийн өгсөн:…”Д.Бямбасүрэн миний нөхөр, бид 2007 онд танилцаад 2010 онд хүүхэдтэй болоод гэр бүл болсон. Одоог хүртэл амьдарч байна. Зан аашын хувьд даруухан, буруу зөрүү доголдолтой зүйл байхгүй, олны дунд өөрийгөө зөв боловсон аваад явж чаддаг, архи дарс тэр бүр уугаад байдаггүй, архи уусан үедээ жаахан түрэмгий зантай, уусан үед нь би уулаа гэхээр өөрийгөө татчихдаг…Гэр бүл хүүхэддээ халамжтай сайн залуу байгаа юм”… /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Ариунаагийн өгсөн:…“Д.Бямбасүрэн миний нөхрийн төрсөн ах нь байгаа юм. Зан аашын хувьд даруухан, архи дарс уугаад байдаггүй, муухай ааш араншин байхгүй, гэр бүлдээ маш халамжтай, өөрийн хувийн ажлыг хийгээд явж байдаг, ажилд шаргуу, хөдөлмөрч залуу юм. Д.Бямбасүрэнг муулаад өөлөөд хэлэх зүйл байхгүй”… /хх-25/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын    4-ний өдрийн 13752 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

 1. Д.Ганбатын биед зүүн богтос ясны зөрөөтэй далд хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-27/ гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  объект нь  иргэдийн эрүүл мэндийн  аюулгүй  байдлыг  хангаж байгаа  нийгмийн харилцаа .

Объектив  тал нь а. бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл, б. хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигтай үр дагавар, в. гэмт үйлдэл болон   гэмт үр дагаврын хооронд  шалтгаант холбоо бүрдүүлнэ.

Субъектив тал нь санаатай гэм буруугийн хэлбэртэй шууд ба шууд бус санаатай байна. 

Субъект  нь 14 нас хүрсэн хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Бямбасүрэн нь хувийн сэдэлтээр хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ганбатын эрх чөлөөнд халдаж  бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  байна.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчид дээрх хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгээс хохирогч Д.Ганбатад 950.000 төгрөг өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан болох нь хавтаст хэргийн 69-71 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Акимаа овогт Далайгийн Бямбасүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бямбасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                 Э.ЧИНГИС

ШҮҮГЧ