Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2019/01560

 

 

2019 оны 05 сарын 27 өдөр

   Дугаар 101/ШШ2019/01560

Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

    

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоот, “ЕсШ” ХХК-ийн /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, Батсүхийн Эад /РД: 00000000/ холбогдох

13.987.023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЕсШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг,

Хариуцагч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “ЕсШ” ХХК-ийн захирал М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Зээлдэгч Б.Э нь 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр манай компанитай ******* тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, ниссан патрол маркийн ******* ******* улсын дугаартай авто машины эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлж унаж явах нөхцөлтэй барьцаалан 9.000.000 төгрөг зээлсэн.

            Б.Эад зээл, хүүгээ төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсээр зээлийн гэрээний хугацааг 292 хоног хэтрүүлсэн ба үндсэн зээл 9.000.000 төгрөгөөс 317.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 8.683.000 төгрөгийг төлөөгүй.

            2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл гэрээгээр тогтоосон хугацааны үндсэн хүүнд 3.714.523 төгрөг төлөхөөс 2.632.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 1.082.523 төгрөгийг төлөөгүй.

            2018 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны алданги 7.606.308 төгрөг боловч алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн тооцоход 4.341.500 төгрөг болж байх ба алдангид 200.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4.141.500 төгрөгийг төлөөгүй. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас барьцааны авто машиныг ачсан ачилтын төлбөр 80.000 төгрөгийг мөн төлөөгүй. Б.Эын барьцаалсан авто машиныг манай компани 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан.

            Иймд Б.Эаас үндсэн зээлийн үлдэгдэл 8.683.000 төгрөг, зээлийн хүү 1.082.523 төгрөг, алданги 4.141.500 төгрөг, ачилтын 80.000 төгрөг, нийт 13.987.023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

           

            Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр тус компаниас 9.000.000 төгрөгийг жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. 12.000.000 төгрөгийг 6 сарын дотор төлөх саналтай байна.

            Зээл авсны дараа компанийн эдийн засагч сард 1.000.000 орчим төгрөг төлнө гэхээр нь би цаашид  энэ хэмжээний мөнгийг төлж чадахгүй учраас барьцаанд тавьсан машиныг зээлийн төлбөрт суутгаж авах байх гэж бодоод зээлийг төлөөгүй.

            Анхнаасаа машиныг хураан авч өр төлбөрийг дуусгасан бол энэ их хэмжээний хүү, алданги тооцогдохгүй байсан. Гэхдээ миний хувьд зээл авсан нь үнэн учраас нэхэмжилж байгаа 13.987.023 төгрөгөөс 500.000 төгрөг хасаж 13.487.023 төгрөг төлж болох юм. Гэхдээ эхний ээлжинд машинаа барьцаанаас чөлөөлж авмаар байна гэв.

          

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ЕсШ” ХХК нь хариуцагч Б.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 13.987.023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          /Үндсэн зээл 8.683.000 төгрөг, зээлийн хүү 1.082.523 төгрөг, алданги 4.141.500 төгрөг, машин ачилт 80.000 төгрөг, нийт 13.987.023/

 

Б.Э нь 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр “ЕсШ” ХХК-тай зээлийн болон барьцаааны гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэн өөрийн өмчлөлийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсад орж ирсэн, ниссан патрол маркийн, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан нь дээрхи гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

  Дээр дурьдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 4-13 дугаар тал/

 

Хариуцагч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлэнд 317.000 төгрөг, зээлийн хүүнд 483.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн хүүнд 500.000 төгрөг,  2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 388.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 461.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр алдангид 200.000 төгрөг тус тус төлсөн байх ба тэрээр үүнээс хойш хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 12-13 дугаар тал/

 

Зээлдэгч Б.Э нь 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч “ЕсШ” ХХК түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “Зээлдэгч нь зээлдүүлэгчээс зээлж авсан төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буцааж төлөх үүрэгтэй ба хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө” гэж заасны дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Эын гүйцэтгэх ёстой үүрэг үндсэн зээл 8.683.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацааны хүүгийн үлдэгдэл төлбөр 1.082.523 төгрөг, алданги 4.141.500 төгрөг, нийт 13.907.023 төгрөг байна.

 

2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т “Зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүйгээс холбогдон гарсан бүхий л зардал авто машин ачилтын төлбөр, авто зогсоолын түрээсийн төлбөр, мөн авто машины татвар, торгуулийн төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал, эрэн сурвалжлахын зардал гэх мэт зардлыг зээлдүүлэгч талд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь машин ачилтын төлбөр 80.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хэргийн 16 дугаар талд авагдсан борлуулагч “Бат Зэв” ХХК, худалдан авагч “ЕсШ” ХХК гэсэн 80.000 төгрөгийн төлбөрийн баримт нь ямар ажил, үйлчилгээний төлбөр болох нь тодорхой бус байх тул уг мөнгийг машин ачилтын төлбөр гэж үзэн хариуцагч Б.Эаас гаргуулах боломжгүй.

 

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 13.907.023 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЕсШ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 80.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зээлдүүлэгч “ЕсШ” ХХК нь барьцааны хөрөнгө болох ******* ******* улсын дугаартай, ниссан патрол маркийн авто машиныг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон     

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 13.907.023  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЕсШ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 80.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ЕсШ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 227.485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЕсШ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.САРАНГҮН