| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0068/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
2023 04 14 2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч: О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Огийн Гт холбогдох эрүүгийн 2235002180023 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймаг .... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэх, мөн тус аймгийн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар 6 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Д овогт Огийн Г /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 2-23 тоотод 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 2-23 тоотод 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодсон болох нь:
Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын үед гэртээ байхад манай гэрт О.Г гэгч нь архи уучихсан согтуу ирсэн. Би О.Гт хандаж чи дахиж манай гэрт ирээд хэрэггүй одоо харь гэж хэлэхэд О.Г надад хандаж чи муу янхан, өөр хүнтэй янхандаж байгаа биз дээ гэж уурлаж, агсамнаж миний зулай хэсгийн үснээс зүүн гараараа атгаж байгаад баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт хүчтэй цохиж газар унагаасан, би газар унасны дараа аль хөлөөрөө болохын мэдэхгүй миний дагз хэсэгт хүчтэй 1 удаа өшиглөж, хэвлий хэсэгт 1 удаа дэвсчхээд гэрээс гараад зугтаагаад явчихсан. О.Гтай би Ховд аймгийн төв дээр 2022 оны 08 дугаар сард танилцаж байсан найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. О.Г бид хоёрын дунд ямар нэгэн дотно харилцаа байхгүй. О.Г надад хайртай гэж хэлээд надаас салдаггүй, тухайн өдөр ямар шалтгаанаас болж цохисныг мэдэхгүй, согтуу байхдаа намайг зодсон. Огийн Г нь миний биед гэмтэл учруулсан үйлдэлдээ надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 24, 26 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Э.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед Улаангом сумын 4 дүгээр сургуулиас гэртээ ирэхэд ээж С.Б нь хүнд зодуулчихсан, дүү М уйлчихсан байсан. Би ээж С.Бгаас юу болсон талаар асуухад найз О.Г нь гэрт орж ирж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Гэрч Ч.Оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ажилдаа явахад С.Б зүгээр биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Улаангом сумын захаас гэртээ ирэхэд С.Б хүнд зодуулчихсан хоёр нүд, шанаа нь хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад О.Г намайг гэртээ байхад орж ирээд агсам тавьж, янхан гэж хэл амаар доромжилж байгаад зодсон гэж хэлсэн. Манай охин С.Б архины хамааралтай архи уудаг ба О.Г нь бас архи уудаг найз нь байгаа юм. О.Г нь охин С.Бтай хамт амьдарна, сууна гэж ярьдаг бөгөөд би болон охин түүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Түүнээс болж архи уусан үедээ охин С.Бтай хэрүүл маргаан үүсгэж түүний биед халдаж цохисон гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
Шинжээч эмч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би шинжээчийн 549 дугаартай дүгнэлтийг гаргасан. С.Бгийн биед учирсан бага тархины зүүн тал бөмбөлгийн дээд хэсэгт байрласан хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл нь түүний биед амь насанд аюултай байдал үүсгээгүй гэж үзсэн. Учир нь дээрх гэмтлийн улмаас түүний биед амь тэнссэн байдал илрээгүй. Энэ нь Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 14174 дугаартай өвчний түүх болон 2022.11 28-ны шинжээч эмч миний үзлэг зэргээр тогтоогдож байгаа юм. Тиймээс дээрх гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
Шүүгдэгч О.Гийн мөрдан байцаалтын шатанд өгсөн: “Би өмгөөлөгч авахгүй. Өөрөө өөрийгөө өмгөөлнө. Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагийн санахгүй байна 0.5 литрийн жижиг шилтэй архи авч С.Бтай хувааж уух зорилгоор С.Бгийн гэрт очсон. Уг архинаас С.Б уухгүй гэж хэлээд уугаагүй учир би ганцаараа ууж байхад Б намайг гэрээсээ яв, зайл гэж хөөгөөд байсан учир миний уур хүрч С.Бгийн толгой хэсэгт гараараа нэг удаа цохиход С.Б газарт унасан, түүний дараа биеийн аль хэсэгт болохын мэдэхгүй нэг удаа өшиглөчхөөд С.Бгийн гэрээс гараад явсан. Тухайн үйл явдал болсноос хойш ойролцоогоор 2 өдрийн дараа байх С.Б нь өөр хүний дугаараас миний гар утас руу залгаж чи цохисноос болж толгой өвдөж эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн учир би тэр даруй эмнэлэг дээр очиж С.Бг эргэж уучлалт гуйсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж С.Бгаас уучлалт гуйж, учирсан хохирлын төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 549 дугаартай “Үзүүлэгч С.Бгийн биед бага тархины зүүн тал бөмбөлгийн дээд хэсэгт хатуу хальсны доорх цус хуралт, хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022/11/13-ны 20 цаг 34 минут үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №14177 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Шинэ гэмтлүүд байсан байна. Бага тархины зүүн тал бөмбөлгийн дээд хэсэгт хатуу хальсны доорх цус хуралт, хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-39 дэх тал),
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ш.Ц, шинжээч эмч О.Б, Э.Б нарын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаартай “С.Бгийн биед их тархины зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх голомтлог нимгэн цус хуралт, зүүн тенториум болон дунд бүрдлийн арын зайд голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, духны баруун хэсэг, зүүн зулай, зүүн хазарт зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Толгойн КТГ-н зураг болон Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 549 дугаартай дүгнэлтүүдээр С.Бгийн биед их тархины зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх голомтлог нимгэн цус хуралт, зүүн тенториум болон дунд бүрдлийн арын зайд голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, духны баруун хэсэг, зүүн зулай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамарт цус харвалт гэмтлүүд тогтоогдож байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 549 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу хөнгөн зэргийн гэмтэл учир Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 549 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 184-187 дахь тал)-ээр шүүгдэгч О.Г нь хохирогч С.Бг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч С.Бгийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд “Сүхээгийн Болормаа миний биед Огийн Г гэгч нь халдаж зодож эрүүл мэндэд гэмтэл учруулсан бөгөөд энэ үйлдэлдээ О.Г нь уучлалт гуйж эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 113 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч О.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Г нь урьд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэх, мөн тус аймгийн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар 6 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Хохирогч С.Бгийн өгсөн: “О.Г нь гэр бүл хамаатан садан, найз нөхөдгүй ганцаараа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өдөрт цагийн хар, бор ажил хийж авсан цалингаараа хоол ундаа залгуулдаг, ямар нэгэн авьяасгүй, бичиг үсэг мэддэг, уншиж, бичиж чаддаг, эрүүл чийрэг, биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, гарын эв дүйтэй, төлөв даруухан зантай, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтсон үедээ агсам тавьдаг, тамхи татдаг ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Огийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Гт 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ