Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0842

 

    

 

 

 

        2021 оны 12 сары  08 өдөр                    Дугаа128/ШШ2021/0842                  

                                                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:        

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгч: Н.М

Нэхэмжлэгч: Н.Мө

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/1 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, Н.М, нэхэмжлэгч Н.М, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” А/1 дугаартай захирамжаар тус дүүргийн 26 дугаар хороонд хязгаарлалтын дэглэм тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Үүнд:

Дүүргийн Засаг даргад хязгаарлалтын дэглэм тогтоох бүрэн эрх олгогдоогүй буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан тухай: Баянзүрх дүүргийн Засаг дарга нь захирамжаа гаргахдаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, 32.1.8-д заасныг үндэслэсэн.

Тус хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх заалт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн үед хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоох талаар заасан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрх.

Өөрөөр хэлбэл Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11-д “Монгол Улсын Их Хурал нь энэ хуулийн 10.4-т заасны дагуу Засгийн газраас гарах шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд тогтмол хяналт тавина” гэж зааснаар энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан бүхий л шийдвэрүүдийг Засгийн газар гаргахаар заасан.

Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:”, 7.1.1-д “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах;”, 71 дүгээр зүйл “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас авч  хэрэгжүүлэх арга хэмжээ”, 71.1. “Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Улсын онцгой комисс гамшгаас хамгаалах асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 27.1.1.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хяналт тавих;”, 27.1.2.гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Засгийн газраас тогтоосон чиглэлийн хүрээнд энэ хуулийн 10.4, 10.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих;, 27.1.3.гамшгаас хамгаалах алба, орон нутгийн онцгой комисс, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах асуудлаар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох;, 27.1.4.гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар тогтоол, албан даалгавар, тушаал гаргах;, 27.1.5.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Засгийн газарт танилцуулах, 27.1.6.шаардлагатай тохиолдолд гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах шуурхай штабыг, орон нутагт шуурхай бүлгийг байгуулж, ажиллуулах;, 27.1.7.шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага, хуулийн этгээдийн мэдээллийг сонсох” гэж заажээ. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Засгийн газраас тогтоосон чиглэлийн хүрээнд энэ хуулийн 10.4, 10.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих;” гэж нарийвчлан заасан байтал Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамждаа Засгийн газрын шийдвэр, дүүргийн Онцгой комиссын шийдвэрийг огт дурдаагүй байдаг.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Засгийн газар хуульд заасан дээрх эрхээ тогтоол гарган дүүргийн Засаг дарга болон бусад албан тушаалтанд шилжүүлэх нь хууль бус юм. Ийм тогтоол ч гараагүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д тус тус зааснаар захиргааны байгууллага нь хууль дээдлэх, хуульд үндэслэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Иймд захиргааны албан тушаалтнууд өөрт нь хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах учиртай юм. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан Засаг даргын бүрэн эрхэд хязгаарлалт тогтоох эрх байхгүй байхад дур мэдэн тухайн үеийн 26 дугаар хорооны Засаг дарга н.О-ыг солихын тулд олон түмний эсэргүүцлийг үл тоон хязгаарлалт тавьсан гэж миний бие хардаж байсан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг дараахь албан тушаалтан гаргана:”, 11.3.1-д “сум, дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн сум, дүүргийн Онцгой комиссын дарга;” гэж заасан ба хязгаарлалт тогтоох тухай огт дурдаагүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаартай албан бичгийг үндэслэн захирамжаа гаргасан байдаг. Гэтэл уг албан бичигт “Улсын Онцгой комиссын 2021 оны 20 дугаар тушаалын 3 дахь хавсралтаар баталсан Коронавируст халдвар илэрсэн объектыг хамгаалах түр журмын 2.2-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 цагаас 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг хүртэл бүсчилсэн хамгаалалт авч өргөтгөсөн тандалт судалгаа хийхэд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ. Уг журмын 2.2-т “Голомтын урьдчилсан тандалт судалгаа хийхэд 24 цагаас дээш хугацаа шаардахаар бол тухайн нутаг дэвсгэрийн Эрүүл мэндийн байгууллагын албан бичгээр ирүүлсэн саналын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн объектыг хамгаалалтад авах, цуцлах шийдвэрийг нэн  даруй гаргана”, 1.3-т “объектыг хамгаалах гэдэг нь эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн коронавируст халдварын тохиолдол батлагдсан байр, орц, орон сууц, гудамж, талбай, хашаа, албан байгууллага, нийтийн байр зэрэг объектыг халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор төрийн байгууллагын хамгаалалтад авах үйл ажиллагааг хэлнэ” гэж журамласнаас харахад бүхэл бүтэн хороогоор хязгаарлалт тогтоох эрх дүүргийн Засаг даргад байхгүй юм. Манай гэр нь 0 тоотод амьдардаг бөгөөд энэ хязгаарлалтаас болж гэртээ орж чадахгүй зусландаа өнгөрөөсөн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх зөрчигдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр сум дүүргийн Засаг дарга хуулийн хүрээнд ажиллаж, хууль дээдлэх, иргэний үндсэн эрхэд хууль бусаар халдах эрсдэлийг зогсоох юм. Энэ захирамж гарснаар хувийн аж ахуйн эрхлэх эрхэд ноцтойгоор халдсан. Мөн Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарласан болохыг Хүний эрхийн Үндэсний комиссоос тогтоож, Хүний эрхийн Үндэсний комиссын 20 дугаар илтгэлд маш тодорхой бичсэн. Хөл хорионд орсон байх хугацаанд Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд манайхаас хөл хорио тогтоо гээгүй, анхааруулсан гэдэг. Миний бие Д.С*******т цахимаар гомдол гаргахад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон дэглэмийг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 цагт цуцалсан гэх хариуг өгсөн. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” А/1 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн маргаан бүхий захирамж 5 хоногийн хугацаатай гарсан.

Нэхэмжлэгч нар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газар хязгаарлалт тогтоох байсан гэх асуудлыг хөнддөг.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4, 27, 32 дугаар зүйлд заасныг орон нутаг, сум, дүүрэг үл хамааран орон нутагт гамшгийн асуудал гарсан тохиолдолд хэн хариуцахыг хуульчилж өгсөн.

 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2-т “Орон нутгийн онцгой комисс нь энэ хуулийн 271.1.1, 271.1.2, 271.1.3, 271.1.4, 271.1.5, 271.1.6, 271.1.7-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 271.3-т “Онцгой комиссын шийдвэр, тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг сахин мөрдөхийг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнээс шаардана” гэж заасан. Онцгой комиссын 20 дугаар тушаал Монгол улсад анх удаа гарсан тушаал. 2021 оны 01, 02, 03 дугаар сар ковидын халдварын оргил үе, вакцин орж ирээгүй байсан хугацаа. Монгол Улсын Засгийн газар вакцин орж ирэх хүртэл хугацаанд ковидыг багасгах, халдварыг тараахгүй байх үүргийг хүлээсэн. Онцгой комиссын 20 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хэрэгжүүлээд явсан.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгаагаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 103 тохиолдол батлагдсан байдаг.

Дэлхийн Эрүүл мэндийн зөвлөмжид ковид орон сууцны хороололд лифт, агааржуулалтаар дамжин маш хурдацтай тархаж байсан талаар дурдсан.

Тухайн үеийн халдварын 40 хувь нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарч байсан тул Нийслэлийн Онцгой комисс, Эрүүл мэндийн яам хуралдаан Баянзүрх дүүргийн Засаг даргад тархалтыг бууруулах холбогдох арга хэмжээ авах чиглэл ирсэн.

2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/2 дугаар албан бичиг, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан.

Маргаан бүхий эрх зүйн актаар 26 дугаар хороонд 5 хоногийн дотор тандалт судалгааг гаргана гэж тооцоолсон. 60-82 баг гаргаад 3 хоногийн дотор тандалт судалгааны ажлыг хийгээд дууссан. 26 дугаар хорооноос 42 хүн халдвартай гэж гарсан.

Энэ хооронд нийт өрхийн насанд хүрсэн иргэдээс пср шинжилгээ авч ойрын болон дам хавьтлыг тогтоох, халдварын голомтод ариутгал халдваргүйтгэл хийх шаардлагатай байна.

 Улсын Онцгой комиссын 2021 оны 20 дугаар тушаалын 3 дахь хавсралтаар баталсан Коронавируст халдвар илэрсэн объектыг хамгаалах түр журмын 2.2-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 цагаас 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг хүртэл бүсчилсэн хамгаалалт авч, голомтын өргөтгөсөн тандалт судалгаа хийхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн. Засгийн газрын 20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3-д дүүргийн Засаг даргын эрх үүргийг заасан. Уг журмын 2.2-т “Голомтын урьдчилсан тандалт судалгаа хийхэд 24 цагаас дээш хугацаа шаардахаар бол тухайн нутаг дэвсгэрийн Эрүүл мэндийн байгууллагын албан бичгээр ирүүлсэн саналын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн объектыг хамгаалалтад авах цуцлах шийдвэрийг нэн  даруй гаргана”, гэж заасны дагуу саналын дагуу тандалт судалгааг хийнгүүт цуцлах шийдвэрийг гаргах эрх нь дүүргийн Засаг даргад бий.

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.5, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 47 дугаар тогтоолыг үндэслэн гарсан. Нэхэмжлэгч нар илт хууль бус акт гэж үздэг. Өөрөөр хэлбэл тухайн эрх зүйн актыг гаргах чиг үүрэг байхгүй албан тушаалтан гаргасан гэдэг. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10, 32, 29 дүгээр зүйлд гамшгийн холбогдолтой асуудалд ямар албан тушаалтан хорио тогтоох талаар тодорхой заасан. Энэ эрх зүйн акт хүчин төгөлдөр бөгөөд эрх зүйн үйлчлэл нь дуусчихсан. Илт хууль бус актад тооцогдох боломжгүй.

Монгол Улс 365 сумтай. Сумдад малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга нар хорио тогтоож тархалтыг бууруулдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/10 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно[1].

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, 32.1.8,...дүүргийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаар албан бичиг...” зэргийг хууль зүйн үндэслэл болгон 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А/1 тоот захирамжийг гаргажээ[2].

Тэрээр уг захирамжаараа “...дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт /Ковид-19/ цар тахлын халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож,...иргэдээс ПГУ-ын сорьцын шинжилгээ авах, зорилтод бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж[3], мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах, ариутгал халдваргүйтгэл хийх[4], иргэдэд шаардлагатай зөвлөмж мэдээлэл хүргүүлэх[5]...” ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэхийг зорьсон боловч уг актаа 3 хоногийн дараа хүчингүй болгосон байна.

Энэхүү маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б-ээс “... дүүргийн Засаг даргад хязгаарлалтын дэглэм тогтоох бүрэн эрх олгогдоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан...тухайн үеийн 26 дугаар хорооны Засаг дарга н.О-ыг солихын тулд олон түмний эсэргүүцлийг үл тоон хязгаарлалт тавьсан гэж миний бие хардаж байна...” гэж, нэхэмжлэгч Н.М , Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э “...Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадаагүй,...актын үндэслэл болсон Улсын онцгой комиссын  даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Түр журам, заавар батлах тухай” 20 дугаар тушаалын 3 дахь хавсралтаар баталсан Коронавируст халдвар илэрсэн объектыг хамгаалах түр журам буюу захиргааны хэм хэмжээний акт нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй тул А/1 дугаар захирамж илт хууль бус...”, нэхэмжлэгч Н.М-аас “...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан. Үүнтэй холбоотойгоор 2 хүний амь нас үрэгдсэн. Манай хороо цэнхэртчихсэн. Улаан, цэнхэр өнгөнөөс болж ийм байдалд хүрсэн...” гэж тайлбарлан маргасан.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-өөс “...Байшин хороололд лифт, агааржуулалтад маш хурдацтай тархаж байсан. Нийслэлийн Онцгой комисс, Эрүүл мэндийн яам хуралдаж байж шийдвэрийг гаргасан. Тухайн үеийн халдварын 40 хувь нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарч байсан. Хөл хорио тогтоож тандалт судалгаа явуулахаар шийдвэрлэсэн...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас “... 2 хүн нас барсан асуудлыг 26 дугаар хороонд хөл хорио тогтоосноор нас барсан гэж шүүх дүгнээгүй...” гэж  актын үндэслэлээ дэмжин тайлбарласан.

Нийтэд илэрхий үйл баримтаас үзвэл БНХАУ-ын Хубэй мужийн Вухан хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа гарсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хятад улс дахь оффист 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр анх мэдээлэгджээ.

Улмаар 2020 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид19-ийг  /COVID-19/ цар тахал хэмээн зарласан.

            Уг цар тахлын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоон Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацаанд иргэдийг аль болох гэрээсээ гарахыг хязгаарласан.

Гэвч /Ковид-19/ агаар дуслын замаар дамжих халдах вирус буюу цар тахал нь манай улсад бүртгэгдсэн бөгөөд түүний шалтгаан, эмгэг, тархалтыг хэрхэн зогсоох талаар мэдэгдээгүй зүйлс маргаан бүхий актыг гаргасан тухай цаг хугацаанд болон одоо ч байсаар байна.

Хэрэгт авагдсан баримт болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хорио цээрийн талаарх зөвлөмж”-д “...эрт илрүүлэх, шинжилгээ хийх, халдварын хавьтлыг тогтоох, хөл хорио тогтоох, тусгаарлах, олон нийтийг оролцуулах...”, /COVID-19/ халдварыг эсрэг авах хариу үйлдэлд...аюулгүй үр дүнтэй вакцинууд хэрэглэх, ...илүү албадлагын арга хэмжээ болох зорилтот хэсгийн хөл хорио буюу гэрээс гарахгүй байх...”[6].

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/0 дүгээр “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн 1.2-т “Халдварын  тохиолдолд бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны  хүрээ, хязгаарыг  тогтоож, шаардлагатай тохиолдолд  хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах”-ыг...дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон[7].

 Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар хуралдаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.А*******гийн “...26 дугаар хорооны голомт сар шахуу үргэлжилж байна,...голомтод байгаа хүмүүсээ блоклон шинжилгээ авч, орон сууц, түүний орчныг ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, зорилтод бүлгийн хүмүүст вакцин хийлгэх...,72 цагийн тэг зогсолт...”,  Нийслэлийн шуурхай штабын дарга Р.Ч*******ийн “...Засаг даргын эрх мэдлийн хүрээнд захирамж гаргах,...эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж дүгнэлтийг үндэслэх...,  хамгаалалт тавьж блок хий, ариутгал, зорилтод бүлэгт вакцинжуулалт хийх ...”, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Б*******ийн “...орон зайн мэдээллийнхээ сан дээр үндэслэж А.А******* доктор манайхантай нийлж байгаад сонголтоо хийнэ. Аль хэсгийг блоклож хамгаалалт авахаа шийднэ. Эрүүл мэндийн газар хэд хэдэн эмнэлэг суллана. 400 гаруй ортой зочид буудлын бололцоо байна гэж үзсэн..., хэд хэдэн газрыг блоклохоор бас эмнэлэг, зочид буудал руу татах хүний тоо буурах байх...”,  хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Р.Б*******ийн “...эрүүл мэндийн төвийн даргатай санал солилцсон...,гаргаж байгаа шийдвэр нь анхан шаттайгаа уялдахгүй бол энд том шийдвэр гаргадаг наад захын хэрэглэл байхгүй бол хэцүү,....26 дугаар хороо 26.000 гаруй хүнтэй оршин суугчтай том хороо, лаборатори нь дийлэх үү...”[8] гэх соронзон бичлэг, уг хуралдаанаас “...халдварын тохиолдолд бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны  хүрээ, хязгаарыг  тогтоож, шаардлагатай тохиолдолд  хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг дүүргийн Онцгой комиссын дарга нарт” даалгаж шийдвэрлэсэн[9] тэмдэглэл.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2021 оны 3 дугаар сарын сарын 16-ний өдрийн 1а/2 дугаар “ Хамтран ажиллах тухай” албан бичгийн “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ...халдварын голомт үргэлжлэн гарч идэвхтэй байгаа тул тухайн нутаг дэвсгэрийн хүн амын дунд голомтын өргөжүүлсэн тандалт хийж, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг зохион байгуулснаар цаашид халдварын тархалтыг хумих, халдварын тохиолдлыг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд өргөжүүлсэн тандалтыг өндөр түвшинд зохион байгуулахад салбар бүрийн үүрэг хариуцлага чухал тул чиг үүргийн дагуу хамтран ажиллана уу...”[10] зэрэг нотолгооны ач холбогдол бүхий баримтаас үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/1 дугаар захирамжийг гаргахдаа Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Нийслэлийн шуурхай штабын дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөмж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаар албан бичиг[11] зэргийг үндэслэсэн болох нь тогтоогдож байна.

Тус акт нь хуульд үндэслэх талаасаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4 “хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох..., 11 дүгээр зүйлийн 11.3.1-д “сум, дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн сум, дүүргийн Онцгой комиссын дарга”, 32 дугаар зүйлийн 32.1.1 “нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх”, 32.1.8 “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах” гэж заасантай нийцсэн.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт болон хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга асан Г.О-ын “ажлаас халагдах өргөдөл”[12], уг өргөдлийг дагуу шийдвэрлэсэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/83 дугаар захирамжаас[13] үзвэл маргаан бүхий актыг улс төрийн төрийн зорилгоор гаргасан гэж үзэх боломжгүй.

Нөгөөтээгүүр Үндсэн хуульд заасан хүний эрүүл мэндтэй холбоотой үндсэн эрхийг хамгаалахын тулд зайлшгүй хязгаарлалт хийх тохиолдол байдаг.

Гэхдээ хуулиар тогтоосон байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байх, уул зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх, үндсэн эрхийг эдлүүлэх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг хангасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.

Гэтэл хариуцагч зорилгодоо хүрэхэд тохирсон хязгаарлалтыг арга хэмжээг хэтрүүлэн, хөл хорио тогтоох, хязгаарлах дээд аргыг хэрэглэсэн болох нь Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл[14], хэргийн оролцогч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэвч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэл болохгүй боловч хариуцагч цаашид энэ талаар анхаарвал зохилтой.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б”-д “...гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу түүний тодорхой хэсэгт түр хугацаанд дагаж мөрдөх журмыг..., үүргийнхээ дагуу мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/1 дугаартай захирамжийг гаргасан байх бөгөөд энэхүү актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1“утга агуулгын илэрхий алдаа байхгүй”,47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан зүйлгүй”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” заасан “илт хууль бус акт”-ын шинж тогтоогдсонгүй.

         Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/1 дугаартай захирамжийг илт хууль бус болох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн энэ тохиолдолд уг актын улмаас нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхлыг сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эцэст нь энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэрэгт авагдсан бичгийн, хавсралтаар ирүүлсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар хангалттай нотолгооны ач холбогдолтой байсан тул шүүхээс Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Түр журам, заавар батлах тухай” 20 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлж дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б”, 29.2,  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Н.М, Н.Мө , Х.Б нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/1 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

[1] 2 Хавтас хэргийн 78 хуудас

[2] Хавтас хэргийн 42 хуудас

[3] 1Хавтас хэргийн 184-195 хуудас

[4] Нотлох баримтын 21-46 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 23 хуудас

[6] 2 Хавтас хэргийн 47-48 хуудас

[7] 1Хавтас хэргийн 232-233, 240-241 хуудас

[8]  Нотлох баримт 2021.03.14-ний НОК хурал 10 CD бичлэг.

[9] 1Хавтас хэргийн 235 хуудас

[10] 1Хавтас хэргийн 153-154 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 182-189 хуудас

[12] 1Хавтас хэргийн 152 хуудас

[13] 1 Хавтас хэргийн 150-151 хуудас

[14] Нотлох баримтаар авагдсан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийн 24-25 хуудас