Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2018/00016 дугаар шийдвэртэй, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж 240 000 төгрөгийн үнэтэй NP10 маркийн интернет төхөөрөмж авсан. Гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу урьдчилгаанд 20 000 төгрөг төлөх, үлдэх 220 000 төгрөгийг сард 20 000 төгрөг буюу 12 сард багтаан төлөхөөр тохиролцсон боловч төлж барагдуулаагүй ба үлдэгдэл 200 000 төгрөгийг төлөлгүй 846 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход 100 000 төгрөг болж байна. Иймд Б.Баас нийт 300 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Ж” ХХК-ийн нэхэмжилсэн 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус компаниас Багахангай дүүрэгт тараасан интернет ашиглах төхөөрөмж нь сүлжээ огт барьдаггүй учраас үндсэн төлбөр 200 000 төгрөг, алданги 100 000 төгрөгийг төлөх боломжгүй. Хэрэв сүлжээ сайн барьдаг болсон тохиолдолд сар бүр төлбөрөө төлөөд ашиглах боломжтой. “Ж” ХХК-ийн хуулийн зөвлөхтэй уулзаад төхөөрөмжийг хэвийн ажиллуулбал сар бүр төлбөр төлөх боломжтой гэсэн тайлбарыг өгсөн, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин төхөөрөмж хэвийн ажиллаад эхэлвэл үндсэн төлбөрийг төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хариуцагч Б.Баас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300 000 төгрөг гаргуулах тухай “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Ж” ХХК нь Б.Бтай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулж байгаагүй болно. Мөн шүүхэд “Ж” ХХК-ийн интернетийн сүлжээг эрх бүхий улсын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй шүүх хуралдааныг явуулж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хэрэглэгчид NP10 маркийн интернет төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь тухайн эд хөрөнгийг авч ашиглан түүний үнэ 240 000 төгрөгийг 12 сарын хугацаанд тогтоосон хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх ба ийнхүү гэрээг байгуулагдсан талаар талууд маргаагүй. /хх7-8/

 

Гэтэл анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 243, 343 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг буруу дүгнэсэн байна. Дээрх гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, интернетийн сүлжээнд холбох үйлчилгээг үзүүлэх, худалдан авагч тал хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа гэж үзэхээр байна. Гэвч энэ тохиолдолд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар худалдсан эд хөрөнгөтэй холбоотой биет байдлын доголдол байсан эсэх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ “...тоног төхөөрөмжийн дагуу интернэтийн үйлчилгээг авч чадаагүй, ашиглах боломжгүй байсан” гэж тайлбарладаг боловч үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал интернетийн сүлжээнд холбож өгөх үүргээ зөрчсөн эсэх, тухайн байршилд сүлжээ барихгүй буюу доголдолтой байсан эсэх, талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь интернет сүлжээнд холбогдох эрхэд нөлөөлсөн эсэх үйл баримт тодорхой тогтоогдоогүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 7.2.1 хэрэглэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөлгүй нэг болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол компани гэрээг дангаар цуцлах үндэслэл болох буюу интернэт эрх хаагдахаар зохицуулсан байх тул интернэт үйлчилгээ авах боломжгүй болсон шалтгааныг тодруулах зайлшгүй шаардлагатай.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Ж” ХХК-ийн интернетийн сүлжээг эрх бүхий улсын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй гэж дурдсан. Хэрэгт энэ талаар гаргасан хүсэлт авагдаагүй ба давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал дээрх хүсэлтийг гаргаагүй гэдгээ тайлбарласан тул шүүх хэргийн оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2018/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА