| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/02273/И |
| Дугаар | 101/ШШ2019/01846 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2019/01846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Довогт Н Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Эт холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б миний бие 2017 оны 4 дүгээр сарын эхээр иргэн Ж.Эаас Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших 1033 мкв талбай бүхий объектыг худалдаж авахаар болсон. Ж Э нь объектыг үзүүлээд одоо “Сорани" ХХК-ний нэр дээр түр байгаа, гэхдээ шүүхээс манай нэр дээр буцааж шилжүүлэхийг "Сорани" ХХК-нд даалгасан. Шийдвэр нь гараад эцэслэн шийдвэрлэгдчихсэн байгаа. "Сорани", манай компани 2-ын хооронд мөнгөний асуудал байгаа болохоор тэднийх сайн дураараа шилжүүлж өгөхгүй байгаа юм. Гэхдээ хамт очиж уулзаад үнэн байдлаа ярилцвал болох байх. Та нар ч нөхцөл байдлыг мэдэж ав. Наймаагаа хийчихээд мөнгө өгөх талаар тохиролцож болох байх" гэсэн. Ингээд би өөрийн зөвлөх Эрдэнэхүү болон Ж.Э нарын хамт "Нисора" цамхагт байрлах "Сорани" ХХК дээр очиж захирал эмэгтэйтэй нь уулзсан. Ж.Э "Манайх объектоо энэ хүмүүст зарахаар болчихлоо. Танай зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээд объектын нэрийг яаралтай шилжүүлээд өгчихвөл наймаа маань хурдан хийгдэх гээд байна. Бид энэ хүмүүстэй наймаагаа хийчхээд танай мөнгийг өгчихье, энэ талаараа 3 талаас ярилцаж тохиролцъё" гэсэн. Захирал эмэгтэй бидний хооронд хийгдэх наймааны талаар биднээс асууж, бид гуравласан байдлаар ярилцсан. Эцэст нь тэр 2 хоорондоо өглөг авлагаа ярьж тохиролцоод ямар ч байсан гэрээ хийхээр болсон. Гэрээ байгуулсан даруйдаа захирал эмэгтэй Ж.Этай шууд Налайх хамт явж нэр шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд тэр 2 тэр даруйдаа гэрээ байгуулсан. Ж.Э нь "Сорани" ХХК-тай гэрээ байгуулсныхаа дараа түүнийгээ үзүүлж "За одоо шууд яваад манайх руу нэрээ шилжүүлчихнэ, тэгээд хэдүүлээ дараагийнхаа асуудлыг тохиролцъё, мөнгөний хэрэг гараад байгаа учир урьдчилгаа болгоод 10.000.000 /арван сая/ төгрөг авмаар байна. Та нар бүх асуудлыг хамт байж ярилцсан. Одоо ямар нэгэн асуудал гарахгүй гэсэн. Би энэ бүх нөхцөл байдлыг өөрөө байлцаж, ярилцаж, ойлгож мэдсэн тул "Одоо 5 000 000 /таван сая/ төгрөгийг өгчихье. Нэрээ шилжүүлж авчихаад дараагийн асуудлаа эцэслэн ярилцаад 5.000.000-ыг өгье" гэж тохиролцоод Ж.Эын хүсэлтээр урьдчилгаа болгож 5.000.000 /таван сая/ төгрөгийг өөрт нь бэлнээр өгсөн. Э.Э нь тэр орой “Нөгөө захирал эмэгтэй чинь гэнэт чухал ажил гарчихлаа гээд өнөөдөр бид яваагүй, маргааш явахаар тохирлоо” гэж ярьсан. 2-3 хоногийн дараа намайг ярихад “нөгөө хүүхэн чинь муриад байна. Янз бүрийн шалтаг хэлээд нэр шилжүүлж өгөхгүй байна” гэсээр удсан. Ингээд өөрөө ярихгүй байсан тул би түүн рүү ярихад “Албадан шилжүүлэхгүй бол тэднийх өөрсдөө шилжүүлэхгүй юм байна, намайг хулхидаад эврэлийн гэрээ хийлгэчихлээ” гэж байсан. Иймэрхүү шалтгаанаар бидний наймаа хийгдээгүй өнгөрсөн. Э.Э нь “Объект зарагдахаар өгье...зарагдаагүй байна” гэсээр өнөөдрийг хүртэл тухай үед авсан 5,000,000 төгрөг өгөхгүй байгаа тул Ж.Эаас уг 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан иргэн Н.Бтай би иргэн Б.Мөнхбатын итгэмжлэлийн дагуу Налайх дүүрэгт орших объектыг наймаалцах талаар тохиролцсон. Тухайн үед уг объект нь "Сорани" ХХК-н нэр дээр байсан. Гэхдээ 3 шатны шүүхээс уг объектыг, уг объектын эзэн Б.Мөнхбатад шилжүүлэхийг "Сорани"ХХК-д даалгасан байсан.Харин “Сорани” ХХК бид хоёрын хооронд түрээсийн мөнгөний асуудал байсан тул “Сорани" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийж байсан юм. Би объектын эзэн Б.Мөнхбаттай тохиролцож объектыг зарахаар болсон тул худалдан авахаар тохиролдсон Бтай хамт “Сорани” ХХК дээр очиж захирал Нармандахтай уулзсан.Тухайн үед “Сорани” ХХК нь надаас түрээсийн мөнгө нэхэмжилж шүүхэд хандсан байсан. Би тэдний нэр дээр байсан шүүхийн шийдвэрийн дагуу манай талд шилжүүлэх ёстой объектыг зарахаар болсон тухайгаа хэлж, тэднийд төлөх мөнгөө тохиролцоод зарангуутаа тохиролцсон байдлаараа мөнгөө төлье гэдгээ хэлсэн.Ингээд Нармандах нь объект худалдан авах гэж байсан Б болон түүнтэй хамт явсан хүнтэй уулзаж бид 3 талаасаа ярилцаад Нармандах захирал объектыг яаралтай буюу надтай тохиролцсон гэрээг хийнгүүтээ надтай хамт Налайх явж объектын нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцоод бид тэр дороо гараараа эвлэрлийн гэрээг хийсэн. Гэвч Нармандах нь эвлэрлийн гэрээг хийнгүүтээ шалтаг гаргаж Налайх яваагүй бөгөөд дараа нь ч янз бүрийн шалтаг гаргаад тохирсны дагуу объектын нэрийг шилжүүлж өгөөгүй учраас Б бидний хооронд тохирсон наймаа хийгдээгүй болно. Нармандах, Б бид 3 цуг сууж байгаад уг наймааг яаж хурдан хийх талаар ярилцаж тохиролцсон учир би Баас урьдчилгаа болгож 5сая төгрөг авсан нь үнэн. “Сорани” ХХК буюу түүний захирал Нармандах нь тухайн үед тохиролцсоныхоо дагуу нэр шилжүүлээгүйгээс болж уг наймаа нь хийгдээгүй бөгөөд би 5 сая төгрөгийн өрөнд орсон юм гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ж.Эт холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1033 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон боловч хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад худалдана гэсэн боловч шилжүүлж өгөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар урьдчилгаа төлбөрт бэлнээр төлсөн 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар тохиролцсон боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Сорони” ХХК нь Ж.Э миний нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй улмаас харилцан тохиролцсон тохиролцоо хэрэгжээгүй бөгөөд нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зохицуулсан.
Талуудын хооронд бичгээр аливаа гэрээ, хэлцэл байгуулагдаагүй боловч зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан ”Баталгаа” гэх баримаас үзэхэд нэг талаас худалдагч тал нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч тал үнэ төлөх, хөрөнгийг хүлээн авах үүргийг харилцан хүлээхээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. /х.х-ийн 5 дахь талд/
Иймд, Н.Б, Ж.Э нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах-худалдан авах” гэрээний үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.
Зохигчид хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт болон худалдан авагч Н.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг худалдагч тал болох Ж.Эт шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй байна. /х.х-ийн 5, 13 дахь талд/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардсан байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар тохиролцсон гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Иймд, дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Эаас 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Эаас 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,000 төгрөгийн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 21,050 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Ж.Эаас 94,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Бид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.