| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 114/2025/0006/З |
| Дугаар | 221/МА2025/0322 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0322
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг, 2023 оны 01-А/280 дугаар захирамжийн Б.Б-ийн эзэмшиж буй газраас аймгийн Засаг даргын Тамгын газарт 9 639,5 м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.Б-ийн 08015**** нэгж талбарын дугаартай 29 893 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Б.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 114/2025/0006/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг, 2023 оны 01-А/280 дугаар захирамжийн Б.Б-ийн эзэмшиж буй газраас аймгийн Засаг даргын Тамгын газарт 9 639,5 м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.Б-ийн 08015**** нэгж талбарын дугаартай 29 893 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг, 2023 оны 01-А/280 дугаар Б.Б-ийн эзэмшиж буй газраас Аймгийн Засаг даргын тамгын газарт 9 639,5 м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.Б-ийн 08015**** нэгж талбарын дугаартай 29 893 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... 3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5-д “Б.Б-ийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай юм” гэж тусгасан.
Ингэхдээ Б.Б-ийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байна гэж (3.6-д), хариуцагчийн үйл ажиллагаа буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж (3.10, 3.11)-д, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн гэж (3.14) гэж тус тус дүгнэсэн байна. Эндээс харахад шүүх логикийн алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь эхний 2 нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хамгаалагдах тул гуравдагч этгээдэд газар давхцуулан эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй юм.
3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.10-т “Хариуцагчаас 2014 онд гаргасан шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, тэрээр энэ талаар мэдэж байсан гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч өөрийн гаргасан хүсэлтийн талаар лавлаж, тухайн үед хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн бол зохих байгууллагад гомдол гаргаж эрхээ хамгаалуулах боломжтой байсан гэж үзлээ” гэж тусгасан байдаг.
Шүүхээс захиргааны байгууллагын хуульд заасан мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй болохыг тогтоосон буюу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын 2016 оны А/85 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гардуулаагүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч өөрийн гаргасан хүсэлтийн талаар лавлах боломжтой байсан гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй. Учир нь процессын хувьд захиргаанаас гаргасан шийдвэрээ мэдэгдсэний үндсэн дээр Нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх үүсэх юм. Огт мэдэгдээгүй, мэдээгүй шийдвэр дээр гомдол гаргах боломж байхгүй.
3.3. Үндэслэх хэсгийн 3.11-т “...газар эзэмших эрхийн гэрчилгээ газар эзэмших гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд тухайн шийдвэрийг Б.Б-ийн хаягаар хүргүүлсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсонгүй” гэж дүгнэсэн.
Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт мөн адил захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг тогтоосон атлаа үүнтэй холбоотой эрх зүйн дүгнэлт гаргаагүй. Захиргааны буруутай үйл ажиллагааг тогтоогоод орхисон байдаг. Захиргааны байгууллага хууль зөрчиж шийдвэр гаргасан буюу нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байхад Газрын тухай хуулийн 40.1.6-г үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, хүчингүй болгосон шийдвэрийн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй болох нь тогтоогдсон байхад үндэслэх хэсгээрээ тогтоосон үйл баримтаас өөр дүгнэлтийг тогтоох хэсгээрээ гаргасан байна.
3.4. Үндэслэн хэсгийн 3.12-т “Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь тухайн эрх зүйн этгээдээс үл хамаарах нөхцөл байдлаас хамаарч бий болсон, тодруулбал хүнд өвчилсөн, гадаад улсад томилолтоор явсан, зэрэг байдлыг хэлэх бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж байсан гэх хугацаандаа Б.Б маргаж буй газраас өөр бусад газартай холбогдуулан 2015, 2019, 2020, 2022 онуудад хариуцагчид хүсэлт гарган шийдвэрлүүлсэн” гэж тусгасан байна.
Дээрх үндэслэлийн тухайд нэгдүгээрт нэхэмжлэгч Б.Б нь Засаг даргын захирамж гарах үед буюу 2016 онд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан буюу хүндээр өвчилж Бүгд Найрамдах Энэтхэг Улсад элэг шилжүүлэн суулгасан, хагалгааны дараах мэс ажилбарууд хийлгэж байсан гэдгээ шүүхэд нотлох баримтаар хангалттай нотолсон байхад анхан шүүхээс ямар үндэслэлээр хүндээр өвчлөөгүй гэж үзсэнээ тодорхойлохдоо хэрэгт хамааралгүй асуудалд дүгнэлт хийж, өөр газрын асуудлаар хүсэлт гаргаж байсан байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хагалгааг гадаад оронд хийлгэсэн явдал нь хүндээр өвчилсөнд зүй ёсоор орно гэж үзэж байна.
Түүнчлэн маргаан бүхий Засаг даргын А/85 дугаартай захирамж 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байдаг. Засаг даргын захирамж гарах үед нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, Газрын тухай хуулийн 40.1.6-г үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэхийг шүүхээс тогтоох ёстой байтал 2016 оноос хойших үйл баримтыг шүүхийн шийдвэртээ үндэслэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.5. Мөн Үндэслэх хэсгийн 3.12-т “... “Ц И” ХХК-ийн татварын тайлан зэргээс түүнийг маргаж буй газраа ашиглах эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой байсан байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн.
Шүүхээс нэхэмжлэгчийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг “Ц И" ХХК-ийн татвар төлөгчийн гэрчилгээ, 2019-2025 он хүртэлх татварын тайлан НӨАТ суутган төлөгчийн тайлангуудыг нотлох баримтаар гаргуулсан байдаг.
Нэхэмжлэгчийн ажилладаг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, татвар төлөгчийн гэрчилгээ, татварын тайлангууд нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй. Нэхэмжлэлийг Б.Б иргэний хувиар гаргасан байтал түүний 2024 оноос хойш ажиллаж буй компанийн бичиг баримтуудыг татан үзэж түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
3.6. Шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа Б.Б-г 2019 оноос хойш “Ц И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй гэж дүгнэснээ дурдсан. Тухайн үед нэхэмжлэгч залруулж би 2024 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон гэдгээ хэлсэн байдаг. Энэ талаар шүүх хуралдааны бичлэгээс баримтжуулан давж заалдах гомдолдоо хавсаргах гэсэн боловч Дархан-Уул аймгийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 231 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигтээ дуу дүрсний бичлэгийг хуулбарлан өгөх боломжгүй гэж хариу ирүүлсэн. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд хандан дуу дүрсний бичлэгт үзлэг хийж тодорхой хэсгийг бичгээр баримтжуулж авах хүсэлт гаргахад шаардлагатай тохиолдолд Давж заалдах шатны шүүхээс бичлэгийг үзнэ гэсэн хариу өгсөн болно.
Дээрх үйл явдлаас харахад шүүх шийдвэрээ гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн буюу нэхэмжлэгчийг 2019 оноос эхлэн ажил хөдөлмөр эрхэлж байсан гэж дүгнэсэн болох нь тогтоогддог.
3.7. Үндэслэх хэсгийн 3.14-т “... дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл дээр нь буюу 3.10-т “Хариуцагчаас 2014 онд гаргасан шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, тэрээр энэ талаар мэдэж байсан гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй”, 3.11-т “тухайн шийдвэрийг Б.Б-ийн хаягаар хүргүүлсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсонгүй” гэж дүгнэсэн байдаг.
Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд Засаг даргын захирамж гарсан байхад шаардах хуудас хүргүүлж байсан нь тогтоогддог.
Хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй болохыг 3.10 болон 3.11-т тусгасан атлаа 3.14-т хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна.
3.8. Шүүхээс нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага буюу “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 01-А/280 дугаартай захирамжаар Б.Б-ийн эзэмшиж буй газраас Аймгийн засаг даргын тамгын газарт 9639.5 м.кв газар давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага нь хууль нийцсэн эсэх талаарх дүгнэлтээ үндэслэх хэсгийн 3.14-т “... Газрын тухай хуулийн 33.1, 33.1.2-т заасантай нийцсэн” гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 33.1 болон 33.1.2 дахь заалт нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 01-А/280 дугаартай захирамжтай огт хамааралгүй хуулийн зохицуулалт байдаг. Хуулийн дээрх зохицуулалт нь дуудлага худалдаа, төсөл шалгаруулахтай холбоотой зүйл заалт юм. Ийнхүү шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
3.9. Үндэслэх хэсгийн 4.5-д “2024 оны ... өдөр” гэж хоосон он, сар оруулсан нь шүүхээс шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтаа зааж чадаагүй байна.
Иймд, дээрх үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Б.Б-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг, 2023 оны 01-А/280 дугаар захирамжийн Б.Б-ийн эзэмшиж буй газраас аймгийн Засаг даргын Тамгын газарт 9 639,5 м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.Б-ийн 08015**** нэгж талбарын дугаартай 29 893 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анх Дархан-Уул аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 498 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-д Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт ТИС-ийн урд байрлах 30 000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар ерөнхий төлөвлөгөө боловсруулах зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацааны дотор газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасныг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хэлэлцээд Б.Б-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүйгээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батлуулах, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.3. Улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжаар газар эзэмших гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “Дархан-Уул аймгийн газрын алба, Засаг даргын зүгээс миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй, ... элэгний хатуурал өвчнөөр оношлогдож 2014 оноос эхлэн эрүүл мэндийн байдал муудсан тул газрынхаа араас хөөцөлдөж явж чадаагүй, ... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзэмшлийн газраа ашиглаж чадаагүй байхад газар эзэмшигчид огт мэдэгдэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тогтоолгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.
2.4. Хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэх цаг хугацаанд буюу 2015, 2019, 2020, 2022 онуудад нэхэмжлэгч Б.Б маргаан бүхий газраас өөр бусад өөрийн эзэмшлийн газруудтай холбоотой хүсэлтүүдийг хариуцагчид гаргаж шийдвэрлүүлж байсан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд гагцхүү нэхэмжлэгчийг маргаан бүхий уг газрын хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгч анх газар эзэмших эрхтэй болсон 2012 оноос хойших бүхий л цаг хугацаанд газар дээр бодитой хөрөнгө оруулалт хийж, барилга байгууламж бариагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, тухайн газар нь атраараа байгаа болох нь анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар тогтоогдож байна.
2.5. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
2.6. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгч Б.Б-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газар эзэмшүүлсэн алдаагаа залруулж, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, үүнээс гадна газрын төлбөрийг төлж байгаагүй байх бөгөөд нэхэмжлэгчээс дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх талаарх шийдвэрийг түүнд мэдэгдээгүй, мэдэгдсэн бол төлөх байсан гэх зэргээр тайлбарлах боловч хариуцагчаас дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэхээр шаардах хуудас хүргүүлсэн боловч нэхэмжлэгч гардаж аваагүй, гэрийнх хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч хүлээн аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
2.7. Нэгэнт дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамж нь хуульд нийцсэн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01-А/280 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт 14 804 м.кв газрыг боловсролын байгууллагын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, нөгөөтээгүүр бусдын газартай давхцуулан олгосон гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН