| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/01777/И |
| Дугаар | 101/ШШ2019/01514 |
| Огноо | 2019-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2019/01514
2019 оны 05 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2019/01514 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тамир, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Дөлгөөнбаатар нь надтай харилцан тохиролцон “Барьцаат зээлийн гэрээ”-г 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэг жил буюу 12 сарын хугацаатай байгуулан, 2,500,000 төгрөгийг, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдэн авсан. Энэ зээлийн барьцаанд Хонда Сивик маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 98-24 УБА улсын дугаартай автомашиныг барьцаалан Фидуцийн гэрээг байгуулж, машин эзэмшигчийн нэрийг Б.Тамир надад шилжүүлсэн болно. Зээлийн хүү төлбөрийг цаг тухайд нь төлүүлэх талаар хариуцагч Б.Дөлгөөнбаатартай удаа дараа ярьж шаардаж байсан боловч, элдэв шалтаг тайлбарыг хэлж өнөөдрийг хүрлээ. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу дараах төлбөрийг хариуцагч Б.Дөлгөөнбаатараас үндсэн зээлийн төлбөр 2,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,350,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 300,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд өмгөөллийн зардалд нэхэмжилсэн 300,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Дөлгөөнбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б Дөлгөөнбаатар минии бие Б.Тамиртай 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлиин гэрээ байгуулсан нь үнэн. Зээлиин гэрээ хүүний хувьд маргах зүйлгүй. Зээлийн хүүгийн төлбөр 1,350,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлийн үндсэн төлбөр болох 2,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,350,000 төгрөгийг 5 сарын хугацаанд cap бүрийн 30-ны өдөр 5 хувааж бүрэн төлж барагдуулах болно. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие хөдөө ар гэрийн гачигдлаар явсан тул минии эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө уү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тамир нь хариуцагч Б.Дөлгөөнбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, хүү 1,350,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, өмгөөллийн зардалд 300,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөллийн зардалд нэхэмжилсэн 300,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн бөгөөд үндсэн зээлийн төлбөр 2,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,350,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Б.Тамир, Б.Дөлгөөнбаатар нар нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 02-0247-1 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 2,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирч, Б.Тамир нь 2,500,000 төгрөгийг Б.Дөлгөөнбаатарт шилжүүлсэн, зээлээс төлөлт хийгдээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдан, гэрээний хариуцлагын талаар тохирсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагчаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үндсэн зээлийн болон хүүгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцалж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасантай нийцэж байна.
Ийнхүү гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалсан нь хариуцагчийн хувьд алданги төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн тайлбараас үзэхэд алдангийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Дөлгөөнбаатараас зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тамирт олгосугай.
2. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 300,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дөлгөөнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 96,550 /ерэн зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тамирт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ