| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 111/2024/0080/З |
| Дугаар | 221/МА2025/0321 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0321
Т.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,
Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г,
Гуравдагч этгээд М.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар М.Н-ыг томилох тухай” захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Б, өмгөөлөөгч П.Ө
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,
Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 111/2024/0080/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б-аас Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар М.Н-ыг томилох тухай” захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.5.2, 56.5.3, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар М.Н-ыг томилох тухай” захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгаж,
3 дахь заалтаар: Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дүгээр захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/05 тоот тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдэж,
4 дэх заалтаар: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногт багтаан Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг зохион байгуулж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг дахин явуулахаар тус тус шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-д “Улсын Их Хурал дахь нам эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал” нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн албан хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заасны дагуу аймгийн Монгол Ардын намын Хэрэг эрхлэх гарын даргын үүрэгт ажлыг 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 12 сар хүртэл томилогдон хийсэн гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа болон аймгийн Монгол Ардын намын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон шийдвэрийг үндэслэн 16 сар буюу 1 жил 4 сар ажилласан гэж үзсэн.
Мөн Төрийн албанд ажилласанд тооцох тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.3-т “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан хугацаа”-г төрийн албанд ажилласан хугацаанд тооно гэж заасныг анхаарах шаардлагатай байсан гэж үзэж байна.
Ингээд М.Н нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 24 сар буюу 2 жил, аймгийн Монгол Ардын намын Хэрэг эхлэх газрын даргар 16 сар буюу 1 жил 4 сар нийт 3 жил 4 сар төрийн албанд ажилласан гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтын дагуу Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... иргэн Т.Б-ийн нэхэмжлэлтэй “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар М.Н-ыг томилох тухай” захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх явуулахдаа хариуцагчаар байгаа Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г миний биеийг оролцуулахгүйгээр явуулсан. Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас яаралтай Улаанбаатар хот руу явах болж 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралд оролцох боломжгүй болсон. Иймд шүүх хуралдаанд биечлэн оролцох өөрийн хүсэлтийг гараар бичиж өгсөн бөгөөд тухайн үед Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан хэвлэмэл хуудас авах боломжгүй байсан. Гэтэл миний өмгөөлөгчөөрөө дамжуулж өгсөн “шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзалгүй шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Шүүх хуралдаанд хариуцагч миний биеийг биечлэн оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Намайг хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй шүүх хуралдааныг хийсэн. Миний бие нь тухайн шүүх хуралдаан дээр хэлж ярих нэлээдгүй асуудлууд байсан мөн тодорхой нотлох баримтууд гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж миний биечлэн оролцох эрхийг хангалгүй орхиж нотлох баримтууд гаргаж өгөх эрхийг ч хязгаарласан байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдаж, тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29 суудалд Ардчилсан намаас 16 суудал, Монгол Ардын намаас 13 суудал авч улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-т заасны дагуу сумын Сонгуулийн хорооны шийдвэрээр Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдуулсан.
Тус хуралдаанаар шинээр сонгогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г нь тодорхой шалтгааны улмаас Анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үргэлжлүүлэн хуралдуулахаар шийдвэр гаргасан. Ингээд 2024 оны 11 сарын 14-ний өдрийн хуралдаанд 28 төлөөлөгч танхимаар, 1 төлөөлөгч (АН-ын бүлгийн төлөөлөгч Н.Г гадаадад сургалтад хамрагдахаар явсан байсан) цахимаар оролцсон.
Тус хуралдаанаар Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтын дагуу МАН-ын бүлгээс миний бие М.Н, АН-ын бүлгээс Т.Б, заалнаас төлөөлөгч Д.Ц нарын нэрийг тус тус дэвшүүлсэн. Тооллогын комисс тухайн үед 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд комисст төлөөлөгч Д.И, Ж.Г, Н.З, А.Г, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ж.Б нарын бүрэлдэхүүнтэй байсан.
Ингээд хуралдаанд оролцож байсан 29 төлөөлөгчдөөс цахимаар оролцож байсан Н.Г санал хураалтад оролцохгүй гэснээр сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад 28 төлөөлөгч санал өгсөн бөгөөд санал хураалтад оролцсон 28 төлөөлөгчөөс нэр дэвшигч М.Н миний бие 14, нэр дэвшигч Т.Б 13 хүний санал авч, нэг саналын хуудас хүчингүй болж олонхын санал авсан.
Хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 51,8 хувийн санал авч миний бие М.Н-ыг “Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/05 дугаар тогтоолыг баталж, аймгийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16/64 дугаар албан бичгээр уламжилсан.
Улмаар миний бие М.Н нь аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дүгээр захирамжаар Баянхонгор сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Тус захирамж болон Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний 1/05 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан захиргааны хүчин төгөлдөр акт гэж үзэж байна.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр шийдвэрээр миний М.Н-ыг төрийн албанд 3 жил ажиллаагүй буюу ажилласан жил хүрээгүй гэж үзсэн шийдвэр гаргасан байна.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн улс төрийн албан тушаалыг тодорхойлон заасан байдаг. Миний бие нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт 2019 оны 12 дугаар сард, Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл, аймгийн Монгол Ардын намын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлыг 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 12 сар хүртэл тус тус хашиж байсан. Ингээд нийтдээ төрийн албанд 39 сар буюу 3 жил 3 сар ажилласан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.3-т “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан хугацаа”-г төрийн албанд ажилласан хугацаанд тооцно гэж заасан байдаг. Хуулиар зохицуулаагүй асуудлыг журмаар зохицуулан хэрэгжүүлдэг гэж би ойлгож байна. Тус журмыг зөвхөн тэтгэвэрт гарахад дүйцүүлэн тооцохоор баталсан бол журмын 3 дугаар зүйл нь өөрөө “Төрийн албанд ажилласанд тооцох тухай” гэсэн ерөнхий бүлэг юм. Мөн журмын 3.1.3-т заасан заалт нь тэтгэвэр тогтоолгоход биш Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад ажиллаж байсан албан хаагчийг төрийн албанд шилжин ажиллахад хэрэглэх заалт бөгөөд хэрвээ тэтгэвэрт гарахад хэрэглэх заалт байсан бол “шилжин ажиллахад” гэж тус журамд заахгүй байсан гэж үзэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж тодорхой заасан байна. Үүнээс үзвэл миний бие төрийн албанд 39 сар буюу 3 жил 3 сар, улсад нийт 40 сар буюу 3 жил 4 сар ажилласан байна.
Мөн Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ж нь 2012 онд аймгийн Засаг даргаар томилогдон ажиллахад төрийн албанд ажилласан хугацаа хүрээгүй гэх асуудлаар шүүхийн маргаан үүсэж, түүний улс төрийн намд орон тооны албан тушаал эрхэлсэн хугацаа болон цэргийн дүйцүүлэх алба хаасан хугацааг шүүх төрийн алба хаасан хугацаанд тооцон шийдвэр гарган ажиллуулж байсныг миний бие сайн санаж байна. Шүүх иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэр гаргах, эрх тэгш хандах үүрэгтэй.
Гэтэл тус шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьж миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна. Тус асуудлаас үүдэн миний нэр төрд халдсан үйлдлүүд цахимаар болон байгууллага хамт олны дунд нэлээдгүй олон удаа гарсан тул гомдолтой байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Дараах үндэслэлээр хариуцагч нарын төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч Т.Б-аас “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар М.Н-ыг томилох тухай” захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Анхан шатны шүүхээс, Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, “...хамгийн олон санал авсан М.Н, Т.Б нарыг дахин нэр дэвшүүлж, олонхын санал авсан төлөөлөгчийг Засаг даргад нэр дэвшүүлэх байсан иймд санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхын санал аваагүй нэр дэвшигч М.Н-ыг олонхын санал авсан гэж үзэж, нэр дэвшүүлсэн нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-т заасныг зөрчсөн байна. ...М.Н нь улсад нийт 3 жил 4 сар ажилласан байна. Улсад ажилласан нийт жилийг төрийн албанд, төрийн албан хаагчаар ажилласан гэж үзэхгүй ...аймгийн Засаг дарга нь захирамж гаргахдаа олонхын санал авсан эсэх, ... Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан болзол шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь ... нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ...Засаг даргаар томилогдох эрхгүй хүнийг томилсон байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
2.3. Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:”, 56.3.2-т “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:”, 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана;”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;”, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;”, 56.5.4-т “нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх.”, 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж тус тус заажээ.
2.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд нийт 29 төлөөлөгч оролцсон /Төлөөлөгч Н.Г нь цахимаар оролцсон/ бөгөөд сумын Засаг даргад М.Н, Т.Б, Д.Ц нар нэр дэвшин өрсөлдөж, санал хураалтад 28 төлөөлөгч оролцсоноос М.Н 14, Т.Б 13 санал авч, хүчингүй 1 саналын хуудас гарсан.
Гэтэл нэр дэвшигчдийн хэн нь ч хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал аваагүй байхад хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулалгүйгээр шууд М.Н-ын нэрийг дэвшүүлсэн нь дээр дурдсан Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3, 56.5.4-д заасныг зөрчжээ.
2.5. Мөн 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 1994 оны Төрийн албаны тухай хууль /2002 онд хүчингүй болсон/-ийг дагаж мөрдөхтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль юм.
Харин Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” нь уг журмын 1.1-д зааснаар “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход” мөрдөгдөх тул дээрх 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын зохицуулалтыг үндэслэн гуравдагч этгээд М.Н-ын Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн албаны аль ч ангилалд хамаарахгүй буюу Баянхонгор аймгийн Монгол Ардын намын хороонд ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй тул түүнийг Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
2.6. Дээрх байдлаар хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг уламжилсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн М.Н-ыг сумын Засаг даргаар томилсон Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.4, 56.6-д заасантай нийцэхгүй.
2.7. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь энэ хэсгийн 2.4., 2.5.-д дүгнэгдсэн дүгнэлтүүдээр няцаагдаж байх тул хангахгүй орхих зүйтэй байна.
2.8. Тэрчлэн хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г-ын “...хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа тул хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан байхад оролцуулаагүй, ...нотлох баримтууд гаргаж өгөх байсан. Гэтэл энэ эрхийг хязгаарласан” гэх гомдлын тухайд, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний чухал ямар нотлох баримт гаргаж өгөх байсан болох нь тодорхойгүй, энэ талаар гомдолдоо дурдаагүй байх төдийгүй тухайн үед шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
2.9. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг баримтлаагүй, хамааралгүй зохицуулалтыг баримталсан, мөн утга, найруулгын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2, 56.5.2, 56.5.3, 56.5.4, 56.6-д заасныг тус тус баримтлан Т.Б-аас Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар М.Н-ыг томилох тухай” захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сар ын 14-ний өдрийн 1/05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэж, 3, 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5 гэж тус тус өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г, гуравдагч этгээд М.Н нараас гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, гуравдагч этгээд нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН