Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2019/01640

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 03 өдөр          Дугаар 101/ШШ2019/01640                Улаанбаатар хот

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Б.Б холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,531,302.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр *******тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,100,000 төгрөгийн зээлийг жилийн 24,0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар цалин барьцаалан зээлж авсан. Зээлдэгч нь ******* дугаартай зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,167,441.12 төгрөг, зээлийн хүү 1,142,305.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,555.89 төгрөг, нийт 2,531,302.19 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт Б.*******гээс гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 500,000 төгрөг төлсөн тул уг төлбөрийг хүүгээс хасч тооцон, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “*******” ХХК-д ажиллаж байхдаа цалингийн зээл авсан бөгөөд тус байгууллага нь намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байна гэж үзээд ажлаас чөлөөлсөн. Тус байгууллагын хүний нөөцийн ажилтан миний зээлийг төлчихнө гэдэг байсан боловч төлөөгүй, улмаар надад ар гэрийн гачигдал гарч зээлээ сар сардаа төлөөгүй нь үнэн. Шүүхэд нэхэмжлэл өгсөний дараа банкин дээр очиж хэдэн төгрөгийн үлдэгдэл байна гэхэд 1,167,441.12 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тул миний бие ажиллагааны явцад 500,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 670,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,167,441.12 төгрөг, зээлийн хүү 1,142,305.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,555.89 төгрөг, нийт 2,531,302.19 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийг зээлд төлсөн тул уг төлбөрийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 2,031,302.19 төгрөг болгож багасгасан болно.

 

Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлийг төлөхийг зөвшөөрч байна, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна. 

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ******* болон Б.******* нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаартай “Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/” байгуулагдаж, 2,100,000 төгрөгийг, жилийн 24,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл олгогдсон, зээлдэгч Б.******* үндсэн зээлд 932,558.88 төгрөгийг төлж, өөр төлөлт хийгдээгүй болох нь ******* дугаартай “Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/”, “Зээлийн дансны хуулга”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар сарын 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар зохицуулсан ба мөн хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар тус хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан ба үүнээс өмнөх цаг хугацаанд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардан авсаны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрт 500,000 төгрөгийг төлсөн байх боловч үүнийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т “Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй” гэж заасан бөгөөд дээрх хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардахгүй ба, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 667,441.12 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул энэхүү шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин дээр дурьдсанчилан болон Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч нь нэгэнт зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 667,441.12 /зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин нэгэн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,363,861.07 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 20,568.5 /хорин мянга таван зуун жаран найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭНХЖАРГАЛ