Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00125 дугаар шийдвэртэй, А.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 500 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Удвал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “М” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1600012216 тоот Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 16211108102801 тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг тус тус байгуулж, өөрийн эзэмшлийн 11-69 УНҮ улсын дугаартай лексус ар экс маркийн автомашинаа даатгуулсан. Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хураамжид 374 464 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хураамжид 85 536 төгрөг буюу 2 гэрээний хураамжинд нийт 460 000 төгрөгийг 12 сард хуваан төлөх ба Хаан банк дахь өөрийн данснаас cap бүр 38 337 төгрөгийн татан авалт хийлгэхээр тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Эда гүрэн” ХХК-иас миний бие 8 000 000 төгрөгийн зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч компанийн нэр дээр автомашинаа түр хугацаагаар шилжүүлэх болж “М” ХХК-тай өмнө байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээ цуцалж, “Эда гүрэн” ХХК-ийн нэр дээр уг гэрээгээ байгуулж даатгалын хураамж 71 280 төгрөг төлсөн.

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт дээрх автомашинаар хөдөлгөөнд оролцож яваад онхолдон өөрөө хүнд гэмтэж, автомашинд их хэмжээний эвдрэл, гэмтэл үүссэн тул гэрээнд заасан үүргийн дагуу даатгагч “М” ХХК-д ослын талаар албан ёсоор 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нөхөн төлбөр авах хүсэлтээ холбогдох баримтын хамт өгсөн. Даатгуулагчийн хувьд даатгалын тохиолдол бий болсон өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар “М” ХХК-д даатгалын хураамжид 249 640 төгрөгийг төлөх ёстойгоос 256 009 төгрөг төлж, үүргээ зохих ёсоор биелүүлсэн байсан.

Нөхөн төлбөр авах хүсэлт өгсний дараа “М” ХХК-ийн нөхөн төлбөрийн ажилтан нь автомашинд чинь худалдан авах сэлбэгийг манай компани өөрсдөө хямд үнээр захиалан авч өгнө, нөхөн төлбөр чинь удахгүй олгогдоно гэж байснаа 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 171/1087 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн. Уг хариуг эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг шалгаад 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “М” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох үүрэг өгсөн. “М” ХХК нь нэхэмжилсэн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг бууруулж олгох буюу тохиролцох санал тавьсан боловч би зөвшөөрөөгүй.

2014 оноос эхлэн “М” ХХК-ийн жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал зэргийг сонгож, 6 удаагийн гэрээ байгуулж байсан удаан хугацааны харилцагч нь байхад гэнэтийн зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон үед нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж намайг хохироож байгаад маш их гомдолтой байна. Иймд Сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заагдсан Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхийнхээ дагуу “М” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрөө нэхэмжилж байна.

Даатгуулагч нь анх “Бэст Эстимэйт” ХХК-тар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг хийлгэх үед урьдчилсан байдлаар 12 410 000 төгрөг болохыг тогтоож байсан ч энэхүү үнэлгээг хийлгэснээс хойш машинаа засварлуулах болон бусад зардалд нийт 23 317 600 төгрөг зарцуулсан ба сэлбэг худалдан авах, машин засварлуулахад нийт 19 239 000 төгрөг, автомашины эвдрэлийн оношилгоо хийлгэхэд 35 000 төгрөг, хохирлын үнэлгээ тогтоолгох үнэлгээний ажлын хөлсөнд 374 000 төгрөг, эмчилгээний төлбөрт 2 939 600 төгрөг, машиныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарт, хот дотор засварын газарт хүргэсэн ачилт, тээвэрлэлтийн төлбөрт 730 000 төгрөгийг тус тус зарцуулсан. Гэсэн ч би “М” ХХК-ийн Классик гэсэн даатгалын төрлийг сонгон даатгуулсан тул замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, хохирлын хэмжээний дээд үнэлгээ 20 000 000 төгрөг, суудлын хамгаалалт буюу эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гаргасан зардлын дээд үнэлгээ 1 000 000 төгрөгөөр нөхөн төлбөр авахаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр тохиролцсон тул даатгалын нөхөн төлбөрт нийт 21 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Мөн дээрх гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн нийт дүнгийн 0,5 хувиар алданги даатгуулагчид төлнөгэж тохиролцсны дагуу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны алдангид 10 500 000 төгрөгийг даатгагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч “М” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 21 000 000 төгрөг, түүний алдангид 10 500 000 төгрөг, нийт 31 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Аа нь “Эда гүрэн” ХХК-ийн өмчлөлийн 11-69 УНҮ улсын дугаартай Лексус Ар Экс 400Н маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын баруун талд байрлах шинэ засмал замд хөдөлгөөнд оролцож байхдаа осол гарган тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 16 338 616 төгрөгийг гаргуулах нөхөн төлбөрийн хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргаж байсан. “М” ХХК нь иргэн А.Аатай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулж, 374 464 төгрөгийн даатгалын хураамжийг 12 сарын хугацаанд хувааж даатгуулагч нь сар бүрийн 25-ны өдөр “М” ХХК-д төлж байхаар харилцан тохиролцсон даатгалын хураамжаа өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас сар бүрийн 25-ны өдөр даатгагчийн данс руу шилжүүлж байх зөвшөөрөл, төлбөрийн даалгавар /Иргэний хуулийн 445.3/-ыг банкинд өгсөн, үүний дагуу манай дансанд даатгалын хураамж шилжин ордог байсан.

Гэвч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр буюу нөхөн төлбөрийн хүсэлт гаргах үед даатгуулагч 2016 оны 9 cap, 2017 оны 4, 6 сарын даатгалын хураамжийг төлөөгүй байдалтай байсан. Даатгагчийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр утсаар холбогдож хураамжаа төлөхийг сануулсан боловч боломжтой болохоор мөнгө байршуулна, хил дээр байна гэх хариу өгч, хураамжаа нөхөж төлөөгүй. Даатгуулагчдаас төлсөн даатгалын хураамжаар даатгалын нөөц сан бүрдүүлдэг бөгөөд энэхүү нөөц сангаас даатгуулагчдад нөхөн төлбөрийг олгодог. Даатгуулагч даатгалын хураамжийг нэг дор төлөх бололцоогүй ч тодорхой хугацаанд хуваан төлөх нөхцөл санал болгож, нөөц санд оролцсоноор санхүүгийн эрсдэлээ даван туулах боломжийг олгодог. Гэвч даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа даатгуулагчид нөхөн төлбөр олгож, бусад даатгуулагчдаас давуу байдал үүсгэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 болон Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгуулагч нь даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заасан байдаг. Иймд Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дах заалтыг үндэслэн даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзаж, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17/1087 тоот албан бичгээр нөхөн төлбөрийн шийдвэрийг даатгуулагч А.Аад мэдэгдсэн болно. Даатгагчийн нөхөн төлбөрийн татгалзал нь хуульд заасан үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас 20 265 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 235 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 259 275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “талуудын хооронд байгуулсан гэрээний 6.5-д даатгагч гэрээнд заасны дагуу шаардлага хангасан материалыг хүлээн авснаас хойш 14 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий хугацаа хэтэрсэн буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй ... Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 13 510 000 төгрөгөөс хоногийн 0.5 хувиар алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцоход 138 хоног буюу 9 321 900 төгрөгийн алдангийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 6 755 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэжээ.

Гэрээний 9.6-д “алданги: даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги даатгуулагчид төлнө” гэж заасан. Гэрээний дээрх заалтын дагуу нэхэмжлэгч шаардлага гаргахын тулд хариуцагч нь нөхөн төлбөр олгох гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Үүнийг шалгахын тулд нөхөн төлбөр олгох гэрээнд заасан хугацааг тодорхойлно. Гэтэл талууд 1600012216 тоот гэрээгээр нөхөн төлбөр олгох гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Гэтэл нөхөн төлбөр олгох хугацааг талууд тохиролцоогүй байна. Харин шүүх гэрээний 6.5-д заасныг нөхөн төлбөр олгох хугацаа гэж үзсэн байна. Гэвч гэрээний 6.5-д даатгагч нөхөн төлбөрийг олгох эсэхийг 14 хоногт шийдвэрлэнэ гэж заасан байхад нөхөн төлбөр олгох гэрээнд заасан хугацаа гэж тодорхойлж байгаа нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, гэрээний үгийн шууд утгыг өөрчлөн хэрэглэж алданги гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нөхөн төлбөрийн материалыг ирүүлсэн бөгөөд гэрээний дагуу үүнээс хойш 14 хоногийн дотор нөхөн төлбөрийн шийдвэрийг гаргахаар байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан нөхөн төлбөрийн хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлэж, даатгуулагчид мэдэгдсэн буюу гэрээнд заасан хугацаанаас 18 хоног хэтрүүлж нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх өдөр мэдэгдсэн тухай талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа энэ талаар дурдсан. Энэ нь алданги шаардах нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрээс 6 755 000 төгрөгийн алданги гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Аа нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт нийт 31 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл А.Аа өөрийн эзэмшлийн Лексус RX загварын УНҮ 11-69 улсын дугаартай автомашиныг 20 000 000 төгрөгийн сонголт бүхий “М” ХХК-ийн даатгалын багцад даатгаж, даатгалын хураамжид 374 464 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 31 205 төгрөг төлөхөөр даатгагчтай харилцан тохиролцож, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр даатгалын гэрээ байгуулсан байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь даатгалд хамруулсан дээрх автомашиныг жолоодон явахдаа буюу 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж, ийнхүү даатгалын тохиолдол бий болсныг даатгагчид 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэдэгджээ. /хх9, 21-26/

 

Анхан шатны шүүх даатгалын гэрээнд заасан тохиолдол бүхий нөхцөл байдал буй болсон үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд даатгалын гэрээний эрх үүрэг үүссэн болон даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Түүнчлэн, хэрэгт авагдсан автомашинд учирсан хохирлын хэмжээний талаарх үнэлгээг талуудын байгуулсан гэрээний зүйл заалтуудтай нийцүүлэн хариуцагчаас 20 265 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 235 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь даатгуулагч гэрээний дагуу даатгалын хураамжийг төлөөгүй тул түүнд нөхөн төлбөр олгох боломжгүй талаар тайлбарлаж мэтгэлцсэн. Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь огт төлөөгүй нөхцөлд ийнхүү даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл даатгуулагч нь даатгалийн хураамжийг төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул Сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.1.3-д “Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл “е”-д онхолдох” гэсэн нөхцлөөр нөхөн төлбөрийг хариуцагч компаниас шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан Сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.6-д “алданги: даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги даатгуулагчид төлнө” гэх алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Түүнчлэн, гэрээний 6.5-д “даатгагч гэрээнд заасны дагуу шаардлага хангасан бүрэн гүйцэд материалыг хүлээн авснаас хойш 14 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл “М” ХХК нь нэхэмжлэгчийн жолоодон явсан автомашинд хохирол учирсантай холбоотой даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн 13 510 000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр алдангийн хэмжээг хязгаарлаж нийт 6 755 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА