Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Б.Э, “Э”ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн  хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс шүүгдэгч Б овогт Бын Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э”ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000464 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны 9 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,   “Улаанбаатар цахилгаан түгээх  сүлжээ” ТӨХК-д ..... ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны ... дүгээр байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Бын Э /РД:......../.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 940 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн, ......... регистрийн дугаартай, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ, гэрээ, захиалгаар хийх бөөний худалдаа, барилгын материалын жижиглэн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг. Увс аймгийн Улаангом сумын .... дүгээр багийн ... тоот хаягт бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй “Э”ХХК.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь С.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, “Э”ХХК-ий ашиг сонирхлын төлөө “Х” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Э”ХХК-ий НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан, 

Шүүгдэгч “Э”ХХК нь С.Бний хамаарал бүхий “Х”ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.635.591 төгрөгийн 2 ширхэг буюу 121.227.500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4.200.000 худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э”ХХК нь “Х” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланг илгээсэн байсан. НӨАТ-т 12.122.750 төгрөг төлөхөөр байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 10 дахь тал), 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Э”ХХК нь 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сарын  НӨАТ-ын тайлангаар  74.635.591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121.227.500 төгрөгийн 3 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа  12.122.750 төгрөгөөр бууруулж тайлагнасан байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 13-14 дэх тал), 

3. Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Э" ХХК нь 2011 онд цахилгааны угсралтын чиглэлээр Д.Г нь үүсгэн байгуулж байсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 2019 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2019 оноос хойш эхэлж, цахилгааны угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. "Х" ХХК-аас бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаагүй мөн ажил үйлчилгээ ч авч байгаагүй. Манай компанийн санхүүтэй холбоотой асуудлыг Б.Э хариуцдаг учир тэр л мэдэж байгаа. Манай ээжийг дуудсан цагаас эхэлж энэ НӨАТ-тэй холбоотой асуудлыг мэдэж эхэлсэн. Б.Эээс энэ талаар асуухад НӨАТ-ын падаан шивүүлчихсэн гэж хэлж байсан. “Э”ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Г. Б.Э бид 2 үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тийм учраас найз Б.Э 1.200.000 төгрөгийг шилжүүлээрэй гээд дансны дугаар өгсний дагуу би шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 77-78 дахь тал, II хавтасны 43-44 дэх тал),

4. Сонгинохайрхан   дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн "Х" ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн: “Э" (....) ХХК нь 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 46,590,909.00 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 74,636,591.00 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 12,122,750.00 төгрөгөөр бууруулж тайлагнасан байна” гэх танилцуулга, түүний хавсралт (хавтаст хэргийн I хавтасны 100-108 дахь тал),

5. Татварын    удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн: “Х” ХХК нь “Э" ХХК-д 2019 оны 12 дугаар сард 51.250.000 төгрөгийн борлуулалт хийж 4.659.909 төгрөгийн НӨАТ суутгаж, 46,590,909.00 төгрөгийн 1 ширхэг падаан, 2020 оны 02 дугаар сард 43.150.150 төгрөгийн борлуулалт хийж 3.922.741 төгрөгийн НӨАТ суутгаж, 39.227.409.00 төгрөгийн 1 ширхэг падаан, мөн 02 дугаар сард 38.950.100 төгрөгийн борлуулалт хийж 3.540.918 төгрөгийн НӨАТ суутгаж, 35.409.181.82 төгрөгийн 1 ширхэг, НӨАТ-ын тайлангаар нийт 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг Татварын удирдлагын нэгдсэн системд  худалдан авалтаар тайлагнасан байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн I хавтасны 113 дахь тал),

6. Гэрч  А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Цахим төлбөрийн баримтын системд борлуулагч тал худалдан борлуулсан талаараа бүртгэж худалдан авагч, борлуулагч хоёр тал хоёул татварын байгууллагад худалдан авалт хийсэн, борлуулалт хийсэн талаараа тайлагнадаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 21-22 дахь тал),

7. Гэрч  Б.Хний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019-2020 онд Б.Э “УБЦТС” ТӨХК-д Зүүн түгээх төвийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхад нь би ажил төрлийн хамаарлаар танилцаж байсан. Б.Э надаас тендерт орох гэсэн юм сайн санхүүгийн зөвлөгөө өгөх хүн байна уу гэж асуухаар нь “Манай аав мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй хүн байдаг би аавдаа хэлье тэгээд чи аавтай өөрөө утсаар ярина уу, эсхүл уулзана уу учраа олоорой” гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр миний дансанд "Э" Б үнэ А Б гэсэн утгаар 1.200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг аав Б ашигласан байх. Тэр үед аав миний дансыг ашиглаж байсан. Миний хувьд Б.Э, Б нарыг хооронд нь танилцуулж, холбож өгсөн, бусдаар би ямар нэгэн оролцоо байхгүй, Б.Э, Б нар хоорондоо ямар ажил хийсэн, юу гэж ярьсан талаар нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 89-90, 93-94 дэх тал),

8. Э.Гэрч Б.Агийн Төрийн банкны 104......721 дугаар данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Хний Хаан банкны 50........94 дугаар дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт  (хавтаст хэргийн II хавтасны 45 дахь тал),

9. Тусгаарласан 2102005140150 дугаартай хэргийн яллагдагч С.Бний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Э надтай манай хүү Б.Хний найз гэж танилцаж байсан. НӨАТ-ын падааныг 1-2 хувь гэж бодож авсан. Б.Эээс 3,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын сүүлээр байх Жуковын автобусны буудал дээр авч байсан учир нь манай гэрт Жуковт байдаг. 1.200.000 төгрөгийг хүү Б.Хний дансаар авч байсан. Дансаар 1.200.000 төгрөг, бэлэн 3,000,000 төгрөг, нийт 4.200.000 төгрөг авсан. Дээрх мөнгөнүүдийг Б.Э надад ямар учиртай өгсөн бэ? гэхээр "Х" ХХК-иас "Э" ХХК-д НӨАТ-ын хуурамч падаан шивж өгсний төлбөр тооцоо гэхэд болно. Анх төлбөрийг зөвхөн НӨАТ-ын 1-2 хувь гэж ярьж байсны дагуу өгсөн”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II хавтасны 39-40 дэх тал),

10. “Э”ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компаний дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хавтаст хэргийн I хавтасны 216-231 дэх тал),

11. Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Хээр дамжуулан С.Бтэй утсаар ярьж байсан. С.Бний "Х" ХХК-иас 121.227.500.00 төгрөгийн 3 ширхэг падаан шивүүлж 12.122.750.00 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн байгаа. 12.122.750.00 төгрөгийн буцаалтыг хийгээгүй, хуулийн байгууллагаас  шийдвэр гаргахыг хүлээж байсан юм. Энэ төлбөрийн шүүх хуралдаанаас өмнө нь төлж, үлсыг хохиролгүй болгоно. НӨАТ-ын падааны шивэлтийн төлбөр гээд 4.200.000 төгрөгийг хувааж дансаар, бэлнээр өгсөн. С.Бээс НӨАТ-ын хуурамч падаан шивүүлэн авахдаа төлбөр мөнгийг тохироогүй, би бодохдоо 1-2 хувиар бодоод л өгье гэж бодож өгсөн. Тэрнээс үнийн дүнгийн тэдэн хувь энэ тэр гэж С.Бтэй ярьж тохирсон зүйл огт байхгүй. Би Б.Ад энэ хүний данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсэн нь үнэн. Б.А харин хэн рүү яагаад мөнгө өгч байгаа талаар мэдээгүй, би ч хэлээгүй. Дээрх шилжүүлсэн 1.200.000 төгрөг бол Бнийн "Х" ХХК-иас НӨАТ-ын падаан шивүүлэн авсан төлбөр гэсэн утгаар С.Бнийн хүү болох Б.Хнийн данс руу шилжүүлсэн байгаа. Тухайн үед С.Б нь хүүгийнхээ дансыг ашиглаж байгаа гэж хэлсэн. Харин бэлэн 3,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сар байх бэлнээр уулзаад өгч байсан. Мөнгийг Жуковын автобусны буудал дээр уулзаж өгсөн Баярлалаа гэж хэлээд С.Бд бэлнээр нь өгөөд явсан. Нийтдээ 4.200.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II хавтасны 35-36 дахь тал),

12. Яллагдагч "Э" ХХК-ий хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Э" ХХК нь миний нэр дээр хэвээрээ байгаа. Компаний хууль ёсны дагуу гэдэг талаасаа би гарын үсэг зурдаг, би одоо ч гарын үсэг зурдаг. Улсын ямар нэгэн тендер авах үед заавал компанийн эзэмшигч гарын үсэг зурах ёстой байдаг учир миний бие гарын үсэг зурж баталгаажуулдаг. Харин үйл ажиллагааг нь Б.Э, Б.А нар хариуцан ажилладаг. НӨАТ-ын падаан худалдан авсан талаар сүүлд цагдаагийн нь байгууллагад ирж анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө ямар учир шалтгаантай талаар нь сонсож мэдсэн. Тэрнээс өмнө нь ямар нэгэн ойлголт байхгүй. Энэ талаар санхүү, үйл ажиллагааг хариуцаж байсан Б.Э сайн мэднэ, сүүлд яагаад хуурамч НӨАТ-ын падаан авах болсон, ямар учиртай гэдгийг сонсож мэдсэн гэхэд болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II хавтасны 28-29 дэх тал)-үүд болно.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Х” ХХК-иас нийтдээ 40 сая орчим төгрөгийн худалдан авалт хийсэн, бусад бараа, материалыг 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдээс авсан. 100 айлын дэлгүүрүүд НӨАТ-ын баримт өгдөггүй учраас НӨАТ-ын падаан “Хужирт гэр” ХХК-иас хуурамчаар шивүүлсэн. Д.Г захирлын гаргаж өгсөн 2 ширхэг гэрээ болон бусад баримтыг сүүлд нөхөж хийсэн юм” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.Э нь “Э”ХХК-ий 2019 оны 12 дугаар сарын, 2020 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайлан гаргахдаа “Х” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2 ширхэг, нийт 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 3 ширхэг НӨАТ-ын падааныг Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан “...санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэж ялласан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д "нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно” гэж,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.

Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын жагсаалтанд оруулсан байна.

Шүүгдэгч Б.Эийн “Э”ХХК-ийн ашиг сонирхолын төлөө “Х” ХХК-иас 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж Татварын удирдлагын нэгдсэн системд шивэлт хийлгэсэн нэмэгдсэн өртгийн албан татварын  3 ширхэг падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзнэ.

Хууль тогтоогчоос татвар төлөгчийн татвар төлөхөөс зайлсхийх, татвар төлөхөөс зугтах үйлдлүүдээс гэмт хэрэгт тооцогдох шинжүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд тодорхойлж, татвартай холбоотойгоос зөвхөн онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд гэмт хэрэгт хамааруулахаар заажээ.

Иймд шүүгдэгч нарын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох  нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан барааг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан татварын нэгдсэн системд шивүүлсэн үйлдэл нь төлөх татварын хэмжээг бууруулах зорилгоор татварын хууль тогтоомж зөрчиж буй үйлдэл бөгөөд энэ нь улсын төсөвт төлөх НӨАТ-ын хэмжээг бууруулах зорилготойгоор хийгдэж буй  НӨАТ төлөхөөс зайлсхийх нэг арга юм.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч нар нь   хуурамч 3 ширхэг НӨАТ-ын падааныг ашиглан 121.227.500 төгрөгийн орлогыг зарлага болгон мэдүүлж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.3 дугаар зүйлийн 1-д “...татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого худал тодорхойлсон, нуусан” гэж материаллаг шинжээр энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;

Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус  тус заасан тул  “их хэмжээ” гэдгийг 50 сая төгрөг, түүнээс дээш хэмжээний төгрөг гэж ойлгоно.

Шүүгдэгч нарын татвар төлөхөөс зайлсхийсэн 12.122.750 төгрөг нь их хэмжээнд хүрэхгүй тул Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжгүй байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т Энэ зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э”ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000464 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Бын Эт, “Э”ХХК нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Эт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч өөрт холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ