Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар  2023/ШЦТ/438

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Ж.Отгончимэг,

хохирогч Г.Н-гийн өмгөөлөгч Г.Ц,

шүүгдэгч Э.Я /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Э.Я-д холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт Э-гийн Я /РД:**********/,

Монгол Улсын иргэн, -ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” ХХК-нд малчинаар ажилладаг, ам бүл 8, нөхөр 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо ******** дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Э.Я  нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” караокед болон караокены гадна иргэн Г.Н-тэй маргалдаж улмаар гараараа нүүр лүү нь цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь “баруун хацар, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун бугалга гуя, шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Я  нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” караокед болон гадна хохирогч ************** маргалдаж улмаар гараараа нүүр рүү нь цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь “баруун хацар, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун бугалга гуя, шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Г.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр миний бага охин Д-гийн ангийнхны эцэг эхчүүдийн гар бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд орой тэмцээн дуусаад эцэг эхчүүдээрээ хоолонд ороод гарч ирэхэд үүдэн дээр хүүхдийн ангийн эцэг эх бололтой эрэгтэй эмэгтэй хоёр хүн хүрч ирээд караоке хамт орж сууя гэж ярьж тохиролцоод утасныхаа дугаарыг өгч авалцсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” караокед 18 цагийн үед ирцгээгээд караокены өрөөнд ороод ууж идээд бид хэд нилээн халцгаасан. Тэгсэн хамт сууж байсан жирэмсэн эмэгтэйтэй хэл амаа ололцохгүй сүүлдээ маргалдаж байснаа Б-гийн ээж гэх жирэмсэн эмэгтэй гэнэт босож ирээд миний үснээс зулгаагаад буйдан дээр чирсэн. Тэгээд арай гэж салаад бид дөрөв караокеноос гараад манай нөхөр Б жирэмсэн эмэгтэйн нөхөртэй маргалдаад караокены урд талын гудамжны үзүүрт байрлах гараашийн урд талд зогсож байсан. Харин жирэмсэн эмэгтэйтэй би караокены урд талын үзүүр хэсэгт маргалдаж байснаа гэнэт тэр эмэгтэй миний баруун нүдрүү гараараа нэг удаа цохиод баруун хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тэгснээ миний үснээс зулгааж байснаа гараашийн цемент шалан дээр нүүр хэсгээр мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

-Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд уугаад сууж байсан манай эхнэр жирэмсэн эмэгтэй гэнэт босож ирээд хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгснээ нөгөө жирэмсэн эмэгтэй гэнэт босож ирээд манай эхнэрийг  үснээс татаад чирсэн. Тэгээд бид хэд караокеноос гараад караокены урд талын хашааны үзүүрт жирэмсэн эмэгтэй манай эхнэртэй эхэлсэн. Харин би нөхөртэй бага зэрэг маргалдаад барьцалдаж аваад бид хоёр учраа олоод салсан. Тэгээд бид хоёр салаад байж байтал манай эхнэр Н-гийн баруун нүд нь хавдчихсан баруун шанаа хэсэг нь бага зэрэг зулгарчихсан байсан. Намайг тамхи татаад буцаж өрөөнд ороход эхнэрийн үснээс зулгаачихсан дээр нь гараад суучихсан байсан тэгэхээр нь би салгаад аваад гарсан чинь машинд суулгах гэж байхад тэр эмэгтэй эхнэрийг ямар овоо юм бэ гээд үснээс нь татаад газар сөхрүүлээд нүүрээр нь бетон зам дээр мөргүүлсэн. Би очоод манай эхнэрийг яаж байгаа юм бэ гэсэн чинь эхнэр цагдаа дуудсан байгаа битгий энэ хэрүүл зодоонд оролц гэсэн болохоор би тэр хүн рүү ойртоогүй. Манай эхнэр тухайн эмэгтэйгээс арай биеэр бага байсан мөн тэр эмэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй, үснээс татаад зулгаагаад байсан болохоор эхнэр хөдөлж чадаагүй. Бас цагдаа дуудчихсан ирж байсан гэсэн чинь тэр жирэмсэн эмэгтэй зүгээр зогсож байснаа гэнэт ёо гээд орилоод байсан. Манай эхнэрийн нүүр ам нь аймаар хавдсан байсан тэгээд ёо ёо гээд байсан. Бид нарыг караоке дотор байхад аав нь гээд хүн орж ирсэн. Эхнэрийг үсдээд байхад аав нь орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25, 156 дахь тал/,

-Гэрч М.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хэсэг байж байгаад охин хүргэн хоёрын орсон өрөөнд ортол тэр эмэгтэй нь нилээн согтуу шалан дээр суучихсан намайг ямар муухай царайтай хүн бэ хаанахын хүн ороод ирэв гээд хэл амаар доромжлоод байсан. Би гараад явсан нэлээн байж байгаад орсон. Дуу нь чангараад хэрэлдээд байгаа юм шиг дуу гаргаад байхаар нь би тэр өрөөнд орсон чинь манай охин руу нулимаад байсан чинь Я  тэр эмэгтэйг буйдан руу түлхсэн. Тэгээд юу болж байгаа юм гээд бүгдийг нь гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 152 дахь тал/,

-Гэрч Ц.-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Эхнэр гэх эмэгтэй манай эхнэр лүү дайраад салаавч гаргаад гичий минь чи манай нөхрийг яагаад авч гараад байгаа юм гээд байсан. Тэгээд Я  та юу яриад байгаа юм гээд хажууд суусан чинь эхнэрийн нүүр рүү хундагатай архи цацчихсан тэгээд Я  руу дайраад байсан чинь Я  тэр эмэгтэйг буйдан руу түлхчихээд караокены өрөөнөөс гараад явсан. Ингээд түлхэж байтал хадам аав Э орж ирээд яагаад та нар шуугилдаад байгаа юм гэсэн чинь тэр эмэгтэй хадам аав руу дайраад салаавч гаргаад юун хүн гаднаас ороод ирээд юу яриад юм гээд байсан...” “... Нөгөө эмэгтэй нүүр нь цагдаа дээр ирэхэд нүд нь хөхөрчихсөн хавдсан байсан хацар нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч эмч Б.С-гийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******** дугаартай:

“... 1. Э.Я гийн биед зүүн булгалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээч эмч Ө.С-ийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний **********дугаартай:

 “... 1. Г.Н-гийн биед баруун хацар, шанаа, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун бугалга, гуя шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргйн 33-34 дэх тал зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Э.Я гийн яллагдагчаар өгсөн: “...Намайг нөхөртэйгөө хардаад над руу салаавч гаргаад чи миний нөхөртэй яасан гичий янхан гэж хараагаад байсан. Над руу ууж байсан архиа цацахаар би уурлаад караокед өрөөний буйдан дээр эгчийг алгадаад ноцолдсон. Тэгээд караокеноос гараад би тэр эгчтэй бас барьцалдаж аваад дугтарч унагаагаад газар унагаасан миний үснээс зулгаасан гэдэс рүү өшиглөөд байсан. Би хохирлоо барагдуулаагүй. Баримтаар гаргаж өгвөл татгалзах зүйл байхгүй...” гэж /хавтаст хэргийн 99 дахь тал/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, оршин суугаа  хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 64 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 65 дахь тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, Хаан банк ХХК-ийн депозеит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 70-88 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал / зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Я  нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *******дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Н-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Э.Я  нь хохирогч Г.Н-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, үснээс зулгааж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Я г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Н-гийн өмгөөлөгч Г.Ц нь “эмчилгээний зардал 300,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөг нийт 1,300,000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Шүүгдэгч Э.Я г гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.Я гаас баримтаар тогтоогдсон 140,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Н-нд төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.

Шүүгдэгч Э.Я  шүүх хуралдааны үед хохирогчийн дээрх хохирол төлбөрийг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Г.Н-нгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 1,000,000  төгрөг нэхэмжилсэн нь хөдөлмөрийн чадвар хэдэн хоног алдсан талаарх баримтын бүрдүүлбэр дутуу байх тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Я д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: Тусгайлан гаргах санал байхгүй гэв.

 

Шүүгдэгч: Надад хэлэх зүйл байхгүй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Я г гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүгдэгч Э.Я д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2  “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” /шүүх хуралдааны үед 140,000 төгрөг бэлнээр өгсөн баримт/, гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон (ууж байсан архиа цацсан), харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний нөхөр 6 хүүхдийн хамт амьдардаг, “*******” ХХК-нд ажилладаг дээрх нөхцөл байдлуудаас гадна харгалзан үзлээ.  

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал болох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэн тул уг ял шийтгэлийг оногдуулав.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Я  нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ө овогт Э-гийн Я г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Я д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Э.Я д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Н гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА