| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0005/э |
| Дугаар | 0005 |
| Огноо | 2017-01-02 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хохирогч Б.Ц-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн
Шүүгдэгч Г.Ц- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Гончигдоржийн Ц-ад холбогдох 201614000497 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
1. Ө овгийн Г-йн Ц-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн механикжуулалтын инженер мэргэжилтэй, “**” ХХК-ний ** хэсэгт машинист ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** багийн 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. РД:
.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Г.Ц- нь 2016 оны 10 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** байрны хажуу зам дээр өөрийн эзэмшлийн 00-00 ххх улсын дугаартай “Тоёота Белта” загварын тээврийн хэрэгслийг 2.18 хувийн согтуурлын зэрэгтэйгээр буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 16.1 дэх заалтыг зөрчиж хорооллын доторхи зам дээр зорчиж явсан явган зорчигч Б.Цэгмэдийг мөргөсний улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:1. Хохирогч Б.Ц-ийн “2016 оны 10 сарын 01-ний өдөр 6 дугаар хорооллын замын урд “Хуйлст” төв гэх газарт ахмадын баярт оролцохоор 6 дугаар хороолол 11 дүгээр байрны ард явж байсан. Цементэн хашлагатай хэсгээр бууж байснаа санаж байна. Тэгээд шатаар буусан гэнэт л юм мөргөх шиг болоод ухаан алдсан. Бүүр сүүлд санахад машинд мөргүүлчихлээ гэж хүн хэлж байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/
2. Гэрч Ц.А-гийн “2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө намайг гэртээ ганцаараа унтаж байхад Ц- манай гэрт 9 цагийн үед орж ирсэн. Ажлаасаа буугаад ирсэн юм. Ирэхдээ нэг шил 0.75 литрийн архи аваад орж ирсэн. Нөхөртэйгээ муудалцаад гээд сэтгэл санаа тийм байна гэж байсан. Ингээд бид хоёр тэр нэг шил архийг хувааж уугаад хоёулаа нилээн согтсон юм. Тэгээд Ц- гэртээ харина гээд байхаар нь согтсон байсан учир би машин барьж явах вий гэж санаа зовоод таксигаар яваарай машинаа барьж явж болохгүй шүү гээд 3000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-р хуудас/
3.Шинжээч Б.Батцэнгэлийн “Жолооч Г.Ц-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэгт заасны 16.1 дэх хэсэгт “Хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Явган зорчигч Б.Ц- нь уг тохиолдолд хорооллын дундах зорчих хэсгээр явж байсан бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд огт саад учруулаагүй, давуу эрхийн дагуу явж байхад жолооч Г.Ц- нь ухрах үйлдэл хийж явган зорчигчийг мөргөсөн нь уг заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Осол гарахад дээрхи замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь заалт, 16.1 дэх хэсгийг жолооч Г.Ц- нь зөрчсөнөөс уг осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 134-р хуудас/
4. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 743 дугаартай дүгнэлтийн “Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 709 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Ц-ийн биед 709 тоот дүгнэлтээр гаргасан гэмтлээс өөр баруун талын 3 ба 4 дүгээр хавирганы угны шугамаар далд зөрөөтөй хугарсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 35-р хуудас/
5. Шинжээчийн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтийн “Тоёота делта маркийн 00-00 ххх улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Гончигдорж овогтой Ц- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг “Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. 2.7а Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16-р бүлэгт: Хорооллын доторхи хөдөлгөөн 16.1, 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 52-р хуудас/
6. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 11-16-р хуудас/
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 17-19-р хуудас/
8. Согтуурлын зэргийг шалгасан баримт /хх-ийн 21-22-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, хохирол төлсөн тухай баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц- мэдүүлэхдээ “Өөрийн буруугаас ахмад настай хүнийг мөргөж гэмтэл учруулсандаа харамсаж байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн мэтгэлцэхдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулах үндэслэл байгааг шүүх анхаарах нь зүйтэй” гэв.
Хохирогч Б.Ц- мэдүүлэхдээ “Энэ ослоос миний биед гэмтэл учирч одоо биеийн байдал маань сайнгүй байгаа. Гэхдээ энэ хүүхдэд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсч байна. Хохирол төлбөрийг төлж байгаа. Цаашид гарах хохирлоо гаргуулмаар байна” гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Ц- нь 2016 оны 10 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн 6-11-р байрны зам дээр согтуурсан үедээ 00-00 ххх улсын дугаартай “Тоёота Белта” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 16.1 дэх заалтыг зөрчиж явган зорчигч Б.Ц-ийг мөргөсний улмаас бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Г.Ц-ын согтуурлын зэргийг шалгасан баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ц-ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгч Г.Ц-ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Хохирогч Б.Ц- нь эмчилгээний зардал гарсан гэх боловч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй бөгөөд шүүгдэгч Г.Ц- нь 2 980 000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Хохирогч Б.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №0 тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Ц-ад буцаан олгож, 00-00 ххх улсын дугаартай “Тоёота Белта” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.Ц-ад олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овгийн Г-ийн Ц-ыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Г.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Ц-ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №0 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Г.Ц-ад буцаан олгож, 00-00 ххх улсын дугаартай “Тоёота Белта” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
5.Шүүгдэгч Г.Ц- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний ирэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-ад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС