| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/01159/И |
| Дугаар | 101/ШШ2019/01454 |
| Огноо | 2019-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2019/01454
2019 оны 05 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2019/01454 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Б.Тнарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие иргэн Б.*******, Б.******* нартай 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 4,500,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Ийнхүү хариуцагч нар нь авсан зээлийн төлбөрөөс хүүд 200,000 төгрөг төлсөн боловч үндсэн зээл үлдэгдэл зээлийн хүүгийн төлбөрийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсэн амлалт өгсөөр байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүулэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хулээнэ” гэж заасан байдаг. Төлбөл зохих хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлхи хугацаанд гэрээний дагуу тооцсон алданги нь 241 хоног буюу 7,133,600 төгрөг болно.
Гэрээ байгуулагдсан өдрөө 1,490,000 төгрөгийг Б.*******ийн данс руу шилжүүлсэн. 3,000,000 төгрөгийн хувьд 2015 оны 10 дугаар сарын хавьцаа 850,000 төгрөгийг Б.*******д бэлнээр, 2016 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөгийг Б.*******гийн хүсэлтийн дагуу Б.*******ийн данс руу, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг Б.*******д бэлнээр, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг Б.*******д бэлнээр, нийт 5,350,000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн, уг 5,350,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 2,500,000 төгрөгийг хасаад 3,000,000 төгрөг болно. 2018 оны 02 дугаар сард 200,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч Б.******* нь 400,000 төгрөгийг надад өгөөгүй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус зааснаар үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл төлбөр 1,420,000 төгрөг, алданги 2,960,000 төгрөг буюу нийт 8,880,000 төгрөгийг хариуцагч Б.*******, Б.******* нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.*******, Б.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.*******аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ч. *******тай зээлийн гэрээ байгуулсан хэдий ч биднээс 8,880,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан гэх боловч гэрээ хүчин төгөлдөр бус. Нэхэмжлэгч Ч.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний 5 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Ч.*******аас 850,000 төгрөгийг бэлнээр авсан боловч сарын дараа цалин бууж 400,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. 2016 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөгийг Б.*******ийн дансаар авсан, 2017 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөгийг дансаар зээлж авсан. Уг төлбөрөөс 2,500,000 төгрөгийг төлсөн. Бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний хувьд гэрээ байгуулагдсан өдөр 1,490,000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд алдангийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Харин 3,000,000 төгрөгийн хувьд өмнөх зээлийн хүү, алдангийг оруулж тооцсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бидний зүгээс татгалзаж байгааг илэрхийлэн тайлбарлаж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4,500,000 төгрөг, хүү 1,420,000 төгрөг, алданги 2,960,000 төгрөг, нийт 8,880,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн бөгөөд зээлээс төлөлт хийгдсэн, сүүлд авсан 1,490,000 төгрөгийг алдангийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
Ч.*******, Б.*******, Б.******* нар нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 4,500,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон байна.
Дээрх гэрээ байгуулагдсан өдөр Ч.******* нь Б.*******ийн ******* тоот данс руу 1,490,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд дээрх бичгээр байгуулсан гэрээний дагуу 4,500,000 төгрөг биш 1,490,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар 1,490,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, алданги тооцохоор зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлсэн 1,490,000 төгрөгийг буцаан төлөөгүй, харин хүүд 200,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд дээрх бичгээр байгуулагдсан гэрээний дагуу үндсэн зээлд 1,490,000 төгрөг, 1 сарын хүү нь 89,400 төгрөг ба 6 сарын хүү нь 536,400 төгрөг гарч байх ба үүнээс хүүд төлсөн 200,000 төгрөгийг хасч 336,400 төгрөгийг хүүд төлөх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, ийнхүү гэрээний хугацаа дууссан 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,826,400 /1,490,000+336,400/ төгрөг байх ба үүнээс гэрээний 3-т зааснаар 0,5 хувиар алдангийг тооцоход 1 өдөрт 9132 төгрөг ба хугацаа хэтрүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 241 хоногоор тооцвол 2,200,812 төгрөгийг алдангид төлөхөөр байна.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1,490,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 1,826,400 төгрөг ба дээр дурьдсанчилан хуулийн дагуу тооцсон алданги нь илүү гарч байх тул 1,826,400 төгрөгийн 50 хувь болох 913,200 төгрөгийг алдангид тооцох үндэслэлтэй байна.
Ч.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээнд тусгагдсан 4,500,000 төгрөг нь өмнөх бичгийн гэрээ байгуулалгүй авсан зээлүүд болон мөн өдөр авсан 1,490,000 төгрөгийн нийлбэр гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч нар үүнийг үгүйсгээгүй бөгөөд зохигчдын тайлбараас үзэхэд уг 1,490,000 төгрөгөөс гадна 3,000,000 төгрөгт өмнө нь авсан зээлийн үлдэгдэл болон түүний хүү, алданги орж тооцогдсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл иргэд хоорондын зээлийн гэрээний хувьд хүүгээс хүү, алдангиас алданги давхар тооцох үндэслэлгүй, энэ нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зохигчдын хооронд өмнө нь өгч, авалцсан зээлийн хувьд бичгийн гэрээ байхгүй тул хүү, алданги тооцох үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******д 2015 оны 10 дугаар сард 850,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард Б.*******ийн данс руу Б.*******гийн хүсэлтийн дагуу 1,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, нийт 2,850,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Б.******* нь дансаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******т төлсөн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Эдгээрээс үзвэл 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бичгээр байгуулагдсан зээлийн гэрээнээс өмнө хариуцагч нар нь нэхэмжлэгчээс авсан 2,850,000 төгрөгийн зээлээс 2,500,000 төгрөгийг төлж, одоо үлдэгдэл нь 350,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь 2016 оны 7 дугаар сарын 28-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-нд 2,000,000 төгрөгийг бэлнээр Б.*******д зээлдүүлсэн гэх тайлбар, хариуцагч Б.******* нь 850,000 төгрөгийг бэлнээр авсан ба үүнээс 400,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх тайлбарыг тус тус гаргасан бөгөөд зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул эдгээрийг нэхэмжлэлийн шаардлагад тооцох, хариуцагчийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй юм.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээлд 1,490,000+350,000 төгрөг, хүүд 336,400 төгрөг, алдангид 913,200 төгрөг, нийт 3,089,600 төгрөгийн шаардлагыг хангаж, 5,790,400 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 3,089,600 /гурван сая наян есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 5,790,400 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 64,384 /жаран дөрвөн мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ