Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01190

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02730 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дүгээр магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

Боса импекс ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн******* нь *******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байрны 222 тоот хаягт байрлалтай 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг*******-д зээлээр авах барааны түр барьцаанд тавьчихаад буцааж өгнө гэж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2017.4.06-ны өдөр авч явсан.******* болон******* нарын хооронд байгуулсан 2017.4.07-ны өдрийн 03-04/35 дугаартай барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн бөгөөд*******-ийн нэхэмжлэлтэй*******д холбогдох 75,995,677 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр, 222 тоот хаягт орших 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.7.16-ны өдөр хянан хэлэлцэж,******* болон******* нарын хооронд байгуулсан 2017.4.07-ны өдрийн 03-04/35 дугаартай барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн дүгнэж,*******-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр, 222 тоот хаягт орших 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Улсын Дээд шүүхийн 2019.02.14-ний өдрийн 001/ХТ2019/00209 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн. Нэгэнт шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар, мөн барьцаагаа суллуулахаар*******-д удаа дараа хандсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд гарган өгөхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд

1/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр, 222 тоот хаягт байршилтай 32.98 м.квталбайтай 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх,

2/ Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000464567 дугаартай гэрчилгээг хариуцагчаас гаргуулж *******өд олгохыг*******-д даалгуулах тухай шаардлагуудыг гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.16-ны өдрийн 181/ШШ2019/01567 дугаартай шийдвэрээр******* болон******* нарын хооронд 2017.4.07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэн******* нь хариуцагч компанитай Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулан манай компаниас бараа материал худалдан борлуулахаар авахдаа *******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байрны 222 тоот хаягт байршилтай 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэхдээ******* нь *******өөс 2017.4.06-ны өдөр авсан итгэмжлэлийн дагуу буюу түүний хууль ёсны зөвшөөрлийн дагуу *******ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байгаа юм. Уг итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд итгэмжлэлээр ******* нь өөрийн өмчлөлийн 9а байрны 222 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууцыг*******-ийн борлуулалтын гэрээний барьцаанд тавиулах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах, тус гэрээг нотариатчаар батлуулах, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, лавлагаа авах, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар*******д олгож, нотариатчаар гэрчлүүлсэн байдаг. Иргэн*******ы тус компанитай байгуулсан Гэрээт борлуулагчийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаа,******* нь уг гэрээний дагуу өнөөг хүртэл бараа бүтээгдэхүүн авч байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.16-ны өдрийн 181/ШШ2019/01567 дугаартай шийдвэр гарснаас хойш******* нь бараа бүтээгдэхүүн борлуулахаар авсан ба эдгээр бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээс *******ийн*******д 2017.4.06-ны өдөр өгсөн итгэмжлэлийн дагуу барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр, 222 тоот хаягт орших 32.98 м.квталбайтай 1 өрөө орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй. Уг итгэмжлэл нь 2020.4.06-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд******* нь 2020.4.06-ны өдөр хүртэл уг орон сууцыг барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бүрэн эрхтэй хэвээр байгаа болно. Иргэн ******* нь их хэмжээний бараа материал*******аас авч төлбөрийг нь төлөөгүй тул******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэж байгаа болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг гэж хуулийн зүйл заалтыг дурдсан. Хуулийн энэ заалт нь тухайн хэлцлийн талууд болох*******, иргэн******* нарын хоорондын харилцаатай холбоотой болохоос нэхэмжлэгчид хамааралгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02730 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хатанбаатар магсаржав гудамж, 9а байрны 222 тоот хаягт байршилтай, 32.98 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000464567 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч *******өд буцаан өгөхийг хариуцагч*******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 140 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Тухайлбал анхан шатны шүүх Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан БГД-ийн 1-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9 а байр, 222 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******өд буцаан олгохыг*******-д даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ заалт нь хэлцэл хийсэн талуудад хамааралтай заалт бөгөөд Барьцааны гэрээ, Гэрээт борлуулагчийн гэрээнүүд нь******* болон иргэн******* нарын хооронд хийгдсэн хэлцэл юм. Тус компани нь иргэн *******тэй ямар нэг хэлцэл хийгээгүй ба энэ хүнтэй огт харьцаж байгаагүй болно. ******* нь хэлцлийн нэг тал биш бөгөөд уг гэрчилгээг******* авчирч манай компанид барьцаанд тавьсан. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 дахь заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Иргэн******* нь тус компанитай Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулан, манай компаниас бараа материал худалдан борлуулахаар авахдаа иргэн *******ийн эзэмшлийн БГД-ийн 1-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж , 9 а байр, 222 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг *******ийн түүнд /иргэн*******д/ өгсөн албан ёсны итгэмжлэлийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс барьцаанд тавьсан. Иргэн *******ийн 2017.4.06-ны өдөр*******д өгсөн итгэмжлэл нь МУ-ын Иргэний хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр итгэмжлэл бөгөөд уг итгэмжлэлээр ******* нь өөрийн эзэмшлийн БГД-ийн 1-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр 222 тоот хаягт орших 32.98 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг*******-ийн борлуулалтын гэрээний барьцаанд тавиулах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах, тус гэрээг наториатчаар батлуулах, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, лавлагаа авах, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар*******д олгож, наториатчаар гэрчлүүлсэн. Мөн 2017.4.07-ны өдрийн Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэж хийгдсэн тул наториат баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар албан ёсоор бүртгэсэн болно. Түүнчлэн иргэн*******ы тус компанитай байгуулсан Гэрээт борлуулагчийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаа бөгөөд******* нь уг гэрээний дагуу өнөөг хүртэл бараа бүтээгдэхүүн авч байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаартай шийдвэр гарснаас хойш******* нь компаниас бараа бүтээгдэхүүн борлуулахаар авсан бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээс *******ийн*******д 2017.4.06-ны өдөр өгсөн итгэмжлэлийн дагуу барьцаанд тавьсан БГД-ийн 1-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр 222 тоот хаягт орших 32.98 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй юм. 2017.4.06-ны өдрийн итгэмжлэл нь 2020.4.06-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд******* нь 2020.4.06-ны өдөр хүртэл уг орон сууцыг барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхтэй хэвээр байгаа тул СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаартай шийдвэр гарснаас хойш*******ы борлуулахаар авсан бараа материалын төлбөрийг барагдуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүчин төгөлдөр баримт хэвээр байгааг анхан шатны болон давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй. /Тухайн шүүхийн шийдвэрээс хойш*******ы бараа материал борлуулахаар авсан зарлагын баримт, падаануудыг шүүхэд нотлох баримт болгон өгсөн болно./

Анхан шатны шүүх иргэн*******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар захирамж гаргасан боловч түүнээс тайлбар аваагүй түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.*******ы тайлбарыг үндэслэн хариуцагч нь хэн болохыг тодруулах ёстой байсан гэж үзэж байна. Хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу уг гэрчилгээг эзэмшилдээ байлгах эрх нь*******д хэвээр хадгалагдаж байгаа болно. Мөн******* нь *******өд 120 сая гаруй төгрөгийн бараа материал өгсөн ба ******* нь төлбөрийг нь төлөөгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Мөн шүүхийн шүүгч захирамж гарган БГД-ийн 1-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр 222 тоот хаягт орших 32.98 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийг баталгаажуулах үүднээс битүүмжилсэн байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

**************-д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржав гудамж, 9а байрны 222 тоот хаягт байршилтай, 32.98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000464567 дугаартай гэрчилгээг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржав гудамж, 9а байрны 222 тоот, *******ийн өмчлөлийн орон сууцыг******* барьцаалах эрхгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.7.16-ны өдөр 181/ШШ2018/01567 дугаартай шийдвэр гаргаж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржав гудамж, 9а байрны 222 тоот орон сууцыг**************-д барьцаалах тухай 2017.4.07-ны өдрийн 03/04/35 дугаар гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж,*******-д төлөх 75,995,677.5 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг *******ийн өмчлөлийн орон сууцаар хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрийг хяналтын шатны шүүх 2019.02.14-ний өдрийн 001/ХТ2019/00209 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

 

Боса импекс ХХК болон******* нарын хооронд байгуулагдсан 2017.4.07-ны өдрийн 03/04/35 тоот барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул энэ үйл баримтыг дахин нотлохгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцжээ.

 

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржав гудамж, 9а байрны 222 тоот орон сууцыг*******-д барьцаалсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул ******* уг эд хөрөнгийг буюу өөрийн өмчийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, энэ тухай шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02730 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР