Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0882

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “О” ХХК

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Б

Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Б-ийн  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0035423 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,  гомдол гаргагчийн өмгөөлөгч Р.М, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч “О” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “...манай “О” ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдаж, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “О” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзэж 5000 нэгжээр торгох шийдвэрийг гаргасан.

Барилгын үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд хууль зүйн хариуцлагыг хуульд заасан журмын дагуу оногдуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлон заасан байна. Иймээс зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох, тухайн этгээдээс тайлбар мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийсний үндсэн дээр хариуцлага тооцож болохоор байна.

Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Бзөрчлийг хэн, хэзээ, хаана үйлдсэнийг тогтоогоогүй. Зөрчилд холбогдсон гэх “О” ХХК-д эрх, үүрэг тайлбарлах, нотлох баримтыг авах, цуглуулах ажиллагааг зохих журмын дагуу хийхгүйгээр “О” ХХК-ийг зөрчил үйлдсэн мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Тухайлбал “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрх, үүргийг тайлбарлаж, тайлбар авсны дараагаар шийтгэврийн хуудсыг оногдуулсан байдаг.

Мөн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа этгээд нь зөрчлийг хэн үйлдсэнийг нотолж тогтоох үүрэгтэй. Барилгын үйл ажиллагааг үйлдэгч нь хэн болох, захиалагч нь хэн болох ажиллагааг хийгээгүй байна. Барилгын ажлыг зөвшөөрөлгүй явуулсан гэх барилгын ажлын гүйцэтгэгч нь өөр хуулийн этгээд байдаг. Гэтэл “О” ХХК-ийг зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөөтээгүүр Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллага бүртгэж эд хөрөнгийн гэрчилгээ олгосон тохиолдолд өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг засан сайжруулах, буулгах, нэмэлт ажлыг хийх зэргээр захиран зарцуулах эрхтэй. Гэтэл эд хөрөнгө өмчлөгч байгаа эсэхийг тодруулаагүй. Эд хөрөнгийн өмчлөгчөөс холбогдох тайлбар, мэдүүлгийг авахгүйгээр барилгын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.  

Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Барилгын ажлын гүйцэтгэгч”, 7.4 дэх хэсэгт “чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн байна.

...Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хэн авахаар заасан. Тухайн этгээд одоо хамааралгүй болсон гэдгийг амаар хэлэхэд би итгэсэн учраас “О” ХХК-ийг торгосон гэдэг нь утгагүй. Хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Байцаагчийн тухайд О.О  гэдэг хүний эрх ашгийн төлөөр ажиллаж нэхэмжлэгчийг хохироож байна. Төрийн хяналт шалгалт гэдэг зүйл бол өөрөө хуулийн дагуу явагдах ёстой. Төрийн албан хаагч өөрт олгогдсон давуу эрхээр бусдын эрхийг зөрчиж болохгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж заасан.Төрийн хяналт шалгалт орох гэж байгаа талаар тухайн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Мөн албаны үнэмлэхээ үзүүлээгүй. Шалгалтыг явуулах удирдамж үзүүлээгүй. Шалгалт хийж байгаатай холбоотой тэмдэглэл хөтлөөд гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Гэтэл улсын байцаагч тус газарт очсон эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөө очсон гэж хэлээд байдаг. Төрийн хяналтын шалгалтын тухай хуулиар хяналт шалгалтын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийг батлах замыг хориглоно гэж байгаа. Төрийн хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлээд бусад газрыг шалгаж байх үед зөрчил илэрвэл зөрчлийн хэргээ нээх юм. Гэтэл зөрчлийн хэргээ нээгээд түүнийгээ баталгаажуулаагүй байхад шалгасан. 8 сарын 14-ны өдөр очоод би үзсэн гэж хариуцагч хэлдэг. Цаг хугацааны хувьд 8 сарын 04-нд хэргээ нээгээд 8 сарын 14-нд очоод үзсэн болж таарч байгаа. Өөрөөр хэлбэр зөрчлийн хэргээ бататгах гээд очиж байна. Хяналт шалгалт явагдсан талаарх баримт хэргийн материалд байхгүй. Хяналт шалгалт явуулсан гэж амаар ярьдаг боловч очсон талаар ямар ч баримтаар тогтоогдохгүй байна. 8 сарын 14-нд очсон байлаа гэж бодоход төлөвлөгөөт шалгалт уу? төлөвлөгөөт бус шалгалт уу? гэдэг асуудал байна. Энэ талаар аль ч тогтоогдохгүй байна. Мөн ямар бүрэлдэхүүн ямар зорилгоор очиж байгаа талаар харагдахгүй байна. Зөрчил гарсан талаар баримтаар тогтоогоогүй. Барилгын зөвшөөрөлгүй гээд шууд торгосон. Ямар зөрчил, ямар барилгын ажил гүйцэтгэж байсан талаар шалгалт явуулаагүй. О.О гийн гаргасан гомдолд үндэслээд ямар нэг байдлаар “О” ХХК-д хариуцлага тооцохын тулд өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашигласан. Барилгын тухай хуулийн 4.1.21-д  4.1.15-д тодорхой заасан. Төрийн хяналт шалгалт шударга байх ёстой. О.О-д  адилхан хариуцлага тооцох ёстой. Гэтэл хамаагүй зөвхөн “О” ХХК-д хариуцлага тооцно гэдэг байдлаар явсан. Төрийн хяналт шалгалт амаар мөн утсаар ярьснаар явдаг бол хуульд заавал тэмдэглэл хөтөлнө, хяналт шалгалтын талаар заавал хуульчлах шаардлагагүй. Иргэн хуулийн этгээд бүгд хуулийн  дагуу үйл ажиллагаа явуулж баримтжуулах ёстой. Шалгалт хийсэн бол шалгалтын тэмдэглэл, удирдамж байх ёстой юм. Шалгалт хийсэн бол тэмдэглэл байх ёстой. Шалгалт явуулаагүй байж тусгай зөвшөөрөл байхгүй байна гэдэг байдлаар нэхэмжлэгчийг торгоно гэдэг бол өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаж байна.

2021 оны 8 сарын 04-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай гэсэн эрх бүхий албан тушаалтны тогтоол байна. Тэгсэн мөртлөө тогтоолд холбогдогч гомдол гаргах эрхтэй байтал гомдол гаргах эрхээр нь хангаагүй. Гомдол гаргасан    мэдэгдсүгэй гэсэн. Зөрчлийн хэрэг нээхдээ Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь зөрчлийг баримталж зөрчлийн хэргээ нээчхээд шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 12.7.1-д зааснаар хариуцлага ногдуулсан. Зөрчил үйлдэгдсэн гэдгийг тогтоогоод улсын байцаагчийн ажил дуусах ёстой. Гэтэл зөрчил биш байна гээд өөр зөрчилд дээр торгууль ногдуулсан. Зөрчил гаргасан этгээдэд шууд зөрчил оногдуулсан. Өөрийнхөө санаа зорилгоо тухайн өдрөө гүйцэтгээд холбогдогчийг ямар ч тохиолдолд оролцох боломжоор хангаагүй шийдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгдэх ёстой. Төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан байдлаар эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Иймд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Б би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/38 дугаартай “Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 2021 онд шинээр баригдаж буй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан “О” ХХК-д хяналт шалгалт хийсэн ба шалгалтаар тус компани нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан байсан ба тус зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2102000219 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байх хугацаанд “О” ХХК-ийн захирал болох Ж.Б-д хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тайлбарлан өгч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-т заасны дагуу мэдүүлэг тайлбар авах зорилгоор дуудсан боловч ирээгүй.

 “О” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 37/21 дугаартай У.Т-д итгэмжлэл гарган ирүүлсэн ба тус компанийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4 дахь заалтын дагуу 5000 нэгж буюу 5000000 /таван сая/ төгрөгийн торгох шийтгэл ноогдуулсан шийтгэлийн хуудсыг хүлээлгэн өгсөн болно.” гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

 

“О” ХХК нь тус шүүхэд хандан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Б-ийн  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0035423 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан.

Шүүх гомдол гаргагчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор “Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “О”  ХХК-ийн 12 давхар орон сууцны барилгыг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй барьж байгаа үйлдэлд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж[1], Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 117 дугаар тогтоолоор “...зөрчилд оролцогч нараас мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах...”-аар Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг сунгуулан[2] 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  иргэн  хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан мэдүүлэг авчээ[3].

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно”-х бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоосноор уг ажиллагаа бүрэн дүүрэн явагдах ёстой.

Гэтэл хариуцагч Н.Бнь гомдол гаргагчийг “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй...” гэж буруутгасан атлаа зөрчлийн хэрэг нээх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  явцад холбогдогчид энэ талаараа мэдэгдээгүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1 “холбогдогч ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх”, 2.5 зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.8 “нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, 2.9 “зөрчлийн хэрэг, материалтай танилцах” холбогдогчийн эрхээр нь хангаагүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” бүрэн эрх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоох”, 4.1 дүгээр зүйлийн 1-д ”Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “...Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж,...үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах,... мэдүүлэг авах” үүргээ хэрэгжүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Н.Б-ийн  “...Ж.Б утсаар О.О тэй холбогдолгүй, уг барилга манай компанийнх болсон гэж хэлсний үндсэн дээр “О” ХХК нь гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж торгуулийн арга хэмжээ ногдуулсан...,[4]” гэх тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  иргэн У.Т-ийн “...барилгын ажлын зөвшөөрлийн талаар сайн мэдэхгүй байна. “О” ХХК нь барилгын ажлын гүйцэтгэгч биш өөр тусгай зөвшөөрөлтэй компани ажил гүйцэтгэдэг...” гэх мэдүүлэг[5] зэргээр тогтоогдлоо.

Энэ нь хариуцагч Н.Б-г Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу өөрийн гаргасан 0035423 зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны үндэслэлийг нотлох үүргийг хүлээж чадсангүй гэж дүгнэхэд хүргэлээ.

Нөгөөтээгүүр хариуцагчаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол гаргагчийг “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэж тайлбарласан.

Энэ талаарх хуулийн зохицуулалтаас үзвэл Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.23-д “гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 37.1.3-д ”барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” гэжээ.

Харин хариуцагчаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 12 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийг авах чиг үүргийг захиалагч эсхүл гүйцэтгэгчийн  аль нь хэрэгжүүлэх байсан эсэхийг тогтоогоогүй, энэ талаар баримт цуглуулаагүй байна.

Үүнээс үзвэл хариуцагч Н.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоолгүйгээр “О” ХХК-ийг “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн” гэж буруутгаж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн шүүх үзлээ.

Эцэст нь шүүхээс “О” ХХК-ийг “барилгын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан” болон  шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/38 дугаар хяналт шалгалтын удирдамжийн[6] дагуу эсхүл “О.О гийн гомдлоор хийсэн эсэх талаарх материалыг хариуцагчаас ирүүлэхийг шаардсан[7] боловч энэ талаар баримтыг ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь хэсэг заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Б-ийн  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0035423 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 12 хуудас

[2] Хавтас хэргийн 13-14 хуудас

[3] Хавтас хэргийн 44 хуудас

[4] Хавтас хэргийн 92 хуудас

[5] Хавтас хэргийн 44 хуудас

[6] - Хавтас хэргийн 15-17 хуудас

[7] - Хавтас хэргийн 64 хуудас