Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч  Ховд  аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор Т.Өсөхболд, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 23300000032 дугаартай 178/2023/00/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн  мэргэжилтэй, Ховд аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт барилгын хяналтын инженер ажилтай, ам бүл-3, эхнэр,  хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн айлын орон сууцны тоотод оршин суух,  аминдаа  суудлын авто машин  нэг,  хүнсний дэлгүүрийн барилга нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг,  урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******, ******* ургийн овогт ******* *******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 05 дугаар /Буянт/ багийн нутаг дэвсгэрБуянт голын хөвөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай маргалдаж, түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, дээд эгнээний зүүн 1-р шүдний хугарал, 2-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (XX-ийн 02 дугаар тал)

2. Хохирогч *******ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (XX-ийн 03 дугаар тал)

3.Мөрдөн шалгах ажиллагаанд *******ын хохирогчоор өгсөн...  “Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гадуур өөрийнхөө машинаар таксинд явж байхад манай найз болох ******* над руу залгаад “чи хүрээд ир, хоёулаа уулзъя” гэж ярихаар нь очсон. Бид хоёр уулзаад ******* дэлгүүрээс 1 том савтай ундаа, 1 шил 0,5 граммын “Ерөөл” нэртэй архи авч гарч ирээд “гол гарч юм ярьж сууя” гэж хэлсэн.  Би зөвшөөрөөд цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд Буянт голын хөвөөнд очсон. Бид хоёр архиа хувааж уугаад сууж байгаад маргалдсан.  Ц.Баяр- Угтах машинаас буугаад намайг барьж аваад заамдахаар нь хавсарч унагаасан. Дараа нь ******* босож ирээд “яаж байгаа юм” гэж хэлээд зогсож байгаад гэнэт миний ам руу гараараа цохиход миний үүдэн нэг шүд хугараад, нөгөө нэг шүд нь эмтэрсэн. Тухайн үед салаад явцгаасан. Маргааш нь бид хоёр уулзаад ******* миний шүдийг янзалж өгөхөөр болоод цагдаад хэлээд хэрэггүй гэж хэлсэн. Би *******ыг шүд янзалж өгөх байх гэж хүлээсэн боловч янзалж өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” ... гэх  мэдүүлэг (XX-ийн 7 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн...  “2022 оны 11 дүгээр сарын 30-ны орой гэртээ байхад манай найз ******* над руу залгаад “наадмын талбайн хойд талд байна, ирээд машин бариад яваадах” гэж хэлээд дуудахаар нь би такси бариад очсон. Намайг очих үед *******, ******* нар нэлээн согтуу, хоорондоо маргалдсан байдалтай байсан. Би *******аас юу болсон талаар тодруулахад “******* намайг түлхэж унагаахаар нь уур хүрээд нэг удаа цохилоо, өөр ямар нэгэн зүйл болоогүй” гэж хэлсэн. Би *******, ******* хоёрыг гэр гэрт нь хүргэж өгчхөөд өөрөө такси бариад харьсан.”  ... гэх  мэдүүлэг (XX-ийн11 дүгээр  тал)

4. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 85 дугаартай “... *******ын биед гэмтэл учирсан байна. *******ын биед дээд эгнээний зүүн нэгдүгээр шүдний хугарал, хоёрдугаар шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******ын биед учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.52.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.” гэх дүгнэлт (XX-ийн 17-18  дугаар тал)

5. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ын  хэргээ хүлээн мэдүүлсэн...  “Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  17 цагийн орчимд  ажлаасаа гараад найз болох ******* руу утсаар залгаад “хүрээд ир” гэж хэлээд дуудсан. Удалгүй ******* ирээд хамт машинтай нь яваад дэлгүүрээс 0,75 граммын хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи аваад гол руу явж уусан. Бид хоёр юм яриад шилтэй архиныхаа талыг ууж байгаад үгийн зөрүүнээс болоод маргалдсан. Тэгээд машинаас буугаад ******* намайг түлхээд унагаахаар нь би босоод *******ыг гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр учир зүйгээ олоод машиндаа суугаад архиа уугаад явахаар болсон. Би найз дуудаж машин бариулаад гэр гэртээ хүргүүлж амарсан. Ердөө ийм л зүйл болсон. Тухайн үед ******* шүдээ унасан талаар янз бүрийн зүйл яриагүй. Хэрэг учрал болсны маргааш нь *******тай уулзахад “чи өчигдөр намайг цохиод шүд унагаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаад шүдний мөнгийг нь өгөхөөр болоод салсан. Тухайн үед мөнгө муутай байсан болохоор “хэд хоног хүлээж бай” гэж хэлэхэд ******* “за” гэж хэлээд явсан. Би мөнгөө өгч чадаагүй байж байтал ******* цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан.” ...   гэх  мэдүүлэг (XX-ийн 38-39 дүгээр  тал)

6. Иргэн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 02 дугаар сарын 03ы өдрийн прокурорын тогтоол (XX-ийн 32-34 дүгээр тал)

7. Яллагдагч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, (XX-ийн 22 дугаар тал)

8. ПЮ 95071111 дугаарын регистртэй ******* овогт Цээпэлийн Баяр- Угтах нь  ... Ховд аймаг Жаргалант сумын Магсаржав багийн  айл тоотод оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (XX-ийн 13 дугаар тал)

9. ПЮ 95071111 дугаарын регистртэй ******* овогт Цээпэлийн Баяр- Угтахын иргэний үнэмлэхийн лавлагаа (XX-ийн 14 дүгээр тал)

11. ПЮ 95071111 дугаарын регистртэй ******* овогт Цээпэлийн Баяр - Угтахын эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (XX-ийн 30 дугаар тал)

10. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн... Бид хоёр архи ууж байгаад маргалдсан. Тэгээд нүүр лүү цохисон. Нэг шүд унасан. Шүд хийлгэх зардалд 1000000 төгрөг төлсөн. Дахин нэг сая төгрөгийг төлж өгөхөөр тохиролцсон байгаа ... гэх мэдүүлэг

11. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ын өгсөн... Бид хоёр архи ууж байгаад маргалдсан. Би хавсарч унагасан. миний нүүр лүү цохисон. Шүд хийлгэх болон эмчилгээний зардалд 2 сая төгрөг гарсан байгаа. Нэг сая төгрөгийг төлсөн.  Нэг сая төгрөгийг  төлнө  гэсэн. Одоо нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй ...  гэх мэдүүлэг зэрэг болно.  

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо  агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

2. Шүүгдэгч ******* ******* нь  2022 оны 11 дүгээр сарын 30- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын  Буянт багийн нутаг Буянт голын хөвөөн хохирогч *******тай архи ууж байгаад маргалдаж, *******ыг хавсарч унагалаа гэх шалтгаанаар түүний ам руу цохиж, *******ын эрүүл мэндэд  дээд эгнээний зүүн нэгдүгээр шүдний хугарал, хоёрдугаар шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл учирсан  хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Хохирогч *******ын биед учирсан... дээд эгнээний зүүн нэгдүгээр шүдний хугарал, хоёрдугаар шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

4. Шүүгдэгч ******* нь  хохирогч *******ын ам руу нь гараараа цохиж халдахдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... дээд эгнээний зүүн нэгдүгээр шүдний хугарал, хоёрдугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

5. Шүүгдэгч ******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа “хавсарч унагаалаа”  гэж хохирогч *******ын ам руу гараа цохисон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... дээд эгнээний зүүн нэгдүгээр шүдний хугарал, хоёрдугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх  гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

6. Мөн шүүгдэгч *******ын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

7. Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

8. Шүүгдэгчийн архи уусан, бусдыг хүндлэхгүй, хүлээцгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 22 дугаар тал дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Сэргэлэнбаатарын өгсөн ...Би *******тай  2013 оноос хойш танилцаж, нэг нэгнийгээ мэдэж, мэнд мэдэлцэж, найзалж нөхөрлөж ирсэн. Одоо нэг байгууллагад хамт ажиллаж байгаа. ******* нь эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Эх, эцгээсээ ах, дүү 3-уулаа бөгөөд айлын бага хүүхэд. Аав нь БОЭТ-д эмч ажилтай, ээж нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, боломжийн амьдралтай хүмүүс байдаг. ******* нь манай байгууллагад барилгын хяналтын инженерээр ажилладаг. Эхнэр нь Төрийн банкны Ховд салбарт теллер ажилтай. ******* нь хамт олон болон найз нөхөд, гэр бүлийнхээ дунд нэр хүндтэй, амьдралын төлөө зүтгэдэг, ямар нэг  муу зуршилгүй, хааяа хамт олноороо архи уухад тааруулаад уучихдаг хүн ...  гэх мэдүүлэг, гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн... Би Ц.Баяр- Угтахыг  2022 оны 10 дугаар сараас  манайд ажил орсноор найзалж нөхөрлөж байна. Ц.Баяр- Угтах нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Ц.Баяр- Угтах нь нийтэч,  нөхөрсөг, тусархаг, ажилч хичээнгүй, ажилдаа хариуцлагатай, даруу төлөв зантай, уурлаж бухимдаад байдаггүй тийм хүн байгаа ... гэх мэдүүлэг ПЮ 95071111 дугаарын регистртэй ******* овогт Цээпэлийн ******* нь  ... Ховд аймаг Жаргалант сумын Магсаржав багийн  айл тоотод оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (XX-ийн 13 дугаар тал),  ПЮ 95071111 дугаарын регистртэй ******* овогт Цээпэлийн *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (XX-ийн 14 дүгээр тал),  ПЮ 95071111 дугаарын регистртэй ******* овогт Цээпэлийн Баяр - Угтахын эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (XX-ийн 30 дугаар тал) зэрэг баримтууд авагдсан байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч ******* нь “******* нь 1000000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 1000000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн”  гэж  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол, хор уршигт тооцож, 1000000 төгрөгийг төлсөн  нь тогтоогдож  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

3. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид хохирол, хор уршигт тооцож эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг төлсөн,  сарын өрхийн орлого 1500000 төгрөгийн орлого олдог зэрэг болон улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан  зэргийг  харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ад мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  нэг сая төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1000000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын  хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч  *******ад тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Харин шүүгдэгчээс:Улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг багасгаж оногдуулж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь: Шүүгдэгч Ц.Баяр- Угтах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ хохирогчийг хавсарч унагасан гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд дээд эгнээний зүүн нэгдүгээр шүдний хугарал, хоёрдугаар шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтлийг санаатай учруулсан байх тул  гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал зэрэгт  улсын яллагчийн зүгээс хуульд заасан нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирсон гэж шүүх үзсэн болно.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  ******* нь шүүгдэгч ******* 1000000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн, цаашид шүд хийлгэх шаардлагатай байгаа тул 1000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд төлөхөөр тохиролцсон... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч ******* нь хохирогч  *******т хохирол, хор уршигт тооцож 1000000 төгрөг төлсөн гэж үзнэ. 

2.Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 23300000032 дугаартай  хэрэгт шүүгдэгч нь хохирогчид 1000000 төгрөг төлсөн, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй , битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

3.Шүүгдэгч *******ад шүүхээс торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1000000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 23300000032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******ад тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА