Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 734

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00240 дугаар шийдвэртэй, Л.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох, гүйцэтгэсэн ажлын хөлс болон материалын зардалд төлсөн төлбөрийн нийт 1 050 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Ш” ХХК-ийн захирал Б.Батболдын хүсэлт гуйлтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам 99, Шинэ дөл цогцолборын машины дулаан зогсоол, 17 давхар 2 орон сууц, ажлын байрны барилгын зөвлөх үйлчилгээний, барилгын зураг төсөл, техникийн хяналтын ажлыг хийж, ажлын хөлсөнд орон сууц, зоорийн давхрын зогсоолыг авахаар амаар тохиролцсон. 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гэрээ хийх санал тавихад Б.Батболд нь бид багын найз юм чинь санаа зоволтгүй, чамд хэлснээрээ орон сууц, зоорийн давхрын зогсоолыг ажлын хөлсөнд өгнө гэхээр нь итгэсэн. Тус компанийн Шинэ дөл цогцолбор барилгын орон сууц, зоорийн давхрын зогсоолын барилгыг 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, ажлын байр /офиссын/ барилгыг 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус Улсын комисст хангалттай үнэлгээтэй хүлээлгэн өгсөн. 2007-2012 онуудад буюу барилгын ажил гүйцэтгэх явцад болон ажлаа хийж гүйцэтгэсний дараа ч “Ш” ХХК болон захирал Б.Батболд надад ажлын хөлс огт өгөөгүй.

Шинэ дөл цогцолборын барилгын санхүүжилтгүй болсон тул улсын төсвөөс санхүүжилт авч 2008-2012 онд Тагнуулын ерөнхий газрын захиалгаар Техникийн сургалт, судалгааны газар-ын 3 давхар барилгыг барихад мөн зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажлыг үнэ хөлсгүй хийж өгсөн. Энэ барилгыг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусган захиалагчид хүлээлгэн өгсөн. Миний ажлын хөлсөнд Шинэ дөл цогцолборын 99 в байр, 15 давхрын 1503 тоот, 202.87 кв.м талбай бүхий 5 өрөө орон сууц, зоорийн В2 давхарт орших 31 тоот 13 м.кв талбай бүхий авто зогсоол зэргийг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг гартал эзэмшиж бай гэсний дагуу байранд орж, 2010 оны 8 сараас эхлэн 7 жилийн турш миний бие байрны мөнгө, Шинэ дөл СӨХ-ны мөнгийг төлж байсан.

Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна гэж заасны дагуу дээрх 2 барилгын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж, ил, далд бүхий л ажлыг баталгаажуулж, гарын үсэг зурсан. Ийнхүү гарын үсэг зурснаар миний бие бүх хариуцлагыг хүлээдэг юм. Хариуцагчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар барилгыг улсын комисс хүлээн авсан, Б.Батболд барилгыг бариулах талаар ярилцахдаа ажлын хөлсөнд 500 000 ам.доллар өгнө гэж хэлсэн боловч барилгын ажил явагдаж байх явцад орон сууц ав гэж хэлсэн бөгөөд түүний өгсөн орон сууцанд 7 жил амьдарсан. Барилгын ажлын явцад Б.Батболд 15 давхрын зургийг өөрчил, өөрчилсөн байрны нэгийг өөрөө ав, нөгөөг өөрийн хүүхдүүдэд өгнө гэснийх нь дагуу зургийг өөрчилсөн. Дээрх орон сууц, авто зогсоол, судалгааны газрын барилга зэргийг барихад 5 жилийн турш шударгаар, цалин, хөлсгүй ажиллаж барилгын зөвлөх үйлчилгээний ажил, зураг төсөл, текникийн хяналт хийж ажлын хөлсөндөө орон сууцыг авсан шударга эзэмшигч гэж үзэж байсан. Гүйцэтгэсэн ажлын талаар ямар ч гомдол, шүүмжлэл гаргаж байгаагүй. 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр намайг байрны үнэ төл гэж өөрийн ажилтнаараа гэнэт мэдэгдэхэд түүнтэй уулзаж учраа олох гэтэл зугтааж байгаад 1 жил болсон. Гэтэл ажлын хөлсөндөө авсан орон сууц, зоорийн давхрын зогсоолыг Б.Батболд өөрийн нэр дээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууц өмчлөх  000473718 дугаартай гэрчилгээ болон зоорийн давхрын зогсоол өмчлөх 000473725 дугаар гэрчилгээг гаргуулж авсныг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлээс анх мэдэж, өөрийн өмчлөх буюу шаардах эрх зөрчигдсөнийг мэдсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06259 дүгээр шийдвэрээр дээрхи орон сууц, зогсоолыг миний эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гарсан учир миний бие уг байрыг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр сайн дураараа чөлөөлж өгсөн. Шинэ дөл цогцолбор барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажлын зардлыг төсөвчний гаргасан үнэлгээгээр тооцоход 495 000 000 төгрөг, Техникийн сургалт, судалгааны газрын барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажлын зардал 80 000 000 төгрөг болсны дагуу ажлын хөлсөнд 575 000 000 төгрөг, “Траст трейд” ХХК-иас миний ажлын хөлсөнд өгсөн 20 000 000 төгрөгийг Шинэ дөл цогцолборын барилгын ажил санхүүжилтгүйгээс зогсох үед барилгын бетон худалдан авахад зориулж захирал Б.Батболдыг байхад өгсөн. Техникийн сургалт, судалгааны газар-ын барилгын санхүүжилт мөнгө байхгүй, барилгын ажил зогссон үед “Вотер орижен” ХХК-иас надад өгсөн 30 000 000 төгрөгийг сантехникийн тоног төхөөрөмж, салхивчийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж өгсөн учир нийт 625 000 000 төгрөг нэхэмжилж байсан. Миний нэхэмжлэлийн шаардлага нь зөвлөх үйлчилгээ, техникийн хяналтыг хийсний ажлын үнэлгээ тусдаа гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ю Би Пропертиз” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 35 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний хийж гүйцэтгэсэн ажлыг 1 635 080 014 төгрөг болохыг гаргасан бөгөөд энэ үнэлгээг Эрүүгийн хууль сануулсан, үндэслэлтэй зөв гарсан үнэлгээ. Гэхдээ энэ дүгнэлтийн дээд хэмжээгээр биш зөвхөн өөрийн хийсэн ажлын хөлсийг 1 000 000 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн. Иймд “Шинэ дөл” цогцолбор барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 725 000 000 төгрөг, Техникийн сургалт, судалгааны газрын барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 275 000 000 төгрөг, өөрийн ажлын хөлсөнд “Траст трейд” ХХК-иас авсан 20 000 000 төгрөг, “Вотер орижен” ХХК-иас өгсөн 30 000 000 төгрөг, нийт 1 050 000 000 төгрөгийг хариуцагч “Ш” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь нэхэмжлэгч Л.Нтэй ямар нэгэн ажил гүйцэтгэх талаар гэрээ байгуулаагүй, захирал Б.Батболд түүнтэй найз нөхөд байсны хувьд амаар тохиролцон хийсэн ажилд тохирсон 56 475 000 төгрөгийг төлсөн, энэ талаар баримт үйлдэгдсэн. Л.Н нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан байсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шинжээчийн дүгнэлт нь зураг төслийн хүрээнд хийгдсэн ажлын үнэлгээг гаргасан болохоос нэхэмжлэгч тус үнэлгээт ажлуудыг хийсэн гэдгийг тогтоосон дүгнэлт биш гэж үзэж байна. Л.Нгийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг түүнд бүрэн хүлээлгэж өгсөн бөгөөд тэрээр өөрийн хийгээгүй ажлыг хийсэн мэтээр үндэслэлгүй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Шинэ дөл цогцолбор, Техникийн сургалт, судалгааны газрын барилгын ажлыг “Арх Урлан” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан ба уг гэрээний дагуу төлбөрөө төлсөн, Л.Н уг хуулийн этгээдийн архитектор учраас тухайн байгууллагыг төлөөлөн зураг төслийг гаргах, түүнтэй холбоотой ажлыг хийж гүйцэтгэсэн. “Ш” ХХК нь дээрх барилгын ажлын хүрээнд гэрээ байгуулсан компанид гэрээний төлбөрөө төлж дуусгасан. Гэтэл Л.Н уг хуулийн этгээдтэй байгуулсан гэрээт ажлаас гадна хийгдээгүй ажлуудыг өөрөө гүйцэтгэсэн мэтээр нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, төсөл хэрэгжих үеийн орон сууц, зогсоол, оффисын барилгын зарагдах үнийн судалгааг хийсэн гэх баримтыг гаргаж өгсөн боловч энэ нь Барилга.мн, Барилга сэтгүүлд гарчихсан, нийтэд илэрхий болсон бэлэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Ийм зүйлийг судалгаа хийсэн гэж тооцуулж ажлын хөлс нэхэж байна. Шинэ дөл цогцолбор барилгын ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгө, санхүүжилтийн тооцоо, орон сууцны ба гражийн борлуулалтын тооцоо, оффисын барилгын түрээсийн төлбөрийн тооцоо, барилга баригдаж дуусах үр ашгийн тооцоог хийж “Петровис” ХХК-ийн захирал н.Оюунгэрэлд танилцуулсан гэх боловч түүнд танилцуулах ямар шаардлагатай байсан нь тодорхойгүй. Түүнээс гадна энэ тооцоо хийгдсэн эсэх, хийгдсэн боловч уг ажлуудыг Л.Н хийсэн гэх баримт тодорхой бус байна.

Гэрчээр асуугдсан н.Гэрэлмаа мэдүүлэхдээ түүнийг барилгын ажилд оролцоод явсныг мэдүүлдэг боловч дээрх өртөг бүхий ажлуудыг Л.Н хийсэн гэдгийг нотлохгүй. Мөн “Траст Трейд” ХХК-иас 20 000 000 төгрөгийг хэн хүлээж аваад, юунд зарцуулсныг тодорхой мэдэхгүй гэдгээ хэлсэн байдаг. Л.Н өөрийн өмнө эрхэлж байсан албан тушаал, танил тал, найз нөхдийн хүрээг ашиглан газар олгох зөвшөөрлийг шийдвэрлүүлсэн, газрын хэмжээг өөрчлүүлсэн, газрын зориулалтыг өөрчилж, газрын асуудлыг шийдвэрлэсэн, газрын гэрээг бусадтай байгуулсан, барилга барих тусгай зөвшөөрлийг бүрдүүлсэн, барилгын зургийг өөрчилсөн, шатахуун түгээх станцын барилгыг буулгасан, шав тавихад лам авчирч газар аргадсан гээд яриад байгаа зүйлээ нотолсон баримт байхгүй байна. Тухайн үед Л.Н нь өөрийн ажиллаж байсан компанийн архитекторын хувьд зарим ажил нь түүний зайлшгүй хийх ёстой ажлын хуваарьт багтсан. Түүний тайлбар нь зөвлөх үйлчилгээ, техникийн хяналт хийсэн гэдгийг үгүйсгэж байна гэж үзэж байна.

Шинэ дөл цогцолбор барилгыг 2011 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед үйлчилж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх шаардлагаар зураг төслийг “Арх Урлан” ХХК-тай гэрээг байгуулсан. Тэгэхээр барилга зөвхөн Л.Н гэх хүний үйл ажиллагааны үндсэн дээр биш, 6 байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ашиглалтад орсон байхад зөвхөн ганцаараа хувь хүн хийсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа 2 талыг байлцуулаагүй мөртлөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч зөвшөөрсөн гэж үндэслэлгүй зүйл тусгасан. Л.Н нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн ба талуудын хоорондын маргаан нь тохиролцсон гэрээ, хэлцлийн дагуу төлөгдсөн ажлын хөлс бөгөөд барилгын ажлыг дангаар хийсэн мэт тайлбарлаж байгааг зөвшөөрөх боломжгүй. Дээрх 2 барилгын нэг нь улсын төсвөөс санхүүжсэн, нөгөө нь “Ш” ХХК-ийн захиалан бариулсан. Техник, сургалт судалгааны төвийн барилга нь улсын төсвөөс санхүүжиж байгаа учраас тэр санхүүжилтийг хэрхэн зохицуулж ажиллах, туслан гүйцэтгэх компани, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын хөлсийг гэрээний дагуу төлөх нь тухайн компанийн асуудал юм. Тагнуулын ерөнхий газрын захиалгаар баригдсан дээрх барилга нь тусгай объект учраас түүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн Л.Нгийн өөрийнх нь ажлын хөлсөнд “Траст Трейд” ХХК, “Вотер Орижин” ХХК-иас өгсөн гэх 20 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг дээрх 2 барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсох үед барилгын ажилд зарцуулсан гэх баримтгүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Ш” ХХК-иас ажлын хөлс 1 000 000 000 төгрөг, барилгын ажилд өөрөөс зарцуулсан гэх 50 000 000 төгрөг, нийт 1 050 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зйүлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш” ХХК-иас 13 133 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 036 867 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 223 615 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилөн төлсөн 5 185 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн ойлголттой огт хамааралгүй байхад шүүх уг заалтыг баритлан шийдвэр гаргасан. Хэргийн 1 дүгээр хавтас 75-77 дугаар талд авагдсан баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцүүлээгүй. 75 дугаар талд “Клаймакс интернэшнл” ХХК-д “Вотер орижин” ХХК-ийн төлсөн 1 983 000 төгрөг, 76 дугаар талд “Клаймакс интернэшнл” ХХК-д “Шинэ дөл” ХХК-ийн төлсөн 4 537 000 төгрөг, 77 дугаар талд “Клаймакс интернэшнл” ХХК-д “Вотер орижин” ХХК-ийн төлсөн 6 613 000 төгрөгийн эдгээр төлбөрүүдийг “Ш” ХХК-ийн барьсан барилгуудад хэрэглэгдсэн бараа материал мөн эсэх, тэр тусмаа Л.Нгийн хувиасаа төлсөн мөнгө гэдгийг тогтоох боломжгүй байхад үнэлж, нийт 13 133 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь нотлох баримтыг үнэлэх хуулийн зарчмыг алдагдуулсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 13 133 000 төгрөгийг гаргуулах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан Шинэ дөл цогцолбор барилгын болон техникийн сургалт, судалгааны газрын барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ажлын хөлс 1 000 000 000 төгрөг, барилгын ажлын явцад бетон худалдан авахад зарцуулсан гэх 50 000 000 төгрөг, нийт 1 050 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Ш” ХХК нь Шинэ дөл цогцолбор барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгүүлэхээр тусгай зөвшөөрөл бүхий “Арх урлан” ХХК-тай гэрээ байгуулсан, уг гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн болох нь тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Харин нэхэмжлэгч Л.Н нь дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд тухайн компанийн архитекторын хувьд оролцсон байх бөгөөд хариуцагч компани болон түүний захирал Б.Батболд ажлын хөлсөнд 500 000 ам.доллар өгөхөөр тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүрэг үүссэн гэж үзэхгүй бөгөөд ажлын хөлс гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь “Траст трейд” ХХК-иас ажлын хөлсөнд авсан 20 000 000 төгрөгийг “Шинэ дөл” цогцолбор барилгын ажлын явцад бетон худалдан авахад зарцуулсан гэх боловч уг үйл баримтыг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг хүлээн авч, өөрийн барилгад оруулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн “Вотер орижин” ХХК-иас ажлын хөлсөнд авсан 30 000 000 төгрөгийг бараа материал авахад зарцуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагаас шүүх 13 133 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан “Клаймакс интернэшнл” ХХК-ийн кассын орлогын баримтад үндэслэсэн байна. Эдгээр баримтад бараа материалын үнийг төлсөн буюу мөнгө тушаагч гэх хэсэгт Л.Н гарын үсэг зурсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн “Вотер орижин” ХХК-ийн захирал А.Батсайханы “... 2012 онд Шинэдөл констракшн ХХК-тай сантехник, халаалт, цэвэр, бохир усны хангамжийн угсралтын ажлын гэрээг 55 000 000 төгрөгийн хэмжээнд хийсэн. Тус компанийг төлөөлж Л.Нтэй гэрээ байгуулсан. Энэ ажлыг хийхээр урьдчилгаа 30 000 000 төгрөгийг Л.Нгээс авсан...” гэх мэдүүлгийг харьцуулан үнэлэх боломжтой байна. /1хх75-77, 199/

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл “Ш” ХХК-ийг 13 133 000 төгрөгийн  хэмжээний үнийн дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 615 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА