Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/364

 

                                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныД танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт Д ийн У т холбогдох эрүүгийн 2309003630635 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 охины хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон; О  овогт Д ийн У , /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.У нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...  тоотод өөрийн төрсөн эгч Д.О ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилсон, салаавч гаргасан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан модоор цохиж зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Д.У нь “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...  тоотод өөрийн төрсөн эгч Д.О ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилсон, салаавч гаргасан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан модоор цохиж зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.О ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... тоот гэртээ ганцаараа 0.33 литрийн Хараа нэртэй архийг ганцаараа уучхаад хажуу талын хашаанд байдаг ээжийн гэр рүү орсон чинь дүү У  орон дээр хэвтчихсэн, харин ээж ширээний хажууд сууж байсан. Тэгээд хоол унд идээгүй юм шиг байхаар нь би У т ээжид бантан хийгээд өгөөч гэсэн чинь чамд ямар хамаатай юм, гар чи гээд миний баруун гарын гадна хэсгээс базаад чирээд байхаар нь би баруун гараараа нүүр рүү нь алгадсан. Тэгсэн чинь намайг чирээд ээжийн гэрийн хаалганы тэнд цээж хэсэг рүү байх, яг хаашаа түлхсэнийг нь мэдэхгүй байна, би хойшоо хөл алдаад унасан. Тэгээд газарт дээшээ хараад унасан чинь хаалганы хажууд байсан урт нарийхан модоор миний баруун, зүүн гарны гадна хэсэг, бас баруун хөлний гадна хэсэгт цохиод байсан чинь У ийн намайг цохиж байсан мод нь хугарсан бөгөөд хугарсан хэсгийг нь хажуу тийш нь шидээд, нөгөө үлдсэн хэсгээрээ дахин цохиод байсан. Нийт хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Би өмнө нь нурууны хагалгаанд ороод одоо нуруундаа хадаастай болохоор нуруугаа хамгаалаад дээшээ харж хэвтээд өөрийгөө хамгаалсан. ...Би дунд зэргийн согтолттой байсан. Болсон зүйлийн талыг нь санаж байна. ...Тухайн гэмтлийг манай дүү У  надад учруулсан. ...Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1138 дугаартай “...Д.О ы биед баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Д.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...  тоотод өөрийн гэртээ ээж Т  гийн хамт байж байсан чинь манай төрсөн эгч Д.О  гаднаас согтуу орж ирээд өчигдөр танай охин намайг гэрээсээ хөөсөн, би гомдсон гээд яриад байхаар нь би та жил болгон архи ууж агсам согтуу тавьж, хэл амаар доромжилдог, тийм болохоор хүүхэд дургүйлхсэн байх гэсэн чинь би хэзээ тэгж агсам тавьдаг юм гээд өөдөөс салаавч гаргаад хараагаад байсан. Би юу гэж хараасныг нь мэдэхүй байна. Тэгэхээр нь би та өөрийнхөө гэрт харьж үз, гар гэсэн чинь чамд хөөгдөхгүй гээд өөдөөс салаавч гаргаад коридор руу гарснаа эргэж хараад намайг үсдээд миний баруун гарын шуунаас хазсан. Би гарыг нь тавиулаад цээж рүү нь түлхсэн чинь хойшоо хаалганы хажуу талын нохойн хоол хийдэг саван дээр гараа дэлгээд унасан. Тэр нохойны хоолон дээр унахдаа үүссэн байж магадгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.У нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1138 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.О ы биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.У ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч Д.У ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.О ы биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-71/-ийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.У ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.У ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-60 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, түүний Төрийн банк, Хаан банк-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 65-67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О  овогт Д ийн У ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН