Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч П.Даваасүрэн,

            Иргэний нэхэмжлэгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Таргад овогт ******* холбогдох эрүүгийн 2333000000014 тоот хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,0000 оны 00 дугаар сарын 00 ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн 00 настай эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй. *******,*******-д тэсэлгээний туслах ажилтай ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 0 дугаар баг 00 дугаар хороолол 00-00А тоотод оршин суух *******  (РД:****)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 0 багийн нутаг Ишгэнт гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойд мод бэлтгэсэн, 83-77 УБС улсын дугаартай “Либеро” маркийн тээврийн хэрэгслээр 3.08м3 шинэс модыг тээвэрлэж, худалдаж экологи эдийн засагт 791,770 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 2,375,310 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 0 багийн нутаг Ишгэнт гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойд мод бэлтгэсэн, 83-77 УБС улсын дугаартай Либеро маркийн тээврийн хэрэгслээр 3.08м3 Шинэс модыг тээвэрлэж, худалдаж экологи эдийн засагт 2,375,310 төгрөгийн хохирол учруулан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 90-р хуудас),

2.Иргэний нэхэмжлэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

3.Иргэний нэхэмжлэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: мэдүүлэг (хх-ийн 94-95-р хуудас),

4.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 104-105-р хуудас),

 5.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 107-108-р хуудас),

 6.Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 110-р хуудас),

7.Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 112-113-р хуудас),

8.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 115-р хуудас),

9. Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 117-р хуудас),

10.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (-ийн 2-22-р хуудас),

11. Шинжээч *******ы 2023 оны 01 дүгээр сарын 30 ний өдрийн 03 тоот дүгнэлт (хх-ийн 56-58-р хуудас),

12.Сэлэнгэ аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрыг улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18-04-003/01 тоот акт (хх-ийн 68-р хуудас),

13. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ний 2023 оны 2 дугаар сарын 16-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 76-р хуудас),

14. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ний 2023 оны 1 дүгээр сарын 25-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай,хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах,хүнлэг бус хэрцгий харьцах,хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Иргэний  нэхэмжлэгч*******д ******* нь модны үнэ 350,000 төгрөгийн*******гийн 0 тоот дансанд шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. (х.х-ийн 163-р хуудас)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь *******аас байгаль орчинд учруулсан хохиролд 2,375,310 төгрөг нэхэмжилсэн ба ******* нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 2,375,310 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд  ирүүлсэн  байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 178, 185-р хуудас)

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Либеро” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,200,000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 50,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 791,770 төгрөгийн үнэ бүхий 3.08м3 шинэс төрлийн модыг  хураан авч тус тус улсын орлогод оруулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялын 800,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон болно.

Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг *******ид мэдэгдэх нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 83-77 УБС улсын дугаартай “Либеро” маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө зэрэг нь Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн иргэн ******* өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.(х.х-ийн 37-р хуудас)

Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 83-77 УБС улсын дугаартай “Либеро” маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөөг иргэний нэхэмжлэгч *******т тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц   4,200,000 төгрөгийн үнэ бүхий 83-77 УБС улсын дугаартай “Либеро” маркийн тээврийн хэрэгсэл, 50,000 төгрөгийг үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэргийн газрыг үзлэгийн явцыг баримтжуулсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргав.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , Иргэний нэхэмжлэгч******* нар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.ийг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Libero” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,200,000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 50,000 төгрөгийг, 3.08м3 шинэс модыг  хураан авч улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялын 800,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ид  мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 83-77 УБС улсын дугаартай Libero маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг тус тус иргэний нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 83-77 УБС улсын дугаартай “Libero” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

8. Хэрэгт 3.08м3 Шинэс модыг битүүмжилсэн болохыг дурдсугай.

9.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Энэ хэрэгт хэргийн газрын үзлэгийн явцыг баримтжуулсан дүрс бичлэгийн 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

14. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА