Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/69

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 22 өдөр                               2019/ДШМ/69                                                                Зуунмод

 

                                               Б.Т-д холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Шүүгдэгч Б.Т,

Нарийн бичгийн дарга Э.Билгүүн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 437 дугаар шүүгчийн захирамжтай Б.Тод холбогдох 1934002370155 дугаартай 1 хавтас 120 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар багийн 9-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн

Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний гаран тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 437 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Батболдын Төрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр хутга 1 ширхэгийг хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн 1934002370155 дугаартай хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 150 дугаартай яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлснийг, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Тод холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл хэсгийг ноцтой зөрчсөн талаар тодорхой дурьдаагүй байна.

Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шинжээчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагч Б.Тын мэдүүлэг, яллагдагчийн хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх нотлох баримтуудад хуулийн зүйл заалтыг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн яллагдагч Б.Т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Нармандах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцох талаар мөрдөгчийн санал гаргаж мөн өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу эд мөрийн баримтыг хураан авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон байна.

Дээрх ажиллагааг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ... гар зураг үйлдэх... зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ” гэх хуулийн заалтын дагуу гар зураг үйлдэж, хэрэгт хавсаргасан байна.

Хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон яллагдагч Б.Тын үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг бичгийн нотлох баримтуудаар Б.Т нь хутгаар 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт Д.Энхбатын гаран тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байхад шүүгчийн захирамжид заасан “хохирогч Д.Энхбатын биед хайч, хутга хоёрын алинаар нь гэмтэл учруулсан болохыг тогтоох” гэсэн үндэслэлийг хүлээн авч шалгах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шинжээч эмч Б.Эрхэмбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын дагуу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд мөрдөгч хойшлуулахгүйгээр 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буюу амралтын өдөр шинжээч томилох тогтоолыг үйлдэж 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, үзлэг хийж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн жишиг хугацаа тогтоох тухай тушаалд хүний биед хийх шинжилгээ ажлын 3 хоног, нэмэлт шинжилгээнд явуулсан бол ажлын 3 хоног дээр 5 хоног байхаар зохицуулсан бөгөөд шинжээч эмч Э.Эрхэмбаярыг үндэслэлгүйгээр хугацаа алдаж, дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар гомдол гаргаагүй байна.

Мөн шинжээчийн 186 дугаартай дүгнэлтэд “Д.Энхбатын биед баруун шууны судас, мэдрэлийн бүрэн тасрал, шарх, зүүн бугалаа шарх” гэмтэл тогтоогдсон ба энэ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тодорхой тусгасан байхад шүүгчийн захирамжид “Хохирогч Д.Энхбатын зүүн бугалгад учирсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодруулах” гэсэн үндэслэл нь ойлгомжгүй ба шүүх шаардлагатай гэж үзвэл шинжээч эмчийг хуралдаанд оролцуулж, гаргасан дүгнэлтийг тайлбарлуулж, шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах талаар зохицуулжээ.

Хэрэгт цагдаагийн дэслэгч Г.Анхбаяр зөрчил шалгах явцдаа Д.Энхбатаас хохирогчоор мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлд хамаарахгүй болно.

Шүүгчийн захирамжид заасан бичиг техникийн алдаатай нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэх, шүүгдэгчид ял оногдуулахад сөргөөр нөлөөлөхүйц, зөрүүтэй хууль зөрчсөн, мөн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хангаагүй, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичиж хүргүүлэв.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийг хутгалсны улмаас хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн, хэргийг шийдэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан тайлбар, саналдаа: Процессын алдаа мөн тул хэргийг прокурорт буцааж, Б.Тыг батлан даалтад гаргаж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журам зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж, Б.Тод холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Төв аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Т согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 17-нд шилжих шөнө Д.Энхбаттай маргалдаж түүний гаранд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-2/, эд мөрийн баримтаар тооцох, таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-20, 41/, яллагдагч, хохирогч, гэрч,  шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24, 26, 27, 29, 40,43/, хэргийн материал болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-67,68,33,39/ -д “Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг...” гэж бичсэнийг буруутгах, түүнчлэн Эрүүгийн хуулинд байхгүй зүйл заалт бичсэн гэж үзэх үндэслэлгүй байна. “...2 дахь хэсгийн” гэж бичээгүйгээрээ хэргийн зүйлчлэл тодорхой бус, ойлгогдохгүй байдал үүсэхгүй ба дээрх бичилтийг Эрүүгийн хуульд байхгүй зүйл, заалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг хаана үйлдэгдсэн”-ийг шалгасан, нотолбол зохих байдлыг тогтоосон, хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, прокурорын яллах дүгнэлтэд энэ байдал тодорхой тусгагдсан байна. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт /хх-01/ хэрэг учрал Төв аймгийн Зуунмод сумын хэддүгээр багт болсныг дурьдаагүй нь шүүх хэргийг шийдвэрлэхэд саад болох, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал биш байна.

 

- Б.Т хохирогч Д.Энхбатын баруун шуу, зүүн бугалагт хутгалсаны улмаас хохирогчийн биед баруун шууны судас, мэдрэлийн бүрэн тасрал, шарх, зүүн бугалагт шарх бүхий гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах нь №186 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-32/-ээр тогтоогдсон байна. Иймд хохирогчийн зүүн бугалагт учирсан шарх гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг шалгах шаардлагагүй.

 

- Хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд хутганы хэмжээ, шинж байдлыг тусгаагүй /хх-21/ нь буруу байна. Харин эд мөрийн баримтаар хураагдсан уг хутгыг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга мөн эсэхийг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлаж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна

Түүнчлэн эд мөрийн баримтаар хутга, хайчны алиныг тооцсон болох /хх-20/, зөрчлийн хэрэг нээсэн огноо зөрүүтэй бичигдсэн, гэрчээс авсан  мэдүүлэгт гарын үсгийн тайлал буруу бичсэн, шинжээчийн дүгнэлт ямар учраас хугацаандаа гаргаагүй болох,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хугацаандаа явагдсан эсэхийг шалгах зэрэг шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна.

Дээрх байдлаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журам зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  гэх үндэслэлээр  хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримт болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

Харин мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлэн явуулах, хуулийн хэрэгжилтэнд тавих прокурорын хяналтыг сайжруулахад прокурорын байгууллага цаашид анхаарч ажиллах шаардлагатайг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн удиртгал хэсэг болон захирамжлах хэсгийн 1 дэх заалтанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар...” гэж хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Б.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 437 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Тод холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 33 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд Б.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.