Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2019/01557

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 27 өдөр         Дугаар 101/ШШ2019/01557             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 7 дугаар байр, 24 тоотод оршин суух, Олхонууд овогт Нарангэрэлийн Туул /РД:УЕ82070606/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 57, Баянзүрх дүүрийн Засаг даргын тамгын газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 4.814.953 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Туул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Туул миний бие нь 2009 оноос хойш тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүтцийн өөрчлөлт нэрий дор Засаг даргын Тамгын газрын даргын Б/103 тоот тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар миний бие нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Амартүвшин/-ын Б/103 дугаар бүхий хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0522 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0572 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Тус шийдвэр болон магадлалаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгасан байдаг. Уг шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилох тушаал гарсан тул зөрүү сарын цалин буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны /ажлын 143 хоног/ цалин 4.814.953 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, улсын тэмдэгтийн хураамж 162,190 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тус шүүхэд хянагдаж байгаа Н.Туулын нэхэмжлэлтэй, Банязүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд ажилдаа эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх нийт 7 сарын цалин буюу 4.814,953 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 162.190 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дээр нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0522 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0572 дугаар магадлалаар З.Пүрэвдорж, Н.Туул, П.Эрдэнэцэцэг, Ц.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээр Н.Туулын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин болох 10.403.242 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн ба 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг.

Үүний дагуу дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Б85 дугаар тушаалаар Н.Туулыг тус дүүргийн Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ургамал хамгаалал, мал аж ахуй хариуцсан мэргэжилтнээр томилсон ба ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 08 дугаар сар хүртэлх бүх хугацааны нөхөн бичилтийг хийсэн ба ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 9.381.101 төгрөгөөс 6.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Туулын харилцах дансанд тушаасан.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж холбогдох ажиллагааг хийн шүүхийн шийдвэрийн үлдэгдэл олговрыг олгохоор ажиллаж байгаа бөгөөд дахин 7 сарын цалин буюу 4.585.815 төгрөгийг гаргах үндэслэлгүй, мөн боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Туул нь ажилгүй байсан хугацааны цалин 4.814.953 гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар шүүхийн шийдвэрийг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/103 тоот тушаалаар Н.Туулыг эрүүл орчны  асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ.

 

Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр Н.Туулыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль хамгаалал, орчны бохирдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10.406.975 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 572 дугаар магадлалаар Н.Туулд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар Н.Туулыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ургамал хамгаалал, мал аж ахуй хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан байна.

 

Иймд Н.Туулын ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 сар ажлын 1 өдрийн нөхөх олговрыг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Н.Туулын нэг сарын дундаж цалин хөлсийг 740.763 төгрөг байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацаа буюу 7 сар ажлын 1 өдрийн цалин хөлсөнд 5.219.795 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тасгын газраас гаргуулж түүнд олгох нь зүйтэй байна.

/740.763 х 7сар = 5.185.341 төгрөг, 740.763:21,5=34.454 ажлын нэг өдрийн дундаж цалин, 5.185.341+34.454=5.219.795 төгрөг/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Н.Туулын Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 5.219.795 төгрөг гаргуулж, Н.Туулд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Н.Туулын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168.666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Туулд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119, 119.4, 119, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО