Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/222

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч И.Ганбат, Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Х.Анхцэцэг, иргэдийн төлөөлөгч Б.Ариунаа, А.Хоролханд, шүүгдэгч С.*********, түүний өмгөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ын *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001420 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ********* дүүргийн 2*********, *********т 11 дүгээр гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/134 тогтоолоор биелэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овгийн *********ын ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн *********, *********ны 20 тоотод “эхийгээ цохилоо” гэх шалтгаанаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж *********ын хэвлийд хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч, сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

.  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч С.*********: “...Тухайн өдөр *******, ********* бид гурав хамт архи ууж байсан, ээж нь архи ууж байгаад *******ыг яв зайл гэсэн, ******* ээжийгээ хоёр удаа цохиод авсан, тэрэнд нь миний уур хүрсэн, ээжийг нь өмөөрсөн, энэ хэрэгт гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээж байна, гэмшиж байна, хэрэг болохоос 10-аад хоногийн өмнө *******, ********* хоёр унтаж байгаад ******* ээжийгээ татаж чангаасан, оролдсон, ээжийнхээ өмд рүү гараа хийсэн байсан, энэ тухайн тэр өдөр *********аас сонссон байсан, тэр өдөр ээжтэйгээ ингэж хандсан нь уур хүрч эмзэглэж байсан. Ээжийгээ татаж чангаахад ээж нь уурлаад *******ыг ор луу нь хөөсөн, орондоо очоод унтсан тухай ярьсан. Тэр өдөр тэр асуудлыг сонсчхоод ээж рүүгээ дайраад цохиод авсан учир уур хүрсэн. Миний буруу, та бүхэн анзаарсан байх, өмнө шоронд явсан асуудал *********ыг хүн зодоход түүнийг өмөөрч ийм байдалд орсон. Шоронгоос гарч ирээд асуудал үүсгээгүй, сүүлийн 2 жилд ийм болчихлоо, асар их гэмшиж байна, шоронгоос гарч ирээд *********тай сайхан амьдарна гэж бодож байсан, өөрийнхөө ирээдүйг өөрөө баллачихлаа. Бид 5 жил гаруй хамт амьдарсан, *********тад 3-4 жил хамт амьдарсан, сая шоронд явахад бид нэг дороо байсан, ********* намайг шоронд ороод гарч ирэхэд хүлээж байсан, хамт амьдарна гэдэг, хүүхдүүд нь бид хоёрыг хүлээн зөвшөөрдөггүй. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд ажил хийж байгаад 10 дугаар сарын 27, 28-нд Улаанбаатар хотод ирсэн, *********тай хамт ирээд хамт байсан, тэнд архи ууж байгаад ийм асуудал болчихлоо. *******ыг *********ыг хүүхэд, хүү нь гэдгээр мэднэ, ганц нэг ажил дээр хамт ажиллаж байсан, өөрөөр хамт амьдарч байгаагүй. Хэрэг гаргах үед өглөөнөөс орой үдэш хүртэл 0,75 мл-ын Хараа архийг 3 шилийг уусан, хэрэг гарах үед *******, ********* бид гурав байсан, өөр хүн байгаагүй, хүн орж гараагүй. Болсон явдлыг санаж байна, төрсөн ээж рүүгээ дайрлаа гэж уурлаад маргалдсан, дайрсан, чамд хамаагүй гээд над руу дайрч байсан, хоорондоо маргалдаж байсан.

          Хутгалсныг сайн санахгүй байна, цэнхэр иштэй хутга байсныг *******тай маргалдахдаа хажуудаа тавьж байсан, сүүлд нь олдоогүй, ******* та намайг хатгачихлаа ш дээ гэж байсан, би шууд унтчихсан, хутгыг ******* гаргаж хаясан байх...” гэв.

 

          Иргэдийн төлөөлөгч Б.Ариунаа, А.Хоролханд: “...Шүүгдэгч С.********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, хичнээн согтуу байсан ч, уурласан байсан ч хүний биед хурц зүйлээр зооно гэдэг аюултай, тэр хүн үхэж ч болох байсан. ...Согтуу байсан ч хийсэн үйлдэл нь буруу байж болохгүй зүйл тул гэм буруутай гэж үзэж байна...” гэцгээв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн *********, *********ны 20 тоотод ээж *********ын хамт амьдардаг ба ээж нэг залуутай хамтран амьдраад 5-6 жил болж байгаа, бие биеийнхээ гэрээр ирэн очин байдаг. Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил амарсан учраас гэртээ байж байхад орой 19:00 цагийн үед ээж ********* хамтран амьдрагч *********той согтуу орж ирээд нэг шил хараа архи хуваагаад уусан. Би архинаас нь уугаагүй эрүүл саруул байсан бөгөөд зөрж гараад доод дэлгүүрээс 0,5 хараа архи аваад ганцаараа 6 дугаар байрны сааданд уучхаад 23:00 цагийн үед гэр лүүгээ орсон чинь ээж нэлээн согтуу намайг “Чи зайл, зүгээр зайл” гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд жоохон хатуухан зүй бус үг хэлсэн чинь залуу нь өмөөрч босож ирээд гэдэс рүү нэг зүйлээр хатгачихсан. Тухайн үед нээх өвдөлт мэдрээгүй буйдан дээр унтаад өгсөн. Өглөө сэрэхэд хэвлийгээр хөндүүр оргиод гараа хийж үзэхэд цус болсон бие өвдөөд босож чадахгүй болохоор нь түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. Ээжийн хамтран амьдрагч хатгасан, гэхдээ ямар хутгаар хатгасныг мэдээгүй. Манай гэрт нэг заазуур, хар иштэй хутга, цэнхэр иштэй хутга байх ёстой. Надад өөр ямар нэгэн хүн халдаж гэмтэл учруулаагүй. ...Тухайн үйл явдал гэрт буйдангийн урд болсон. Ээжтэй маргалдаж байхад хамтран амьдрагч нь ахын дүү ингэж болохгүй шүү гээд босож ирсэн, гэдсэнд нэг зүйл хүрэх шиг болсон анзаараагүй. Тэгээд унтаж амраад сэрэхэд гэдэс хөндүүр оргиод нил цус болсон байсан юм. Тухайн үед архи уусан байсан болохоор нээх мэдрэгдээгүй байх. Дээгүүрээ цээж нүцгэн байсан. ...Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтас хэргийн 16-18, 21-22 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнө 22 цагийн үед манай хажуу талын хана буюу *********ын гэр талд пид, пид гэсэн чимээ гарсан ...Маргааш өглөө би хаалгаа нээгээд харахад *********ын гэрт цагдаа ирсэн байхаар нь би ******* байна уу гэхэд цагдаа байна гэж хэлсэн. ...Би *******ыг эмчтэй хамт гарч байхаар нь яасан юм бэ гэж асуухад урьд шөнө би шаалгачихлаа гээд гараад явж байсан...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...бид гурав 3 шил архи нийтдээ уугаад байж байсан чинь ******* болж бүтэхгүй юм яриад суугаад байсан, ер нь жаахан архи уучихаараа авиргүй болчихдог. Тэгээд би *******т манай гэрээс зайл энэ тэр гээд хэлсэн чинь ******* намайг алгадсан, тэгээд би зөрүүлээд нэг алгадаад авсан, ********* болохоор бид хоёрын дундуур ороод та хоёр одоо боль гээд салгаад бид нар тайвширсан. ...өглөө сэрээд гадаа гарчхаад ороод ирэхэд *******ын хэвлий дээр цус тогтчихсон удсан байдалтай хатчихсан байсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч С.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний орой ...*********тай гэрт нь буюу нэхмэлийн 7-20 тоотод архи ууж байсан чинь *********ын хүү ******* гаднаас согтуу орж ирсэн, тэгээд би гаднаас нэг шил архи аваад *******, ********* нартай хуваагаад ууж авч ирсэн архиа ууж байтал ********* босож ирээд *******ыг алгадаад чи яв зайл архи гээд согтуу гэртээ орж ирсэнд нь уурласан тэгсэн чинь ******* ээжийгээ хоёр удаа алгадаад авахаар нь би төрсөн ээждээ гар хүрдэг ямар тэнэг хулгайч вэ гээд *******тай маргалдсан, тэгээд би гадагшаа гараад ахиад нэг шил архи авч ирээд *******, *********тай хувааж уусан, тэгээд би юу болсноо санахгүй байгаа бөгөөд унтаад өгснөө санаад байгаа юм. Би ерөөсөө тэр талаар санахгүй байгаа юм, бид гурав л унтаж байсан, гаднаас хүн амьтан орж ирсэн эсэхийг мэдэхгүй. Маргааш өглөө нь босоод ахиад нэг архи аваад *******, ********* бид гурав хувааж уусан. Тэгээд дахиад архи авах гэсэн чинь мөнгө байхгүй болчхоод эгч рүүгээ яриад банкнаас мөнгөө аваад ундаа, тамхи, архи аваад ирэхэд ******* байхгүй байсан, тэгээд удалгүй ******* гаднаас орж ирээд буйдан дээр суугаад байж байхад *******ын хэвлий хэсэгт цус гараад нөжрөөд хатчихсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15321 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. *********ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдсан шарх хэвлийн хөндийн цусан хураа /150 мл/ гэмтэл тогтоогдлоо.

2.6 Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх болможтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4.5 Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/, 

- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 5-10 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 11-13 дахь тал/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 71-94 дэх тал/,

- Шүүгдэгч С.*********ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 51 дэх тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 52 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 55 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 57-63 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1.      Шүүгдэгч С.********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн *********, *********ны 20 тоотод “эхийгээ цохилоо” гэх шалтгаанаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж *********ын хэвлийнд нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *********ын: “...Би Хан-Уул дүүргийн *********, *********ны 20 тоотод ээж *********ын хамт амьдардаг, ээж нэг залуутай хамтран амьдраад 5-6 жил болж байгаа, бие биеийнхээ гэрээр ирэн очин байдаг. Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил амарсан учраас гэртээ байж байхад орой 19:00 цагийн үед ээж ********* хамтран амьдрагч *********той согтуу орж ирээд нэг шил архи хуваагаад уусан. Би архинаас нь уугаагүй, эрүүл саруул байсан бөгөөд зөрж гараад доод дэлгүүрээс 0,5 архи аваад ганцаараа 6 дугаар байрны цэцэрлэгт уучхаад 23 цаг 00 минутын үед гэр лүүгээ орсон чинь ээж нэлээн согтуу намайг “Чи зайл, зүгээр зайл” гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд жоохон хатуухан зүй бус үг хэлсэн чинь залуу нь өмөөрч босож ирээд гэдэс рүү нэг зүйлээр хатгачихсан. Тухайн үед нээх өвдөлт мэдрээгүй буйдан дээр унтаад өгсөн. Өглөө сэрэхэд хэвлийгээр хөндүүр оргиод гараа хийж үзэхэд цус болсон, бие өвдөөд босож чадахгүй болохоор нь түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. Ээжийн хамтран амьдрагч хатгасан, гэхдээ ямар хутгаар хатгасныг мэдээгүй. Манай гэрт нэг заазуур, хар иштэй хутга, цэнхэр иштэй хутга байх ёстой. Надад өөр ямар нэгэн хүн халдаж гэмтэл учруулаагүй. Ээжтэй маргалдаж байхад хамтран амьдрагч нь ахын дүү ингэж болохгүй шүү гээд босож ирсэн, гэдсэнд нэг зүйл хүрэх шиг болсон анзаараагүй. ...Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтас хэргийн 16-18, 21-22 дахь тал/ гэсэн, гэрч Ц.*********ийн: “...Шөнө 22 цагийн үед манай хажуу талын хана буюу *********ын гэрт пид, пид гэсэн чимээ гарсан. ...Маргааш өглөө би хаалгаа нээгээд харахад *********ын гэрт цагдаа ирсэн байхаар нь би ******* байна уу гэхэд цагдаа байна гэж хэлсэн. ...Би *******ыг эмчтэй хамт гарч байхаар нь яасан юм бэ гэж асуухад урьд шөнө би шаалгуулчихлаа гээд гараад явсан...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн, гэрч Д.*********ын: “...Бид гурав нийтдээ 3 шил архи уугаад байж байсан чинь ******* болж бүтэхгүй юм яриад суугаад байсан, ер нь жаахан архи уучихаараа авиргүй болчихдог. Тэгээд би *******т манай гэрээс зайл энэ тэр гээд хэлсэн чинь ******* намайг алгадсан, тэгээд би зөрүүлээд нэг алгадаад авсан, ********* болохоор бид хоёрын дундуур ороод та хоёр одоо боль гээд салгаад бид нар тайвширсан. ...Өглөө сэрээд гадаа гарчхаад ороод ирэхэд *******ын хэвлий дээр цус тогтчихсон удсан байдалтай хатчихсан байсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн, шүүгдэгч С.*********ийн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний орой ...*********тай гэрт нь буюу нэхмэлийн 7-20 тоотод архи ууж байсан чинь *********ын хүү ******* гаднаас согтуу орж ирсэн, тэгээд би гаднаас нэг шил архи аваад *******, ********* нартай хуваагаад ууж байтал ********* босож ирээд *******ыг алгадаад чи яв зайл архи уулаа, согтуу гэртээ орж ирсэнд нь уурласан, тэгсэн ******* ээжийгээ хоёр удаа алгадаад авахаар нь би төрсөн ээждээ гар хүрдэг ямар тэнэг хулгайч вэ гээд *******тай маргалдсан, тэгээд би гадагшаа гараад ахиад нэг шил архи авч ирээд *******, *********тай хувааж уусан, тэгээд би юу болсноо санахгүй байгаа бөгөөд унтаад өгснөө санаад байгаа юм...” /1 дэх хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 15321 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: *********ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдсан шарх хэвлийн хөндийн цусан хураа /150 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн дүгнэлт, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 5-10 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 11-13 дахь тал/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 71-94 дэх тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч *********ын эрүүл мэндэд учирсан “хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдсан шарх хэвлийн хөндийн цусан хураа /150 мл/...” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч С.*********ийн түүний хэвлий рүү хутгаар хатгасан санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.*********ийн хохирогч *********ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тусгасан бөгөөд 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.********* нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийг эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  С.*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Ариунаа, А.Хоролханд нар шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэнийг шүүх хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч С.*********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.********* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч *********ын эрүүл мэндэд хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдсан шарх хэвлийн хөндийн цусан хураа /150 мл/ бүхий хүнд хохирол учирсан, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000001420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.*********ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч ********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *********ын *********ийг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*********ид шийтгэсэн 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*********ийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 2210000001420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.********* бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч ********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*********ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*********ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР

                                       

 

                                   ШҮҮГЧИД                                                     И.ГАНБАТ

 

                                   

                                                                                                            Д.ДОРЖСҮРЭН