| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгч: Т.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа нь шүүгдэгч Дамий тайж овгийн Түдэвваанчигийн Гантуяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000120030 дугаартай, 146/2023/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19*** оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Хархорин сумын ***** цэцэрлэгт бага бүлгийн багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дамий тайж овгийн Түдэвваанчигийн Гантуяа /РД:ЙР86070204/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Гантуяа нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ***** цэцэрлэгийн байранд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хохирогч Д.Буяндалайг унтаж байхдаа “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Т.Гантуяагийн шүүх хуралдаанд өгсөн: ...Туслах багш байхгүй би ганцаараа ажиллаж байсан. Хүүхдүүд босох болсон байсан. Би *****г босоорой гэж хэлсэн босохгүй байхаар нь бие засчихсан байна даа гэж бодоод очсон чинь орондоо баачихсан байсан. Тэгээд нойлд ороод баасыг нь цэвэрлэж өмдийг нь угаасан. Би бөгсөн дээр нь орондоо бие зассан болохоор нь алгадсан. Миний буруу... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** шүүх хуралдаанд өгсөн: ...2022 оны 12 дугаар сарын 20-ны орой 17 цагаас хүүхдээ авах гээд цэцэрлэг дээр очсон. Хүүхдээ аваад малгайг нь өмсгөх гэтэл дух хэсэгт хөхөрсөн байсан. **** багшийг дуудаад хүүхдийн дух яагаад хөхөрсөн талаар асуутал тоглоомоо барьж гүйж яваад уначихсан гэхээр нь би багшид итгээд хүүхдээ аваад явсан. Орой нь гэртээ хариад мэдсэн. Өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөд биед нь ганц ч хөхрөлт, сорви байгаагүй. Одоогоор хумсны сорви нь арилаагүй цагаараад үлдсэн байгаа. Хүүхэд маань цэцэрлэгтээ явъя гэхээр орон доогуур орчихдог, явах маш дургүй болсон. Сэтгэл санааны хувьд дарамтанд орсон байх. Цаашид сэтгэл зүйчид үзүүлж эмчилгээ хийлгэнэ... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мэдүүлэг /хх-ийн 5, 29-32 дугаар хуудас/, Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 64 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** цэцэрлэгийн бага бүлгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 65-66 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд мөрийн баримт, Хархорин сумын **** багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-42 дугаар хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг **** цэцэрлэгийн байранд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хохирогч **** унтаж байхдаа “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Намайг очоод авах үед охин **** духны аль нэг талдаа тодоос тод хөхөрсөн байхаар нь би **** багшийг дуудаад асуухад надад хэлэхдээ тоглоомоо барьж гүйж байгаад унаад барьж байсан тоглоомондоо духаа цохчихсон гэж хэлсэн. Тухайн үед би багшийнх нь хэлсэн үгэнд итгээд л охиноо аваад гэр рүүгээ явсан. ...Гэртээ очсоны дараа 18 цагийн орчимд охин суултуур дээр сууж бие засаад бөгсийг нь арчих гэтэл өгзөг хэсэгтээ нилээн ягаарч, 2 бондгор гүвдрүү үүссэн байсан тул багш **** руу залгаж хэлтэл багш нь ирсэн. Ингээд **** багш ирээд уучлаарай миний буруу би туслах багш маань байхгүй ганцаараа байхдаа бухимдаад алгадчихсан юм, багш нь чихэр авч өгье гээд доромжлоод байхаар нь үнэхээр гомдсон. Хүүхдийг маань ингэж зодчихоод эвээр биш ийм үг хэлсэнд доромжилж байгаа юм шиг санагдсан. Ингээд би эмнэлэгт үзүүлье гэтэл миний өөрийн утас дугараад аваад ярих гэтэл **** багш хүнтэй битгий ярь гээд утсыг маань булааж аваад өгөхгүй байсан юм. Тэгээд би **** багшийг орхиод хүүхдээ аваад эмнэлэг рүү явж үзүүлсэн. ...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөө охиноо хувцаслахдаа хувцсыг нь сольсон юм, тэгэхэд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Хүүхдээ сэтгэл зүйчид үзүүлж эмчилгээ хийлгэнэ тиймээс цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Багшлах эрхийг нь хасаж өгнө үү... гэв. /хх-ийн 5, 29-32 дугаар хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай: “...1. Үзүүлэгч **** биед тархи доргилт, дух, хэвлий, баруун зүүн өгзөг хэсэгт цус хуралт хүзүү хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь өнгө шинж байдлаараа шинэ гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** цэцэрлэгийн бага бүлгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овгийн ******* биеэ хамгаалж чадахгүй, бага насны хохирогч ****** унтаж байхдаа “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргахгүй гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд би гэм буруутай гэв.
Шүүгдэгч ***** нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг **** цэцэрлэгийн байранд бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, биеэ хамгаалж чадахгүй, бага насны хохирогч **** унтаж байхдаа “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мэдүүлэг, шинжээч эмчийн *** дугаартай дүгнэлт, эд мөрийн баримт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь хүний бие махбодийн халдашгүй байдалд халдаж зодсон шууд санаатай нийгэмд аюултай үйлдлийн улмаас биеэ хамгаалж чадахгүй, 02 нас 01 сар 18 хоногтой бага насны хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хор уршигтай үр дагавар илэрч байх бөгөөд гэмт үйлдэл ба гэмт үр дагаварын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч **** хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ***** биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчээс Өвөрхангай аймаг руу явж шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардалд 120000 төгрөгийг төлсөн. Охин маань энэ гэмт хэргээс хойш хэсэг хугацаанд цэцэрлэгтээ явахгүй гээд уйлаад цэцэрлэгтээ яваагүй. Одооноос цэцэрлэгтээ явж байгаа. Охин минь юмнаас айдаг, цочдог байдал илрээд байгаа. Сэтгэл зүйчээс энэ байдлыг асуухад сэтгэл зүйчээс зөвлөгөө авах, үзүүлэх шаардлагатай гэсэн. Би хот явж сэтгэл зүйчтэй уулзаж хүүхдээ үзүүлнэ гэж бодож байгаа. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.
Шүүх хуралдаанд эмчилгээний зардалтай холбоотой баримтаа гаргаж ирүүлээгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хохирогч нотлох баримт гаргаж ирүүлээгүй тул шүүх хохирлыг тооцох боломжгүй учраас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Эрүүгийн хуульд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзулаас шүүгдэгчийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох дүгнэлт гаргасан байна.
Шүүгдэгч ***** нь Хархорин сумын **** цэцэрлэгт бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно гэж зохицуулсан тул багшлах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн ****** сургуулийн өмнөх насны боловсролын багшийн эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** сургуулийн өмнөх насны боловсролын багшийн эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийг хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овгийн ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн ******* сургуулийн өмнөх насны боловсролын багшийн эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** сургуулийн өмнөх насны боловсролын багшийн эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардалын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийг хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА